| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0163/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 189
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х,
Хохирогч М.Ж,
Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Х-ын К, Ж овогт Т-йн Х, И овогт А-н А нарт холбогдох эрүүгийн 2013001810161 дугаартай хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жовогт Х-ын К, регистрийн дугаар ББ93101011.
2. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн цагийн багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Т-ийн Х, регистрийн дугаар ББ94011611
3. Монгол Улсын харьяат, яс үндэс казах, 2000 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт А-ийн А, регистрийн дугаар ББ00250912
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нар нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн М.Жийг согтуугаар бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч Х.К шүүхийн хэлэлцүүлэгт: Миний бие согтуугаар хохирогч М.Жийг Т.Х, А.А нартай бүлэглэн зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 сая төгрөг төлсөн, үлдэх хохирлын өөрт оногдох хэсгийг нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч М.Жэд учирсан хохиролд 1 сая төгрөг төлсөн, үлдэх хохирлын шүүхээс тогтоосон хэмжээнд бүрэн төлнө” гэв.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ажилгүй, өндөр настай ээжийн хамт амьдардаг тул хохирлоо бүрэн төлж чадсангүй, 300.000 төгрөг М.Жэд өгсөн. Би уг нь “Оюу толгой” ХХК-д ажиллахаар бүртгүүлсэн боловч хэрэгт холбогдсон учраас явж чадахгүй байна. Энэ хэрэг дуусангуут би “Оюу толгой” ХХК-д очиж ажил хийж, авсан цалингаараа шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001810161 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Иргэн Х.Маас 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-рх/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 25-30-р х/,
- Хохирогч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 5 сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байхад найз А, А нар надруу залгаж, “А10” маркийн утас авсан, тэрийг угааж нэг нэг пиво ууя гэж дуудахад би машинтай очсон. Тэгээд тэр хоёр миний машинд суугаад бид 3 сумаас гарч нэг нэг пиво уугаад харьж амаръя гэхээр нь би сумаас зайдуу зогссон. Тэгээд би тэр хоёрын авсан пивоноос амсаад тэр хоёр хувааж уусан боловч пивоны тал нь үлдсэн. Тэр үед А К руу залгасан ба удалгүй К Х хоёр машинтай ирсэн. А М гэх залуутай мөн ярихад тэдний араас М ирээд бүгд миний машинд суусан. А ирсэн хүмүүст ууж байсан пивоноос аягалж өгөхөд Х дүү нар биднийг хүндлээд дуудаж байгаа юм чинь бид ч гэсэн нэг юм авч өгье гээд Мын машинтай А, Х, М гурав яваад миний машинд К, А бид нар үлдсэн. Тэгээд Х 2.5 литрийн пиво 2 ширхэг, 0.5 литр цагаан савтай айраг аваад ирсэн. Тухайн үед манай ээж залгаад хоол ид гэхээр нь би гэрлүү явлаа гэхэд хамт байсан залуучууд чи архи уухгүй юм бол яах гэж ирсэн юм, явбал бүгдээрээ хамт явцгаая гэж уурласан. Би айрагнаас нэг аяга уугаад дотор муухай болоод машинаас буугаад бөөлжиж байтал А, Х хоёр хоорондоо маргаж байхаар нь М бид хоёр тэднийг салгаад машинд суухад уух юм бараг дөхөж байсан. Машинд сууж байсан хүмүүс бүгд машинаас буухаар нь машинаа асаах гэхэд түлхүүр байхгүй байсан. Тэгээд Кы машины туслах талаас очоод Аээс машины түлхүүр асуухад “Би яаж мэдэх юм” гэж хэлээд хаалгаа хаасан. Жолооч талаас нь очиход К зүүн гартаа миний машины түлхүүрийг бариад сууж байхаар нь би түлхүүрээ асуухад К машинаас бууж ирээд надтай барилцаж аваад эрүү хэсэгт нэг цохихоор нь Кыг би тонгорч аваад газар унагаахад хажуу талаас Х, А, А гурав гүйж ирээд бүгд миний тал талаас өшиглөсөн. Би зугтаад 2-3 метр холдонгуут дахиад араас гүйж ирээд барьж аваад өшиглөсөн. Тэгээд би ухаан самуураад гэрийн хүмүүс рүү залгах гээд утсаа гаргаж ирэхэд хэн гэдгийг мэдэхгүй нэг нь миний утсыг шүүрч авсан. Тухайн үед М гэх залуу ирээд бид нарыг салгаж авсан. ...Би Кыг дарж авахад цаад талаас Х хамгийн түрүүнд гүйж ирээд гэдэс рүү өшиглөсөн. Дараа нь А, А нар хамт зэрэг ирээд өшиглөж зодсон. Тухайн үед К миний захнаас заамдсан хэвээр байсан. Тэгээд би Кыг түлхээд босоод зугтахад нэг нь араас барьж аваад дахиад цохиж эхэлсэн. Би тухайн үед ухаан самуурч хэн хаана өшиглөж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн хүмүүс бүгд пүүз өмссөн байсан ба харин Х хар өнгийн гутал өмссөн байсан. Миний нүүрэн хэсэгт Х гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл би газар хэвтэж байхад миний нүүрэн хэсэгт хар өнгийн хатуу уултай гутал хүрсэн. Би ботинктай хүн өшиглөсөн гэж бодож байна. Би Кыг дарж авахад цаад талаас Х хамгийн түрүүнд гүйж ирээд миний гэдэс рүү өшиглөсөн. Дараа нь А, А нар зэрэг ирээд өшиглөж зодсон. Тэдэнд зодуулсны улмаас миний тархи доргиж, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, зүүн нүдний алимны цус харвалттай, хамрын нуруунд хавдартай, духны дунд хэсэгт хавдартай, цус хуралттай, зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогшоо түрж хугарсан, эргэн тойрондоо хий хуримтлагдсан, хамрын таславч зүүн тийш мурийсан, нүдний алимны хэлбэр алдагдсан, баруун 9 хавирганы харалдаа цус хуралт зэрэг гэмтэл учирсан. Ингээд гэмтлийн улмаас Улаанбаатар хотод 2020 оны 5 сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 сарын 01-ний өдөр шинжилгээ, оношилгоо хийлгэж, улмаар хагалгаанд орсон. Нүдний ухархайг нээж имплайнт суулгах, хамрын таславч засах мэс засалд орсон. Улаанбаатар хотод очиж мэс засалд ороход К, Х, А нар надад эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө мөн эмчилгээ хийлгэх мөнгөгүй байсан учир танил ах болох З.Бердихан гэдэг хүнийг гуйж, Төрийн банкнаас 5 сая төгрөгийн хүүтэй зээл авхуулж, эмчилгээ хийлгээд ирсэн. Эмчилгээтэй холбоотой бүх баримтаа цуглуулж, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. Хотод очиж эмчилгээ хийлгэх хугацаанд таньдаг айл, байх газар байгаагүй тул 1 сар 400.000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарсан. Эндээс явахдаа хэл мэдэхгүй, бас хотод очоод газар мэдэхгүй болохоор өөрийн эгч М.Саяаг бага насны хүүхэдтэй нь хамт зардлыг нь төлөөд авч явсан. Эмчилгээ хийлгэхэд нийтдээ 5 сая гаруй төгрөгийн зардал гарсан. Үүнийг мөрдөгч нотлох баримтаар нарийн тооцож гаргасан байгаа. Харин намайг эмчилгээ хийлгээд хотоос ирсэн хойно надад К, Х нар тус бүр 1 сая төгрөг, А 300.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөг өгсөн. Үлдэх хохирлыг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул яаралтай төлүүлж өгнө үү. Миний нүд сайн болохгүй байгаа тул би дахин эмчилгээнд явъя гэж бодож байгаа. Мөн тухайн үед намайг зодож байхад миний утас дуугарч манай гэрээс залгасан ба би утсаа гаргаж баруун гартаа барьтал нэг нь булаагаад авсан. Түүнээс хойш миний утсыг гаргаж өгөөгүй. Миний утас А-10S маркийн утас бөгөөд анх 500.000 төгрөгөөр лизингийн зээлээр худалдан авч, сард 65.000 төгрөг төлж байсан. Би өөрөө ажилгүй учраас утсыг ахын нэр дээр зээлээр авч би төлдөг байсан. Би утсаа асуухад хэн нь гаргаж өгөөгүй ба хамгийн сүүлд К болохгүй бол би төлж өгье гэж хэлсэн. Мөн би 2020 оны 2 сарын 06-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн онцгой байдлын ахлагчийн курсийг гал сөнөөгч мэргэжлээр төгссөн. Надтай хамт төгссөн хүмүүсийн тушаал 4,5 сард гарсан ба харин би зодуулж бэртэл авсан тул ажилд орж чадахгүй хохирсон. Намайг хагалгаанд орсны дараа хүнд юм өргөж болохгүй гэсэн. Ийм байдлаар би бие болон сэтгэл санааны маш их хохирол амсаж байна. Гомдолтой байна”.гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-47-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Д.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Тус архи дууссаны дараа бүгд машинаас буугаад К машинаа халаах гээд асаахад би хажуу талын суудалд сууж байсан ба М.Ж миний талын хаалгыг онгойлгож хараад буцаж хаагаад жолооч талын хаалгаар очиж Кыг машинаас татаж буулган тонгорч унагаахад би машинаас бууж тэр хоёрыг салгасан. Тэр үед цаад талаас А, Х хоёр гүйж ирээд хэн нь өшиглөснийг мэдэхгүй, нэг нь М.Жийг өшиглөсөн. Тэгэхэд К Жийн нуруу хэсэгт хэд хэдэн удаа цохихоор нь би М.Жийг салгаж авахад түүний хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 50-51-рх, 131-132-рх/,
- Гэрч А.Гүлмайрагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн шөнө би 04 цагийн үед босоод гадаа гарах гээд Жийг ирсэн болов уу гэж бодоод гэрийн доод давхраас Ж ирсэн үү гэж хашхирч хэлэхэд дээд давхраас Ж би ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд гадаа гарчихаад буцаж ороод унтсан. Өглөө дэлгүүрт очиж сууж байгаад орой ирэхэд манай хүү Ж босоогүй байсан ба очоод хартал нүүр ам нь хөхөрч хавдсан байхаар нь юу болсныг асуухад К, А, А, Х нар хамт сууж байгаад зодчихлоо. Тэд нар согтуу байсан, би архи дарс уугаагүй, шахаад байхаар нь бага зэрэг амсаад өгсөн гэсэн. Мөн утсыг нь булааж авсан талаар ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рх/,
-Гэрч З.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Ж гэх хүн ирж үзүүлсэн. Би хамрын хагалгаа, мэс ажилбар хийсэн. Нүдний мэс заслыг бол нүдний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тамирбаатар эмч болон бусад эмч нарын хамт хамтран 4-5 эмч мэс заслыг хийсэн. Үзлэгт бол хамар яс зүүн талдаа цөмөрч дотор талын таславч нь доод болон дунд, ард болон урд хэсгээрээ зүүн тийш мурийж, хамрын амьсгал саадтай байсан учраас тус ажилбарыг хийсэн. Хэдэн хоног эмнэлэгт хэвтсэн талаар өвчний түүх дээр нь байгаа бөгөөд ер нь манай эмнэлэгт 3-5 хоног хэвтүүлдэг. Хамар яс зүүн талд цөмөрч орсныг өргөж тэгшилсэн. Таславч зүүн талд мурий байсныг таславчийн салстыг хуулан авч мурий хэсгийг, зарим хэсгийг хугалж хажуу тийш нь тэгшилсэн. Ингэснээр хамрын амьсгал чөлөөтэй, гадна хамрын хэлбэр зөв тэгш болж мэс заслыг дуусгасан. Ямар нэгэн хүндрэл бол гараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-рх/,
-Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би машин дотор сууж байсан чинь гадаа бөөн зодоон болоод байсан. Тэр үед бид нар 3 машинаа зэрэгцүүлээд тавьчихсан байсан юм. Миний машин хамгийн баруун талд нь байсан. Харин тэд нар нөгөө талын машины урд талд зодолдсон. Би машинаасаа буугаад тэд нар дээр яваад очсон чинь Ж доошоо хараад хэвтэж байсан. Би тэрнийг газраас босгох гэж байсан чинь Аскерхан бас хажуунаас нь босгоод, яасан гайгүй юу гэж асуугаад бид 2 тэрнийг босгосон. Намайг Ж дээр очих үед тэрний хажууд Аскерхан байсан. Тэр үед Аскерхан нээх их архи уугаагүй, бараг эрүүл шахуу байсан. ....Жийг хэн зодсоныг мэдэхгүй байна. Миний бодлоор К зодсон юм шиг байна лээ. Тэр пизда гээд л амандаа үглээд, сандраад байсан. ...Тэд нар бүгдээрээ архи, пиво ууцгаасан. Тэр үед Ж, Х, К, А 4 нэлээн согтсон байсан. Аскерхан нээх их уухгүй байсан. Бараг эрүүл шахуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65-рх/,
- Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай “Иргэн М.Жийн биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, зүүн нүдний алимны цус харвалттай, хамрын нуруунд хавдартай, духны дунд хэсэгт хавдартай, цус хуралттай, зүүн нүдний ухархайн дотор хана дотогшоо түрж хугарсан, эргэн тойрондоо хий хуримтлагдсан, хамрын таславч түүн тийш мурийсан, нүдний алимны хэлбэр алдагдсан, баруун 9-р хавирганы харалдаа хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн М.Жийн биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно Цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон цаг үед учирсан шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гэмтэл, нүд КТГ-ийн эмчийн тодорхойлолтыг хавсаргав” гэх дүгнэлт /хх-ийн 67-68-рх/,
- Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 260 дугаартай “Иргэн М.Жийн биед нэмэлт шинжилгээгээр тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай, зүүн нүдний алимны цус харвалттай, хамрын нуруунд хавдартай, духны дунд хэсэгт хавдартай, цус хуралттай, зүүн нүдний ухархайн дотор хана дотогшоо түрж хугарсан, эргэн тойрондоо хий хуримтлагдсан, хамрын таславч түүн тийш мурийсан, нүдний алимны хэлбэр алдагдсан, баруун 9-р хавирганы харалдаа хөх ягаан туяатай цус хуралттай /ухархайг нээж, ухархайн имплант суулгах, хамрын таславч засах мэс ажилбар хийгдсэн/ гэмтэл тогтоогдлоо. Иргэн М.Жийн биед үүссэн гэмтэл УНТЭ-ийн мэс засал-нүдний эмгэг судлалын тасгийн өвчний түүхэд байгаа онош, хагалгаа хийгдсэн гэмтлүүд нь урьд өмнө шүүх эмнэлгийн 203 тоот шинжээчийн дүгнэлтэд тогтоогдсон ба хагалгаа хийснээс болж урд өмнө тогтоогдсон гэмтлийн хөнгөн зэрэгт өөрчлөлт орохгүй болно. Өөрөөр хэлбэл иргэн М.Жийн тогтоогдсон гэмтэл хагалгаанд орсон ч эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.“ гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-95-рх/,
-Шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”....М.Жийн биед тухайн үед учирсан гэмтэл нь гадны мохоо хүчний хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг,
-Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-20/24 дугаартай “Хохирогч М.Жийн гэмт хэрэгт өртөх үедээ алдсан Samsung А-10S маркийн гар утас нь 2020 оны 5 дугаар сарын байдлаар 350.000 төгрөгийн үнэтэй байсныг тогтоосон” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 100-103-рх/,
-Хохирогч Манархан овогтой Жийн Улсын нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, /1-р хх-ийн 233-245-р х/,
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 158-160-рх/, уг тэмдэглэлд хавсаргасан баримт болох хохирогч М.Жээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 161-213-рх/,
-Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 136-139-р х/, багийн засаг даргын тодорхойлолтууд /1-р хх-ийн 144,146-147/,
- Шүүгдэгч Т.Хийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Уух юм дууссаны дараа машинаас буугаад А бид хоёр бие засаад зогсож байтал зодолдож маргалдсан дуу гарахаар нь А бид хоёр гүйж очиход Кыг Ж доороо дарж аваад цохиж байсан. Тэгээд А Жийг нэг өшиглөөд гараараа нэг цохиж байсан. Хаана яаж цохиж өшиглөснийг мэдэхгүй байна. Харин дараа нь би Жийн цээж хэсэг рүү нэг өшиглөөд Кы дээд талаас татаж салгаад авсан.Салгаж аваад харахад М.Жийн хамарнаас цус гарч байсан. Би М.Жийг бүлэглэн зодож гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Түүнийг эмчилгээнд явахаас өмнө хохирол төлж өгөх гэсэн боловч мөнгө байхгүйн улмаас төлж чадаагүй. Шүүх хуралдаанаас өмнө М.Жийн хохиролд 1 сая төгрөг төлсөн. Хохирлын баримтаас нотлох баримттай хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд бүрэн төлж барагдуулна.Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү ”гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Х.Кы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Аскерхан даараад байна гэхээр нь машинаа асааж паар тавьж халаагаад машин дотор Аскерхан бид хоёр сууж байтал М.Ж туслах талын хаалга нээгээд Аскерхан сууж байхаар нь чи байсан юм уу гээд буцаагаад машины хаалга хаагаад, жолооч талын хаалгыг онгойлгож намайг татахаар нь би түүнийг түлхэхэд тэр газар унаад, босож ирээд намайг бариад авахаар нь бид хоёр ноцолдож байгаад Ж намайг тонгороод доороо дараад авсан. Тэр үед хажуу талаас Аскерхан ирээд салгаж байтал цаад талаас Х, А нар ирээд Жийг өшиглөсөн. Тухайн үед би Жийн доор байсан учир хэн хаана, өшиглөснийг хараагүй, дараа нь би босож аваад уурлаад Жийн нуруу хэсэгт ганц нэг удаа цохиод, урд талаас нь тойроод очтол Жийн хамарнаас цус гарсан байсан ба би Жээс чи яагаад намайг цохиж зодоод байна, чи ямар өс хонзонтой болоод намайг зодсон бэ гэж асуухад Ж би эмнэлэгт очно гэж хэлээд юм яриагүй ...Би Жийн хамарт хэн гэмтэл учруулсан эсэхийг мэдэхгүй байна. Би Жийн нуруу хэсэгт гараараа хэд хэд цохиод урд талаас нь харахад хамарнаас нь цус гарсан байсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. М.Жийг эмчилгээнд явахад хохирол төлөх гээд мөнгө хайсан боловч олдоогүй учраас хохирлыг төлж чадаагүй. Харин эмчилгээнд яваад ирэхэд нь 1 сая төгрөг төлсөн. Хохирлоос идэж уусан зүйлийг нь хасаж тооцож өгнө үү. Үлдэх хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж өгнө.Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү’’ гэх мэдүүлэг /хх-ийн 127-129-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дараа нь Х нэг шил архи гаргаж ирээд задлаад би Ж, К, Х бид 4 нэг нэг татаад бүгд машинаас буугаад Х бид хоёр Мын хажууд юм яриад зогсож байтал цаад талд маргаан гарахаар Х эхлээд гүйгээд явсан. Дараа нь би гүйгээд очтол Кы хувцас хунар шороо болсон, Ж доошоо харж тонгойгоод зогсож байхаар нь би Жэд “хамт ууж идчихээд юундаа хоорондоо маргаад байна” гээд зүүн талын мөрнөөс нэг цохиод М руу буцаж очоод Ж, К 2 хоорондоо маргасан байна гэх хэлээд Мыг дагуулж ирэхэд Ж өвдөглөөд сууж байсан ба Аскерхан хажуу талаас нь түшээд босгож байсан. Анх К, Ж хоёр маргаж байхад очиход Жийн хамарнаас цус гарсан байсан. Эмнэлэг дээр очоод Жээс хамрыг чинь хэн цохисон бэ гэж асуухад К цохисон гэж хэлээд саяын хэд дотроос хэн хар өнгийн гутал өмсөж явсан байна гэж асуухаар нь мэдэхгүй гэхэд “хар гуталтай нэг нь намайг муухай өшиглөсөн“ гэж хэлсэн. Би чиний мөр лүү нэг удаа цохисон гэхэд зүгээр гэсэн. Би М.Жийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би Алтанцөгц суманд өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг. Манайх нэн ядуу амьдралтай өрх. Би ажил төрөл хийдэггүй болохоор надад мөнгө олдоогүй учраас би М.Жэд 300.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдсэнийг нь төлж чадаагүй байгаа. Оюу толгой ХХК-д ажилд орохоор бүртгүүлсэн боловч хэрэгт холбогдсон учраас явж чадахгүй байна. Хэргээс салаад ажил хийж, цалингаараа М.Жэд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Шүүхээс хохирлын хэмжээг бодитой тогтоож өгөөч. Мөн би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч харамсаж, гэмшиж байгаа тул надад хөнгөн ял өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135-рх/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нар нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн М.Жийг согтуугаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайн өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч М.К, Т.Х, А.А, гэрч М.М, Д.Аскерхан, хохирогч М.Ж нар гурван машинтай Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төвөөс зайдуу гарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдан, улмаар Т.Х, М.К, А.А нар бүлэглэн иргэн М.Жийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч М.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“Жолооч талаас нь очиход К зүүн гартаа миний машины түлхүүрийг бариад сууж байхаар нь би түлхүүрээ асуухад К машинаас бууж ирээд надтай барилцаж аваад эрүү хэсэгт нэг цохихоор нь Кыг би тонгорч аваад газар унагаахад хажуу талаас Х, А, А гурав гүйж ирээд бүгд миний тал талаас өшиглөсөн. Би зугатаад 2-3 метр холдонгуут дахиад араас гүйж ирээд барьж аваад өшиглөсөн. Тэгээд би ухаан самуураад гэрийн хүмүүс рүү залгах гээд утсаа гаргаж ирэхэд хэн гэдгийг мэдэхгүй нэг нь миний утсыг шүүрч авсан. Тухайн үед М гэх залуу ирээд бид нарыг салгаж авсан....Би Кыг дарж авахад цаад талаас Х хамгийн түрүүнд гүйж ирээд гэдэс рүү өшиглөсөн. Дараа нь А, А нар хамт зэрэг ирээд өшиглөж зодсон. Тухайн үед К миний захнаас заамдсан хэвээр байсан. Тэгээд би Кыг түлхээд босоод зугтахад нэг нь араас барьж аваад дахиад цохиж эхэлсэн. Би тухайн үед ухаан самуурч хэн хаана өшиглөж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн хүмүүс бүгд пүүз өмссөн байсан ба харин Х хар өнгийн гутал өмссөн байсан. Миний нүүрэн хэсэгт Х гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл би газар хэвтэж байхад миний нүүрэн хэсэгт хар өнгийн хатуу уултай гутал хүрсэн. Би ботинктай хүн өшиглөсөн гэж бодож байна. Би Кыг дарж авахад цаад талаас Х хамгийн түрүүнд гүйж ирээд миний гэдэс рүү өшиглөсөн. Дараа нь А, А нар зэрэг ирээд өшиглөж зодсон” гэж тогтвортой мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд мөн зүйлийн 2-д зааснаар баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг...... болон бусад баримтаар тогтоогддог байна. Өөрөөр хэлбэл хохирогчоос хууль сануулж мэдүүлэг авдаг бөгөөд тэрээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуулиар хүлээдэг тул хохирогчийн өгсөн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар давхар нотлогдож байвал тэдгээрийг нотлох баримтын зэрэглэлд үнэлэх боломжтой юм.
Хохирогч М.Жийн өгсөн дээрх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Х.К хохирогчийг газар унагааж зодох үед түүний нүүр тус газарт хатуу ултай ботинк өмссөн хүн чанга өшиглөсөн талаар мэдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын тухайн өдөр өмсөж явсан гутланд үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлсэн нь 1-р хх-ийн 25-30-р талд авагдсан байх ба уг үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч А.А нь хэрэг учрал болох үед шар өнгийн “Adidas” фирмийн, шар өнгийн резинэн арзгар хээтэй, зөөлөн ултай даавуун материалтай, 42 размерийн пүүзэн гутал,
Шүүгдэгч Х.К нь хар өнгийн даавуун материалтай, урд хэсэгтээ ONKE гэсэн бичигтэй, резинэн зураасан хээтэй, зузаан ултай, 39 размерийн пүүзэн гутал,
Шүүгдэгч Т.Х нь хар өнгийн, үдээстэй, резинэн хатуу ултай, 39 размерийн ботинк өмсөж явсан нь тогтоогдсон байна. Хохирогч М.Ж болон шүүгдэгч Х.К, А.А нар шүүгдэгч Т.Хийг тухайн хэрэг учрал болсон өдөр хатуу ултай ботинк өмсөж явсан гэж мэдүүлсэн байна. Эдгээрээс дүгнэлт хийж үзэхэд хохирогч М.Жийн нүүр буюу толгой тус газар нь шүүгдэгч Т.Х хатуу ултай ботинкоор өшиглөж гэмтэл учруулсан нь нотлогдсон байна.
Түүнчлэн хохирогчийн мэдүүлгээр М.Жийг Х.К эрүү хэсэгт нь нэг удаа цохин улмаар газар унагаан дарж дахин цохих үед Т.Х гүйж ирэн гэдэс, толгой тус газар нь өшиглөсөн, А.А мөн тэдэнтэй бүлэглэн хохирогчийг өшиглөж зодсон үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч Т.Х “Тэгээд А Жийг нэг өшиглөөд гараараа нэг цохиж байсан” гэж мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байна.
Зодоон болж дууссаны дараа очиход хохирогч М.Жийн хамарнаас цус гарч байсан талаар гэрч М.М “Машин дотор сууж байтал гадаа бөөн зодоон болоод байсан, очиход М.Ж газар доошоо хараад хэвтэж байсан ба тэрний хамарнаас цус гарчихсан харагдаж байсан”, гэрч Д.Аскерхан “Бид нар салгаж авахад М.Жийн хамарнаас цус гарч байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгч нар нь М.Жийг зодсон талаараа мэдүүлж байх ба тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Х.К, Т.Х, А.А нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарын үйлдлийн улмаас хохирогч М.Жийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт, хамрын нуруунд хавдартай, духны дунд хэсэгт хавдар, цус хуралттай, зүүн нүдний ухархайн дотор хана дотогшоо түрж хугарсан, эргэн тойрондоо хий хуримтлагдсан, хамрын таславч түүн тийш мурийсан, нүдний алимны хэлбэр алдагдсан, баруун 9-р хавирганы харалдаа хөх ягаан туяатай цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2 удаагийн дүгнэлтээр нотлогдсон байх ба хохирогч М.Ж нь уг гэмтлийн улмаас Улаанбаатар хотод Улсын нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шинжилгээ, оношлогоо хийлгэж, улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нүдний ухархайн дотор ханын хугарал засах, хамрын таславч засах хагалгаанд орсон нь Улсын нэгдсэн төв эмнэлгээс ирүүлсэн түүний өвчний түүхийн хуулбар, гэрч Улсын нэгдсэн төв эмнэлгийн мэс заслын эмч З.Мэндсайханы мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Х.К, Т.Х, А.А нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэх шинжид хамаарч байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д ”бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Түүнчлэн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан тул М.Жийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Гэтэл шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Ийм байдлаар шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарыг хохирогч М.Жийг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, эрхэлсэн ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Жийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт, хамрын нуруунд хавдар, духны дунд хэсэгт хавдар, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана дотогшоо түрж хугарсан, эргэн тойрондоо хий хуримтлагдсан, хамрын таславч түүн тийш мурийсан, нүдний алимны хэлбэр алдагдсан, баруун 9-р хавирганы харалдаа хөх ягаан туяатай цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учирсан байх ба гэмтлийн улмаас хохирогч М.Ж нь Улаанбаатар хотод Улсын нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, шинжилгээ, оношлогоо хийлгэж, улмаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нүдний ухархайн дотор ханын хугарал засах, хамрын таславч засах хагалгаанд орсон байна. Үүнийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хор уршиг гэж үзнэ.
Хохирогч М.Ж нь эмчилгээний зардалд нийт 5.079.340 төгрөг зарцуулсан талаарх нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн нь хэргийн 161-210-р талд авагдсан нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
Үүнээс 1-р хавтаст хэргийн 161-р талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эм худалдаж авсан гэх 19000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эм худалдаж авсан гэх 18000 төгрөг, 162-р талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хагалгааны төлбөрт шилжүүлсэн 700.200 төгрөг, 163-р талд авагдсан Улсын төв эмнэлгийн эмийн сангаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нүдний ухархайн яс нөхөхөд зориулж худалдаж авсан имплайтын үнэд төлсөн 1.500.000 төгрөг, 164-р талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр лабораторийн шинжилгээний төлбөрт төлсөн 80.000 төгрөг, 165-р талд авагдсан “Эн Ар Би” эмийн сангаас 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр авсан эмийн үнэ 115.000 төгрөг, 166-167-р талд авагдсан эмчлүүлэх 1 сарын хугацаанд амьдарсан орон сууцны түрээсийн гэрээний үнэ 400.000 төгрөг, 169-173-р талд авагдсан онгоцны тийзний үнэ 633.600 төгрөг, 182-р талд авагдсан хохирогчийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирсэн унааны зардал 180.000 төгрөг, 188-р талд авагдсан эмчилгээний салфетканы үнэ 1500 төгрөг, 189-р талд авагдсан 2020 оны 6 сарын 08-ны өдөр 1-р