| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/00193/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 204
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.А,
Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл,
Хохирогч Х.К
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К, шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Жэд холбогдох эрүүгийн 2013002750214 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казак, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Кувейт хороололд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, БЖ87011814 регистртэй, Х овогтой Ж-ийн Ж,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өлгий сумын 10 дугаар баг, Кувейт хороололд байрлах гэртээ эхнэр Х.Кийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ж.Ж мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002750214 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Кий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Миний бие нөхөр Ж.Жтэй 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүү Төрали төрсөн ба хүү маань 3 настай. Миний нөхөр болох Ж.Ж нь байнга архи уудаг юм. Тэгээд архи ууж гэртээ ирээд агсам тавьж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагийн үед гэрт согтуу ирээд надад хандаж “Чи яагаад явахгүй байгаа юм бэ, надад чиний хэрэг байхгүй” гэж хэлээд намайг хөөсөн. Би түүний архи ууж ирээд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байдлыг тэвчиж чадахгүйгээр түүнээс салахаар гэртээ байсан илүү зуухыг Өлгий сумын 6 дугаар багт байдаг дүү А-нд аваачиж тавьсан байсан. Тухайн үед нөхөр Ж.Ж уг зуухыг надаас асууж, миний толгой, гар, нуруу хэсэгт гар болон хөлөөрөө өшиглөж зодсон. Намайг газарт унагааж байгаад миний үснээс зулгааж, хэвлий, нурууны хэсэг рүү өшиглөж байгаад намайг гэрээс хөөж гаргаад хаалгаа түгжээд оруулахгүй байсан тул би цагдаа дуудсан. Тухайн үед 3 настай хүү маань гэрт байсан юм. Миний нөхөр 2016 оноос эхлэн архи ууж байгаа, эхэндээ бага зэрэг архи уудаг байсан ба 2017 оноос хойш архийг их хэмжээгээр уух болсон. Заримдаа архи уусан үедээ гэртээ ирдэггүй, гэртээ ирсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, надад гар хүрдэг. 2017 оны сүүлээр гэрт согтуу ирээд чи ажил хийхгүй байна, би мөнгө төгрөг олж байна гэж хэлээд үснээс зулгааж, гэдэс рүү өшиглөж зодсон. Дараа нь 2018 оны 7 дугаар сард нөхөр Ж.Ж Өлгий сумын 3 дугаар багт байрлах байшингаа газрын хамт архинаас болж худалдахад нь би уурлаж, яагаад байшингаа худалдаж байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гэж хэлээд мөн үсдэж, өшиглөж зодож байсан. 2019 онд идшинд явахдаа 4 хонь, 3 ямаа нядалж ирээд 4 хонины махыг нь архиар сольж ууж, 3 ямааны махыг гэрт авч ирэхээр нь мөн энэ асуудлаас болж хоорондоо маргалдахад чиний мал биш, чамд хамаагүй гэж хэлээд зодож байсан. 2020 оны 3 дугаар сард гэрийн эсгий зарж архидахад нь мөн хэлэхэд намайг зодож байсан. Ийм байдлаар нөхөр Ж.Ж архи ууж ирэх бүртээ надтай хэрүүл маргаан үүсгэж зоддог байсан. Би нөхөртөө зодуулсан талаар цагдаа, эмнэлгийн байгууллагад нэг ч удаа хандаж үзээгүй. Надад нөхөр Ж.Жээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй, түүнээс салахаар болоод шүүхэд өргөдөл өгсөн байгаа, одоо би хүүгийн хамт тусдаа амьдарч байгаа тул надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Х.К нь миний төрсөн эгч юм. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн эгч Х.К нь нөхөр Ж.Жэд зодуулсан, тэгээд цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа гэж надад хэлсэн. Тухайн үед эгч Х.Кий гар нь хөхөрсөн байсныг надад үзүүлж байсан. Ж.Ж нь миний эгч Х.Ктэй гэр бүл болсон үеэс архи ууж эхэлсэн. Архи уух бүртээ гэртээ асуудал үүсгэдэг. Урьд өмнө нь манай эгчийн нүд байнга хөхөрсөн байдалтай байдаг байсан. Гэхдээ эгч маань тэр болгоныг бид нарт хэлээд байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рх/,
Гэрч А.Ж-иийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Х.К нь миний нөхөр Х.Айдербекийн төрсөн эгч бөгөөд миний хадам эгч юм. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эгч Х.К нь нөхөр Ж.Жэд зодуулан цагдаад хандсан байгаа талаараа миний нөхөр Х.Айдарбекэд хэлсэн байсан. Х.К эгчийн нөхөр Ж.Ж гэр бүл болсон цагаас хойш байнга архи ууж байгаа ба архи уух бүртээ гэртээ хэрүүл маргаан үүсгэж, агсам согтуу тавьдаг байсан талаар би сайн мэднэ. 2020 он гарснаас хойш Х.К эгчийг нөхөр Ж.Ж нь архи уух бүртээ агсам согтуу тавьж, гэрээсээ хөөж, зодож цохидог байсан талаар хадам эгч Х.К удаа дараа миний нөхөр Х.Айдарбекэд хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-рх/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Бауыржаны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаартай:”Иргэн Х.Кий баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, бүсэлхийн хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.Кий биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р х/,
Шүүгдэгч Ж.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”2020 оны 8 сарын 09-ний өдөр миний эхнэр өглөө 10 цагийн үед ажилдаа явсан ба би хүүхдээ хараад гэртээ байсан юм.Тэгээд өдөр 13 цагийн үед эхнэр надруу залгаж, “би ажлын газрын хүмүүстэй хамт зугаалгад явах гэж байна, чи хүүхдийн хувцас өмсгөөд байж байгаарай, би одоо очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Би хүүхдийнхээ хувцсыг өмсгөж байтал эхнэр ирээд аваад явсан. Эхнэрийг явсны дараа би гэрийн ойролцоо байдаг таньдаг залуустай 0.5, 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи ууж дуусгаад шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр ирээгүй байсан. Тэгээд намайг унтах гэж байхад 01.00 цагийн үед эхнэр хүүгээ аваад гэрт ирсэн. Би эхнэрээсээ чи шөнө болтол хаагуур явж байгаад ирсэн бэ гэхэд эхнэр намайг чи өөрөө яах гэж архи уугаад байгаа юм гэж хэлээд миний үснээс гараараа зулгаахад миний бие түүний баруун гарнаас гараараа чанга бариад гэрээсээ хөөгөөд гаргачихсан юм. Тухайн үед би согтуу байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Би эхнэрээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан, надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Надад уурлаад явсан, одоо хамт байхгүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэрээсээ уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43-рх/,
Өлгий сумын 6 дугаар багийн засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 44-рх/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р х/,
Шүүгдэгч Ж.Жийн хувийн байдлын талаар Цагдаагийн газрын мэдээллийн сангаас авсан лавлагаа /хх-ийн 49-53-рх/,
Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 54-56-рх/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-рх/,
Хохирогч Х.Кий 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр прокурорын шатанд гаргасан “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 62-рх/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Ж.Жэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Жэд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ж.Жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны шөнийн 03.00 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багийн нутаг, Кувейт хороололд байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн очиж, хэрүүл маргаан үүсгэн агсам тавьж, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр Х.Көөс “Гэрт байсан илүү зуухыг чи хаана аваачиж тавьсан бэ” гэж асуун, уг асуудлаар шалтаглан түүнийг үсдэж газар унагаан толгой, хоёр гар болон нуруу тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Х.К, гэрч Х.А, А.Ж нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Ж, хохирогч Х.К нар нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон нь хэргийн 43-р талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Ж.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ж.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч Ж.Ж нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Жийн үйлдлийн улмаас хохирогч Х.Кий биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Жийн эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч Ж.Жэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нь шүүгдэгч Ж.Жэд холбогдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба цаашид нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол байхгүй, мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүгдэгч Ж.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч Х.К хохирол, гомдолгүйгээ илэрхийлсэн, оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Ж.Ж нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Жийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохистой гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ж.Жэд хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Ж-н Ж-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б