Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 220

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч Е.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Б-эд холбогдох 2013003530249 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр баг, Цэцэгтэд оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.г овогт Е-ын Б-, регистрийн дугаар БВ...........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Е.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө гэрт архидан согтуурсан үедээ иргэн Х.А-тэй маргалдан, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Эрүүгийн 2013003530249 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 31-33, 35-36/,

“...2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед гэр лүү явж байгаад замдаа Е.Б-ийн гэрт орсон ба тэдний гэрт Т.А-, Е.Б- хоёр архи ууцгааж байсан. Е.Б-ийн гэрт ороод сууж байтал 5 орчим минутын дараа Е.Б- “Чи бол хулгайч” гэх мэтээр намайг хэл амаар доромжилж эхэлсэн ба мал хөнгөлөхөд хэрэглэдэг хавчуурыг чи авсан гэхээр нь би өмсөж явсан саарал өнгийн дээлээ тайлаад намайг шалга гэж хэлсэн. Тэгтэл Е.Б- чи надаас нуучихлаа гэж хэлээд Е.Б гараараа миний цээжин тус газарт нэг удаа цохиод би чамайг ална гэж хэлээд тавиураас хутга авч ирээд над руу гүйхээр нь би зугтаагаад гадаа гарсан. Намайг зугтаагаад гарангуут Е.Б- миний хойноос гарч ирээд зүүн талын далны орчим нэг удаа хутгалсан. Дараа нь нуруу руу хутгалаад би хойшоо эргээд хараад Е.Б-ийг барьж авах хооронд миний зүүн талын гуя, бөгсний хэсэгт нэг удаа хутгалсан. ...Гэр дотор тавиураас хутга авахад зугтаж гарахаас өмнө харахад ажлын хэсэг нь богинохон гарт барихад нэг их мэдэгдэхээргүй жижиг хутга байсан.” гэх мэдүүлэг

2. Гэрч З.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 42-43/

“...Тэрээр орой 00 цаг хүртэл Х.А- гэрт ирээгүй ба бид нар унтаж амарсан. Шөнө 01 цаг 30 минутын үед Х.А- гэрт орж ирээд бэр М.М-ийг "босоорой миний ар нуруу хэсэг рүү хутгалчихлаа” гэж хэлэхэд бэр М.М- босоод Х.А-ийн хувцсыг тайлж үзэхэд ар нуруу хэсэгт цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг,

3. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 37-38, 39-41/

“...Х.А-, Е.Б- нар маргалдаж нэг нэгнийгээ бариад авсан. Энэ үед Х.А- нь “Миний нуруу хэсэг рүү хутга дүрчихлээ” гэж хэлэх үед нь би Е.Б- рүү харахад түүний баруун гарт хар бор өнгийн иштэй жижиг хутга бариад зогсож байсан.” гэх мэдүүлэг,

4. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 44-45/

“... Х.А-ээс хэн хутгалсан талаар асуухад *би сумын төвөөс гараад замаараа Е.Б-ийн гэрт ороход Е.Б-, Т.А-, Р.Ж- нар архи ууж сууж байсан ба тэд нартай хамт сууж архи ууж байхад Е.Б-тэй маргалдаж, Е.Б- намайг гараад явах гэж байх үед миний нуруу хэсэг рүү хутгалсан" гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

5. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 46-47/

“...2020 оны 10 дугаар сарын 03-ны шөнийн 01 цаг 30 минутын үед нөхөр Х.А- нь гэрийн гадна талд мотоциклтэй ирээд мотоциклоосоо буугаад гэртээ орж ирээд намайг дуудаж “миний нуруу хэсэгт хутгалчихлаа гэж хэлсэн энэ үед би босоод нуруу хэсэгт нь гараа хийхэд цус гарч байсан. Тухайн үед нөхөртөө хандаж “Хадам ах Х.А-ийн гэрт оч гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

6. Гэрч Р.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 48-49/

“...Х.А- нь “Е.Б- хутга барьчихсан байна” гэж хэлэхэд миний бие сууж байсан сандал дээрээс босоод Е.Б-ийн гарт байгаа хутгыг авах гэж оролдож байхад Х.А- “Е.Б- миний ар талаас хутгалчихлаа гэж хэлээд гэрээс гүйж гарсан. Миний бие түүний араас нь гарахад Х.А- нь Е.Б-ийн гэрийн гадна талд байсан мотоциклоо унаад явчихсан.” гэх мэдүүлэг,

7. Шүүгдэгч Е.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 61-63/

“... Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ гэрийн засвар хийж байхад ганц нэг шил архи уусан байсан. Тэгээд орой 21 цагийн орчим Т.А- гэгч залуу гэрт ирэхэд би гэрт байсан тал шил архинаас хийж өгөөд Т.А- бид хоёр уугаад сууж байхад Р.Ж-, Х.А- нар хамт ирсэн. Тэгээд тэд нар нэг шил архи аваад ирсэн байсан ба тус архийг уугаад би ухаанаа мэдэхгүй тасарсан байсан. Дараа нь нэг ухаан ороход Т.А- намайг орон дээр хэвтүүлээд миний дээрээс дарж байгаад “Чи хүн хутгалчихлаа” гэж хэлж байхаар би “Худлаа" гэж итгэхгүй унтаад өгсөн. Тэгээд маргааш нь гэрт унтаж байхад цагдаа нар ирээд намайг сэрээгээд аваад явсан. Би тухайн хэрэг учрал болох үед хэт их согтолттой байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна.

“...Х.А- бид хоёр урд өмнө ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдаж байгаагүй. Ямар ч өс хонзон, ам мурийсан зүйл болоогүй. Харин Х.А- урд өмнө малын хулгайн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаад яваад байсан ба тус хэрүүл гарсан өдөр миний хажууд байсан Т.А-ийн хэлснээр “Чи мал засахад ашигладаг хавчаар алга болчхоод тэрийг Х.А- хулгайлсан гэж хэлээд та хоёр маргасан, мөн Х.А-ийг хулгайч гэж хэлээд хэрүүл эхэлсэн чи тэгээд хутгалчихлаа гэж хэлсэн. Би Х.А-тэй яагаад маргасан эсэхээ мэдэхгүй байна." гэх мэдүүлэг,

8. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2020 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн 413 дугаартай: “Иргэн Х.А-ийн биед баруун далны дээд ирмэгт хатгагдсан шарх, 1 ширхэг оёдол тавигдсан, хавантай, хоёр далны дунд хэсэгт хатгагдсан шарх, 1 ширхэг оёдол тавигдсан, духны баруун талд шархтай, хавантай, зүүн талын гуяд дээд хэсэгт хатгагдсан шархтай, хавантай/эмнэлгийн тусламж авсан/ зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүсэн гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно. Иргэн Х.А-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/,

9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1507 дугаартай “Иргэн Е.Б- /БВ........../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” /хх-ийн 66/,

- 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон РД:БВ.........., овог:М.г,  эцэг /эх/-ийн нэр:Е, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1988/11/24, төрсөн газар:Баян-Өлгий, Баяннуур, хаяг: Баян-Өлгий, Баяннуур, 1-р баг, Цэцэгт, бүртгэлийн дугаар:831087801262, хүчинтэй хугацаа:2033/11/24, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаартай “Е овогтой Б нь ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суудаг. Төлөв даруу зантай, хүнд тусархаг” /хх-ийн 71/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга М.З-н 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Баяннуур сумын 1 дүгээр багийн иргэн Е овогтой Б нь 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 6, үхэр 4, хонь 40, ямаа 100, нийт 150 толгой мал тоолуулсан”

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Е.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө гэрт архидан согтуурсан үедээ иргэн Х.А-тэй маргалдан, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 31-33, 35-36/ мэдүүлэг, гэрч З.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 42-43/ мэдүүлэг, гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 37-38, 39-41/ мэдүүлэг, гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 44-45/ мэдүүлэг, гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 46-47/ мэдүүлэг, гэрч Р.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн /хх-ийн 48-49/ мэдүүлэг, шүүгдэгч Е.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /хх-ийн 61-63, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 413 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Х.А-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Е.Б-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.   

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Х.А-ийн “Х овогтой А би 2020 оны 10 дугаар сарын дунд Е.Б-т хутгалуулж аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Е.Б- намайг эмчлүүлж илаарьшуулж гаргасан. Надад одоо ямар ч гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөрийг төлж өгсөн.” гэх баримт /хх-ийн 82/-ыг өгсөн боловч хохирогч Х.А-эд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирлын мөнгөнөөс 300,000 төгрөг үлдсэн байгаа, үүнийг Е.Б-тэй тусдаа тохиролцохоор болсон гэх тайлбарыг үндэслэн хохирогч Х.А- нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Е.Б-т урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Е.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Е.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгж нь 700000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Е.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор улаан алаг иштэй, ишнийх нь урт 11 см урттай, зөөлөн шланк мэт материалаар хийгдсэн, ажлын хэсгийн урт 4 см урттай, 1 см өргөнтэй төмөр металаар хийгдсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Е.Б-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.г овогт Е-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.Б-ийг 700 “долоон зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Е.Б- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д заасаар хохирогч Х.А- нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор улаан алаг иштэй, ишнийх нь урт 11 см урттай, зөөлөн шланк мэт материалаар хийгдсэн, ажлын хэсгийн урт 4 см урттай, 1 см өргөнтэй төмөр металаар хийгдсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Е.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК