Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 217

 

    Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Од холбогдох 2013003240247 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шр овогт Н-н О, регистрийн дугаар БЙ75110814.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Н.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 8 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед Толбо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 55-22 БӨТ улсын дугаартай, 'Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.2/а, 12.1, 12.3  дахь заалтуудыг тус тус зөрчиж, иргэн М.Жы жолоодож явсан 48-23 БӨЗ улсын дугаартай, “Даюун” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013003240247 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

2. Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-14 дугаар хуудас/,

3. Хохирогч М.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед хамаатны ах Онал ганцаараа Портер маркийн машинтайгаа манайд ирээд машинд үхэр ачилцаад өг гэхээр нь би зөвшөөрч өөрийн “Даюун” маркийн мотоциклийг унаад зам дагаад урд нь гараад Бураатын давааны Шивэр гэх газар руу явж байхад зам дээр борооны усанд идэгдсэн жалга гарч ирсэн ба би огцом зогсож тоормоз дараад зогсож байтал миний араас ирж байсан Онал ах Портероор намайг араас мөргөж би мотоцикльтойгоо газар унасан юм. Тэр үед баруун хөл их өвдөж мөн цээж хавирга хэсгээр өвдөж байсан. Онал ах Толбо сумын эмнэлэгт мэдэгдэж, би эмнэлгийн тусламж авсан. Тухайн үед бид хоёр хоёулаа архи уугаагүй эрүүл байсан. Миний хувьд энэ хэрэг санамсар болгоомжгүй гарсан хэрэг учраас Н.Од ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний бүх зардлыг Н.О төлж байгаа. Миний биеийн байдал сайн байгаа, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд ирсэн. Учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25-р х/,

4. Гэрч Н.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орой 21 цагийн үед Бураатын давааны аманд байдаг хадлангаа хадаад гэртээ ирээд байж байтал манай гэрээс 500 м зайд хүний ёолох чимээ гарсан. Тэгэхээр нь чимээ гарсан зүгт  яваад очиход Онал, Ж хоёр байсан ба Ж би мотоциклоос уначихлаа гэж хэлсэн. Түүний мотоцикль хажуу талаараа, мотоциклийн толгой манай гэрийн зүг буюу уул тап руу харсан байдалтай байсан Н.О М.Жы хажууд сууж байсан. Тухайн үед надаас өөр хүн тэнд очоогүй. Эмнэлгийн тусламж дуудсан гэж хэлсэн ба удалгүй эмнэлгийн хүмүүс ирээд М.Жыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р х/,

5. Гэрч Б.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр миний бие Бураатын давааны амны ойролцоо бэлчиж байсан үхрээ тууж ирэх гээд зам дагуу машин тосоод явж байхад манай сумын 5 дугаар багийн иргэн Н.О ганцаараа өөрийн 05-22 БӨТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан ба би түүнийг зогсоогоод дайгдаж суусан. Онал Бураат орохоор явж байна гэж хэлээд намайг дөхүүлж буулгаад цаашаа ганцаараа машинтайгаа явсан. Онал тухайн үед архи хэрэглээгүй, эрүүл явж байсан” гэх мэдүүлэг хх-ийн 33-рх/,

5.Техникийн шинжээч Т.Сийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17, 18 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

            6. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 378 дугаартай “Иргэн М.Жы биед тархины битүү гэмтэл зүүн талын эгэм хугарсан, баруун талын шилбэний яс хугарсан, баруун талын 9,10,11, 12 дугаар хавирганы хугарал, баруун уушигны битүү гэмтэл зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу /ЗТО-р/ зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт удаан нөлөөлнө. Иргэн М.Жы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дугаар заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р х/,

            7. Хохирогч М.Жы “Өвчний түүх”-ийн  хуулбар /хх-ийн 48-83-рх/,

            8. Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн системээс авсан жолооч Н.Оын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хассан ба эрхээ сэргээлгээгүй талаарх лавлагаа, мэдээлэл /хх-ийн 104-112-рх/, 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6-д заасны дагуу зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн талаар мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан :“Жолооч Нүкей овогтой Онал нь тээврийн хэрэгсэл жолоодох “ВС” ангиллын эрхийн үнэмлэхтэй байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1 жилээр эрхээ хасуулсан ба тухайн үед жолоодож явсан гэх 05-22 БӨТ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Жолооч Н.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.2-д “ Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна”, а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”, 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,  хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдын энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед миний явж байсан зам нь бороо их орсон учраас эвдэрч шавар шавхайтай, борооны улмаас жалга үүссэн байсан. Тухайн үед дүү М.Ж мотоциклоор миний урд талд явж байсан ба замын дунд хэсэгт борооны улмаас үүссэн жалга гараад ирэхэд тэрээр огцом тоормоз дарахад би ч бас тоормоз дарсан. Гэвч зам шавар шавхайтай байсан, бас бид хоёр ойрхон явж байсан учраас тормоз дарсан боловч миний тээврийн хэрэгслийн дугуй халтирч, тэр чигтээ гулссаар урд зогсож байсан М.Жы мотоциклийг мөргөсөн ба М.Ж мотоциклтойгоо газар унасан. Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа ийм хэрэгт холбогдлоо. Хийсэн хэрэгтээ маш гэмшиж байна. Хохирогч М.Ж бид хоёр хамаатан, бараг төрсөн ах дүүс шиг дотно байдаг хүмүүс юм. Би М.Жы эрүүл мэндэд учирсан хохиролд 5 сая гаруй төгрөг төлж өгсөн. Тэр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирээд одоо аймгийн төвд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь дээрдсэн, сайн байгаа. Би болгоомжгүй байдлын улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Н.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт,  /хх-ийн 101, 103-рх/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан байх ба шүүгдэгч Н.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эсхүл авто тээврийн эрхээ хасуулсан хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан байна.

Шүүгдэгч Н.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 8 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед Толбо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн 55-22 БӨТ улсын дугаартай, 'Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.2-д “ Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна”, а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”, 12.1-д”  Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж, иргэн М.Жы жолоодож явсан 48-23 БӨЗ улсын дугаартай, “Даюун” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч М.Жы биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 378 дугаартай дүгнэлтээр ,

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, дахин сэргээлгээгүй болох нь хэргийн 107-111 дүгээр талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар, түүний мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогджээ.

Шүүгдэгч Н.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч Н.О нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Оыг энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

 Иймд шүүгдэгч Н.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч М.Ж нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч Н.О нь хохирогч М.Жыг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд ирсэн, одоо аймгийн төвд үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа, мөн гэмт хэргийн улмаас М.Жд 5 сая гаруй төгрөгийн эмчилгээний зардал гарсныг төлж өгсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь хүний эрүүл мэндийг удаан хугацааны туршид сарниулдаг болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Жы цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хохирогч М.Ж нь мөрдөн байцаалтын шатанд “...Н.О бид хоёр төрөл садангийн холбоотой ах дүү шиг хүмүүс. Энэ гэмт хэргийг тэр болгоомжгүй үйлдсэн ба миний эмчилгээнд гарсан зардлыг Н.О тухай бүр төлж өгч байгаа тул надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/, Толбо сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101-рх/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.О нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт эхнэр, хүүхдүүдийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Н.Оын тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Од тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч Н.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлаар

Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бусад баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Оын эзэмшлийн, 05-22 БӨТ улсын дугаартай, 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол Улсад орж ирсэн, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Портер” маркийн хуучин ачааны автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7 зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шовогт Н-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Од тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Н.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Жы цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Н.Оын эзэмшлийн, 05-22 БӨТ улсын дугаартай, 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол Улсад орж ирсэн, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Портер” маркийн хуучин ачааны автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА