Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0320/З |
Дугаар | 221/MA2022/0556 |
Огноо | 2022-08-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/MA2022/0556
“К” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ч.Н
Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч Б.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ч.Н
Хариуцагч Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0320/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “К” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч Б.З-д холбогдуулан “Монголбанкны хянан шалгагч Б.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр: Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан МонголБанкны хянан шалгагч Б.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д зааснаар /тогтоосон/ оногдуулсан торгуулийн хэмжээг багасган Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д зааснаар дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /40,000,000/ төгрөгөөр торгууль /тогтоосугай/ оногдуулж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Монголбанкны хянан шалгагч Б.З-ээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д “Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанкны шийдвэрийг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэж тус банканд 100,000,000 /зуун сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.11-д “Өөрөөр хэлбэл гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д заасан ...Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанкны шийдвэрийг...” зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй” хэмээн дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, гомдлын шаардлага нь уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах байсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул анхан шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахаар байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэхдээ торгуулийн 100,000,000 төгрөгийн хэмжээг 40,000,000 төгрөг болгож бууруулсныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.6-д “Уг зөрчлийн талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Банкны тухай хуулийн 3.1.2.и-д заасны дагуу банкнаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр “М” ХК манай холбогдох этгээд биш гэсэн тайлбар мэдээллээ өгч, тайландаа “М” ХК-ийг тусгаагүй явж байсан. Гэтэл Монголбанкнаас тайлангийн хариуд холбогдох этгээд гэж үзэж, тохируулга хийж, тохируулга хийсэнтэй холбоотойгоор хөрөнгөөс хасна гэсэн мэдэгдэл ирсэнтэй холбоотойгоор бид 2021 оны 09 дүгээр сараас хүлээн зөвшөөрсөн...” гэж мэдүүлсэн” хэмээн тусгажээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б “Манай банкны холбоотой этгээд “М” биш бөгөөд 9 дүгээр сарын тайланд Монголбанкны зүгээс хүчээр нэмж тусгуулсан, түүнээс одоог хүртэл уг “М” ХК-ийг холбоотой этгээд гэж үзэхгүй байгаа. “М” ХК-ийг тайландаа нэмж тусгахгүй бол Монголбанк тус банкны салбар нэгж нээх зөвшөөрлийг олгохгүй байгаа талаар удаа дараа залруулж, үндэслэл бүхий тайлбартайгаар хэлсэн мэдүүлгийг анхан шатны шүүхийн зүгээс дүгнэж үзээгүй байна.
Өөрөөр хэлбэл, “М” ХК нь тус банкны холбоотой этгээд биш хэмээх асуудал одоог хүртэл маргаантай байсаар байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-ийн удаа дараа залруулж, үндэслэл бүхий тайлбартайгаар хэлсэн мэдүүлгийг анхан шатны шүүхээс харгалзаж үзээгүйг үндэслэлгүй гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчилд тооцно” хэмээн заасан. Тус банк Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэг даалгаврын 7-г бүрэн биелүүлж, харин үлдсэн 1 болох 3 дугаар улиралд багтаан холбогдох этгээдийн харьцаа хангаж ажиллах үүрэг даалгаврыг биелүүлэх талаар дор дурдсан шаардлагатай зохих бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тул зөрчил үйлдсэнд тооцохгүй юм.
Зээлийг төлүүлэх: Нэгэнт харилцагчтай байгуулагдсан зээлийн гэрээг Монголбанкнаас холбоотой этгээд хэмээн үзлээ гэсэн үндэслэлээр шууд цуцлах хуулийн зохицуулалтгүй тул тус банкнаас холбогдох этгээдийн жагсаалтад шинээр нэмж тооцогдсон зээлдэгчдийн зээлийг төлүүлэх талаарх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамааран зээлийн эргэн төлөлтийн байдал шуурхай төлөгдөөгүй ч зээлийг төлүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болно.
Нэмж зээл олгохгүй байх: Холбогдох этгээдийн жагсаалтад байгаа зээлдэгчдэд зээл нэмж олгоогүй ба тайлант саруудад Монголбанкны зүгээс холбогдох этгээдийн тайлангийн хариуг дараа сард ирүүлэхдээ Банкны тухай хуулийн 3.1.2 /и/-т заасны дагуу зарим хуулийн этгээдийг тус банкны холбогдох этгээдээр тооцож нэмэгдүүлснээс дээрх харьцаа үзүүлэлт буруугүй болно.
Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх: Энэ хүрээнд “К” ХХК 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтээ Монголбанкны “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-д заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Энэ хүсэлтийн хариу ирээгүй байх үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус үүрэг даалгаврыг өгсөн ба тус банкны зүгээс уг 5 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд үүрэг, даалгаварт заасан хязгаарлалтыг хангана хэмээн найдан хүлээсэн боловч Монголбанкнаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Уг нь Монголбанкны “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 5.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалттай билээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаартай шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Гомдол гаргагч “К” ХХК-иас “Монголбанкны хянан шалгагч Б.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар “К” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д заасныг үндэслэн нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /100 000 000/ төгрөгөөр торгосон байна.
2.3. Анх Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Монголбанкны Хяналт шалгалтын газраас “К” ХХК-д хийх газар дээрх шалгалтын удирдамжийн дагуу “... банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан заавар журмуудтай нийцэж байгаа эсэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй Ажлын байр нэмэгдүүлэх зээлийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах, банкны санхүү, төлбөрийн чадварын байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээ авч арилгуулах...” хяналт шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэжээ.
2.4. Шалгалтын явцад Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тус банкны өөрийн хөрөнгийн 23.2 хувь, мөн энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан банкны холбогдох этгээдэд зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь банкны өөрийн хөрөнгийн 6.4 хувь байгаа нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д тус тус заасан хязгаарлалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
2.5. “К” ХХК-иас дээрх хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0104881 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /40 000 000/ төгрөгөөр торгосныг бүрэн төлж барагдуулжээ.
2.6. Улмаар цаашид авах арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ““К” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай” А-230 дугаар тушаалаар “Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтуудыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан хангаж ажиллах”-ыг “К” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байна.
2.7. Монголбанкнаас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А-6/862 дугаар албан бичгээр “К” ХХК-д “... “М” ХХК-д олгосон 6.4 тэрбум төгрөгийн зээлийг 40 том холбогдох этгээдэд олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад активын тайланд тусгасан. ... Эдгээр тохируулгын гүйлгээний дараа Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь заалтад тусгасан хязгаарлалтууд зөрчигдсөн тул “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 2.12.4 дэх заалтын дагуу хязгаарлалтаас хэтэрсэн 1 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгийн зохистой харьцааны биелэлтийн тооцооноос хассан зэрэг болно. ... Иймд үйл ажиллагаагаа Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 08 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг...”,
2.8. Мөн улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/1504/008 дугаар мэдэгдлээр “Танай банкнаас ирүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗ/395 дугаар албан бичгээр ирүүлсэн тайланг хянахад ... Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтад тусгагдсан 40 том холбогдох этгээдэд олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад активын тайлан холбогдох этгээдийн 1.6 тэрбум төгрөгийн зээлийг тайлагнаагүй ... Банкны тухай хууль болон “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-ын дагуу тайлагнах, холбогдох мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хяналт шалгалтын газарт ирүүлэх...”-ийг “К” ХХК-д тус тус мэдэгджээ.
2.9. Ийнхүү гомдол гаргагчаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2021 оны 9 дүгээр сарын тайланг ирүүлсэн бөгөөд тайланг хянаад Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-230 дугаар тушаалын 2.2 дахь заалт болон Улсын байцаагчийн 2021/1504/008 дугаар мэдэгдлээр хүргүүлсэн Банкны тухай хуулийн 17.3 дахь заалтад тусгасан хязгаарлалтыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан хангаж ажиллах үүргийг биелүүлээгүй тул Улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/1504/002 дугаар актаар дээрх зөрчлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор зөрчлийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг мэдэгдсэн байна.
2.10. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголбанкны хянан шалгагч Б.Змаргаан бүхий 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар “К” ХХК-ийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /100 000 000/ төгрөгөөр торгожээ.
2.11. Монголбанкны Ерөнхийлөгчийн удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар “М” ХХК, “КХ” ХХК-иуд нь “К” ХХК-ийн холбогдох этгээд болох нь тогтоогдсон бөгөөд холбогдох этгээдээ хуульд заасны дагуу үнэн зөв бүртгэхийг, мөн холбогдох этгээдэд зээл нэмж олгохгүй байх талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-230 дугаар тушаал болон Улсын байцаагчийн 2021/1504/008 дугаар мэдэгдлээр тус тус үүрэг болгосон байхад гомдол гаргагчийн зүгээс дээрх зөрчлөө залруулаагүй болох нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн тайлангаар тогтоогдож байна.
2.12. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтуудыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан хангаж ажиллахыг “К” ХХК-д үүрэг болгосон байхад Зөрчлийн 2101000041 дугаар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хэлцлийн хэмжээ болон өөрийн хөрөнгөд эзлэх хувь нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар хэлцлийн хэмжээ 7.08 хувь, өөрийн хөрөнгөд эзлэх хувь 6.16 хувь, нийт өөрийн хөрөнгөд эзлэх хувь 18.95 хувь байсан буюу Банкны тухай хуульд заасан хязгаарлалт алдагдсан хэвээр байгаа нь нотлогджээ.
2.13. Ийнхүү хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д зааснаар зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэлийн хуудас оногдуулсан байхад анхан шатны шүүх “...Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д заасныг зөрчсөн” гэж дүгнэн хариуцагч Монголбанкны хянан шалгагч Б.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д зааснаар ногдуулсан шийтгэлийг өөрчлөн Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д зааснаар дөчин мянган нэгжтэй хэмжээний /40 000 000/ төгрөгөөр торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.
2.14. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны актаар тогтоосон төлбөр үндэслэлтэй эсэхийг шүүх хянаад хэмжээг нь багасгах талаарх зохицуулалт болохоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар улсын байцаагчид харьяалуулсан зөрчлийн зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Зөрчлийн тухай хуулийн өөр зүйл, хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэн шинээр шийтгэл оногдуулах зохицуулалт биш юм.
2.15. Ийнхүү анхан шатны шүүх шинээр зөрчил илрүүлж, шийтгэлийн хуудас оногдуулж буй мэтээр дүгнэн, шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2, 106.3.3, 106.5, 106.7-д заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянасан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “К” ХХК-ийн “Монголбанкны хянан шалгагч Б.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0013406 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН