Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/214

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч:Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч  С.А, К.З, С.Н,

Шүүгдэгч Б.Ж, Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.С нарт холбогдох эрүүгийн 1913000150040  дугаартай хэргийг хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт Бтын Ж, 1982 оны 01 дүгээр сарын 07 -ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумд төрсөн, 38 настай, эрэгтэй яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тус аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай, Баян-Өлгий аймгийн А сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар *****

Монгол Улсын иргэн, А овгийн Ж овогтой С, 1968 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумд төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, Баян- Өлгий аймгийн А сумын *** дүгээр баг, Цд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *****

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх үедээ иргэн Ж.Сийн тахир дутуугийн тэтгэврийн хугацааг сунгуулах зорилгоор Ж.Сээс 380.000 төгрөг авч, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүнд өгөхийг завдсан,

Шүүгдэгч Ж.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын улсын  байцаагч М.Жээр дамжуулан комиссын гишүүнд хахууль өгөхийг завшсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

               Ж.Сийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол \1-р хх-ийн 7-р хуудас/

                Шүүгдэгч Ж.Сийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн “Ж овогтой С миний бие 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 380.000 төгрөгийг картын хамт Алтанцөгц сумын иргэн Жэд өгсөн юм. 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч М.Ж надад карт, 380.000 төгрөгийн хамт авчирч өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол саналгүй” гэх баримт,

                Шүүгдэгч М.Жийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичсэн: “Ж овогтой Сээс өвчний карт, 380.000 төгрөгийг авсан нь үнэн. 4 дэх өдөр группэд оруулж өгнө” гэх баримт, тэдгээрийн орчуулга /1-р хх-ийн 17-19-рх,/,

                Шүүгдэгч М.Жийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн “Б.Ж миний бие 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ж.Сээс өвчний түүх болон 380.000 төгрөг авсан ба 2019 оны 1 дүгээр сарын 28-нд карт болон 380.000 төгрөгийг бүрэн буцааж өгсөн болно” гэх баримт /1-р хх-ийн 20-рх/,

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад Х.Б-йн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 84-90-рх/,

                Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /1-р хх-ийн 92-96-рх/,

                Гэрч М.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Ж.С бид хоёр гэртээ байхад манай сумын нийгмийн даатгалын байцаагч, Б.Ж ганцаараа ирээд эхнэр Сийн группийн хугацаа дуусаж байгаа юм байна, та нар группээ сунгуулахыг хүсвэл надад 380.000 мянган төгрөг өгчих би сунгуулаад өгье, надад таньдаг эмч байгаа гэсэн. Тэгэхээр нь за тийм бол маргааш сумын төв ороод мөнгийг чинь өгье гэсэн  юм. Тэгээд маргааш нь эхнэр бид хоёр  гэрт байсан мөнгөнөөс 380.000 төгрөг, өвчний картаа аваад сумын төв орж,  Жийн өрөөнд аваачиж  өгсөн юм. Түүнээс хойш сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Жтэй таарч группийн талаар асуух болгонд болоогүй байна гээд л байдаг байсан. Эхнэр бид хоёр Б.Жийг гуйж группийг сунгаад өг гэж гуйж байсан удаа огт байхгүй.

                ......Миний эхнэр Ж.С нь толгойн өвчнөөр олон жил группэд гарч байсан хүн ба Б.Ж нь тухайн үед эхнэр Сийг группээс хасагдаж байгаа юм байна, группийн хугацааг сунгуулахын тулд 380.000 төгрөг хэрэг болж байна, тэр мөнгийг эмч нарт өгнө гэж хэлсэн. Эхнэр Ж.С надад “би шинжилгээ өгч ажил болж байхаар Жэд хэлсэн мөнгийг нь өгөөд группэд гарна” гэж хэлээд  урьд бог мал зарсан байсан мөнгөнөөс хэлсэн мөнгийг нь Б.Жийн ажлын өрөөнд нь аваачиж өгсөн. Би тухайн үед коридорт байсан ба эхнэр Ж.С Б.Жэд тухайн мөнгийг өөрийнхөө шийдвэрээр өгсөн." гэх мэдүүлэг \1-р хх-ийн 118-р хуудас, 2-р хх-ийн 78-79-рх, 98-99-рх\,

                Гэрч Н.Сий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие аймгийн Нийгмийн даатгалын магадлагч эмч бөгөөд тэтгэмжийн улсын хяналтын байцаагч гэсэн орон тоон дээр 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Намайг ажиллаж байх хугацаанд иргэн Ж.С нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг нэг удаа 2017 оны 2 дугаар сард  1 жилээр сунгуулсан байсан. Иргэн Ж.С нь оюуны хөнгөн хомсдол гэсэн оношоор тахир дутуугийн тэтгэвэр авч байсан. 2018 оны 12 дугаар сарын эхээр Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын байцаагч Б.Ж нь иргэн Ж.Сийн хамт манай ажлын өрөөнд орж ирээд түүний өвчний картыг үзүүлсэн. Би уг картыг хянаж үзээд Ж.Сд “Та оношоо баталгаажуулаад ирээрэй, одоо бол сунгах боломжгүй” гэж хэлээд гаргасан. Ж.С нь 2010 оноос хойш оюуны хөнгөн хомсдол оношоор тэтгэмж авч байсан нь карт дээр нь бичигдсэн байсан. Гэхдээ өвчний оношоо баталгаажуулаагүй байсан учраас  тухайн үед би группийг нь сунгах боломжгүй гэж үзээд дардас дараад өөрт нь хэлээд явуулсан. Дардас дарсан шалтгаан нь өвчний онош баталгаажаагүй, шинжилгээ дутуу гэдэг утгаар дарсан. Манай эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурал баяр наадам, амралттай холбогдуулж 2018 оны 7 сарын 11-нээс 9 сар хүртэл завсарлаж, 9 сарын 3-ны өдрөөс хуралдаж эхэлсэн. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн өдрөөс 2 сар урагшаа, хойшоо сунгах дүрмийн зохицуулалттай байдаг.

                 ...2018 оны 05 дугаар сард /өдрийн санахгүй байна/ Б.Ж нь ажлын өдөр, ажлын цагаар нийгмийн даатгалын даатгалын хэлтэс дэх миний ажлын өрөөнд орж ирж сумынхаа жирэмсэн, амаржсаны лист болон хөдөлмөрийн чадвар түр алдалтын баримтыг хянуулсныхаа дараагаар Ж.Сийн картыг гаргаж ирээд надад “Энэ миний эгч байгаа юм. Энэ хүний карт дээрх группийн хугацааг 1 жилээр сунгамаар байна. Та энэ асуудлыг шийдээд өгвөл би таны хэлсэн мөнгийг өгнө, шан харамж асуудалгүй” гэж надад хэлсэн ба би тэр үед түүнд уурлаад “Чи эдийн засагч мэргэжилтэй хүн, чамд энэ хүний өвчний картыг барьж явах эрх байхгүй,  тус тусынхаа ажлыг мэдье, би өөрийнхөө ажлыг мэднэ, чи өөрийнхөө ажлыг хий, чи яах гээд надад хахууль өгөхөөр санал болгоод завдаад байгаа юм бэ” гэж хэлээд түүнийг өрөөнөөсөө хөөж гаргасан. Түүнээс хойш Б.Ж надад дээрх асуудлын талаар хандаагүй ба би түүнийг хүмүүсийн групп сунгана гэж мөнгө авдаг талаар манай аймгийн А гэх өмгөөлөгчөөс сонсоод Б.Жийн ***** дугаарт 2018 оны 07 дугаар сард нэг удаа залгаж “Чи групп сунгуулж өгнө гэж хүмүүсээс мөнгө авдаг юм уу, байгууллагын нэр бодоорой, хэрвээ мөнгө  авсан асуудал байгаа бол буцааж өгөөрэй, би энэ талаарх мэдээллийг хуульч хүнээс сонслоо” гэж хэлсэн. Тэр үед Б.Ж согтуу байсан ба миний хэлснийг ойлгох шиг болсон боловч үл тоосон маягтай ярихаар нь би дахиж түүнд энэ асуудлын талаар яриагүй.

                 Б.Ж нь миний ажил үүрэгтэй холбогдуулан надад хахууль өгөхийг завдсан ба ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. Би түүнээс хахуульд мөнгө аваагүй. Б.Ж надад яг хэдэн төгрөг өгнө гэж хэлээгүй ба “Эгчийн минь группийг сунгаад өгвөл шан харамжийг чинь өгнө гомдоохгүй, харин  та дүнг нь  хэлчих” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Эгчийгээ Ховд аймагт аваачиж шинжилгээ өгүүлээд ир, тэгээд группийн хугацааг сунгах эсэх нь шийдэгдэнэ гэхэд Б.Ж “Ховд аймаг явуулаад яах юм, би таны гарыг цайлгаж, мөнгө, шан харамж өгнө” гэж хэлэхээр би уурлаж, өрөөнөөсөө хөөж гаргасан” гэх мэдүүлэг \1-р хх-ийн 34-35, 119-рх, 2-р хх-ийн 89-91\

Гэрч Т.Өы өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны хавар юм уу намрын улирал би сар, өдрийн сайн санахгүй байна. Одоогоос бараг 2 жилийн өмнө Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж нь миний албан өрөөнд орж ирээд Ж.С гэх хүний өвчтөний картыг үзүүлээд “Энэ хүн манай хөрш, хамт зусдаг айлын хүн байгаа юм. Группийн хугацаа нь дууссан, сунгуулж чадахгүй байна, та туслаач” гэж хэлэхээр нь би түүний барьж явсан Ж.С гэх хүний картыг авч үлдээд “Энэ хүнийг өөрийг нь явуул, би магадлагч эмч Н.Сд хүнийх нь хамт танилцуулна” гэж хэлсэн. Тэгээд Б.Ж өвчтөний картыг надад үлдээгээд гараад явсан ба түүнээс их удаагүй байх, Б.Ж нь Ж.С гэх дунд зэргийн нуруутай эмэгтэй хүнийг дагуулж өрөөнд орж ирэхээр нь “Би эмч мэргэжилтэй хүн биш, чамайг магадлагч эмчид хянуулахаар үзүүлнэ” гээд Н.Сий өрөөний үүдэнд Б.Ж болон түүний дагуулж явсан хүнийг хүргэж өгсөн. Тухайн үед Б.Жийн надад үлдээсэн Ж.С гэх хүний өвчтөний картыг Б.Жт буцааж өгсөн. Түүнээс хойш Ж.Сийг группт гаргуулан гэж байцаагч Б.Ж надтай ирж уулзсан хандсан удаа байхгүй. Тухайн үед Б.Ж болон Ж.С гэх хүмүүс Н.Стай уулзаад үлдсэн ба тэр хүнийг группийн хугацаагаа сунгуулсан эсэх талаар сайн мэдэхгүй байна” мэдүүлэг /2-р хх-ийн 93-94 хуудас/,

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өы 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дугаартай “Тус аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн иргэн Ж овогтой С нь анх 2010 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгож, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан байна. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр уг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хуралд орж, сунгуулах боловч сунгуулаагүйгээс уг тэтгэврийг зогсоосон байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 120-р х/,

Иргэн Ж.Сийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг F70 буюу олигофрени, оюуны хөнгөн хомсдол оношоор 70 хувиар тогтоосон 0021670 дугаартай, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 121-рх/,

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай “Б.Жийг Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилох тухай” тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 123-127-рх/,

Иргэн Ж.Сийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 135-167-рх/,

Иргэн Ж.Сийн 2007-2018 оны хооронд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож байсан актын хуулбарууд /1-р хх-ийн 233-242-рх/,

Шүүгдэгч Ж.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.Жэд 2018 оны хавар /сар өдрийн/ одоо мартсан байна. Б.Ж манай гэрт ирээд таны группийн хугацаа дуусаж байна, та группээ сунгуулах уу гэж надад санал тавьсан ба маргааш нь над руу утсаар яриад би эмчтэй ярьж тохирсон байгаа, та надад 380000 төгрөг өг гэж хэлэхээр нь би түүний албан өрөөнд 380000 төгрөг болон өөрийнхөө өвчтөний картын хамтаар өгсөн юм. Тухайн мөнгө болон картыг авсны дараа Б.Ж намайг группт гаргаж өгөөгүй ба тэр их удаад байсан, дээр нь миний карт болон надаас авсан 380.000 төгрөгийг буцааж өгөхгүй байсан тул би түүнийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан юм. Б.Жэд гомдож, цагдаад өргөдөл гаргах болсон шалтгаан нь түүнээс карт болон 380.000 төгрөгийг олон удаа асуусан ба тэр сүүлдээ намайг ажлын өрөөнөөсөө хөөж гарган мөнгийг чинь өгөхгүй гэж хэлснээс болсон.  ...Б.Ж тухайн үед надад би эмчтэй ярьж тохирсон байгаа, та мөнгө өгч байж группт гарах юм байна гэж хэлээд надаас уг 380.000 төгрөгийг шаардаж авсан. Түүнээс биш би Б.Жийг намайг группт гаргаад өг гэж гуйсан, түүнд 380.000 төгрөгийг хоол, унаа болон хэрэгтэй зүйлдээ зарцуул гэж хэлж өгсөн зүйл байхгүй. Б.Жийг манай сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг мөн намайг группт оруулж өгнө, харин 380.000 төгрөг хэрэгтэй эмч нарт өгнө гэж хэлсэн тул түүнд өгсөн. ...Би одоо болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж байна. Мөн Б.Ж надтай ярилцаж намайг группт гаргаж өгнө гэж хэлээд 380.000 төгрөг авах талаар хэлсэн тул тухайн үед би өөрөө шийдвэр гаргаж түүнд 380.000 төгрөгийг өгсөн ба Б.Жт мөнгө өгсөн үйлдэлд миний нөхөр М.Т ямар ч холбоо байхгүй. Харин Б.Ж группт гаргаж өгнө гээд надаас 380.000 төгрөгийг авсныг мэдэж байгаа. Надад хийсэн хэрэг байхгүй тул цагаатгаж өгнө үү”мэдүүлэг /2-р хх-ийн 117-122 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Б.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...Миний бие манай хамаатан болох С гэдэг хүнтэй 2018 оны оны 3 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхээр уулзахад тэр надад тахир дутуугийн тэтгэмжээ сунгуулж чадахгүй байна, эмч маань өөрчлөгдсөн, мал төллөж байна, зудтай байна, чи миний группийн хугацааг сунгуулаад өгөөч гэж гуйхаар нь 380.000 төгрөг болон  картыг нь авсан. Тэгээд М.С гэх магадлах эмчтэй уулзаж бэр эгч маань яагаад тахир дутуугийн тэтгэмж тогтоолгож чадахгүй байгаа юм гэхэд онош нь таарахгүй байх шиг байна. Шинжилгээ өгөхгүй бол группийн хугацааг нь сунгах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэр эгч маань өөрөө ирж чадахгүй байна, та туслаад өгөөч гэхэд М.С надад би хянагч эмч болохоос  группэд гаргадаг эмч биш, ямар ч байсан шинжилгээгээ өгөөд оношоо баталгаажуулаад  оруулаад ирэхгүй юу. Тэр үед нь туслаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ө гэх хэлтсийн даргад очиж уулзаж учир байдлаа хэлэхэд эмч нартай яръя, картаа үлдээгээд яв, дараа нь шинжилгээ өгөхөөр бол дуудна гэж хэлээд Ж.С эгчийн картыг аваад үлдсэн. Сарын дараа бэргэн эгчийгээ явуулаарай, биеэрээ ирж шинжилгээнд хамрагдах юм байна гэхээр нь би С эгчид энэ талаар хэлэхэд очиж чадаагүй. Тэгсээр байтал наадам болж, эмч нар амраад явсан. Энэ хугацаанд С эгч надаас группийн хугацааг сунгуулсан эсэх талаар байнга асууж, шаардаж байсан. Та өөрөө  очихгүй бол болохгүй юм байна, эмч нар ээлжийн амралтаа аваад явсан байна,  9 сар гаргаад очоорой гэж хэлж байсан. Дараа нь  9 сарын үед байсан байх, М.С над руу залгаж “чи нөгөө хамаатнаасаа мөнгө авсан юм биш үү. Сайн дураараа татгалзахгүй бол хэрэгт холбогдохоор байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ө даргад очиж “ би карт болон мөнгийг буцаагаад өгөхгүй бол би хэрэгт холбогдох юм байна. Мөнгө болон картыг нь буцаагаад өгье” гэхэд Ө дарга надаас авсан С эгчийн картыг олж өгөөгүй. Тэгэхээр нь би бэр эгч Ж.Сд  “би танд мөнгийг чинь буцааж өгье. Тэгэхгүй бол би хэрэгт холбогдох юм байна” гэхэд “би дан мөнгө авахгүй карттай нь хамт авна, яагаад миний картыг алга болгосон юм бэ” гэж байсан. Тэгэхээр нь Ө даргад “та картыг нь хурдан олж өгөхгүй бол нөгөө хүн мөнгө авахгүй карттай хамт авна гэж байна. Хэрэв олж өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандах юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд Ө дарга карт олж өгөхгүй 2 сар гаруй явсан. Сүүлд нь С эгч намайг цагдаагийн байгууллагад өгсөн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа би С эгчид “би таны карт болон мөнгийг авсан нь үнэн. Танаас карт аваад Ө даргад өгсөн байсан боловч тэр хүн надад таны картыг  олж өгөхгүй байна. Ө дарга олж өгөх байх, тэр хүртэл би танд картыг өөрөө олж өгнө гэсэн бичиг хийж өгье гээд Ж.С эгчид түүнээс 380.000 төгрөг болон карт авсан нь үнэн гэсэг бичиг бичиж өгсөн. Түүнээс хойш 2 сар гаруй хугацааны дараа Ө дарга С эгчийн картыг олж өгсөн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад очиж гээд бэргэн эгчийг дуудаж карт болон мөнгийг өгсөн. Би хамаатныхаа хүнээс 380.000 төгрөг авснаас өөр буруугүй. М.Сд хахууль өгөхийг санал болгоогүй.Миний бие эхнэр, бага насны 4 хүүхдийн  хамт амьдардаг тул надад хорихоос өөр төрлийн ял өгнө үү ” гэх мэдүүлэг /хх-ийн 102-107 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Б.Жийн хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-ийн 44-45-р х, 48-50, 52-53-рх/,

Шүүгдэгч Б.Жийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 46-рх/,

Шүүгдэгч Ж.Сийн хувийн байдлын талаарх баримтууд /2-р хх-ийн 127-136-рх/,

Шүүгдэгч Ж.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 137-рх/,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчдийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай “ 1.Иргэн Ж.С нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл. 2.Ж.С нь оюуны  хөнгөн хомсдолтой байхыг үгүйсгэхгүй. 3.Ж.С нь болсон үйл явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4.Ж.С нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /2-р хх-ийн 141-143-рх/, зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ж, Ж.С нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:            

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-д заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг завдсан, Ж.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх завдсан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч Б.Ж, Ж.С, тэдгээрийн өмгөөлөгч Х.З, С.Н, С.А нар шүүгдэгч Б.Ж, Ж.С нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж цагаатгуулах, ялаас чөлөөлүүлэх байр сууринаас улсын яллагчтай мэтгэлцсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, гэрч нарыг байцаахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.С нь 2007 оноос хойш 2018 оныг дуустал “Олигофрения” буюу оюуны хөнгөн зэргийн хомсдол оношоор өвчилж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдан, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Тахир дутуугийн тэтгэвэр” тогтоолгон авч байсан байна.

Улмаар 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Ж.Сийн тахир дутуугийн тэтгэврийн хугацаа дууссан бөгөөд тэрээр шинжилгээ өгч оношоо баталгаажуулаагүйгээс дахин оюуны хөнгөн хомсдол гэсэн оношоор тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах боломжгүй болсон байна. Энэ үеэр Ж.Сийн нөхөр М.Ты хамаатан гэх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Ж нь Ж.Сд таньдаг эмч байгаа талаар, мөн 380.000 төгрөг өгөх юм бол группийн хугацааг сунгах боломжтой талаар санал болгоход тэрээр амар хялбар аргаар группийн хугацаагаа сунгуулахын талд Б.Жэд 380.000 төгрөгийг өвчний түүхийн хамт өгсөн, Алтанцөгц сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Ж нь иргэн Ж.Сийн группийн хугацааг сунгуулж өгөх зорилгоор түүнээс 380.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт байрлах өөрийн албан өрөөндөө авсан гэх үйл баримт хэрэгт нотлогдон тогтоогджээ.

Ж.Сээс мөнгө авснаас хойш Б.Ж нь түүний группийн хугацааг сунгуулж өгөөгүй тул тэрээр өөрийн өвчний түүх болон 380.000 төгрөгөө буцааж авахаар  Б.Жийн эсрэг  цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ гэмт хэрэг илэрсэн байна.

Ийм байдлаар шүүгдэгч, Алтанцөгц сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Ж нь шүүгдэгч Ж.Сээс 380.000 төгрөг, өвчний түүхийг нь авч түүний группийн хугацааг амар хялбар аргаар, хууль бусаар сунгуулахаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр, магадлах комиссын гишүүн  Н.Стай уулзаж, түүнд хахууль өгөхийг завдсан,

-Шүүгдэгч Ж.С нь уг гэмт хэрэгт нэг сэдэлт, санаа зорилгоор хамтран оролцож, өөртөө давуу байдал бий болгохын тулд Б.Жийн үйлдлийг дэмжин, хахууль өгөхийг завдах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон нь гэрч М.Сы” ...2018 оны 05 дугаар сард /өдрийн санахгүй байна/ Б.Ж нь ажлын өдөр, ажлын цагаар нийгмийн даатгалын даатгалын хэлтэс дэх миний ажлын өрөөнд орж ирж сумынхаа жирэмсэн, амаржсаны лист болон хөдөлмөрийн чадвар түр алдалтын баримтыг хянуулсныхаа дараагаар Ж.Сийн картыг гаргаж ирээд надад “Энэ миний эгч байгаа юм. Энэ хүний карт дээрх группийн хугацааг 1 жилээр сунгамаар байна. Та энэ асуудлыг шийдээд өгвөл би таны хэлсэн мөнгийг өгнө, шан харамж асуудалгүй” гэж надад хэлсэн ба би тэр үед түүнд уурлаад “Чи эдийн засагч мэргэжилтэй хүн, чамд энэ хүний өвчний картыг барьж явах эрх байхгүй,  тус тусынхаа ажлыг мэдье, би өөрийнхөө ажлыг мэднэ, чи өөрийнхөө ажлыг хий, чи яах гээд надад хахууль өгөхөөр санал болгоод завдаад байгаа юм бэ” гэж хэлээд түүнийг өрөөнөөсөө хөөж гаргасан. Б.Ж нь миний ажил үүрэгтэй холбогдуулан надад хахууль өгөхийг завдсан ба ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. Би түүнээс хахуульд мөнгө аваагүй. Б.Ж надад яг түдэн төгрөг өгнө гэж хэлээгүй ба “Эгчийн минь группыг сунгаад өгвөл шан харамжийг чинь өгнө гомдоохгүй, харин  та дүнг нь  хэлчих” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Эгчийгээ Ховд аймагт аваачиж шинжилгээ өгүүлээд ир, тэгээд группийн хугацааг сунгах эсэх нь шийдэгдэнэ гэхэд Б.Ж “Ховд аймаг явуулаад яах юм, би таны гарыг цайлгаж, мөнгө, шан харамж өгнө” гэж хэлэхээр би уурлаж, өрөөнөөсөө хөөж гаргасан” гэх мэдүүлэг \1-р хх-ийн 34-35, 119-рх, 2-р хх-ийн 89-91\,  гэрч Т.Өы “2018 оны хавар юм уу намрын улирал би сар, өдрийн сайн санахгүй байна. Одоогоос бараг 2 жилийн өмнө Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагч Б.Ж нь миний албан өрөөнд орж ирээд Ж.С гэх хүний өвчтөний картыг үзүүлээд “Энэ хүн манай хөрш, хамт зусдаг айлын хүн байгаа юм. Группийн хугацаа нь дууссан, сунгуулж чадахгүй байна, та туслаач” гэж хэлэхээр нь би түүний барьж явсан Ж.С гэх хүний картыг авч үлдээд “Энэ хүнийг өөрийг нь явуул, би магадлагч эмч Н.Сд хүнийх нь хамт танилцуулна” гэж хэлсэн. Тэгээд Б.Ж өвчтөний картыг надад үлдээгээд гараад явсан ба түүнээс их удаагүй байх, Б.Ж нь Ж.С гэх дунд зэргийн нуруутай эмэгтэй хүнийг дагуулж өрөөнд орж ирэхээр нь “Би эмч мэргэжилтэй хүн биш, чамайг магадлагч эмчид хянуулахаар үзүүлнэ” гээд Н.Сий өрөөний үүдэнд Б.Ж болон түүний дагуулж явсан хүнийг хүргэж өгсөн. Тухайн үед Б.Ж болон Ж.С гэх хүмүүс Н.Стай уулзаад үлдсэн” мэдүүлэг /2-р хх-ийн 93-94 хуудас/, гэрч М.Ты “......Миний эхнэр Ж.С нь толгойн өвчнөөр олон жил группэд гарч байсан хүн ба Б.Ж нь тухайн үед эхнэр Сийг группээс хасагдаж байгаа юм байна, группийн хугацааг сунгуулахын тулд 380.000 төгрөг хэрэг болж байна, тэр мөнгийг эмч нарт өгнө гэж хэлсэн. Эхнэр Ж.С надад “би шинжилгээ өгч ажил болж байхаар Жэд хэлсэн мөнгийг нь өгөөд группэд гарна” гэж хэлээд  урьд бог мал зарсан байсан мөнгөнөөс хэлсэн мөнгийг нь Б.Жийн ажлын өрөөнд нь аваачиж өгсөн. Би тухайн үед коридорт байсан ба эхнэр Ж.С Б.Жэд тухайн мөнгийг өөрийнхөө шийдвэрээр өгсөн." гэх мэдүүлэг \1-р хх-ийн 118-р хуудас, 2-р хх-ийн 78-79-рх,98-99-рх\, шүүгдэгч Ж.Сийн “Б.Ж нь манай нөхөр М.Ттай нэг овгийн хүмүүс бөгөөд миний группийн хугацааг сунгуулж өгөхөөр надаас  өвчний карт болон 380.000 төгрөг аваад буцааж өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Жийн “Би бэр эгч Ж.Сд туслахын тулд түүнээс өвчний түүх болон 380.000 төгрөг авсан нь үнэн, би карт мөнгийг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба тус зүйлийн 1-д Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 Хахууль өгөх гэмт хэргийн объектив тал нь төрийн болон хувийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд байдаг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн хоёр талын ашиг сонирхлоор асуудлыг хууль бусаар шийдвэрлүүлсний улмаас нийгмийн шударга ёс зөрчигдөж, тэр хэмжээгээр нийгэмд хуулийг дээдлэх, шударга ёсыг хангах зарчим алдагддаг нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг учраас уг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2-д “хахууль өгөх” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

