Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 206

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгч И.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Уд холбогдох эрүүгийн 2036000000187 дугаартай хэргийг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овгийн И-ийн У, 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Халх, Батлан хамгаалах их сургуулийн авто инженерийн 3 дугаар курсийн оюутан, Ховд аймгийн Жаргалант сумын 11-р баг, Хайрхан, 1-04 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ПЮ98042017

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.У нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур амралтын газарт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн иргэн Л овогтой Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч И.У мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр:Эрүүгийн 2036000000187 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31-рх/,

     Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр найз Д-ын хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур амралтын газарт очиж амрахаар явсан. Тэнд очиж амарч байтал шөнө уг амралтын газарт У гэх залуу нэг залуутай маргалдаж байхаар нь би очиж салгах гэтэл У надтай маргаан үүсгэж, намайг зогсож байхад хавирч унагаан, миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж, хөлөөрөө өшиглөсөн. Миний бие И.Уд зодуулсны улмаас “Ачитзаяа” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба гарсан зардлын талаар миний ээж Энхбаяр сайн мэдэж байгаа. Эмчилгээний зардлын талаар ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй. Миний бие Угаас эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжилсэн мөнгийг И.У төлж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 Гэрч   Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний хүү Л.А нь 2020 оны 7 сарын 07-ны өдөр Баян-өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур гэх амралтын газарт танил Дүгэржав гэх залуугийн хамт явсан юм. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өглөөний 6 цагийн үед Дүгэржав гэх залуу надруу залгаж, “Таны хүү Аг нэг залуу хамар луу нь цохисон ба түүний хамраас цус гараад байна” гэж хэлсэн. Би түүнээс Л.Аг хэн зодсоныг асуухад “Манай Ховдын залуу” гэж хэлсэн. Тухайн өдрийн 15 цагийн үед миний хүү А хувцаснууд нь цус болчихсон, нүүр нь хавдсан байдалтай гэртээ ирсэн. Би хүүгээ дагуулаад аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар, хоолойн эмчид үзүүлэхэд толгойны рентгэн зураг авхуулах шаардлагатай гэж хэлэхээр нь “Ачитзаяа” нэртэй хувийн эмнэлэгт очиж, хамрын зураг авхуулаад маргааш нь буюу 7 дугаар сарын 09-ний өдөр чих хамар, хоолойн эмчид үзүүлэхэд хамарных нь  мөгөөрсөн яс хугарч, их хэмжээний цус алдсан байна, эмчилгээ хийж байгаад хагалгаанд орно гэж хэлсэн. Ингээд 2 өдөр эм тариа хэрэглэж байгаад 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хагалгаанд орсон. Миний бие хүүгээсээ түүнийг У гэх залуу ямар шалтгааны улмаас зодсон талаар асуухад У нь нэлээн согтуу байсан ба Толбо нуур амралтын газарт тааралдаж хоорондоо маргалдаж улмаар У намайг зодсон гэж хэлсэн юм. Миний хүү 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Ачитзаяа” хувийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан юм. Миний хүүгийн эмчилгээний зардалд толгойны зураг авхуулахад 35.000 төгрөг, хамартаа чихээс хийлгэхэд 80.000 төгрөг, хувийн эмнэлэгт хагалгаанд ороод хэвтэн эмчлүүлэхэд 300.000 төгрөг, аймгийн төвд байрлах бариачид 3 хоног бариулахад 50.000 төгрөг, нийтдээ 500.000 төгрөг гарсныг И.У төлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний бие 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр танил дүү И.Утай хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур амралтын газарт амарч байсан. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед У нь уг амралтын газар байрлаж байсан гэрийн гадна байсан ба би ч бас тухайн үед гэрийн гадаа зогсож байгаад нэг харахад А, У нар нэг нэгнийгээ барьж аваад хоорондоо зодолдож хоёулаа газарт унасан юм. Энэ үед У нь Агийн дээр гараад зодож байх үед нь би очиж салгасан. И.Уг салгах үед тэр Аззяаяагийн нүүр тус газарт хөлөөрөө өшиглөх шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд    аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Т-ын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №635 дугаартай:“...Иргэн Л.Агийн бие хамрын ясны хугарал, зулай болон дагз хэсгийг хамарсан үсний халцарсан уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтэд /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Шүүгдэгч И.Угийн мөрдөн байцаалтын шатанд болох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сонгуулийн сурталчилгаанд ажилласан багаараа Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур амралтын газар очсон бөгөөд тухайн амралтын эзэн гэх залуутай 2 сав сэнгүүр /2,5/ литрийн пиво хувааж уусан. Тэгтэл А, Заграа гэх хүүхдийг дагуулаад 0.75 литрийн Улаанбаатар гэх архи авч орж ирсэн ба Заграа тухайн амралтын газрын эзэн гэх залуутай маргалдчихаад гарахаар нь би араас нь гараад “яагаад байгаа юм бэ?” гээд зогсож байтал А араас гарч ирээд “чи тийм атаман болсон юм уу?” гэж хэлээд намайг өдөөд байхаар нь би хавирч унагаагаад нүүрэн тус газар нь 2-3 удаа өшиглөсөн, тэгтэл надтай хамт амралтад ирсэн байсан ах намайг салгаж авсан. Тухайн үед Ганбаатар гэх ах, бас Заграа гэх залуу байсан. Би Л.Аг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би Л.Агаас уучлалт гуйж түүний эмчилгээний зардалд гарсан 500.000 төгрөгийг бие төлж өгсөн. Би Улаанбаатар хотод оюутан бөгөөд дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

       Шүүгдэгч И.Угийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Угийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 Шүүгдэгч И.Уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч И.У нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур амралтын газарт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн иргэн Л овогтой Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, гэрч Ч.Э, Ц.Г нарын мэдүүлэг /хх-ийн 40-43-рх/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч Д.Тогтохын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 635 дугаартай шинжээчийн дүгнэлт,/хх-ийн 11-12-р хуудас/ болон шүүгдэгч И.Угийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд И.Уд  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч И.У нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур амралтын газарт сонгуулийн сурталчилгаанд ажилласан багаараа амарч явах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн шөнийн 01.00 цагийн үед тус амралтын газарт байрлаж байсан гэрийн гадаа хохирогч Л.Атай маргалдан улмаар түүнийг хавирч унагаан, нүүр тус газарт нь толгойгоороо мөргөн, 2-3 удаа өшиглөж, хамрын ясыг нь хугалж, зулай болон дагзны хэсгийн үсийг нь халцалж, гэмтээн, түүний халдашгүй байх эрхийг нь зөрчсөн байна. 

Шүүгдэгч И.Угийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч И.У нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч И.Угийн үйлдлийн улмаас хохирогч Л.Агийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч И.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах  ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч И.У нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч  И.Угийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Агийн хамрын яс хугарч, зулай болон дагз хэсгийнх нь үс унаж, халцарсан байх ба хохирогч нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн “Ачит заяа” гэх хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мөн өдрөө хамрын хагалгаанд орж, улмаар уг эмнэлэгт 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэж эмчилгээ хийлгэсэн байна. Хохирогч Л.А нь эмчилгээний зардалд 500.000 төгрөг И.Угаас нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хор уршиг гэж үзнэ. Шүүгдэгч И.У нь хохирогч Л.Агийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Л.А нь түүнээс өөрөөр ямар нэгэн хохирол байхгүй гэдгээ илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Угаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Уд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч И.У нь “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул И.Уд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 56-рх/, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 49-р тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх ба шүүгдэгч И.У  нь 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, Ховд аймгийн Жаргалант сумын 11 дүгээр баг, Хайрхан 1-4 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуулийн авто инженерийн ангийн 3 дугаар курсэд суралцаж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч И.Уд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Түүнчлэн талууд хохирол, гэм буруугийн асуудлаар маргаагүй, шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч И.У нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр И.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохистой гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч И.Уд шүүхээс тогтоосон  хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч  О овогт И-ийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Уд  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Уд оногдуулсан дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА