Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01607

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах, Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00410 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

528.733.300 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 тоот зээлийн гэрээгээр Болор-Оргил майнинг ХХК-нд 300.000 литр дизель түлшийг нэг литрийг нь 1600 төгрөгөөр бодож 480.000.000 төгрөгийн дизель түлшийг олгосон. Уг зээлийн гэрээний төлбөр төлж дуусах хугацаа 2017 оны 05 дугаар сарын 25-нд дууссан боловч өнөөдрийн байдлаар 5.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн гэрээний төлбөрийг төлөхдөө тухай бүр хугацаа хэтрүүлж төлж байсан учир алдангийг тооцож төлбөр төлсөн мөнгийг үндсэн төлбөрөөс хасаж байсан болно. Мөн тус гэрээний төгсгөлд дараа гэрээгээ нөхөөд хийчихье гээд дахин 35.500 литр түлшийг 1 литрийг нь 1600 төгрөгөөр бодож 56.800.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8 тоот гэрээгээр 1 литрийг нь 1470 төгрөгөөр бодож 99.180 литр буюу 145.794.600 төгрөгийн түлшийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 тоот гэрээгээр 1 литрийг нь 1470 төгрөгөөр бодож 49.720 литр буюу 73.088.400 төгрөгийн дизель түлшийг зээлээр худалдаж авсан. Дээрх хоёр зээлийн гэрээнүүдийн төлбөр төлөх хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 20, 25-ны өдрүүдэд дууссан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй байна. Иймд гэрээний үндсэн төлбөр 280.683.000 төгрөг, алданги 248.050.300 төгрөг, нийт 528.733.300 төгрөгийг Болор-Оргил майнинг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.                                      Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3-03 тоот гэрээгээр 175.490.000 төгрөгийн шатахуун, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 тоот гэрээгээр 480.000.000 төгрөгийн шатахуун, мөн оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар гэрээгээр 145.794.600 төгрөгийн шатахуун, 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 дүгээр гэрээгээр 73.088.400 төгрөгийн шатахуун авахаар тус тус тохиролцсон. Нийт 874.373.000 төгрөгийн зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд 650.490.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсан. 2017 оны 9 сараас хойш манай компанийн санхүүгийн байдал хүнд байдалд орж хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн төлбөр болох 280.683.000 төгрөгийг хувааж төлөх хүсэлтэй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Т” ХХК нь бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхээ нууж, хууран мэхлэх замаар хууль зөрчиж гэрээ хэлцэл байгуулсан гэдэг нь илэрхий байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3-04 дугаартай, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 8 дугаартай, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/1 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, манай компани гэрээний дагуу түлш нийлүүлсэн. Дизель түлшийг нийлүүлэхдээ нефть импортлох болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу уурхай дээр нь аваачиж нийлүүлсэн. Бид ямар нэгэн зөрчил гараагүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00410 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Болор-оргил майнинг ХХК-иас 528.733.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.801.616 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 2.801.616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд, 3.652.365 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00410 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “528.733.300 төгрөг” гэснийг “390.123.900” төгрөг гэж, “олгож” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас 138.609.400 төгрөгт холбогдох хэсгийг болон” гэж, 2 дахь заалтын “56.1” гэсний дараа “56.2” гэж нэмж, “2.801.616 төгрөг гаргуулж” гэснийг “2.108.569 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.398.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны нгүүх болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч тал нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна. Тодруулбал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д заасны дагуу бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхдээ заавал тусгай зөвшөөрөл авахаар заасан байдаг. Гэвч анхан шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн 03/2562 дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичигт Т ХХК нь бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг мэдэгдсэн нотлох баримтыг буруу үнэлж тусгай зөвшөөрөлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Нөгөө талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэл тусгагдаагүй байна. Нэхэмжлэгч компанийн дүрмийн 1.6 дахь заалтад “тусгай зөвшөөрлөөр хийх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас авч, улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр эрхлэнэ” гэж заасныг мөн л адил дүгнээгүй нь илт үндэслэлгүй шийдвэр гарах үндэс болжээ. Талуудын хооронд 2017 оны 4-р сарын 21-ний өдөр байгуулсан 3-04 дугаартай гэрээний дагуу нийт 300,000 литр буюу 300 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэж үзвэл хэд хэдэн автоцистернээр тээвэрлэсэн болох нь илэрхий юм. Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын тосны бүтээгдэхүүн бөөнөөр худалдан борлуулсан үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулийн 7.14 зүйлийн 3.3 дахь заалтыг зөрчсөн үйл ажиллагаа байна гэж үзэн Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан. Иймээс эхлээд зөрчлийн хэрэг маргааныг шийдвэрлүүлсний дараагаар иргэний хэрэг маргааныг шийдвэрлүүлэх нь зүйн хэрэг. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 04-ний өдрийн 1287 дугаартай магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б” ХХК-с түлшний үнийн үлдэгдэл 280.683.000 төгрөг, алданги 248.050.300 төгрөг нийт 528.733.300 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс алдангийг эс зөвшөөрч улмаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1 литрийг 1600 төгрөгөөр тооцож 300.000 литр, 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдөр 99.180 литр, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 49.720 литр дизелийг литрийг нь 1470 төгрөгөөр тооцож олгох, хариуцагч мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохирч гэрээ байгуулжээ /хэргийн 9-14 дүгээр тал/.

Хариуцагч нэхэмжлэгчээс авсан дизелийн түлшний үнэ 280.683.000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй байна.

Харин гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж алдангийг хэмжээг багасгахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдах тусгай зөвшөөрөлгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус” гэсэн тайлбар гаргажээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3.1.1., 3.1.2.-т “тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж, “тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж тус тус тодорхойлсон ба бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17., Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т заасан.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь бүх төрлийн шатахуун импортлох, жижиглэнгээр худалдах тусгай зөвшөөрөлтэй, харин бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй талаар Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2017 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн 03/2562 тоот албан бичигт дурджээ /хэргийн 41 дүгээр тал/.

Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар зохицуулах ба хуулийн 4.1.3.-т “агуулах гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг”, 4.1.4.-т “түгээх станц гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг”, 4.1.6.-т “газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа гэж газрын тосны бүтээгдэхүүнийг нэг удаад тээврийн хэрэгслийн нэг торхны хэмжээнээс багагүй хэмжээгээр борлуулалт хийхийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 5.2.3-т зааснаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах асуудалтай холбогдсон журам баталж мөрдүүлэх эрхтэй.

Уул уурхайн сайдын 2013 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журмын 2.1-т зааснаар бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг агуулахаас худалдах үйл ажиллагааг бөөнөөр худалдах гэж тодорхойлсон.

Тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдах үйл ажиллагаа явуулсан тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ талаар баримт ирүүлээгүй нөхцөлд тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ.

Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг түгээх станцаас худалдах үйл ажиллагааг жижиглэнгийн худалдаа  гэж дээрх журамд заасан ба нэхэмжлэгч гэрээнд заасан түлшийг жижиглэнгээр худалдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.   

Нэхэмжлэгч дизелийн түлшийг бөөнөөр худалдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн байх тул зохигчийн хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан,  нэхэмжлэгч түлшний үнийг шаарджээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 280.683.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5.-т заасныг баримтлан “Т” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 21, 2017 оны 06 дугаар сарын 07, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагч “Б” ХХК-с 280.683.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 248.050.300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 58 дугаар зүйлийн 58.1.-т зааснаар Т ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.801.616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-с 1.561.365 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, “Б” ХХК-с 3.652.365 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, Т ХХК-с 3.652.365 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 705.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