Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 205

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Т.С,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.К,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ен,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Х.Б

Өсвөр насны шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч З.А-т холбогдох 2013002360199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, сурагч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт З-йн А, регистрийн дугаар:БЮ03291524.

Өсвөр насны шүүгдэгч З.Аын холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх хатуу хучилттай автозам дээр “Toyota pit' маркийн 91-82БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчин авто осол гаргаж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн М.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Өсвөр насны шүүгдэгч З.Аын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч З.А мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Миний буруу, намайг уучлаарай”  гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002360199 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 7-9-р х/,

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-17-рх/,

3.Техникийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай “91-82 БӨТ улсын дугаартай “Toyota pit” маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас дараах гэмтлүүд үүссэн байна. Үүнд: урд гупер хагарсан, баруун болон зүүн талын крило бүхэлдээ махийж гажсан, баруун хойд талын болон зүүн урд талын их гэрэлнээс бусад гэрэл дохионууд бүгд хагарсан. Копуд нугаларч, будаг нь ховхорч нугас нь гажсан, баруун талын хойд шил болон зүүн талын урд хаалганаас бусад шилнүүд бүхэлдээ хагарсан. Баруун талын урд гуперийн дээд талын рам гажиж, нугаларсан, зүүн талын урд хойд хаалга болон баруун талын урд хаалганууд гажиг үүссэн, баруун талын гуйны будаг нь ховхорч, нугаларч гажиг үүссэн, кабины дээд талын хэсэг махийн нугаларч гажиг үүссэн, бензиний банкны таглаа хугарч нугаснаасаа салсан, урд зүүн талын болон хойд зүүн талын дугуй хагарсан, копудны раманд гажиг үүссэн, зүүн талын урд гарт гажиг үүссэн, зүүн урд талын рек гол махийсан, зүүн урд талын босоо тэнцүүлэгч махийсан, цахилгаан утаснууд тасарсан зэрэг гэмтэл үүссэн. 91-82 БӨТ улсын дугаартай “Toyota pit” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь тухайн ослын үед үүссэн байна. Тээврийн хэрэгслийн эд ангиуд нь ослын улмаас гэмтсэн байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2016 оны 9 сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд орсон ба түүнээс хойш техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй байсан ба урд нүүрний хамгаалалт, кузов зэрэг механик гэмтэлтэй байсан” гэх дүгнэлт /хх-ийн 52-53-рх/,

4.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62-рх/,

5. Насанд хүрээгүй хохирогч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07-р сарын 01-ний өдөр 16 цагийн үед найз болох А дуудсан. Ингээд тэднийд очсон ба намайг очсоны дараа Н ирсэн. Ингээд А нь аавынхаа цагаан өнгийн машиныг унаж, би машины хойд талд сууж, А машин жолоодож хажууд нь Н сууж явсан.  Би З.Аын хашаанаас тээврийн хэрэгслээр гарахдаа урьд талын суудалд сууж яваад, колонкоос бензин аваад буцах үед би хойд талын суудалд, Н урьд талын суудалд суусан. Тэгээд бид засмал замаар явж Шинэ захын хажуу талаар өнгөрч Тэс ШТС-аас бензин аваад буцаад аймаг руу чиглэж явж байхад тээврийн хэрэгсэл зүүн хажуу хэсгээр замаас гарч онхолдсон. Тухайн үед би айж сандраад чухам юу болсныг мэдээгүй, ухаан алдсан байсан. Миний зүүн хөл тээврийн хэрэгслийн доор дарагдаж гуяараа хугарсан. Тухайн үед З.А нилээн хурдтай явж байсан ба тормоз дарна гэж андуураад хааз гишгээд байсан гэсэн. Бид гурав энэ жил 11 дүгээр анги төгссөн.18 нас хүрээгүй. З.А аав ээж нь байхгүйд тээврийн хэрэгслийг хулгайгаар унаж гарсан юм. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд ирсэн, одоо хоёр талдаа таягтай явж байна. Миний эмчилгээнд гарсан зардлыг төлж өгөх юм бол өөр санал гомдол байхгүй. Гарсан зардалтай холбоотой материалыг эмээ Х.Камей гаргаж өгөх байх” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р х/,

     6.Иргэний нэхэмжлэгч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед миний охин А надад найз охинтойгоо уулзчихаад ирнэ гэж яваад осолд орсон гэдгийн сонсож эмнэлэгт очсон. Тухайн үед түүний найз охин болох А гэх хүүхэд аавынхаа машиныг барьж яваад осол гаргасан байсан. Ингээд охиноо Улаанбаатар хот руу эмчилгээнд явуулж, улмаар зүүн талын хөлний дунд чөмөг хугарсан гэх хагалгаанд ороод аймгийн төвд ирээд удаагүй байна. Таягтай явж байгаа бөгөөд хичээл сургуульдаа явж чадахгүй байна. Охин маань энэ жил 12 дугаар ангид сурч байгаа. .Агийн эмчилгээний зардалд нийт 2729400 төгрөгийн зардал гарсан. Үүнд Агийн Улаанбаатар хот явах үеийн онгоцны зардалд хэвтрийн дэглэмээр 4 хүний суудлын зардалд 1639400 төгрөг, Улаанбаатар хотоос аймаг руу ирэх үед онгоцны зардал 200 000 төгрөг, ГССҮТ-д хагалгаанд ороход 750000 төгрөг, орны мөнгө 140000 төгрөг, нийт 2729400 төгрөг болсон. Энэ талаарх баримтуудаа гаргаж өгсөн. З.Аын эцэг эхийн зүгээс одоогоор ямар нэгэн хохирол төлөөгүй байгаа бөгөөд бид нартай ирж уулзан учир байдлаа хэлж, хохирлыг ирэх 2021 оны 3 сар гэхэд төлж дуусгана гэсэн. Би үүнийг зөвшөөрч байгаа. Хохирол төлчихвөл ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р х/,

            7. Иргэний нэхэмжлэгч М.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байхад 18 цагийн үед засмал зам дээр аймаг руу чиглэж явж байсан цагаан өнгийн “Toyota pit” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, улмаар манай байшингийн ойролцоо засмал замаас унасан. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн запас дугуй нь шидэгдэж манай байшингийн цонхыг онож хагалсан. Уг тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй охин хүүхэд барьж явж байсан ба хажууд нь хоёр охин хүүхэд байсан. Ингээд зохих байгууллагад мэдэгдэхэд охиныг авч явсан юм. Манай өвлийн байшингийн нэг цонхны шил хагарсан. Үнийг нь 50000 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулж өгсөн тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй" гэх мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 29-30-р х/,

            8. Насанд хүрээгүй гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийг төгссөн ба зуны амралтаараа химийн хичээлийн төлбөртэй сургалтад явж байсан. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би 14 цагт хичээлтэй байгаад 16 цагт тараад найз З.А луу залгаж ярихад найз А утсыг нь авч бид хоёр хамт байна. Хүрээд ир гэсэн. Тэгээд би тэднийд очсон. Бид гурав З.Аын харьцдаг найзынх нь төрсөн өдрийн бэлэг авахаар болсон. Би тухайн үед 00 ороод гараад ирэхэд А аавынхаа машиныг жолоодоод А урьд талд нь суусан байсан. А би та нарт машин барьж үзүүлнэ гэж хэлээд шар нуурын пост руу явах засмал замаар явж, наана нь байдаг  ШТС-ын хажууд зогсож байгаад буцаад аймаг руу чиглээд явахад би машины урьд суусан байсан юм. Ингээд машин онхолдсоны дараа би машины цонхоор гадагшаа гарсан. Тухайн үед машины дөрвөн дугуй нь дээшээ харсан байсан. Харин А нь машин жолоодож суусан суудал талын цонхоор гараад ирсэн. А маань машины хойд талын суудалд сууж явсан ба миний санаж байгаагаар зүүн талын хөл нь тээврийн хэрэгсэлд дарагдсан байсан.Амьд үлдсэндээ баярлаж байна. Одоогоор миний бие зүгээр байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р х/,

            9. Гэрч Р.Жанботагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З.А нь миний төрсөн охин юм. Манай хадам ээж Зоягийн нэрээр явдаг юм. Хадам ээж маань нас бараад 7 жил болж байгаа тул А одоо бид нартай хамт амьдардаг. Би тус өдөр 14 цагийн үед гэрээс гарч явсан. Гэрт охин А үлдсэн байсан. Харин нөхөр Ерлан нь Цагдаагийн газрын баривчлах байранд байгаа болно. Нөхөр бид хоёр “Toyota pit” маркийн 91-82БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан ба тухайн өдөр охин А нь уг машиныг жолоодож, хажуудаа хоёр найз охины хамт Шинэ захын ойролцоо засмал зам дээр онхолдож осол гаргасан байна. Охиноо эмнэлэгт хүргэгдсэний дараа би энэ талаар сонсож мэдсэн. Тээврийн хэрэгслийг би өөрөө унадаг байсан ба түлхүүрээ гэртээ үлдээсэн байсан. Манай охин тухайн өдөр надад хэлэлгүйгээр унаад гадагшаа явсан байна. Урьд өмнө ийм асуудал гарч байгаагүй. Тэгээд ч бас Ат жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, тэр 10 жилийн сурагч юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р х/,

            10. Гэрч Х.Е-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”З.А нь миний 2 дахь хүүхэд юм. Бага байхад нь түүнийг миний ээж болох З албан ёсоор үрчилж авсан тул тэрээр миний ээж З-аар овоглодог. Миний охин А насанд хүрээгүй, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд сурдаг. Би 2017 онд Жанатбек гэдэг залуугаас 3.800.000 төгрөгөөр 91-82 БӨТ улсын  дугаартай цагаан өнгийн “Toyota pit” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан ба одоогоор нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. 2020 оны 7 сарын 01-нд миний охин А уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, дотор нь сууж явсан А гэх хүүхдийн биед хүнд гэмтэл учирсан байна.Охин маань төлөв даруу, үг дуу цөөнтэй хүүхэд юм. Тухайн өдөр эхнэр бид хоёр байгаагүй болохоор тэр бидэнд мэдэгдэхгүйгээр сонирхож, машин жолоодож яваад осол гаргасан байна, урьд өмнө нь машин жолоодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-рх/,

            11. Мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн:”Жолооч З.А нь насанд хүрээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. 12.3-т жолооч аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. З.А нь 12.4-т зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж аюултай нөхцөл байдал үүсгэсэн нь осол гарах шалтгаан болсон байна” гэх магадлагаа /хх-ийн 63-64-рх/,

            12. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2020 оны 7-р сарын 03-ны өдрийн 276 дугаартай “Иргэн М.Агийн биед зүүн дунд чөмөгний хугарал, зүүн түнхний мултрал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Иргэн М.Агийн биед учирсан гэмтэл нь хатуу зүйлчлэлийн үйлчлэлээр үүсэн ба ерөнхий хөдөлмөрлөхөд түр нөлөөлнө. Иргэн М.Агийн биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3 дугаар заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. М.Агийн бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р х/,

           13.Өсвөр насны шүүгдэгч З.Аын төрсний гэрчилгээний хуулбар, түүний нас тоолсон тухай тэмдэглэл, Өлгий сумын 2 дугаар багийн засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, үрчилсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 77-79, 85-рх/,

           14.Өсвөр насны шүүгдэгч З.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:“...Би Өлгий сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 11 дүгээр ангийг төгссөн ба энэ жил 12 дугаар ангид орно. Манайх Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг юм. Би 2020 оны 7-р сарын 01-ний өдөр 17 цагийн үед  гэртээ байсан ба тус өдөр найз болох одоогоор Улаанбаатар хотод байгаа Чинзоригийн төрсөн өдөр болж, бэлэг авахаар найзууд болох Н, А нар манайд ирсэн. Тэгээд гурвуулаа гарч бэлэг авахаар болсон. Тухайн үед манайд аав ээж маань байгаагүй. Миний санаж байгаагаар 17 цаг өнгөрч байхад аавын эзэмшлийн 91-82 БӨТ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota pit” маркийн тээврийн хэрэгслийг хэнд ч хэлэлгүйгээр жолоодож миний хажуу талын суудалд А сууж хойд талын суудалд Н суугаад хашаанаас гарч “Шинэ зах" руу чиглэж засмал замаар явж Шар нуурын постны чиглэлийн цаад талын шатахуун түгээх станц болох “Тэс” ШТС-аас бензин авч цаашаа явж байгаад зогсож хэсэг сууж байгаад буцаж аймаг руу чиглэн явж байхдаа би тоормос дарна гэж андуураад хааз дарсан. Аймаг руу чиглэж явж байх үед би машиныг өөрөө жолоодож миний хажуу талын суудалд Н сууж, хойд талын суудалд А солигдож суугаад явж байсан. Ингээд би нэлээд сандраад тоормос дарна гэж андуураад хааз дарж хурдтай яваад замын зүүн тал руу гарч онхолдсон юм. Би тухайн үед зогсоох арга хэмжээ авч чадаагүй сандраад тоормос дарна гэж хааз гишгээд байсан юм.Хийсэн хэрэгтээ маш их харамсаж,  гэмшиж байна, намайг уучлаарай” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Иймд дээрх бичгийн баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж, өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэв.

Гурав : Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч З.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Өсвөр насны шүүгдэгч З.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч З.А нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед найз М.А, Ж.Н нарын хамт найз Чинзоригт төрсөн өдрийн бэлэг авахаар  Баян-Өлгий аймгийн 8 дугаар багт байрлах гэрийнхээ гадна байсан аав Х.Ерланы эзэмшлийн 91-82 БӨТ улсын дугаартай “Toyota pit” маркийн автомашиныг аав, ээжийнхээ эзгүйд, тэдэнд мэдэгдэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Шар нуурын постын чиглэлийн цаад талд байрлах “Тэс” шатахуун түгээх станцаас шатахуун аваад буцаж аймгийн төврүү чиглэн засмал замаар хөдөлгөөнд оролцох үедээ хаазыг тормоз гэж андууран гишгэж, хурд хэтрүүлэн зам тээврийн осол гаргаж М.Агийн биед хүндэвтэр гэмтэл, Ж. Нгийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд өсвөр насны шүүгдэгч З.А нь энэ дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч М.Агийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

З.Аын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Агийн зүүн хөлийн дунд чөмөгний яс гуя хэсгээрээ хугарч, зүүн түнхний мултрал зэрэг гэмтэл учирсан ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3 дахь хэсэгт хамаарах хүндэвтэр гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн  276 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. 

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч З.А нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж, тээврийн хэрэгсэл жолоодох идэвхтэй үйлдлийг хийж, замын хөдөлгөөнд оролцон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байх ба харин хохирогч М.Агийн биед болгоомжгүйгээр хор уршиг учруулсан байна.

Өсвөр насны шүүгдэгч З.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  12.4-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 12.3-д” Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх ба өсвөр насны шүүгдэгч З.А нь тээврийн хэрэгслийнхээ хурдыг хэтрүүлж, аюултай нөхцөл байдал үүсгэсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэсэн мөрдөгчийн магадлагаа үндэслэлтэй байна. Мөрдөгч нь осол гарсан шалтгаан нөхцлийн талаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу үндэслэлтэй магадлагаа гаргасан байх тул түүнийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг хуульчилсан байх ба гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна. Өсвөр насны шүүгдэгч З.А нь 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болох нь хэргийн 77-р талд авагдсан түүний төрсний гэрчилгээний хуулбараар, тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас, 9 сар, 15 хоногтой байсан нь хэргийн 78-р талд авагдсан мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын шинжийг хангаж байна.  

Ийм байдлаар өсвөр насны шүүгдэгч З.Аын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, хохирогч М.Агийн биед учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байх тул өсвөр насны шүүгдэгч З.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч З.Аыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба  өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Гэмт хэрэг гарахад өсвөр насны хүүхдийн гэнэн томоогүй сониуч зан, эцэг эхийн зүгээс хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

Өсвөр насны шүүгдэгч З.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Агийн биед зүүн түнхний мултрал, зүүн хөлийн дунд чөмөгний яс гуя хэсгээрээ хугарсан гэмтэл учирсан байх ба хохирогч нь уг гэмтлийнхээ улмаас Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн гэмтлийн тасагт 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл  8 хоног хэвтэн эмчлүүлж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хагалгаанд орж, хугарсан хөлний ясыг нь өрөмдөн цоолж, урт түгжээт хадаасаар хадаж бэхэлсэн болох нь хэргийн 93-99-р талд авагдсан түүний өвчний түүхийн хуулбар  баримтаар нотлогдож байна. Иргэний нэхэмжлэгч Х.Камей нь мөрдөн байцаалтын шатанд охин М.Агийн эмчилгээний зардалд 2.729.400 төгрөг нэхэмжилж, энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн нь хэргийн 89-91-р талд авагдсан байх ба үүнийг гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар, хор уршиг гэж үзнэ.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Х.Камей нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:” Миний охин М.Агийн хөл одоо ч бүрэн эдгэрээгүй, хоёр таягтай, хичээлдээ явж чадахгүй байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотод дахин очиж хөлний хадаасаа авахуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ хугацаанд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ерланы зүгээр бидэнд ямар нэгэн хохирол төлж өгөөгүй. Харин тэр өөрийн биеэр ирж бидэнтэй уулзан, амьдрал байдлаа танилцуулан  учирсан хохирлыг 2021 оны 3 дугаар сар хүртэл төлж барагдуулна гэж хэлснийг  нь би хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байна.

