Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 201

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч С.А,

Хохирогч М.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,

Насанд хүрээгүй гэрч Т.Б-,

Сурган хүмүүжүүлэгч Н.Л-,

Шүүгдэгч Р.Ш- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ш-д холбогдох 2013002060179 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, яс үндэс казах, Уах овогт Р-ын Р.Ш- нь 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЭ........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Р.Ш- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт түрээслэн амьдарч байсан гэрт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдер 18 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр М.Б-ийг хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ш- мэдүүлэхдээ: “М.Б- дүүтэйгээ хамт намайг хутгалаад шүүхээс ял авч байсан. Тэрэнд өс хонзон санаад намайг хэрэгтэн болгож байгаа. Ажилтай болохоор байнга шүү хуралдаанд оролцох хэцүү байна. Тиймээс хуулийн дагуу  арга хэмжээ авхуулна гэж байгаа бол хуулийн хөнгөлөлт үзүүлж авах арга хэмжээг хурдан авч өгөхийг хүсэж байна”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хүүхдээ хөхүүлээд сууж байхад Р.Ш- согтуу ирсэн. Тэгэхээр нь би чи дахиад ирсэн юм уу гар гэхэд миний хоёр гараас барьж аваад хана руу цохисон. Дахиад гар гэхэд баруун гараараа цээжин тус газар цохисон. Би өвдөж байна гээд хашхирахад Т.Б- энэ хүн ухаан алдаж байна шүү дээ та гар  би цагдаа дууна гэж хэлсэн. Тэгэхэд Р.Ш- намайг ханын зууханд цохиход ухаан алдаж хамраас цус гарсан байсан. Би босоход цагдаа ирсэн байсан. Үдээс өмнө цагдаа болон хүүхдийн байгууллагаас хүн ирэхэд Ержан өмгөөлөгч байгаагүй гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Б- мэдүүлэхдээ: Р.Ш- согтуу ирээд Б эгчийг зодсон.  Би хараад зогсож байсан ба цагдаа дуудна шүү гэхэд Р.Ш- гэрээс зугтаагаад явчихсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэв.

Эрүүгийн 2013002060179 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 61-63-рх/ “... Тухайн өдрийн орой 18 цаг өнгөрч байхад Р.Ш- гэрт орж ирэхэд нь би чи дахин дахин яагаад гэрт ирээд байгаа юм бэ гэхэд би чамд ирсээр байх болно, чамд иймэрхүү зүйл үзүүлсээр байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би босоод чи гэрээс зайл гэж хэлэхэд минь миний хоёр гарнаас минь барьж аваад зүүн талын гарын минь булчингийн тус газарт гараараа нэг удаа цохиод тэгээд шууд сэгсрээд хойшоо түлхэхэд нь миний толгой гэрийн хананд хүрч цохигдсон юм. Тэгтэл миний дүү Т.Б- та болиоч, наад хүн чинь өдөр ухаан алдаж унасан шүү дээ гэж хэлж байсан. Тэр үеэр миний ухаан балартаад юу болсон талаар мэдэхгүй байсан, нэг харсан чинь гэрт цагдаа нар ирчихсэн байсан ба Р.Ш- зугтаачихсан юм.” гэх мэдүүлэг,

2. Насанд хүрээгүй гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 72-73-рх/  “... Орой 18 цагийн үед Р.Ш- согтуу ирээд Б эгчид би чамд байнга ийм болж бүтэхгүй зүйл үзүүлэх болно гэж хэлээд хоёр гарын булчингийн хэсгээс нь барьж байгаад түүнийг хойшоо маш хүчтэй түлхэхэд эгчийн толгой нь ханын пийшэнд маш хүчтэй цохигдсон юм. Тэгээд эгч дахин урагштал цээж рүү нь нударгаараа нэг удаа цохиод дахин түлхэхэд эгч дахин ханын пийшэнд толгойгоо цохиж авсан. ...Тэгээд М.Б- эгчийн өгзөг хэсгээс өшиглөх үед М.Б- газар унасан бөгөөд газар унахад толгойгоо байшингийн цементэн ханад цохиж авсан юм. Би хараад зогсож байсан тул айгаад эгчийг тавьчих л даа, би цагдаа дуудна шүү гэхэд Р.Ш- гэрээс зугтаагаад явчихсан, эгчийн хамарнаас нь цус гарсан тул шууд цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг,

3. Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 74-75-р х/ “...Тухайн үед М.Б-ийн хүүхдүүд, М.Б- бид нар сууж байхад гаднаас Р.Ш- ороод ирсэн юм. Р.Ш- орж ирээд “Муу арчаагүй юмнуудын сууж байгаа байдлыг хар л даа” гэж хэлсэн. Тэр үед М.Б-ийн хүүхэд нь гэрээс гараад явахад нь би тэрний араас гараад явчихсан. Тэгээд би гадаа хүүхдүүдийн хамт хэсэг хугацаа байж байгаад гэр рүү орж ирж байхад надаас Р.Ш- зөрж гараад явсан. Би гэрт орж ирэхэд М.Б- эгч уйлчихсан, хамарнаас нь цус гарчихсан сууж байсан юм.” гэх мэдүүлэг,

4. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 77-78-р х/ “.... М.Б- эгч над руу утсаар залгаад Р.Ш- ирээд намайг зодоод явчихлаа, миний толгой өвдөж байна, цагдаа дуудаж шалгууллаа гэж хэлсэн. Яаж зодсон талаар асуухад орж ирээд гарнаас минь бариад хана мөргүүлсэн, тэрнээс болоод толгой өвдөж байна, гэрт байсан Т.Б- салгаж авсан гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг,

5. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №239 дугаартай: “...Иргэн М.Б-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилт, зулайд хавдартай, дагзанд хавдартай, баруун бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд 4 ширхэг хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх цус хуралт нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93-р х/,

6. Хохирогч М.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-67-рх/

7. Шүүгдэгч Р.Ш-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 107-108-р х/ “Би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүүхдүүдийнхээ байгаа байдалтай танилцахаар хүүхдийн байгууллагын нэг хүн, цагдаагийн ажилтан С- нарын хамт 15 цагт М.Б-ийн түрээслэн амьдарч байгаа байшинд очсон юм. Очих болсон шалтгаан нь М.Б- урд өмнө нь намайг хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход орилж чарлаж хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байсан тул уулзахаар очсон юм. Тэр үеэр надтай цуг өмгөөлөгч К.Е- очсон. Тэр үед намайг тэдний гэрт очиход М.Б- гэртээ байхгүй байсан ба би түүн рүү залгаад хүүхдийн байгууллагын хүмүүстэй цуг явж байна, чи хүрээд ирээч М.Б- 10 орчим минутын дараа хажуудаа нэг жирэмсэн эмэгтэй дагуулчихсан ирээд над руу орилж чарласан юм. М.Б- орилж чарлаад хэрүүл хийгээд байсан тул бид нар гэрээс нь явчихсан юм. Оройд нь би 19 цагийн үед хүүхдүүддээ сүү тараг өгөх гээд гартаа барьчихсан М.Б-ийн гэрт ортол М.Б- шууд орилж чарлаад ханын пийшэнд толгойгоо цохиод, салатны шилээр өөрийнхөө толгой руу цохиход нь хажууд нь байсан дүү нь Т.Б- болон түүний жирэмсэн эгч нь барьж аваад болиулсан. Тэгэхэд нь М.Б- дахин хутга аваад өөрийгөө ална гээд гүйхээр нь би аюул болох юм байна гэж бодоод гэрээс нь гараад явчихсан юм. Болсон асуудал энэ юм. Би урд өмнө нь М.Б-ийг зодож байгаагүй, харин М.Б-, дүү Аманжолын хамт намайг хутгалаад ял авч байсан.” гэх мэдүүлэг

8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон РД:БЛ............, овог:У,  эцэг /эх/-ийн нэр:Р-, нэр:Ш-, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1986/03/26, төрсөн газар: Баян-Өлгий, Цэнгэл, хаяг: Баян-Өлгий, Цэнгэл, 9-р баг, Хөшөөт, бүртгэлийн дугаар:833777690774, хүчинтэй хугацаа:2031/03/26, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/,

- Шүүгдэгч Р.Ш-, хохирогч М.Б- нар нь 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон тухай  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 10/,

- Шүүгдэгч Р.Ш-, хохирогч М.Б- нарын хүүхдүүд болох Ш.Т, Ш.Д,  Ш.Н нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-13/,

- Шүүгдэгч Р.Ш-д холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 14-20/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

-Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хэдийгээр шүүгдэгч Р.Ш- нь хохирогч М.Б-ийг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч шууд зааснаас гадна тухайн үед харж байсан насанд хүрээгүй гэрч Т.Б- хэрхэн яаж зодсон талаар тодорхой мэдүүлэг өгсөн, хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд тусгасан хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй таарч байгаа зэрэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Ш- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Р.Ш-, хохирогч М.Б- нар нь 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон нь хэргийн 10-р талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Р.Ш- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Р.Ш-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

     Шүүгдэгч Р.Ш- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Ш-ы үйлдлийн улмаас хохирогч М.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Р.Ш-ы хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Р.Ш-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Р.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч нь шүүгдэгч Р.Ш-д холбогдуулж гэмт хэргийн улмаас учирсан  хохирол нэхэмжлээгүй ба цаашид нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол байхгүй, мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.Ш-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Ш- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Ш-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

  1. Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.   

Шүүгдэгч Р.Ш-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уах овогт Р-ын Р.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ш-ыг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ш- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Ш- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Р.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК