Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 202

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б Э 

Хариуцагч: ЕС

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Б.Э миний ЕСад гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхийг ЕСад даалгах, өргөдөл, гомдлыг ЕС шийдвэрлэж хариу өгөхгүйгээс учирсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээр шаардлага бол ЕСын гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхийг ЕСад даалгах шаардлага гаргаж байна. Хоёрдугаар шаардлагын тухайд өргөдөл, гомдлыг ЕС шийдвэрлэж хариу өгөхгүйгээс учирсан хохиролд 80,000,000 төгрөг гаргуулах тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бурхан буддаг манай дэлхийд 520 сая иргэн шүтэж байгаа бөгөөд түүгээрээ энэ шашин дэлхийн тав дахь том шашинд тооцогдож байгаа. Миний бие буддын шашинтны нэгэн юм. Харин манай иргэдийн шарын шашин гэж нэрлэдэг төвд лам Зонхвагийн сект нь Хятад улсын орон нутгийн чанартай, барагцаалбал 10 сая шүтэгчидтэй харьцангүй жижиг сект юм. Энэ жижиг сектын тэргүүн нь далай лам буддист биш төвд лам нарын сектэд хамаарагдаж буй бөгөөд түүнийг буддын шашинтны тэргүүн ламаар хэн ч хэзээ ч сонгоогүй. 14 дэх далай лам нь Хятад улсын хууль ёсны Засгийн газрын эсрэг үймээнд оролцож, Хятад улсаас оргосон бөгөөд Хятад улсын хууль ёсны Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэгтэн тул түүнийг улсын Засгийн газар дэмжиж байгаа нь бидний найрамдалт хөрш Хятад улстай байгуулсан найрамдлын гэрээний утга агуулга, заалтуудыг зөрчиж байна гэж үзэж, үүнийг нэн даруй зогсоохыг шаардаж байна.  

Хоёрдугаарт тус улсад Хятад улсын Төвд мужаас орж ирсэн төвд лам нарын шашин нь тус улсын төр, Сүм хийдийн харилцааны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2-т заасан буддын шашин биш байна. Иймд энэ шашны лам нарт бурхан буддын нэрийг ашиглахыг хориглож улсын бүртгэлийг нэн даруй залруулахыг шаардаж байна. Иргэд, үйлдвэр аж ахуйн байгууллагуудыг хуурч мэхлэх замаар лам нарын хийд сүм цуглуулсан хураамж хандивыг хурааж, өнчин хагас ядуу айл өрхийн хүүхдүүдийг мэргэжилтэй болгох зориулалтаар ашиглахыг зүйтэй гэж үзэж байна. Гуравдугаарт төв азийн малчин нүүдэлчин ард түмний ёс заншил, уламжлалыг шингээсэн Чингис их хааны ач хүү Хубилай их хааны зохиолгон, мөрдүүлсэн шар зурхайг он тооллыг дахин мөрдүүлэхийг шаардаж байна.  Энэ тоолол нь 1952 он хүртэл тус улсад хүчин төгөлдөр байсан бөгөөд эдүүгээ ч дорнод азийн олонхи оронд албан ёсны тоолол байна. Хэрэв 1952 онд Монголчууд төгс буянт гэгч зурхай баримталж байсан бол цагаан сар нь 2 дугаар сарын 26-нд ноогдох байсан бөгөөд цагаан сараа хориглох шалтаг, шалтгаан байсангүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Эаас тус шүүхэд хандаж, гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхийг ЕСад даалгах, өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүйгээс учирсан хохиролд 150.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ЕСад холбогдуулж гаргасантай танилцаад дараахь тайлбарыг үүгээр хүргүүлж байна. Үүнд:

Нэг. ЕСад хандаж гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхийг ЕСад даалгах шаардлагын тухайд:

Иргэн Б.Эаас ЕСад хандаж, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шашны үйл ажиллагаа, төрөөс сүм хийдтэй харилцахтай холбоотой асуудлаар өргөдөл ирүүлснийг ЕС хүлээн авч- танилцаад Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д "Хууль зүй, дотоод хэргийн сайд: -төрөөс сүм хийдтэй харилцах асуудал” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаарах тул өргөдлийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 17- ны өдөр ХЭГ/1786 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад чиг үүргийн дагуу дээрх өргөдлийг щилжүүлсэн бөгөөд тус албан бичгийн хувийг иргэн Б.Эад хүргүүлсэн болно.

Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ: 2/өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй ... өргөдөл, гомдлыг харьяалах газар нь шилжүүлнэ” гэж заасны дагуу авсан арга хэмжээ болно.

Харин Нэхэмжлэгч Б.Эаас удаа дараа ЕСад хандсан боловч хариу өгөөгүй гэж маргааны үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно: 3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж заасан болно.

Мөн түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Сайд, ... өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө" гэж заасан болно. Иймд нэхэмжлэгч Б.Э нь дээрх өргөдөлд дурдсан асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хариуг авах нь зүйтэй байна.

Хоёр. Өргөдөл, гомдлыг ЕС шийдвэрлэж хариу өгөөгүйгээс учирсан хохиролд 150.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод түүний үндэслэл нь тодорхой байх учиртай. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд түүний гаргасан өргөдлийг шийдвэрлээгүйгээс түүнд бодит_ямар хохирол учирсан болох талаар дурдаагүй, учирсан гэх хохирлыг нотлох -баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй байх тул ямар үндэслэлээр хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Харин нэхэмжлэлд дурдсанаар учирсан хохирол гэх 150.000.000 төгрөгийг Монгол Ардын намаас гаргуулах агуулгаар тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, ЕСын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсантай холбоотой бус Монгол Ардын намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 150.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, мөн хуулийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.Э нь “Иргэн Б.Э миний ЕСад гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхийг ЕСад даалгах, Өргөдөл, гомдлыг ЕС шийдвэрлэж хариу өгөхгүйгээс учирсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Нэхэмжлэгч Б.Э нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус ЕСад хандан өргөдөл, хүсэлт гаргасан байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар ХЭГ/1786 тоот албан бичгээр Б.Эын ЕСад хандаж гаргасан хүсэлтийг харьяаллын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ:”, 13 дугаар зүйлийн 2-т “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ;” 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1-д “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн” гэж заасан байна.

Дээрх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын 2017 оны дугаар ХЭГ/1786 тоот албан бичгээс үзэхэд Б.Эын ЕСад гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлсэн байх ба ийнхүү хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг Б.Эад мэдэгдэж, хариу өгсөн байна. 

 ЕС нь Засгийн газрыг тэргүүлдгийн хувьд Засгийн газрын ажлын албаар буюу Засгийн хэрэг эрхлэх газраар дамжуулж хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлснээ Б.Эад мэдэгдэж, хариу өгсөн байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7 дахь заалтаас үзэхэд “төрөөс сүм хийдтэй харилцах асуудал” Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаарахаар байна.

Иймд дээрх байдлаар Б.Эын гаргасан өргөдөл, хүсэлтийг харьяалах яам руу нь шилжүүлэн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэснээ хүсэлт гаргагчид мэдэгдэж, хариу өгсөн байх тул ЕСыг өргөдөл, хүсэлтэд хариу өгөөгүй хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

Тодруулан хэлбэл дээр дурдсан үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд Б.Эын гаргасан өргөдөл, хүсэлтэд ЕС хариу өгсөн байх тул хүсэлтэд хариу өгөөгүй гэж ЕСыг буруутгах боломжгүй.

Иймд “Иргэн Б.Э миний ЕСад гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхийг ЕСад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан ба дээрх үндэслэлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчаас хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй буюу хариуцагч хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдохгүй байна.

Иймээс “өргөдөл, гомдлыг ЕС шийдвэрлэж хариу өгөхгүйгээс учирсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээр тайлбарласан үйл баримт, үндэслэлүүдэд үндэслэн дүгнэхэд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх” иргэний үндсэн эрх зөрчигдөөгүй байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан “Иргэн Б.Э миний ЕСад гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхийг ЕСад даалгах, өргөдөл, гомдлыг ЕС шийдвэрлэж хариу өгөхгүйгээс учирсан хохиролд 150,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.Б