Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00644

 

   2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00644

              Улаанбаатар хот

                     

           

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30-10 тоотод оршин суух, Тайж овогт Мөнх-Амгалангийн Анхбаяр /РД-ХЕ83031416/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67-111 тоотод оршин байгаа “Гермес гахиур” ХХК /РД-5209447/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 35 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Сартуул овогт Батчулууны Батмэнд /РД-ТГ71051079/ нарт холбогдуулан гаргасан

Эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 8,088,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Анхбаяр, түүний өмгөөлөгч Х.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрх-0440/, хариуцагч “Гермес гахиур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наваандорж, хариуцагч Б.Батмэндийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, иргэдийн төлөөлөгч С.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.                                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч М.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим компанийхаа ажилчдыг сургалтанд хамруулахаар Буянт-Ухаа хорооллоос Шинэ яармаг хороолол руу явах замын 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжих гэж байтал гэнэт Хова Нордбенз маркийн 5642 УНР улсын дугаартай автомашин ямар ч гэрэл дохио өгөлгүйгээр 3 дугаар эгнээнээс огцом дарж орж ирээд осол гаргасан.

Тухайн үед Б.Батмэнд нь албан үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд автомашиныг тээврийн хэрэгслийн даатгалд хамруулаагүй, даатгалын хугацаа дууссан байсан.

Уг ослын улмаас би эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд жолооч болон Гермес гахиур ХХК нь хохирлыг төлж барагдуулалгүй байсаар эрүүгийн хэрэг нь Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болсон.

Автомашины хохирлыг Ашид билгүүн ХХК 5,570,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед би уг машиныг дүүгээсээ худалдаж авсан боловч нэрээ шилжүүлээгүй байсан.

  Иймд автомашины хохиролд 5,570,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 202,000 төгрөг, журмын хашааны ачилтын төлбөр 220,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгой, цээж, аарцаг нурууны зураг авсан оношлогооны төлбөр 120,000 төгрөг, Талимаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 350,000 төгрөг, уг эмнэлгээс авсан эм  тарианы үнэ 245,000 төгрөг, гэрээр эмчилгээ хийлгэсэн эм тарианы үнэ 265,680 төгрөг, тээврийн прокурорын газраас баримт хуулбарлан авсан төлбөр 15,800 төгрөг, 1 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж ажлаа хийж чадаагүй учир дутуу авсан цалин хөлсөнд 1,100,000 төгрөг, нийт 8,088,480 төгрөгийг “Гермес гахиур” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Батмэнд нь тус компанийн ажилтан бөгөөд осол болох үед ажил үүргээ гүйцэтгэж явсан учраас “Гермес гахиур” ХХК-иас нэхэмжилж байна. Мөн төлбөрийн чадваргүй гэсэн учир түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй тул хариуцагч Б.Батмэндээс татгалзаж байна гэв.

Хариуцагч “Гермес гахиур” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн ажилтан Б.Батмэнд нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад автотээврийн осол гаргаж, УНЕ4347 улсын дугаартай Приус маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Өршөөлийн тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон.

Тухайн осол гарахад нэхэмжлэгч М.Анхбаярын жолоодож явсан УНЕ4347 улсын дугаартай Приус маркийн автомашины хурдыг шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр 45-50 км цагийн хурдтай явсан гэж дүгнэдэг боловч тухайн үед тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигчид нарын мэдүүлгээр 65-70 км цагийн хурдтай явж байсан, мөн манай компанийн автомашины гэмтлээс харахад тухайн тогтоосон хурд үнэн байх боломжгүй байдаг бөгөөд энэ тухай мөрдөн байцаалтын явцад прокурорын шатанд хурдыг дахин тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж авалгүй байсаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд тухайн машины хурдыг тогтоох боломжгүй байсан, үүнээс үүдэн гэм буруугийн хэмжээг тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Анхбаяр нь “Гермес гахиур” ХХК, Б.Батмэнд нарт холбогдуулан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 8,088,480 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч Б.Батмэндээс татгалзан, хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас дээрх гэм хорын хохирлыг нэхэмжилж байна.

            Хариуцагч “Гермес гахиур” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... М.Анхбаяр хурдтай явж байсан, ... машиныг хурдыг тогтоохгүй боломжгүй байсан учир гэм буруугийн хэмжээг тогтоох боломжгүй ..” гэсэн тайлбар шүүхэд ирүүлснээс гадна компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наваандорж шүүх хуралдаанд хариу тайлбар гарган мэтгэлцэхээс татгалзаж байх тул шүүх бүрэлдэхүүн, хариуцагч “Гермес гахиур” ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов. /хх-192 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Гермес гахиур” ХХК-ийн ажилтан, жолооч Б.Батмэнд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.9, 7.10 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч М.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, мөн түүний жолоодож явсан Тоёото Приус маркийн УНЕ4347 улсын дугаартай автомашинд хохирол учруулсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 9166 тоот дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, техникийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 481 тоот дүгнэлт, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн мөн оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 516 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд уг осолтой холбогдуулан хариуцагч Б.Батмэндэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Тээврийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-14-17, 18-19, 20-21, 22-25, 37-38,186 дугаар хуудас/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, .... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас харахад хариуцагч Б.Батмэнд нь “Гермес гахиур” ХХК-ийн ажилтан бөгөөд хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан учир түүний бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хариуцагч “Гермес гахиур” ХХК хүлээхээр байна.

Иймээс “Гермес гахиур” ХХК-иас нэхэмжлэгч М.Анхбаярын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хийлгэсэн аарцаг, оношлогооны төлбөр 120,000 төгрөг, Талимаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн  төлбөр 350,000 төгрөг, эм тарианы үнэ 245,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол болох автомашины ачилт, журмын хашааны төлбөрт төлсөн 220,000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэхэд төлсөн 202,000 төгрөг, Тээврийг прокурорын архивын газраас баримт хуулбарласан 15,800 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

Мөн М.Анхбаяр нь ослын улмаас Талимаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь түүний эмнэлгийн картаар нотлогдсон тул нэхэмжлэгчийг, хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь дутуу авсан цалин хөлсөнд 1,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн боловч “Дельта эвэрест” ХХК нь М.Анхбаярын сарын цалин хөлсийг 400,000 төгрөгөөр тодорхойлон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлсөнд 400,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.  

Харин нэхэмжлэгч М.Анхбаярыг Тоёото Приус маркийн УНЕ4347 улсын дугаартай автомашинд учирсан хохирол 5,570,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Учир нь тухайн осол болох үед нэхэмжлэгчийн жолоодож явсан Тоёото Приус маркийн УНЕ4347 улсын дугаартай автомашин нь М.Гарьдмагнай гэх этгээдийн эзэмшилд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Түүнчлэн нэхэмжлэгч нь уг автомашиныг дүүгээсээ худалдаж авсан гэж тайлбарлан шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гэрээ нь М.Анхбаярыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш байгуулсан байдаг тул М.Анхбаярын эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн гэрээр эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардалд гаргасан 265,680 төгрөг нь зам тээврийн осолтой шалтгаант холбоотой гэдэг нь нотлогдохгүй байхаас гадна хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримтад бичигдсэн үнийг М.Анхбаяр төлсөн, түүнээс гарсан зардал гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “Гермес гахиур” ХХК-иас 1,552,800 /нэг сая таван зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Анхбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,535,680 /зургаан сая таван зуун гучин таван мянга зургаан зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас 39,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Анхбаярт буцаан олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Анхбаяр, хариуцагч Б.Батмэндээс татгалзсан учир түүнд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “Гермес гахиур” ХХК-иас 1,552,800 /нэг сая таван зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Анхбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,535,680 /зургаан сая таван зуун гучин таван мянга зургаан зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч Б.Батмэндэд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гермес гахиур” ХХК-иас 39,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Анхбаярт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.ЦЭНД

                                                                                                З.ДОРЖНАМЖИН

                                                                                                Ч.МӨНХЦЭЦЭГ