| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00829/И |
| Дугаар | 102/ШШ2017/00803 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/00803
2017 он 3 сар 22 өдөр Дугаар 102/ШШ2017/00803 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж-2, өөрийн байранд байрлах, Адмон принт ХХК /РД:2656213/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 77 тоот хаягт оршин суух, Иншейбу овогт Сэрээтэрийн Цэндсүрэн /РД:ШЗ36100568/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн С.Цэндсүрэн нь “Адмон принт” ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5.700.000 төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг Биологийн нөөцийг ашиглах технологи номыг хэвлүүлэхээр болсон. Тохиролцсоны дагуу 300 ширхэг номыг хэвлэн С.Цэндсүрэнд хүлээлгэн өгсөн. Номыг хүлээн авснаас хойш 1.600.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгх 4.100.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. иймд хариуцагчаас 4.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Адмон принт” ХХК-ийн нэхэмжилсэн 4.100.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Адмон принт” ХХК нь С.Цэндсүрэнд холбогдуулан 4.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 4.100.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.500 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Адмон принт” ХХК-ийн нэхэмжилсэн 4.100.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Цэндсүрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.500 төгрөгийн 50 хувь болох 40.250 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 40.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Адмон принт” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