| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/00197/Э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 208
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д-бек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
орчуулагч, хэлмэрч Б.А,
улсын яллагч Х.Ө,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, Т.С,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
өсвөр насны шүүгдэгч К.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ж-д холбогдох эрүүгийн 2013003260226 дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 15 настай, эмэгтэй, Баян-Өлгий аймгийн Булган сумын 1 дүгээр багт ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, Х.х овогт К-ий Ж- , РД:БД............
Өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган сумын 1 дүгээр багийн иргэн Х.Д-ы тус сумын Улаагчин багийн Индэртийн ам гэх газарт байрлах гэрт хууль бусаар нэвтрэн орж 1.440.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчээс мэдүүлэг.
Өсвөр насны шүүгдэгч К.Ж- мэдүүлэхдээ: Миний буруу, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013003260226 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-н 6-9-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч К.Ж-гийн хохирогч Х.Д-ы гэрийн хаалгыг онгойлгож нэвтрэн орсон гэх бахид /гүүвц/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-13-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч К.Ж-гээс хураан авсан түүний хохирогч Х.Д-ы гэрт хууль бусаар нэвтрэн орж хулгайлсан гэх мөнгөн дэвсгэртүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-16-р хуудас/,
Эд мөрийн баримт бүхий мөнгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байх тус сумын иргэн М.А- гэх хүнд 14 тооны ишигтэй ямаа зарж нийт нэг сая дөрвөн зуун тавин мянган төгрөг бэлэн мөнгийг өөрийн гэрт хувцас хунар хийсэн цүнхэнд хадгалж байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Х- гэх хүний хүүхэд нь хуримаа хийсэн найр болоод би өөрөө айлын хүмүүстэй хамт очоод орой 18 цаг өнгөрсөн үед ирээд үхрээ саагаад амарчихсан байсан. Тэгээд маргааш нь буюу 09 сарын 08-ны өдөр өглөө нь босоод байж байхад миний нөхрийн дүү болох С- хүрч ирээд та хонь худалдаж авна гэж байсан яасан бэ би Бахытын гэр лүү явах гэж байна гэсэн тул цүнхэнд байсан нөгөө мөнгөө авах гэтэл мөнгө маань алга болсон байсан. ... Манай гэрээс хулгайд алдагдсан мөнгийг цагдаагийн алба хаагч нар К.Ж-гээс хураан авч надад хүлээлгэн өгөхдөө 170.000 төгрөг дутсан. ... К.Ж- уг мөнгөнөөс дутсан 170.000 төгрөгийг надад төлж өгсөн. ... К.Ж-гийн аав нь болох К- гэх хүн 3 жилийн өмнө нас барсан Тэрээр манай нөхөр болох Д-ий дүү нь байгаа юм. К.Ж- байнга манай гэрээр орж гараад, надад туслаад явдаг байсан миний өөрийн хүүхэд шиг хүүхэд байгаа юм. Түүний ээж М-ийн зүрх нь өвддөг хүнд өвчтэй хүн. Тэрээр ганцаараа 6 хүүхдээ өсгөж байгаа. Хүүхдүүд нь бүгдээрээ гэр бүл болоогүй, ээжтэйгээ хамт амьдардаг, өөрийн гэсэн мал цөөхөн, ядуу амьдралтай айл байгаа юм. К.Ж- нь юм мэдэхгүй, жоохон хүүхэд тул хулгай хийсэн байх. Би түүнд ямар нэгэн гомдолгүй болно” гэх мэдүүлэг /хх-н 28-32-р хуудас/,
Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Булган суманд Х.Д-аас 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 ишигтэй ямаа худалдаж авсан бөгөөд 1450000 төгрөг түүнд өгсөн юм. Би одоо аймгийн төвд амьдарч байгаа тул уг худалдаж авсан ишигтэй 14 ямааг дараа авахаар болж тэдэнд хариуцуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 36-37 дугаар хуудас/,
Гэрч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Х- гэх хүн хүүхдийнхээ хуримыг хийж найр болсон юм. Уг найрд С.М-ийн хүү болох С- бөхийн барилдаанд түрүүлж бэлгэнд сэрх авсан юм. Уг найрнаас гарсны дараа дүү болох Есенбек, түүний эхнэр Сандигүл нарын хамт С-д баяр хүргэхээр болж тэдний гэрт 20 цагийн үед очсон. Бид уг айлд очоод цай, хоол идэж ууж хоёр цаг гаруй суугаад явсан. ...Би К.Ж-гийн гаднаас гэр рүүгээ их хэмжээний мөнгө авч орохыг мөн гал руу хүүхдийн цагаан өнгийн цамц шатаахыг анзаараагүй. К.Ж- ээждээ туслаад гэрт түлээ оруулж өгч, гал түлж өгөөд яваад байсан” гэх мэдүүлэг /хх-н 38-39 дүгээр хуудас/,
Өсвөр насны яллагдагч К.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын хэдний өдөр байсныг мартсан байна, ямар ч байсан 9 дүгээр сарын эхээр байсан, Булган сумын Улаагчин багийн Индэртийн ам гэх газарт намаржаанд байхад Х- гэх хүний хүүхдийн хуримын найр болсон. Уг найранд манай ах бөх барилдаанд оролцож 3 дугаар байранд орсон бөгөөд уг найр хийж буй айл манай ахад бэлгэнд сэрх өгсөн юм. Найрнаас тараад орой гэрт ирэхэд манай гэрт ахад баяр хүргэж манай гэрт хөрш айлын хүмүүс ирсэн. Тэр үед би голоос ус авахаар голын эрэгт очиход Д- эгчтэй тааралдаад түүнд манай гэрт ахад баяр хүргэж хүмүүс ирээд байна. Та ч гэсэн очихгүй юу гэж хэлэхэд Д- эгч тэгвэл би одоохон танай гэрт очъё гэж хэлсэн. Д- эгч манай гэрт ирээд сууж байх үед би гэрээс бахь авч гараад Д-ы гэрт очиход эсгий гэрийнхэн хаалга нь цоожтой байсан. Би хаалганы цоожны сүвлэгч төмрийг нь бахиараа хүчтэй татахад сүвлэгч төмөр нь сугарч гарч ирсэн. Тэгээд би хаалгыг нь онгойлгож дотогшоо ороод Д- эгчийн хувцас хунар хийсэн цүнхийг нь нэгжиж үзэхэд бага насны хүүхдийн цагаан өнгийн цамцанд ороосон мөнгө байсныг тэр чигээр нь аваад гарсан ба гэрээс гарахдаа хаалганы цоожийг нь буцаагаад хэвд нь оруулж сүвлэгч төмрийг нь бахиараа цохиж нүхэнд нь оруулаад явсан. Уг мөнгийг авч гарсны дараа уг мөнгийг гэрт авч орох гэхэд манай гэрт олон хүн сууж байсан болохоор гэрийн хажууд зогсож байгаад уг мөнгийг ороосон цамцыг задалж байх үед мөнгөнөөс хэд хэдэн ширхэг нь салхинд хийсчихсэн. Гадаа харанхуй байсан болохоор би уг салхинд хийсчихсэн мөнгийг олж авч чадаагүй ба яг хэдэн төгрөг салхинд хийссэнийг мэдэхгүй. Би үлдсэн мөнгийг тоолоогүй ба миний халаасанд явж байсан гялгар уутанд хийж ороогоод гэрийн хажууд байдаг том чулуун доор аваачих нууж тавьсан. Харин мөнгө ороосон нөгөө хүүхдийн цамцыг гардаа базаж гэрт авч ороод, гэрт сууж байсан хүмүүст харуулахгүйгээр гал руу хийж шатаачихсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1.Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган сумын 1 дүгээр багийн иргэн Х.Д-ы тус сумын Улаагчин багийн Индэртийн ам гэх газарт байрлах гэрт хууль бусаар нэвтрэн орж 1.440.000 төгрөг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба өсвөр насны шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь хохирогч Х.Д-ы тус сумын Улаагчин багийн Индэртийн ам гэх газарт байрлах гэрт хууль бусаар нэвтрэн орж 1.440.000 төгрөг хулгайлж хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч К.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байна амьдрах байранд хаалганы сүвийг эвдэж нэвтэрч 1440000 төгрөгийн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь хохирогч Х.Д-ы гэрт хууль бусаар нэвтрэн орж 1.440.000 төгрөг хулгайлсан болох нь тэдний өгсөн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Д- нь “К.Ж- байнга манай гэрээр орж гараад, надад туслаад явдаг байсан миний өөрийн хүүхэд шиг хүүхэд байгаа юм. Түүний ээж М-ийн зүрх нь өвддөг хүнд өвчтэй хүн. Тэрээр ганцаараа 6 хүүхдээ өсгөж байгаа. Хүүхдүүд нь бүгдээрээ гэр бүл болоогүй, ээжтэйгээ хамт амьдардаг, өөрийн гэсэн мал цөөхөн, ядуу амьдралтай айл байгаа юм. К.Ж- нь юм мэдэхгүй, жоохон хүүхэд тул хулгай хийсэн байх. Би түүнд ямар нэгэн гомдолгүй болно, хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэх мэдүүлгээр нотлогдсон байх тул өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч К.Ж- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хуульчилж өгсөн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж зохицуулсан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгч К.Ж-гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь урьд ял шийтгүүлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч К.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан өсвөр насны шүүгдэгч К.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, хянан хүмүүжих хугацаандаа “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн өсвөр насны шүүгдэгч К.Ж-гийн хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эхэд нь даалгах ёстой боловч эцэг нь нас барсан, эх нь сэтгэл мэдрэлийн өвчтэй, эмчийн хяналтад байдаг тул уг хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч К.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Х.х овогт К-ий Ж-г бусдын хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч К.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч К.Ж-г хянан хүмүүжих хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч К.Ж-д хүлээлгэсэн “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч К.Ж-д мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч К.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, өсвөр насны шүүгдэгч К.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Д-БЕК