| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0179/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 191
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Нид холбогдох эрүүгийн 2013002550198 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овгийн Л-гийн Н, 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн тасгийн захирагч ажилтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булгийн 5-11б тоотод оршин суух хаягтай, одоо Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт түр оршин суух, урьд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ИГ90122318
Холбогдсон хэргийн агуулга:
Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ROYAL-2” баарны замын эсрэг талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002550198 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Оын хууль ёсны төлөөлөгч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр С.О нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, болсон асуудлын талаар тайлбар өгөх чадваргүй, бичиг үсэг мэдэхгүй, оюуны хүндэвтэр хомсдолтой юм. 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 23 цагийн үед байсан, миний бие нөхөр С.Оын хамт Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад Номин-Астана дэлгүүрийн ойролцоо алхаж явсан юм. Энэ үед бид хоёрын явж байсан замын эсрэг талд үл таних олон залуучууд хоорондоо маргалдаж байгаа байдал харагдаж байсан. Тэрээр нөхрийн хамт зам дагуу явж байхад замын эсрэг талаас үл таних нэг залуу орилоод бид хоёр руу ирж байхаар нь нөхөр бид хоёр хоёр тал руу зугтсан юм. Энэ үед тухайн үл таних залуу миний нөхрийн араас гүйж түлхэж газарт унагааж байгаад гараараа цохиж байгаа байдал харагдсанд миний бие дөхөж очоод цагдаа дуудлаа шүү, чи хүн андуураад байна гэж хэлэхэд уг үл таних залуу миний нөхрийг зодож байгаад буцаад явчихсан. Тэгээд би нөхөр С.Оын хажууд очиход түүний толгойноос цус гарч байсанд миний бие цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тухайн үед ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй, маргааш өглөө нь Н гэдэг залуу манай гэрт ирээд манай нөхөр болон надаас уучлалт гуйгаад урд өдөр манай нөхрийг өөр хүнтэй андуураад зодсон талаараа хэлсэн юм. Миний нөхөр аймгийн нэгдсэн эмнэлэгт толгойны зураг авхуулж гадуур эмчилгээ хийлгэсэн юм. Нэгдсэн эмнэлэгт толгойны зураг авхуулахад 95.000 төгрөг, гадуур эмчилгээ хийлгэсэн эм, тариа авахад 48.131 төгрөг, хувийн эмнэлэгт 3 удаа шингэн залгуулахад 6.000 төгрөг, Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү очиж ирэхэд 20.000 төгрөг, боолт хийлгэхэд 5.000 төгрөг, Турсан гэх хүнд нөхрийн толгой 3 удаа бариулахад 15.000 төгрөг, тухайн бариач хүний гэр рүү таксигаар очиж ирэхэд нийтдээ 15.000 төгрөг болсон. Нийтдээ 204.131 төгрөгийн зардал гарсан байна. ...Н гэх залуу миний нөхрөөс болон надаас уучлалт гуйж ирээд эмчилгээний зардалд болон эмнэлэгт үзүүлэхэд ашигла гэж хэлээд 450.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тухайн өгсөн 450.000 төгрөгийг нөхөр С.Оыг эмнэлэгт үзүүлэхэд болон эмчилгээ хийлгэхэд ашигласан. Миний нөхөр болон миний зүгээс өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч П.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2020 оны 7 сарын 27-ны орой хамт ажилладаг найзууд болох Н, Баярцэнгэл, Билгүүн, Ням-Эрдэнэ нарын хамт Рояал 1 пабд очсон. Бүжиглэж байхад Баярцэнгэл онцгой байдлын газарт ажилладаг Анка гэх өндөр залуутай маргалдаад пабны үүдний орчим барьцалдаж авсан тул би тэр хоёрыг салгасан. Тэр хооронд Н улаан өнгийн цамцтай залуутай хальт маргасан тул би найзуудыгаа бүгдийг нь салгаад гараад иртэл гадаа Ням-Эрдэнийг Анка бариад зогсож байтал Билгүүн, Ням-Эрдэнэ, Н, Баярцэнгэл нар нөгөө залуучуудтай хоорондоо маргаад байсан. Би тэд нарыг хооронд нь салгаад байж байтал Н зам гарч гүйгээд удалгүй дахин зам гараад бидэн дээр гүйгээд ирсэн юм. Н хаашаа яваад ирсэн талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 7 сарын 25-нд найз Ержан, Серикжан нарын хамт гадуур явж байгаад орой 21-22 цагийн үед Роаял баар луу найз нарын хамт ороод сууж байгаад бүжиглэж байтал уг бааранд бүжиглэж байсан улаан өнгийн фудволктой, том биетэй үл таних залуу Серикжаныг мөрлөж маргаан гаргасан. Энэ үед Ерлан, Серикжан нар гараад явахад Серикжаныг мөрлөсөн үл таних залуу болон тэдний найз нар араас нь гараад явчихсан. Араас нь гарахад тэд маргалдаад нэг нэгийгээ бариад авчихсан зогсож байсан. 4-5 үл таних залуучууд байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний бие найз Серикжан, Ерлан нарыг салгаж байхад үл таних залуучуудын намхан нуруутай, туранхай залуу зам гараад гүйгээд явчихсан, замын эсрэг тал руу гүйж гарсныг л харсан, өөрөөр хэн нэгнийг зодож, цохисныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 07 сарын 30-ны өдрийн №-314 дугаартай “Иргэн С.Оын толгойн орой хэсэгт мэс заслын оёдол тавьсан шарх, зүүн өвдөгний хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Энэ үед манай найзууд тухайн үл таних залуучуудын нэг нь замын нөгөө тал руу гүйгээд явахаар нь миний бие араас нь замын эсрэг талд гараад гэр хорооллын гудамж руу ороход үл таних хүн цааш нь явж байсанд миний бие араас нь очиж түлхсэн ба тухайн үл таних хүн газарт унасан. Тэр үед цаанаас нь үл таних нэг эмэгтэй хүн хүрээд ирсэнд би буцаж гүйгээд найзууд дээр очиход бид нартай зодолдож байсан залуучууд явчихсан байсан. Би хохирогчийг хүнтэй андуураад түлхэж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо надаас нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, гэм судлалын шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийн хуулбар, /Уг дүгнэлтээр хохирогч С.О нь оюуны хүндэвтэр хомсдолтой, болсон явдлыг сайн тусгаж, мэдүүлэг өгөх чадваргүй болох нь тогтоогдсон байна/ /хх-ийн 55-рх/,
Шүүгдэгч Л.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, бусад баримтууд /хавтаст хэргийн 43-52 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Нийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч Л.Нийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 07 дугаар сарын 25-26 шилжих шөнө Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ROYAL-2” баарны замын эсрэг талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн баарны гадна хүмүүстэй маргалдан зодолдох явцдаа зодолдож байсан хүмүүсийн нэг нь замын эсрэг талруу гүйсэн гэж ойлгон түүнийг араас нь хөөхдөө замдаа хохирогч С.Оыг андуурч зодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Зинагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дугаар хуудас/, гэрч П.Мөнхдалай, Х.Амандых нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 27-28 дугаар хуудас/ болон шүүгдэгч Л.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Л.Нийн үйлдлийн улмаас хохирогч С.Оын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хэргийн 31-32-р талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогджээ.
Хохирогч С.О нь болсон явдлыг үнэн зөвөөр тусгаж мэдүүлэг өгөх чадваргүй, оюуны хүндэвтэр хомсдолтой болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, гэм судлалын шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байх тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр эхнэр болох Д.Зинаг тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Л.Н нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Нийн үйлдлийн улмаас хохирогч С.Оын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Л.Н нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Л.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Оын толгойны орой хэсэгт гэмтэл учирч оёдол тавиулсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардалд 204.131 төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хор уршиг гэж үзнэ. Шүүгдэгч Л.Н нь хохирогч С.Оын эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Зина нь түүнээс өөрөөр ямар нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Ноос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Л.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Б- нь шүүгдэгч Л.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүхээс шүүгдэгч Л.Нид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн,” буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчийн хувийн байдал, шүүгдэгч Л.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон түүний хувийн байдлын талаар хэргийн 43-52-р талд авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн хөрөнгө, орлого, хувийн байдлыг нь харгалзан Л.Нид оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Л.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Тав: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Л-ийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Нийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нид оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудас бичигдэн, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б