эмнэлгийн “Өлзийдэн” эмийн сангаас эм авсан 9000 төгрөг, 190-р талд авагдсан 2020 оны 5 сарын 27-ны өдөр 1-р эмнэлгийн “Өлзийдэн” эмийн сангаас эм худалдаж авсан 14.700 төгрөг, 191-р талд авагдсан 2020 оны 5 сарын 19-ний өдөр 1-р эмнэлгийн “Өлзийдэн” эмийн сангаас эм авсан 12000 төгрөг, 192-р талд авагдсан 2020 оны 5 сарын 11-ний өдөр нэгдсэн эмнэлэгт компьютер, томографийн төлбөрт төлсөн 95.000 төгрөг, 193-р талд авагдсан хамар угаалгасны төлбөрт төлсөн 30.000 төгрөг, 194-р талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээний төлбөрт төлсөн 301.840 төгрөг, 195-р талд авагдсан мөн эмнэлэгт 2020 оны 6 сарын 02-ны өдөр эмчилгээний төлбөрт төлсөн 80.000 төгрөг, 196-р талд авагдсан “Ану тулга” эмийн сангаас эм худалдаж авсан 5.500 төгрөг, 198-р талд авагдсан 1-р эмнэлгийн эмийн сангаас /Мөнхийн тун/ 2020 оны 6 сарын 05-ны өдөр эм худалдаж авсан гэх 4.620 төгрөг, 199-р талд авагдсан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1-р эмнэлгийн “Өлзийдэн” эмийн сангаас эм худалдаж авсан 500 төгрөг, 201-р талд авагдсан нүдний мэс заслын тасагт хэвтэхэд бэлтгэсэн зүйлсийн үнэ 99.000 төгрөг, 202-р талд авагдсан эмнэлэгт хэвтэхэд бэлдсэн эмийн үнэ 45.000 төгрөг, гэмт хэрэгт өртөх үед алдсан А-10 S загварын гар утасны үнэ 350.000 төгрөг /албан ёсны үнэлгээгээр/, Баян-өлгий аймгийн төвд эмнэлэгт үзүүлэх эмчилгээ хийлгэхээр хөлсөлсөн такси үйлчилгээний хөлс 100.000 төгрөг, нийт 4.794.460 төгрөгийн бодит хохирлыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохиролд тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Х.Каас 1.598.154 төгрөг, шүүгдэгч Т.Хээс 1.598.154 төгрөг, шүүгдэгч А.Аоос 1.598.154 төгрөг тус тус гаргуулан хохирогчид олгохоор тогтоох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Х.К нь 1.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Х нь 1.000.000 төгрөг, шүүгдэгч А.А нь 300.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийг хохирогч М.Жэд тус тус төлснийг тэдгээрт ногдох хохирлоос хасаж тооцон, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Каас 598.154 төгрөг, шүүгдэгч Т.Хээс 598.154 төгрөг, шүүгдэгч А.Аоос 1.298.154 төгрөг, нийт 2.494.462 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч М.Жэд олгох нь зүйтэй байна. Хохирогчийн эзэмшлийн Samsung A-10S загварын гар утас нь М.Жийг бусдад зодуулж байх үед алга болсон нь тогтоогдсон тул түүний үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Ийнхүү хохирогч М.Ж нь нотлох баримтаар нийт 5.079.340 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 4.794.460 төгрөгийг хангаж, үлдэх 284.880 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хохирогч М.Жийн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх хугацаандаа худалдан авч хэрэглэсэн гэх хоол, хүнсний зүйл, эмчид өгсөн гарын бэлэгний үнэ зэрэг нийт 284.880 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
/Эдгээрийг нотлох баримтууд нь 1-р хавтаст хэргийн 174-181, 183-187, 197, 203-208-р талд авагдсан байна/. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн буюу эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах гэмтэл бөгөөд хохирогч М.Жийг цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэл тогтоогдоогүй болно.
Дөрөв: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Б нь шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 600 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялыг санал болгосон ба шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн,” хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Х.К 1.000.000 /нэг сая/ төгрөг, Т.Х 1.000.000 /нэг сая/ төгрөг, А.А 300.000 /гурван зуун мянга/ төгрөг тус тус төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд, тэдний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарт тус бүрт нь 340 /гурван зуун дөчин цаг нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар оршин суугаа газар нь буюу Баян-өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тэднийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Тав.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Х.К, Т.Х, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Х-ын К, Ж овогт Т-айн Х, И овогт А-н А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
|
|
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б