| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00521/И |
| Дугаар | 102/ШШ2017/00804 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/00804
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/00804
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Пума 12.5 байр, 0 тоот хаягт оршин байх, Монтс ХХК /РД:2699389/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 110 тоот хаягт оршин суух, Элдэв овогт Ноосойхүүгийн Ням-Аюуш /РД:ШЗ68122472/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хэрэглээний төлбөрт 1.366.115 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Н.Ням-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Ням-Аюуш нь 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны хэрэглээний төлбөрөө удаа дараа шаардсан боловч төлөөгүйн учир 15 сарын байрны мөнгө 977.770 төгрөг, түүний алданги болох 388.345 төгрөг, нийт 1.366.115 төгрөгийг Н.Ням-Аюушаас нэхэмжилж байна. Орон сууцны төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх ёстой байдаг. 25-наас хойш алданги тооцогддог бөгөөд банкинд автоматаар алданги нь бодогдоод явдаг. Манайх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 232.4, 232.6 дахь заалтын дагуу алдангийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хүн байхгүй байсан гэх шалтгаанаар усны мөнгийг үндэслэлгүй бичиж, 2015 оны 10 дугаар сард 123.000 төгрөгийн төлбөр гаргасан байсан. Контор дээр очиж хэлэхэд шалгая, дараа сарын төлбөрөөс хасъя гэж хэлсэн ч хасаагүй, учрыг нь олж байж төлнө гээд явж байтал 12 сар гарсан. 10 сараас бусад сарыг төлөх гэхээр банк 10 сарын төлбөрөө хаахаас наана бусад төлбөрийг авах боломжгүй гэж явсаар ийм хэмжээний өртэй болсон. Үндсэн өрийг зөвшөөрч байна. Гэхдээ бид эвлэрээд сар бүр 100.000 төгрөгөөр төлөхөөр болоод эхний 100.000 төгрөгөө төлөөд, дараагийн мөнгийг төлөх хугацаа болоогүй байхад шүүхэд хандсаныг ойлгохгүй байна. Манайх гараажгүй байхад гараажийн халаалт гээд мөнгө авч байсан байна. Эдний буруугаас болж ийм хэмжээний төлбөр хуримтлагдсан тул алдангийг төлөхгүй. Үндсэн төлбөр болох 977.770 төгрөгөөс өөрийн төлсөн мөнгийг хасаад төлөхийг зөвшөөрч байна гэв.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч талаас үндсэн төлбөр болох 977.770 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 100.000 төгрөгийг хасч, 877.770 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, түүний алданги болох 388.345 төгрөгөөс татгалзаж, нийтдээ нэхэмжилсэн 1.366.115 төгрөгөөс 488.345 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Ням-Аюушаас 877.770 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан зөвшилцөв гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монтс ХХК нь хариуцагч Н.Ням-Аюушд холбогдуулан орон сууцны хэрэглээний төлбөрт 977.770 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 388.345 төгрөг, нийт 1.366.115 төгрөгийг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь үндсэн төлбөрийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргасан байна.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 488.345 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 877.770 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.607 төгрөг 84 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ням-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид 25.618 төгрөг 48 мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монтс ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ням-Аюушт холбогдох орон сууцны хэрэглээний төлбөр, алдангид 1.366.115 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 488.345 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 877.770 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 57.607 төгрөг 84 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ням-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид 25.618 төгрөг 48 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