Иймд хэргийн 89-91-р талд авагдсан хохирол нэхэмжилсэн нотлох баримтуудад үндэслэн өсвөр насны шүүгдэгч З.Аын хууль ёсны төлөөлөгч Х.Ерланаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.529.400 (нотлох баримтын хэмжээнд) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Камейд олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй байх тул иргэний нэхэмжлэгч Х.Камейгийн цаашид гарах хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Авто ослын үеэр өсвөр насны шүүгдэгч З.Аын жолоодож явсан тээврийн хэрэгслийн запас дугуй шидэгдэж, иргэний нэхэмжлэгч М.Маратханы байшингийн цонхыг онож хагалсан байх ба мөрдөн байцаалтын шатанд тэрээр байшингийн цонхны шилээ 50.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн байна. Хэргийг  шүүх хуралдаанаас хэлэлцүүлэхээс өмнө өсвөр насны шүүгдэгч З.Аын хууль ёсны төлөөлөгч Х.Ерлан нь иргэний нэхэмжлэгч М.Маратханд учирсан эд хөрөнгийн хохирол болох 50.000 төгрөгийг төлж барагдуулснаар иргэний нэхэмжлэгч М.Маратхан хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болох нь түүний 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч М.Маратханы тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч З.Аын хууль ёсны төлөөлөгч Х.Ерланаас гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Маратханд олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Аыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд уг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар өсвөр насны шүүгдэгч З.А нь 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, ам бүл 9 аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, тэрээр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч гэх зэргээр түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Өсвөр насны хүн гэх ойлголтод гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд арван найман насанд хүрээгүй хүнийг ойлгох ба З.А нь гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас, 9 сар, 15 хоногтой байсан нь хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээний хуулбар болон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Тэрээр одоо 17 нас, 1 сар, 7 хоногтой буюу арван найман насанд хүрээгүй байх тул түүнийг  өсвөр насны хүн гэж үзнэ. 

Өсвөр насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан насанд хүрэгчдээс ялгамжтай байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгоор 2015 оны Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, хэрэглэх албадлагын арга хэмжээг тусгай бүлгээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл шүүхээс өсвөр насны хүнд оногдуулах ялын зорилго нь түүний нас, бие, сэтгэлзүйн онцлогийг харгалзан аль болох хүнд ял оногдуулахаас зайлсхийх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг үр дүнтэй хэрэглэж, нийгэм, анги хамт олных нь дунд хүмүүжүүлэх, өсвөр насны хүнийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах боломжийг бүрдүүлэх явдал юм.

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуульд заасан ердийн журмаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах үүрэгтэй байна.

Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч З.Ат ял оногдуулахдаа хуульд заасан ердийн журмаас гадна өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг баримтлан түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, өсвөр насны шүүгдэгч З.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч З.Ат хянан хүмүүжих хугацаандаа “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Ерланд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирол төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн өсвөр насны шүүгдэгч З.Аыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Х.Ерлан, эх Р.Жанбота нарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Дөрөв: Бусад асуудлаар:

Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч З.Ат  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.3,18.10, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Ж овогт З-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  өсвөр насны шүүгдэгч З.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг  тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1,7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Ат хянан хүмүүжих хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, түүний хууль ёсны төлөөлөгч Ерланд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу  хохирол төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Ат авсан хянан хүмүүжүүлэх, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Аыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Х.Ерлан, эх  Р.Жанбота нарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч З.Ат мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ерланаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.529.400 (хоёр сая таван зуун хорин есөн мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Камейд олгож, хохирогч М.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Камей нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ерланаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ерлан нь иргэний нэхэмжлэгч М.Маратханд учирсан эд хөрөнгийн хохирол болох 50.000 төгрөгийг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч М.Маратханд олгох хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, өсвөр насны шүүгдэгч З.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б