Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 962

 

МАГАДЛАЛЫН ТӨСӨЛ

2017.4.19                                                          №962

Д.Баяраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны  01 дүгээр сарын 31 -ны өдрийн 184 /ШШ2017/00267 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Баяраагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Түвшинтөгсөд холбогдох

 

Гэм хорын хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Баяраа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Түвшинтөгс  нь зам тээврийн осол гарган Толгойтын замд ачааны автомашин мөргөсний улмаас төрсөн охин болох н.Пагамдулам нас барсан. Тухайн хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн ар гэр болон хариуцагч өөрөө ирж хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзан  гомдол саналгүй гээд хэлээд өгөөч, би хашаа байшин авч өгнө гэх зэргээр амласан. Нэхэмжлэгч хариуцагчийг бодолцож үзээд гомдол саналгүй гэж хэлээд хариуцагч өнөөдөр бидний дунд хөл нийлүүлэн алхах боломжтой болж, ялыг биечлэн эдлэхээс чөлөөлөгдсөн. Мөн 25 000 000 төгрөг төлж барагдуулах тухай хэлцэл хийсэн байсан. Тухайн үедээ хашаа газар, гэр авч өгнө гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал Говь-Алтай аймгаас шилжин ирж суурьшсан. Өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн гэр орон болон тодорхой хаяггүй, одоогийн байдлаар 100 айлд барилгын материалын захын үйлчилгээний газар манаач цэвэрлэгчээр ажиллаж тэндээ дэлгүүрийн нэг буланд амьдарч байгаа. Хариуцагч тухайн үед энэ байдлыг мэдсэн учраас хашаа байшин авч өгнө гэж амлаад ийм хэлцэл хийсэн байдаг. Ийм учраас хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг болон сэтгэл санааны хохирол болох 25 000 000 төгрөг өгнө гэсэн хэлцлийн дагуу энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Талийгаачийн хүү Ууган-Эрдэнийн хувьд тухайн үед ой гарсан хүүхэд үлдсэн. Өнөөдрийн байдлаар 3 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд  байгаа. Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох талаар хороон дээр очиж уулзахаар боломжгүй гэдэг. Яагаад гэвэл нэхэмжлэгч Д.Баяраа нь өөрийн гэсэн гэр оронгүй, асрамж тогтоох боломжгүйгээс тэтгэлэг тогтоож чадахгүй байна. Талийгаач н.Пагамдулам нь хавтаст хэрэгт авагдсан материалаар 400 000 төгрөгийн цалинтай “Мөнх ногоон шим” ХХК /ресторан/-д ажиллаж байсан нь нотлогддог. Ослын улмаас нас барсан хүн н.Пагамдулам бөгөөд Д.Баяраа нь түүний төрсөн эх байгаа. Шийтгэх тогтоолд н.Пагамдуламын хүү Ууган-Эрдэнийг аав н.Цэрэндугарын асрамжид байгаа талаар бичигдсэн боловч өнөөдрийн байдлаар эмээ Д.Баяраагийн  асрамжид байгаа. Эх нялхсын эмнэлгийн хяналтад байдаг. Ганц тайлбараар аавынхаа асрамжид байдаг гэж үзэж нэхэмжлэх эрхгүй гэж үзэх боломжгүй. Одоо 3 сард энэ хүүхэд хагалгаанд орох ёстой. Гэтэл өнөөдөр сэтгэл санааны хохирлыг мөнгөөр төлж барагдахгүй гэсэн заалтыг барьж аваад энэ мөнгийг төлөхгүй гэдэг нь байж болохгүй асуудал. Мөн гэм бурууг хамтран хариуцах ёстой, хохирол болон тэтгэмжийн асуудлыг бид хариуцахгүй хамтран хариуцна гэдэг байдлаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хурал болохоос өмнө энэ хэлцлийг нотариатаар батлуулахад н.Энхбаяр ээжтэйгээ, Т.Түвшинтөгс ээжтэйгээ ирээд бид нар бүгдээрээ байсан. 25 000 000 төгрөг гэдгийг тэд нар өөрсдөө хэлсэн. Би анхнаасаа сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг нэхэмжилж байсан.  Би эх хүн болохоор тэр хүнийг босгоод ирэх биш гээд 25 000 000 төгрөг болгосон. Сүүлд нь мөнгөө өгөхгүй жил болоход хэргийг нь сэргээлээ шүү гэхэд Т.Түвшинтөгсийн ээж нь тэг, тэг явдаг юмандаа явна биз гэж хэлсэн. Жил болоход 400 000 төгрөг л өгсөн. Т.