Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 314

 

С.Эд холбогдох

            эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр С.Эд холбогдох эрүүгийн 201725020592 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгө залилан мэхлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

С.Э нь төрийн бус байгууллагын шугамаар олон улсын хуралд явуулж өгнө, виз гаргаж өгнө гэсэн хуурамч мэдээллээр бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж, 2016 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Юу Би Эйч центр төвд хохирогч Г.Сэс 2.000.000 төгрөг, хохирогч Б.Мгаас 700.000 төгрөг, хохирогч Д.Нээс 450.000 төгрөг, хохирогч С.Оаас 1.070.000 төгрөг, хохирогч С.Ггаас 805.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар банкинд хохирогч В.Ааас 2.045.000 төгрөг авч, нийт 6 иргэнд 7.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй дараах зүйлүүдийг тодруулах шаардлагатай байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байна. Тухайлбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн тогтоогдоогүй, С.Эгийн бусдыг залилсан асуудлыг нэг мөр болгон шийдвэрлээгүй байна.

2. Шүүгдэгч С.Эд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 201625021282 дугаар прокурорын тогтоолоор нэр бүхий 16 иргэдээс гаргасан БНХАУ-ын Хөх хотод болох үзэсгэлэн худалдаанд оруулж өгнө гэж бусдыг залилсан хэрэгт эрүүгийн хэрэг /1 дүгээр хавтас, 104 дүгээр хуудас/ үүсгэжээ. Гэтэл дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөн дээрх хэргийг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 417 тоот прокурорын тогтоолоор сэргээсэн /1 дүгээр хавтас, 179 дүгээр хуудас/, хэзээ ямар шалтгаанаар түдгэлзүүлсэн нь хэрэгт байхгүй байна.

3. С.Э нь АНУ-ын “Ая глобал” сургуулийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажилладаг, “Бизнес хөгжил олон улсын академи” ТББ-ын нэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Дээрх ТББ-ын захирал П.С гэгч хүн надад эрх олгож, тамга гэрчилгээгээ өгсөн. Энэ дагуу би ажиллаж байсан. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь С.Э нь удаа дараагийн мэдүүлэгт /хавтаст хэргийн 52, 192 дугаар хуудас/ энэ талаар мэдүүлж байсны гадна, мөрдөн байцаагч Э.Базар нь П.Стай утсаар ярьж, мэдүүлэг авах гэхэд “очихгүй, тайлбар бичиж өгнө” гээд ирээгүй /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ гэсэн тэмдэглэл үйлдсэнээс өөр ажиллагаа хийгээгүй байна.  Мөн бизнес хөгжил олон улсын “Мөнгөн Соёмбо” холбоо төвийн захирал нэрээр Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцох төлөөлөгчидтэй хийх гэрээг байгуулан бусдаас мөнгө авсан байна. Гэтэл дээрх төрийн бус байгууллагууд нь хэний нэр дээр бүртгэлтэй болох, ямар үйл ажиллагаа явуулдаг болохыг тодруулах шаардлагатай байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

4. Иргэн Л.Ц нь “С.Э, түүний нөхөр Батбаатар нар нь 8.000.000 төгрөг залилан авсан” гэсэн гомдлыг /2 дугаар хавтас, 31-33 дугаар хуудас/ цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд С.Э нь 8.000.000 төгрөгийг буцаан төлөхөө илэрхийлсэн байна. Гэтэл үүнийг шалгаж, тодруулалгүйгээр “С.Э, Ч.Эрдэнэцэцэг нар нь иргэн Л.Цаас 1.500.000 төгрөг зээлсэн асуудал нь иргэн хоорондын маргаан, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1973 тоот прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа /2 дугаар хавтас, 52 дугаар хуудас/ гэсэн үндэслэл зааж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.Э нь Эрдэнэцэцэгтэй хамт Л.Цаас 1.500.000 төгрөг зээлж авсан асуудал нь хоёр өөр асуудал гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

5. Шүүгдэгч С.Э нь “хохирогч Г.Сийг “Идэр” дээд сургуульд оруулж өгсөн боловч өөрөө суралцаагүй” гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогч Г.С нь “өмнөх сургуулиас хасалт хийлгэж ир гэж сургалтын албанаас шаардсан учир цаашид суралцаагүй” гэж тус тус зөрүүтэй мэдүүлснийг тодруулах, С.Э нь “Сан”, “Идэр”, “Хан тайшир” зэрэг дээд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан гэх тул түүний хувийн байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргаагүй бол урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй байж болно” гэж заасны дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй бөгөөд мөн хуулийн 13-д “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн тухай гомдол, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүсэлт, гомдлыг аль ч шатанд гаргаж болно” гэжээ. Иймд шүүгдэгч С.Э болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “... 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн тогтоогоогүй гэжээ. Шүүгдэгч С.Э нь төрийн бус байгууллагад ажиллаж байхдаа уг байгууллагынхаа шугамаар олон улсын хуралд явуулж өгнө, Америкийн нэгдсэн улс, Япон улсын виз гаргаж өгнө, мөн их сургуулийн диплом гаргаж өгнө хэмээн хуурамч мэдээллээр бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар нотлогддог. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад яллагдагч С.Э, түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хавтаст хэргийн материалтай танилцаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, түргэн шуурхай шалгаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргахдаа хохирогч, шүүгдэгч нарыг байлцуулан тооцоог бүрэн гаргасан.

2. С.Эд холбогдох эрүүгийн 201625021282 дугаартай хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тогтоол хэрэгт авагдаагүй гэжээ. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ” гэж заажээ. Гэтэл С.Эд холбогдох 201625021282 дугаартай хэрэг нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байх тул хэргийг нэгтэн шалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

3. С.Эгийн бизнес хөгжил олон улсын “Мөнгөн соёмбо” холбоо төвийн захирал нэрээр Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцох төлөөлөгчидтэй хийх гэрээг байгуулан бусдаас мөнгө авсан байхад уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг шалгаагүй гэжээ. Шүүгдэгч С.Э нь төрийн бус байгууллагын нэрээр бусдыг залилсан гэх хэргийг хянахад түүний нэр дээрх хуулийн этгээдийн лавлагааг авахад түүний нэр дээр ямар нэгэн хуулийн этгээдийн лавлагаа байхгүй болох нь /хавтаст хэргийн 1-63 дугаар хуудас/ тогтоогдсон. Иймд дээрх ажиллагааг хийх шаардлагагүй юм.

4. С.Э нь иргэн Л.Цаас 2015 оны 7 дугаар сард түүний хүүг АНУ-руу явуулж өгөхөөр тохиролцож, 1.500.000 төгрөгийг авахдаа Л.Цын хадам ээжийн тэтгэврийн зээл авч 10 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Үүний дараа 2015 оны 10 сард мөн 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж авахдаа Л.Цын хамаатны хүний хашаа байшинг барьцаанд тавьж авсан байдаг. Гэтэл уг мөнгөний хүү өссөөр нийт 8.000.000 төгрөгийг Л.Ц нэхэмжилж цагдаагийн байгууллагад гомдол гаргахад С.Э нэхэмжилсэн мөнгийг нь хүлээн зөвшөөрч иргэний журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо татгалзаж, улмаар хяналтын прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн /2 дугаар хавтас, 34 дүгээр хуудас/. Гэтэл уг шийдвэрийг иргэн Л.Ц гардан аваад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй нь 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа” үндэслэл тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

5. С.Э нь хохирогч Г.Сийг залилсан асуудалд түүний хувийн байдлыг шалгах гэжээ. Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь уншиж танилцахад шүүгдэгч С.Эгийн хувийн байдлыг бүхий л талаас нь хангалттай шалгасан бөгөөд хэргийг шалгах явцад шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг түргэн шуурхай шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байсан, энэ талаараа шүүх хуралдаанд ч шүүгдэгч С.Э нь “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж байсан болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйл, 7.9 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийн эрх, үүргийн талаар тусгасан. Энд зааснаар яллагдагч гэм буруугийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй тул шүүх шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг буцаах заалт болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн хохирогч, яллагдагч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлаар гомдол, хүсэлт гаргаагүй /шүүх хуралдаан дээр ч гаргаагүй/ байхад шүүгч хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг удирдлага болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хүсэлт, гомдлыг амаар эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна. ...” гэж заасан байхад мөн зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж захирамжиндаа тусгасан нь ойлгомжгүй байна. Мөн С.Эд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгийг удирдлага болгосон зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт шүүх хуралдааныг бэлтгэл ажиллагаа хэрхэн яаж явуулах, прокурорт хэргийг буцаах ажиллагаа ямар дарааллаар явах талаар тодорхой заасан байхад анхан шатны шүүх хуульд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулалгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан. Прокурорт буцаасан захирамж ойлгомжгүй, хэргийн оролцогч нар хүсэлт гаргасан мэтээр тодорхойлсон. Прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх С.Эд холбогдох хэргийг прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Эд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, энэ хэрэгт нийт 8 иргэн хохирогчоор тогтоогдсон байх боловч С.Эгийн иргэн Л.Цын хүүхдийг АНУ руу явуулж өгнө гэж 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан үйлдлийг, мөн иргэн Б.Эыг хүүхдийг нь АНУ руу сургуульд явуулж өгнө, өөрийг нь Дэлхийн эмэгтэйчүүдийн академийн дагуу АНУ руу хуралд явуулж өгнө гэж 3.100.000 төгрөг авсан үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, С.Эг нийт 6 иргэнд 7.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

Прокурор нь С.Эгийн адилхан аргаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгө авсан үйлдлүүдээс ямар үндэслэлээр зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зарим үйлдлийг нь гэмт хэрэгт тооцож, яллах дүгнэлт үйлдэж байгаа нь ойлгомжгүй, хохирогч нарын эрх ашгийг өөр өөр байдлаар авч үзсэн, гэмт хэргийн шинж, хэргийн зүйлчлэлийн онолын асуудалд хайхрамжгүй хандсан байх бөгөөд энэ байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөв дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.  

С.Э нь нийт 16 иргэнийг БНХАУ-ын Хөх хотод болох үзэсгэлэн худалдаанд оруулж өгнө гэж мөнгө авсан үйлдэлд прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байдал хавтаст хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу С.Эд холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялуудыг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байх тул С.Эд холбогдох эрүүгийн 201725020592, 201625021282 дугаартай хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн ...” гэсэн шинжийг заасан байх тул залилангийн гэмт хэрэг хохирлын хэмжээнээс хамаарагдан зүйлчлэгдэхээр байна.

Иймд, С.Эд холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, хохирлын хэмжээг нэг мөр тогтоох нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож, уг тогтоосон нөхцөл байдлаа дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэний дараа С.Эрдэнтуяагийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэхээр байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах санал гаргаагүй гэх үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр анхан шатны шүүх хуралдааныг явуулж, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг прокурорт буцааснаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан зохицуулалтын хамааралтай байдлыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-д зааснаас үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдаан дээр шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.