| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0198/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 209
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Х.Д- даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Хохирогчийн өмгөөлөгч К.З,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,
Шүүгдэгч Х.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-т холбогдох 2013002100209 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, яс үндэс казах, Б овогт Х-ы Д-, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн албаны эрх зүйч, офицер мэргэжилтэй, ажилгүй, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ЦА..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Д- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Улаанбайшинтийн боомтод 2020 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 23 цагийн үед Хилийн 0285 дугаар ангийн 0116 дугаар салбарын заставын даргаар ажиллаж байх үедээ заставын орлогч Б.Б-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож түүний баруун талын чихний дэлбэнгийн дээд хэсгийг хазаж таслан биед нь хөнгөн гэмтэл учрууалх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.
Эрүүгийн 2013002100209 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 65-66-рх/ “...Хохирогч Б.Б-ын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн өгсөн: “...Тэгэхээр нь би гараад дэлгүүрээс Соёрхол нэртэй 0,75 гр-ын архи, хүүхдүүдэд чихэр аваад дахин Урнаа эгчийн гэрт очоод архийг задлаад хүмүүст бүгдэд нь тойруулж хийчхээд өөрөө нэг хундага архи уугаад за би боллоо, маргааш ажилтай гэж хэлээд гарах гэтэл боомтын даргын эхнэр чи ямар олон юм яриад байдаг юм бэ, муу бацаан, дуу шуутай болчихжээ гэх мэтээр хэлээд гарах гэтэл заставын дарга хажуугаас ороод чи битгий хуцаад бай, зайл гэж хэлсэн. Тэр даруйд нь бид нар тамхилах гээд гадагш гартал заставын дарга Х.Д- баруун талын нүүрний газарт хоёр удаа нударгаараа цохиход би түүнийг өөрөөсөө холдуулж түлхээд цохих гэтэл миний гар Х.Д-т хүрээгүй, тэгтэл Б- миний араас ирээд хоёр гарыг минь зөрүүлж бариад зогсож байтал Х.Д- ирээд шууд миний баруун талын чихнээс хазсан. Тэр үед миний чих тасарсан ба Х.Д- амнаасаа чихийг минь нүүр лүү минь нулимахад газарт унасан юм. Би чихээ гартаа бариад зогсож байтал Х.Д-ийг Б-, Ж- нар цааш аваад явсан ба би чих тас хазчихлаа ш дээ гэхэд минь Х.Д- болон боомтын даргын эхнэр нар хохьчин гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 87-88-рх/ "... Тэгэхэд нь Х.Д- гэрээс гараад явсан ба араас нь Б- гарч үүдний амбаарт пир пар гээд зодолдох чимээ гарсан. Би хаалга нээтэл Ж-, Б- нар Х.Д-, Б- нарыг салгаж байсан юм. Тэгээд Х.Д- гэрт орж ирээд суусан, Урнаа эгч гадагш гарсан. Удалгүй А- орж ирээд юу юу болоод байна Б- чих гэмтээчихлээ гээд яриад яваад байна Урнаа эгчээ хоёулаа очъё гээд явсан.” гэх мэдүүлэг
8. Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 89-90-рх/ “... Тэр явцад заставын дарга Х.Д- Б-ыг боль гэж хэлсэн боловч тоохгүй байсан, тэгээд Х.Д-т хандаж чиний ажлыг би хийж байгаа шүү, би чамайг зайлуулна гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэр хооронд Х.Д- гарсан түүний араас Б- гараад гадаа пир пар гэх чимээ гарахаар нь гадаа зодоон болж байна гээд л гарсан, гартал Б-, Х.Д- хоёрыг Ж-, Б- хоёр салгасан юм.” гэх мэдүүлэг
9. Гэрч Т.Д-Я-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 91-рх/ “... Б- хэлэхдээ Х.Д- миний чихийг хазаад тасалчихлаа, тэр одоо нохой биш дээ гэх мэтээр хэлж уурлаад байсан юм.” гэх мэдүүлэг
10. Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 92-рх/ “... Бид очоод Б-ын гэрт ороод харахад Б-ын баруун чихний дээд ирмэг нь тасарч унасан, цус гарсан байдалтай байсан тул заставын ариун цэврийн зааварлагч Л.У-ийг дуудаж Б-ын чихэнд ариутгал, цэвэрлэгээ хийлгээд боолгосон юм. Б-аас юу болсон талаар асуухад Ж- ахлагчийн гэрт цайллагад очоод заставын хүмүүсийн хамт архи ууцгаасан архи уугаад харих гэтэл А- хошуучийн эхнэр А-тай хэрэлдэж маргалдсан, маргааныг таслах гээд Х.Д- шаардлага тавьсан. Түүнээс болоод Х.Д-тэй Б- маргалдаад Ж-ийн гэрээс гараад зууралдаж байх хооронд Х.Д- миний чихийг хазаад тасалсан гэж мэдүүлсэн юм. Х.Д-ийн гэрээс гараад шууд өөрийн гэртээ ирээд хаалгаа цоожилж аваад хүн оруулахгүй байж байгаад таныг ирэхээр хаалга онгойлгож өглөө гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг
11. Гэрч М.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 94 рх/ “... Бид очоод Б-ын гэрт ороод харахад Б-ын баруун чихний дээд ирмэг нь тасарч унасан, цус гарсан байдалтай байсан тул заставын ариун цэврийн зааварлагч Л.У-ийг дуудаж Б-ын чихэнд ариутгал, цэвэрлэгээ хийлгээд боолгосон юм.’ гэх мэдүүлэг /хх-ийн 94 рх/
12. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Хайратын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №225 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-117/
13 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №984 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-122/
14. шүүгдэгч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 138 рх/ “... Б- бид хоёр харилцан зодолдоод хоёр тийшээ унахад Б- чихээ өөр зүйлд зүсэж авсан байх гэж би бодож байгаа, гэхдээ би Б-ын чихийг нь хазаагүй, надтай зодолдоод салахдаа өөр зүйлд чихээ зүсэж авсан байгаа гэж бодож байна, би яг болсон асуудыг үнэн зөвөөр нь мэдүүлж байна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Улаанбаатар хотод байдаг эхнэр С.А нь бөөрний дутагдалтай байнгын асаргаа, эмчилгээнд хүүхдүүд маань хичээл сургууль, цэцэрлэгт явахад хүргэж өгөх хүнгүй байгаа, би хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
-Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Хэдийгээр шүүгдэгч Х.Д- нь хохирогч Б.Б-ын чихийг хазаагүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч шууд зааснаас гадна тухайн үед харж байсан гэрчүүдийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй таарч байгаа зэрэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Х.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч Х.Д- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 984 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Х.Д- нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Прокуророос шүүгдэгч Х.Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б- нь өөрт учирсан хохиролд нийт 1273600 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 300000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн “Цамбагарав” зочид буудалд байрласан гэх 525000 төгрөгийн баримтын эх үүсвэрийг шалгаж үзэхэд нотлогдоогүй гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчээс прокурорын дансанд тушаасан 448600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 825000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин хохирогч Б.Б- нь цаашид чихээс янзлуулахад гарах хохирол байгаа гэж үзвэл жич нэхэмжлэх эрхтэй болно.
Түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Д- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Х.Д-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-ы Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Д-ийн прокурорын дансанд тушаасан 448600 /дөрвөн зуун дөчин найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 825000 /найман зуун хорин таван мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Х.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Х.Д-