Түвшинтөгс шүүх хурлаас хойш надтай ганц ч удаа холбоо бариагүй. Нотариат дээр энэ хэлцлийг батлуулахад яагаад бид хувааж төлнө гэж хэлээгүй байж одоо ийм зүйл яриад байгаа юм. Эцгийг нь хүүхдээ өөрийнхөө нэр дээр ав гэсэн чинь би чадахгүй, 17 нас хүртлээ тань дээр байж байг гээд надад авч ирээд өгсөн. Хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү,  сэтгэл санааны хохиролд 25 000 000 төгрөг төлнө гэсэн хэлцэл хийсэн учраас  үүргээ биелүүлэх ёстой. 25 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Т.Түвшинтөгс энэ асуудалд тодорхой хэмжээнд гэм буруутай байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3 үндэслэл гаргаж байгаа. Д.Баяраа гуай нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх. Эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэхэд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байдаг. Гэхдээ өнөөдөр иргэний журмаар хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаа боловч хуулийн дагуу бол хүүхдийн асран хамгаалагч нэхэмжлэл гаргах эрхтэй. Хавтаст хэргийн 4-р хуудсанд хүүхэд Төв аймагт аав дээрээ байгаа гэсэн мэдүүлэг байгаа. Хэрэв хүүхдийн төрсөн эцэг нь гарч ирээд ахин тэтгэлэг нэхэмжилбэл яах вэ, энэ 25 000 000 төгрөгийн хэлцэл нь эдийн бус хохиролтой холбоотой. Иргэний хуулийн 511 дүгээр зүйл нь сэтгэл санааны хохиролтой холбоогүй зөвхөн нэр төр алдар хүндтэй холбоотой хохирлыг заасан байгаа. Нөгөө талаасаа энэ хэлцлийг хийх болсон шалтгаан нь энэ хүн үүнийг хийхгүй бол өөрөө шоронд явах гээд байсан учраас хийж өгсөн байдаг. Т.Түвшинтөгс болон түүний гэр бүлийнхэнтэй уулзахад хүүхдийн тэтгэлгийг төлнө гэдэг. Эрүүгийн хэргийн үед төлсөн хохирол төлбөрийг тухай бүрд нь хариуцагч төлж байсан. Тухайн үед хүүхдийн асуудал яригдаж байсан учраас хэлцлийн гол нөхцөл нь хүүхдийн тэтгэвэртэй холбоотой мөнгийг бид төлөх талаар  тохиролцсон юм. Дараагийн асуудал бол гэм бурууг хамтран хариуцах юм. Т.Түвшинтөгс  өөрөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг, түүндээ таарсан ял шийтгэлээ хүртсэн гэж өөрөө ойлгодог. Гэвч өнөөдөр нэг шийтгэх тогтоолоор 2 хүн ял шийтгэгдсэн тэтгэмжийн асуудлыг Т.Түвшинтөгс н.Энхбаяр нар хамтран хариуцаж төлөх тухай яригдана. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүх хохирлыг Т.Түвшинтөгс төлж барагдуулж байсан нь харагдана. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа харамсаж байгаа нь харагдаж байгаа. 25 000 000 төгрөгийн хэлцэл бол Т.Түвшинтөгсийн хувьд талийгаачийн хүү Ууган-Эрдэнийн тэтгэлгийн талаар хийсэн хэлцэл байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 509, 510 дугаар зүйлд заасны дагуу тэтгэмж төлөхөд бид  бэлэн байна. Гэхдээ хуульд заасны дагуу хувааж төлөх саналтай байна. Нэхэмжлэлд хүүхдийг 18 нас хүртэлх тэтгэлэг гэж нэхэмжилсэн байдаг үүнийг мөнгөн дүнгээр нэхэмжлэх боломж байгаагүй юм уу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох нь хэргийг шийдвэрлэхэд хамгийн гол нөхцөл болдог. Иргэний хуулийн 508.3 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцохоор заасан. Бид тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож чадаагүй, асран хамгаалагчаар тогтоолгож чадаагүй гэж байна. Өнөөдөр чадаагүй гэдгийг чинь нотолсон баримт хэрэгт байхгүй. Т.Түвшинтөгс гэм буруугийн хувьд маш их гэмшсэн. Мөнгө тушаасан санхүүгийн баримтууд дээр нэг ширхэг ч н.Энхбаяраас гэсэн баримт байхгүй бүгд Түвшинтөгсөөс гэсэн байгаа. Энэ хүн хэрэг хийсэн өдрөөсөө энэ мөнгүүдийг төлөөд явж байсан. Хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой хохирлыг мөнгөөр төлж болохгүй. Бид хохирлыг төлнө гэхдээ Энхбаяртай хувааж төлнө. Уг нь хамтад нь хариуцагчаар татсан бол энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. 25 000 000 төгрөгийг бөөнд нь төлөх үнэхээр боломж алга. Гэхдээ ямар ч байсан бид төлнө. Магадгүй нэг өдөр хүүхдийн тэтгэлэг эргээд нэхэмжилбэл яах вэ гэдэг асуудал байна. Хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч Д.Баяраа сэтгэл санааны хохирол гэдгийг би ойлгохгүй байна гэж байгаа нь уг хэлцэл аль аль талын ашиг сонирхлыг илэрхийлээгүй байна гэж үзэж байна.

