Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 195

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бз,

Хохирогч Д.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Ай,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ст холбогдох эрүүгийн 2013003280224 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар  сарын 14-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогтой Б-н С,  1980 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Б380121211

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан” гэх газарт согтуугаар, дотуур байрны түлхүүр өгөөгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Тын зүүн талын гуяны хэсэгт хүрзээр 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,

Шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013003280224 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан” гэх газарт гэртээ байж байхад, миний хадам дүү Б овогтой С согтуу ирж, надаас дотуур байрны түлхүүрийг асуусан. Би Б.Сд хандаж “чи ямар түлхүүр асуугаад байгаа юм бэ? дотуур байрны түлхүүр надад байхгүй” гэж хэлэхэд гэрээс гараад явсан. Тэгээд би гэрээс гараад, байшингийн гадна талд нүүрс бэлтгэж байхад, Б.С дахиад ирээд, манай байшингийн гадна талд хүрзийг аваад, хүрзээр миний зүүн талын гуяны тус газар хоёр удаа цохисон. Би орилоход, Б.Сийн эхнэр Д.Г гүйж ирээд салгаж авсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан, миний нөхөр болох Б.Б хадланд явсан байсан.

Би гэртээ ямаа саагаад байж байхад гадаа гараад цай чанах гэд түлээ модоо гэртээ оруулаад хуйвангаа гадаа гаргах гээд гэрийнхээ гадаа гарсан. Тухайн үед тэгэхээр нь яасан бэ гэж асуухад чи яагаад дотуур байрны түлхүүр яасан бэ гэж асуусан. Миний хүүхдүүд том болчихсон дотуур байрнаас холбоогоо таслаад 5 жил болсон. Гадаа нүүрс хийдэг хүрзээр бид нарын хажууд байсан. А гэдэг хүүхэд нь энэ хүнийг алчихлаа гээд гүйж ирсэн. Энэ хүн дахиж цохих гэхэд эхнэр нь хүрзийг барьж аваад цохиулаагүй. Өмнө нь бас эхнэрээ зодох үед миний нүд хараагүй болсон. Өлгийд дүүгийнхээ төлөө уучлалт гуйгаад хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Одоо ч миний бие өвдөж байгаа. гэртээ байнга ганцаараа байдаг. Надад нэг юм тохиолдох вий гэж айдаг гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/         

Хэргийн газарт нөхөн үзлэг хийх явцад хураан авсан хүрзийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/

Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 377 дугаартай “Иргэн Д.Тын зүүн гуя, зүүн гарын бугалганы дотор хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би гэртээ байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед манай хөрш байдаг төрсөн ах Бгийн гэрт очиж, өөрийн хүүхдүүдийнхээ сургуулийн дотуур байрны илүү түлхүүрийг асуутал бэр эгч Д.Т байхгүй гэсэн, тэгээд түлхүүрээс болоод Т надтай хэрэлдэж маргалдсан, энэ үед  эгч Д.Т өөрийн байшингийн /гэрийн/ гадна талд байсан хүрзийг аваад намайг цохих гээд над руу дайрахаар нь би уурлаад Тын гарт байсан хүрзийг булааж аваад, Тын зүүн талын гуяны тус газар 1 удаа цохисон юм. Би хадам эгч Тын зүүн талын гуяны тус газар хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хадам эгч Таас 2-3 удаа сайн дураараа уучлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төлж өгөх гэсэн боловч, хадам эгч Д.Тотыгус намайг уучлаагүй. 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бэр эгч Ттай маргалдаж байгаад ийм асуудал гарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.Тотыгус нэхэмжилсэн унааны зардлыг төлж өгөх болно  гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

             Шүүгдэгч Б.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Сийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед согтуугаар  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан” гэх газарт дотуур байрны түлхүүр өгөөгүй гэх шалтгаанаар хохирогч Д.Ттай маргалдан улмаар түүний зүүн талын гуяны хэсэгт хүрзээр 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-рх/,  хохирогч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-24 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ болон шүүгдэгч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч Б.С нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний зүүн талын гуяны хэсэгт хүрзээр хоёр удаа цохиж,  хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Сийн үйлдлийн улмаас хохирогч Д.Тын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Сийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, эрхэлсэн ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал, мөн талуудын таарамжгүй харилцаа нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.С  нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

            -Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

            Б.Сийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Сээс мөнгөн дүнгээр нэхэмжлэх хохиролгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан байна.

            Харин шүүх хуралдаан дээр хохирогч Д.Т нь шүүгдэгч Б.Сээс энэ хэргийн улмаас сумын төвөөс 3 удаа ирж буцсан унааны зардалд 48000 төгрөг (нэг талдаа 8000 төгрөг, хоёр талдаа 16000 төгрөг) нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолоор Д.Сээс гаргуулж, хохирогч Д.Тэд олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дөрөв: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Бз нь шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялыг санал болгосон ба шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, шүүх хуралдааны үеэр хохирогчид 100.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас  дээшгүй цагаар Баян-өлгий аймгийн Өлгий сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д” Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Д.Т нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, гэмт хэргийн улмаас цагдаа, шүүх, прокурорын байгууллагад дуудагдаж,  сумын төвөөс  аймгийн төвд 3 удаа ирж буцсан унааны зардалд 48.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.С хүлээн зөвшөөрч, хохирогчид 100.000 төгрөг төлж өгөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн.

 

Иймд шүүгдэгчид оногдуулсан ялын зорилгыг хангах, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 400 цаг нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ял дээр нэмж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогчийн унааны зардалд 100.000 /нэг зуун мянга төгрөг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулсан хохирогчийн унааны зардалд 100.000 төгрөг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь уг үүргийг биелүүлснээр дуусгавар болох бөгөөд шүүгдэгч Б.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр түүнд хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, нэмж ял оногдуулах учиртайг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тав.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз- 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Тт буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Сийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Б.Сэд оногдуулсан ял дээр нэмж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогчийн шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн хохирол болох унааны зардалд 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлөх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгчид оногдуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь уг үүргийг биелүүлснээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол прокурорын дүгнэлтээр үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэмж ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ст  сануулсугай.

8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Тт буцаан олгосугай.

10. Шүүгдэгч Д.Сэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.Б