Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 161

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.Ак, 

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч Б.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Бны Е-д холбогдох эрүүгийн 2013001980164 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баяннуур сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Бны Ен, регистрийн дугаар: БВ77071819

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч  нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 59-66 БӨА улсын дугаартай, “УАЗ-31512” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад улсын дугааргүй, “DAYUN” маркийн мотоциклийг мөргөсний улмаас уг мотоциклийн жолооч Х.Жн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч  нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 59-66 БӨА улсын дугаартай, “УАЗ-31512” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад улсын дугааргүй, “DAYUN” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг мотоциклийн жолооч Х.Жн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:  -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас,

-Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-24-р хуудас/,

Хохирогч Х.Жн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “Миний бие Ногооннуур сумын төвөөс 50 км гаруй зайд орших гэрээсээ өөрийн “DAYUN” маркийн мотоциклоор сумын төвд ахын гэрт болон аав, ээжид хонины мах хүргэж өгөхөөр 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өглөө  гэрээсээ гарч 09 цаг 30 минутын орчимд  сумын төвд очиж махаа хүргэж өгөн цай уучхаад буцаж гэр лүүгээ явахаар мотоциклоо жолоодон ганцаараа гарсан юм. Сумын төвийн 4 замын уулзварт ирэхэд уг 4 замын зүүн талын уулзвараар шар өнгийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан ба уг тээврийн хэрэгслийн жолооч надад зам тавьж егөх байх гэж бодон уулзвараар явж өнгөрөх үед уг тээврийн хэрэгсэл намайг зүүн талаас буюу өвдөгний доод хэсэгт мөргөсөн. Тухайн үед би хойд зүг талын замаар орж ирсэн юм. Би тээврийн хэрэгсэлд  мөргүүлээд ухаан алдаж унасан тул юу болсныг мэдэхгүй. Гэхдээ намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нэг их хурдтай яваагүй бөгөөд тухайн үед зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Замд ямар нэгэн саад байгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Зам тээврийн ослын улмаас миний зүүн шилбэ орчмоор хугарсан, зүүн гарын хуруунуудын гадна тал, чигчий хуруу шархтай, оёдол тавьсан. Зүүн дух чамархай хэсэг шархтай, дагзны яс хугаралттай, тархины гэмтэл зэрэг гэмтлүүд учирсан. Миний бие аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд эмчлүүлэх  хугацаандаа эмчийн бичиж өгснөөр гаднаас нэг удаа 140.000 төгрөгөөр, дараа нь хоёр удаа тус тус 164.100 төгрөгөөр эм авч, 2 удаа тус тус 95.000  төгрөгөөр томографид орсон, мөн эмнэлгээс гарахдаа орны мөнгө болох 60.000 төгрөг төлсөн. Эмчилгээнд нийт 718.000 төгрөг гарсан байсан ба уг зардалд эмнэлгээс гарсны дараа Н.Аскербек гэдэг хүнд 60.000 төгрөг өгч түүний машинаар Ногооннуур сум руу хүргүүлсэн. Одоогийн байдлаар эмчилгээнд нийт 778.200 төгрөг гарсан. Б.Е нь эмчилгээний зардлыг бүрэн төлж, мөн мотоциклийг минь засуулж өгсөн тул одоо надад хохирлын талаар ямар нэгэн маргаан, санал гомдол  байхгүй. Би хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд ослын улмаас хөл гэмтсэн тул дахин ирж шүүх хуралд оролцох боломжгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75-81 дугаар хуудас/,

Гэрч Б.Хун мөрдөн байцаалтын явцад өгсөн:”2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ногооннуур сумын төвд байдаг хамаатан хүргэн хүү нас барж, эхнэр бид хоёр тэнд байсан. Тэгээд би хүү Х.Жд гэрт байсан хонины махыг сумын төвд хүргэж өгөөч гэж дуудсан юм. 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн үед хүү Ж мотоциклоор сумын төвөөс 50 км зайд байх манай гэрээс хонины мах авч хүргэж ирээд буцахдаа 4 замын уулзварт машинд мөргүүлсэн талаар манай сумын иргэн Төлеужаны хүүхдээс сонсоод осол болсон газарт ирэхэд манай хүү Х.Ж 4 замын уулзварт байдаг холбооны хашааны хажууд сууж байсан. Тухайн үед миний хүү Х.Жн нүүр амнаас цус гарч ухаангүй байсан. Тэгээд хүүгээ эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/,

           Гэрч Х.Шы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Миний бие 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд сумын захиргааны хойд зүг талд байрлах 4 замын уулзварт ертөнцийн зүгээр баруун зүг руу чиглэж явах зам дагуу зогсож байсан юм. Би зүүн зүг рүү хараад зогсож байх үед уг 4 замын зүүн зүг талаар шар өнгийн УАЗ-469 маркийн, хойноо Ардчилсан намын далбаа байрлуулсан тээврийн хэрэгсэл ирж байсан. Уг шар өнийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл 4 замын уулзварт ирэх үед чанга дуу чимээ гарсан ба хаанаас гараад ирснийг анзаараагүй нэг мотоцикл уг тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байсан. УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл осол гарсан газраас өнгөрч зайтай газарт зогсон жолооч нь машинаас бууж мотоцикл руу очсон.Би осол болсон газарт очиход мотоциклийн жолооч болох эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан, харин УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Б.Е гэдэг хүн байсан. Хүмүүс мотоциклийн жолоочийг босгож хашаа түшүүлж суулга хэлснээр Б.Е түүнийг босгож хашаа түшүүлж суулгаад би цаанаас ирж байсан хүнээр  эмч дуудуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/

Гэрч Т.Мектепханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Миний бие 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед сумын захиргааны хойд зүгт байрлах 4 замын уулзварын баруун хойд талд “Рахим” нэртэй дэлгүүрийн урд зогсож байсан. Тэр үед уг 4 замын уулзварын зүүн талын замаас баруун зүг рүү чиглэн ирж байсан шар өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл хойд зүгийн замаар ирж байсан мотоциклийг мөргөн өнгөрч зогссон. Мотоцикл болон жолооч шидэгдэж мотоцикл нь зам дээр, харин жолооч замын уулзварын баруун урд зүг талд хашаа руу унасан. УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй. Мөргөсний дараа нийлэн өнгөрч яваад зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/,

           Гэрч О.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Миний бие 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд би сумын ЗДТГ-т ажилд сууж байсан. Би гэртээ очиж нэг бичиг авч ирэхээр ажлаас мотоцикл унаж гараад сумын ЗДТГ-ын хойд зүг талд байрлах 4 замын уулзвар руу ирж байсан. Дөрвөн замын уулзварт ирэх үед замын уулзварт зам дээр улаан өнгийн мотоцикл осолд орсон байдалтай, мотоциклийн жолооч нь замын уулзварын баруун урд талд хашааны хажууд хэвтэж байсан, харин уг мотоциклийг мөргөсөн гэх шар өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл замын уулзварын зүүн зүг рүү явах замд баруун зүг рүү чиглээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 229 дугаартай: “Х.Жгийн биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугаралттай, тархины дух болон дагз хэсгийн няцралттай, зулай хэсгийн зөөлөн эдэд хавантай, зүүн шилбэний ясны 1/3 хугаралттай, зүүн духны дээд хэсэг чамархай, зүүн гарын чигчий хуруу, зүүн өвдөг, тойг, зүүн шилбэний гадна хэсэгт урагдсан шархтай, зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.Ж-ийн биед учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, амь биед аюултай,  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 дахь заалтад заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Х.Жн биед үүссэн бүх  гэмтэл нь1-10 хоногт үүссэн, шинэ гэмтэл болно”гэх дүгнэлт /хх-ийн 91-92-р хуудас,

Шинжээч, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мырзабекийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай “Улсын дугааргүй, “Dayun” маркийн мотоциклийн жолооч Х.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд: Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн В хэсэгт заасан мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг зөрчиж, хамгаалах малгайгүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А хэсэгт тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, эрхийн үнэмлэхгүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн дүрмийн 3.7-ийн В хэсэгт зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаар, тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон. Улсын дугааргүй, “Dayun” маркийн мотоциклийн жолооч Х.Ж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 110-111-р хуудас/,

Шинжээч, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.М-ийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай “59-66 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Е нь замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтыг зөрчсөн байна. Жолооч Б.Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 дахь хэсэгт заасан “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, баруун гар талаас ирсэн улсын дугааргүй, “Dayun” маркийн мотоциклд зам тавьж өгөөгүй байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “А” хэсэгт “тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, /чиргүүлтэй үед/ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж ажлын тормозны ажиллахгүй, бүрэн бус тээврийн хөдөлгөөнд оролцсон. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна. Жолооч Б.Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8, 3.4-ийн А, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 116-117-р хуудас/,

Шинжээч, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.Сапарбекийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай “Шинжилгээнд хүргүүлсэн улсын дугааргүй “Dayun” маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас рулийн гарны хамгаалалт махийсан, зүүн талын дохио хагарсан, зүүн талын толь хугарсан, банкны зүүн тал нь махийж, хонхойсон, өвдөгний хамгаалалт махийсан, аккумляторын таг мултарсан, зүүн хойд талын амортизатор дээд хэсгээрээ махийсан, баруун гар талын тормозны татуурга хугарсан, урьд талын их гэрлийн хамгаалалт махийсан, хойд хоёр дохио хагарсан гэмтэл үүссэн байна” гэх дүгнэлт /хх-ийн 124-р хуудас/,

Шинжээч, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.С-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай:”Шинжилгээнд хүргүүлсэн 59-66 БӨА улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас гэмтлүүд үүссэн байна. Копудны баруун талын үзүүрийн будаг ховхорч, хонхойсон, баруун талын урд их гэрэл цуурсан, урьд хамгаалалтын баруун сетик махийсан байна. Уг гэмтлүүд нь ослын улмаас үүссэн байна. Уг тээврийн хэрэгслийн урд ойрын гэрэл ажиллагаагүй байна. 59-66 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормозыг явуулж шалгахад зөвхөн зүүн урд талын дугуйн тормоз нь ажиллагаатай байсан ба бусад гурван дугуйны тормоз ажиллагаагүй байв. Тормозны систем осол гарахаас өмнө бүрэн бус ажиллагаатай байсан тул зогсоох арга хэмжээг бүрэн гүйцэд авч чадаагүйн улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 128-129-р хуудас/,

Шүүгдэгч ий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр өөрийн эзэмшлийн 59-66 БӨА улсын дугаартай, УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон сумын ЗДТГ-ын хойно байрлах 4 замын уулзварт ирэхдээ хойд болон урд зүг талын уулзвар руу машин ирж буй эсэхийг харахад уг уулзвараар ирж байгаа тээврийн хэрэгсэл байхгүй байсан бөгөөд замын уулзвараар өнгөрөх үед хойд зүгийн уулзвараас миний машины урд нэг мотоцикл хүрч ирээд мөргөгдсөн. Би өнгөрч яваад 100 метр гаруй зайтай газарт очиж зогсон машинаасаа бууж нөгөө мөргөгдсөн мотоцикл дээр ирэхэд мотоциклийн жолооч замын уулзварын баруун урд талд хашааны хажууд хэвтэж байсан. Би уг жолоочийг хашаа руу түшиж суулгасан. Удалгүй эмч, цагдаа нар ирж, хохирогчийг эмнэлэг рүү авч явсан. Би осол гарах үед 20 км/ц хурдтай явж байсан. Зам дээр ямар нэгэн саад хөдөлгөөн байгаагүй, зам хаасан ямар нэгэн зүйл байхгүй, чөлөөтэй байсан. Мотоцикл гэнэт гарч ирсэн болохоор би зогсоох арга хэмжээ авч чадаагүй, тормоз дарж амжаагүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл осол гарахаас өмнө бүрэн бүтэн ажиллагаатай байсан. Би техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Х.Жн мотоциклийг засуулж бүрэн бүтэн болгож өгсөн. Мотоциклийг янзлуулахад 550.000 төгрөг болсон. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.048.800 төгрөгийг  төлж барагдуулж өгсөн. Одоо Х.Ж бидний хооронд хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би хийсэн хэргээ хүлээж маш их харамсаж, гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 151-153-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Ед холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, баруун гар талаас ирсэн улсын дугааргүй, “Dayun” маркийн мотоциклд зам тавьж өгөөгүй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн “А” хэсэгт “тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж ажлын тормозны систем ажиллахгүй, бүрэн бус тээврийн хөдөлгөөнд оролцсон,  12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй зэргээс зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.Жн эрүүл мэндэд амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Еий  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Энэ талаар гаргасан шинжээч, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мырзабекийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 07, 08 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины дух болон дагз хэсгийн няцралт, зулай хэсгийн зөөлөн эдэд хавантай, зүүн шилбэний ясны 1/3 хугаралттай, зүүн духны дээд хэсэг чамархай, зүүн гарын чигчий хуруу, зүүн өвдөг, тойг, зүүн шилбэний гадна хэсэгт урагдсан шархтай зэрэг зөөлөн эдийн бэртэл  гэмтэл учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 229 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хор уршиг учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн МУ-ын  Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогчид учирсан хүнд гэмтлийн хооронд шалтгаант холбоо байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Еий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж хангагдсан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч  Б.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Е нь хохирогч Х.Жд учруулсан хохиролд 1.598.800 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн нь түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Еээс гаргуулж хохирогчид олгох хохиролгүй, мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Е нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д  зааснаар түүнд ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх ба  Б.Е нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд авч үзэх нь зүйтэй байна.

Түүнчлэн оролцогчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Б.Е нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул Б.Ед прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Е нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Еий эзэмшлийн УАЗ-31512 маркийн, 59-66 БӨА улсын дугаартай, хуучин, 1980 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/51 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт хураан ирүүлсэн шүүгдэгч Б.Еий 01029222 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Б.Ед буцаан олгож, Б.Еий 902157 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь ШШГА-нд хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.- даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4  дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага  болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Бы Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Е нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Х.Жд 1.598.800 төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ед оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хамт ирүүлсэн 01029222 гэрчилгээний дугаартай, 59-66 БӨА улсын дугаар бүхий  УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ед буцаан олгож, Б.Еий 902157 дугаартай, “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбект даалгаж, Б.Еий эзэмшлийн УАЗ-31512 маркийн, 59-66 БӨА улсын дугаартай, хуучин, 1980 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/51 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.Б