Ийм учраас бид уг мөнгийг хамтран хариуцаж төлөх хүсэлтэй байна гэжээ.

           

Шүүх: Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорын хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган хариуцагч Т.Түвшинтөгсөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Баяраад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т.Түвшинтөгсөөс 94 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч Т.Түвшинтөгс нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр хуучин 22-ын товчооны замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан заалтыг зөрчин 0,85 хувийн согтолттой үедээ Т.Приус маркийн авто 23-88 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 9.2, 9.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс Д.Батсайхан жолоочтой Норд бенз маркийн 71-79 ХӨВ дугаартай, Г.Батсуурь жолоочтой Сино трак Хово маркийн 94-55 УНВ дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөнөөс зорчигч Д.Пагмадуламын амь насыг хороосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Т.Түвшинтөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулах эрхийг 04 /дөрөв- жилийн хугацаагаар хасч. 04 /дөрөв/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус эрүүгийн хэрэгт амь хохирогч Д.Пагмадуламын хохирогчоор тогтоогдсон Д.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт "...Би гомдол саналгүй. Шүүгдэгч нар талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардлыг төлж барагдуулсан. Сэпггэл санааны хохирол гэж 25.0 сая төгрөг өгнө гэж гэрээ хэлцэл хийсэн байгаа. Охины маань ганц хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, төрсөн эцгийнхээ халамжид байдаг тул тэр хүүхдэд тус дэм болоод явна

 гэдгээ амласан. Энэ ачлалтаа биелүүлэх байх гэдэгт итгэж байна..." ... "...Иймд шүүхэд хандаж хүсэхэд эдгээр хоёр хүүхдийг хорих ял шийтгүүлээд явуулмааргүй байна. Ялын тэнсэж өгөөч гэж хүсэж байна..." хэмээн мэдүүлсэн учир Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1087 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэтт заасныг журамлан Т.Түвшинтөгсөд оногдуулсан 04 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 06 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байдаг энэ хавтаст хэрэгт авагдсан 1087 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн уужуу сэтгэлийн үрээр хариуцагч нь шоронгийн хоригдол гэх нэрийг зүйлгүй өнөөдөр наранд алхах, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг дахин олж авсан.

Хариуцагч нэхэмжлэгчийн төрсөн охины амь насыг өөрийн буруутай үйлдлийн улмаас хохироож өөрийн бурууг ойлгосон гэмшиж байгаа хэмээн нэхэмжлэгчид тайлбарлаж түүний охины амь насыг 25 000 000 төгрөгөөр үнэлж сэтгэл санааны гэм хорын хохиролд 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх тухай хэлцлийг байгуулсан байдаг. Энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 мөн хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д тус тус заасантай нийцэж байна. Энэхүү хэлцэлээр хүлээсэн үүргээ хариуцагч шударгаар биелүүлэх ёстой үүрэгтэй. Гэвч хариуцагч Т.Түвшинтөгс нь 2015 оны 1087 дугаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болсон өдрөөс хойш нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй түүний охины амь насыг хохироосон үйлдэлдээ огт гэмшихгүй нэхэмжлэгчийг хэл амаар доромжилж байгаад нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх "..хүний амъ нас. сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт баихгүй. өөрөөр хэлбэл эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохирлыг арилгах журмыг хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд мөнгөөр тооцон гаргах зохицуулалт байхгүй тул сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцох боломжгүй юм..." хэмээн дүгнэж хариуцагч Т.Түвшинтөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн 5 000 000  төгрөгөөс үлдэх хэсэг болох 20 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Д.Баяраа нь хариуцагч Т.Түвшинтөгсөд холбогдуулан гэм хор учруулснаас сэтгэл санааны хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Т.Түвшинтөгс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсний улмаас нэхэмжлэгч Д.Баяраагийн охин Д.Пагамдуламын амь насыг хохироосон болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1087 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хохирогчийн төлөөлөгчөөр эх Д.Баяраа тогтоогдсон байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Баяраа, Б.Дагвадорж,  Т.Түвшинтөгс нар   “Хохирол төлөх хэлцэл” байгуулжээ. /хх-13 дугаар тал/

 

Хариуцагч хэлцлээр тохиролцсон 25 000 000 төгрөгийг  өөрийн ял шийтгэл болон талийгаачийн хүү П.Ууган-Эрдэнийн ирээдүйг нь бодолцон тохиролцож байсан, одоо уг мөнгийг бөөнөөр төлөх боломжгүй, Р.Энхбаяр хамтран хариуцах ёстой, уг нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хийсэн  уг хэлцэлд нэг талаас хохирогчийн төлөөлөгч Д.Баяраа, нөгөө талаас Т.Түвшинтөгс нар харилцан тохиролцон, Т.Түвшинтөгс нь сэтгэл санааны хохирол 25 000 000 төгрөг төлөх, төлбөрийг сар бүр цалингаасаа 200 000 төгрөг, 5332032053 тоот дансанд байршуулж байхаар, 5 жилийн дотор төлж барагдуулахаар тохирсон байна.

 

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа энэхүү “Хохирол төлөх хэлцэл”–д  үндэслэсэн болно.

 

 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон,  хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэн гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан тул дээрх хэлцлийг хийгдсэн гэж үзэх төдийгүй хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй байдаг.

 

Иймд Т.Түвшинтөгс нь өөрийн буруутай үйлдлийн улмаас  учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй болно.

 

Талуудын тохиролцоог үндэслэн хариуцагчаас 25 000 000 төгрөг гаргуулах, хэлцлийн дагуу өмнө нь өгсөн 400 000 төгрөгийг хасаж тооцон 24 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  01 дүгээр сарын 31 -ны өдрийн 184 /ШШ2017/00267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Түвшинтөгсөөс 24 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баяраад олгосугай.” гэж,

2 дахь заалтын  “94 950”  гэснийг “280 950” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                                    ШҮҮГЧИД                     Т.ТУЯА

                                                                          

                                                                                          Б.НАРМАНДАХ