Шүүгдэгч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг байх ба тэрээр Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2-д заасан “нийтийн албан тушаалтан” мөн  болох нь дараах байдлаар нотлогдож байна.Үүнд:

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж,

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна.” гэж, 12.1.7-д  “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна” гэж,

Түүнчлэн Авилгын эсрэг хуулийн 10.1-д ”Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан” гэх ойлголтод хамаарч байна.

Шүүгдэгч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан түүнийг ажилд томилсон тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, шүүгдэгч Б.Жийн ”Миний бие сумын ЗДТГ-ын нийгмийн даатгалын байцаагчаар, ТЗ-6 ангиллаар цалинждаг, мөн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан юм” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Жийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Нийгмийн даатгалын байцаагч нь ажлын байрны тодорхойлолт болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газраас баталсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм зэрэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй ба түүний эрх мэдэл нь дээрх хууль, дүрэмд зааснаар хязгаарлагддаг байна.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг болно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Гэтэл нийтийн албан тушаалтан Б.Ж нь өөрийн эрхэлж буй албаны эрх, нөлөөг урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, иргэн Ж.Сийн тахир дутуугийн группийн хугацааг хууль бусаар, албан тушаалын байдал, танил талаа ашиглан сунгуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор комиссын гишүүн М.Сд хахууль өгөхийг завдсан нь тогтоогдсон ба түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” хахууль өгөхийг завдах ” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.Ж нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу эрх бүхий албан тушаалтан болох М.С санал болгосон хахуулийг авахаас татгалзсанаар түүний хүсэж байсан гэмт хэргийн хор уршиг бий болоогүй, гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй байх тул Б.Жийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Түүнчлэн  Б.Ж нь Ж.Сээс 380.000 төгрөг авч, эрх бүхий албан тушаалтан болох комиссын гишүүн М.Стай уулзан хахууль өгөхийг санал болгож, уг гэмт хэргийн объектив талыг шууд хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэгдсэн төгссөн завдалт бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж, түүнээс гарах үр дагаврыг мэдсээр байж, хүсч үйлдсэн байх тул Б.Жийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр төгссөн завдалтыг санаатай хийсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Жийн дээрх үйлдэл нь хэдийгээр түүний өөрийнх нь эрхэлж буй ажил, албаны бүрэн эрх, чиг үүрэгт хамаарахгүй ч тэрээр Баян-өлгий аймгийн хэмжээнд тахир дутуугийн тэтгэврийн хугацаа сунгах эрх бүхий албан тушаалтан болох, эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүн М.С-й нэг салбарт хамт ажилладаг, ажил, үүргийн хүрээнд түүнтэй байнга харьцдаг, сайн таньдаг давуу байдлаа ашиглан, албан тушаалын байдлаараа албан тушаалтан М.Сд  нөлөөлж, хахууль өгөхийг завдсан нь дээрх гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд гэрч М.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүнээр ажилладаг болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, гэрч Т.Ө, шүүгдэгч Б.Ж нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан Ж.Сийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон актад  түүнийг “магадлагч эмч” гэж бичсэн байдлаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Жийн өмгөөлөгчийн зүгээс гэрч М.С-ы эрх зүйн байдлыг тодруулахаар хэргийг буцаалгах дүгнэлтийг гаргасан боловч М.С нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын магадлагч эмчээр ажилладаг нь дээрх байдлаар тогтоогдож байх тул түүний эрх зүйн байдлыг тодруулахаар хэргийг буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн 380.000 төгрөгийг Б.Ж, Ж.С нарын  хэн нь санал болгож өгсөн, авсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй байх бөгөөд уг 380.000 төгрөгийг шүүгдэгч нар хоорондоо өгч авалцсан сэдэлт, санаа зорилго нэг байсан нь тогтоогдож байна.

Тодруулбал шүүгдэгч Ж.С нь группийн хугацаагаа хууль бусаар сунгуулахын тулд Б.Жэд  380.000 төгрөг өгсөн, түүний өгсөн 380.000 төгрөгийг Б.Ж группийн хугацаа сунгах эрх бүхий албан тушаалтан болох комиссын гишүүнд дамжуулан өгнө гэдгийг урьдаас мэдэж байсан боловч уг үйлдлийг хүлээн зөвшөөрч, Б.Жтэй үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул Ж.Сийг хахууль өгөхийг завдах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амалж, хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Ж, Ж.С нарт холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хахууль өгөхийг завдах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие бэр эгч Ж.Сд туслах зорилготой байсан ба 380.000 төгрөгийг надад Ж.С хоол, унаа, шинжилгээний төлбөрт зарцуулаарай гэж өгсөн” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг шүүгдэгч Ж.С үгүйсгэсэн, тэрээр нийгмийн даатгалын байцаагч гэх эрхэлж буй албан үүргийнхээ хүрээнд тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тодорхой шаардлага хангасан иргэн тогтоолгон авах эрхтэйг урьдаас мэдэж байсан боловч тэрээр албан тушаалын байдлаа ашиглан санаатайгаар хууль бус үйлдэл /хахууль өгөхийг завдах/ үйлдэл хийсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Жийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Ж нь сайн дураараа гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байгаа ба Ж.Сийг цагдаад хандсаны дараа түүнд 380.000 төгрөг, өвчний картыг нь буцааж өгсөн, мөн комиссын гишүүнд хахууль өгөхийг завдсан нь тогтоогдсон тул Б.Жийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй  байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан дүгнэлтийг мөн хүлээн авах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Б.Жийн үйлдлийн улмаас шүүгдэгч Ж.Сд 380.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч мөрдөн байцаалтын шатанд Б.Ж нь 380.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ж, Ж.С нараас гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Ж, Ж.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 1.3 дугаар зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 2.8 дугаар зүйлийн 2-д ”Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна”,  5.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөхийг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хахууль өгөхийг завдах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт дээрх зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.С, Б.Ж нар нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөөгүй ба шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал болон хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэргийг тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна.

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг зохицуулаагүй боловч гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэгт завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоох нь зүйтэй байх тул шүүгдэгч Б.Жэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ял, шүүгдэгч Б.Жэд оногдуулсан гурван жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж, мөн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Сийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан түүнд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг дээрх хуульд заасан хугацаанд тус тус төлөх үүрэгтэйг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт бөгөөд шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдэх замаар Ж.Сээс 380.000 төгрөг авч, түүнийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байх тул уг 380.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэж үзэж, Б.Жийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.С, Б.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, нийтийн албан тушаалтан У овогт Бын Жийг “бусдад буюу иргэн Ж.Сд давуу байдал бий болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүн, магадлагч эмч М.Сы албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх /эд зүйл/-ийг амласан, санал болгосон гэмт хэрэгт завдсан гэм буруутайд,

-Шүүгдэгч Ж.Сийг “Хахууль өгөх”-ийг завдах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Жийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  5000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ял, шүүгдэгч Б.Жэд оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг тус тус  дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хуулийн хугацаанд төлөх үүрэгтэйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-д зааснаар шүүгдэгч Б:Жийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч  Б.Ж, Ж.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.Б