Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 526

 

 “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01286 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хос маркшейдер” ХХК, Ж.Билгүүн, Э.Оюуномин нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 997 018 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч “Хос маркшейдер” ХХК-ийн төлөөлөгч Ж.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хас банктай 1720001620 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 30 хоногт 2.2 хувийн хүүтэй, тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 5-149А тоот хаягт байрлалтай Х91-400895, Х91-400959 сери дугаартай 2012 оны 2 долгионы хүчин чадалтай GPS 2 ширхэг, Субару форестер маркийн, 2003 оны хар өнгийн, 52-60 УНХ улсын дугаартай суудлын автомашин 1 ширхэг, баталгаат ипотекийн 72/155 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Г-2206000373 дугаартай Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 5-194А тоотын 126 м.кв талбай бүхий хувийн сууц, баталгаат ипотекийн 72/155 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206006102 дугаартай, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 5-194А тоотын 221 м.кв талбайтай газрыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг уг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр хэсэгчлэн төлөх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлэлгүй, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш огт төлөлт хийлгүй 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар нийт 406 хоногоор хугацаа хэтрүүлж байна.

Зээлийн гэрээний 5.1.1 дэх хэсэгт заасан зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нөхцөлийг хангаж байх тул тус гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрх үүссэн. Банкны зүгээс зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөхийг сануулж, шаардаж, мэдэгдэж, утсаар холбоо барьсаар байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж байна.

Иймд 1720001620 дугаар зээлийн гэрээг тус гэрээний 5.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр цуцалж, зээлийн үндсэн төлбөр 14 388 520 төгрөг, хүү 4 272 717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 781 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 24 000 төгрөг, нийт 18 997 018 төгрөгийг зээлдэгч “Хос маркшейдер” ХХК-ийн захирал Ж.Билгүүн болон хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Оюуномин нараас гаргуулж банкинд төлүүлж, баталгаат ипотекийн гэрээний 4.1.4, 4.1.7-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан. Компанийн маань үйл ажиллагаа доголдсон учраас банктай очиж гэрээний нөхцөлөө өөрчлүүлэх хүсэлт тавьж, банк хүлээж авсан боловч шийдвэр гаргаагүй бөгөөд зээлээ төл гэсэн учраас уг хугацаанаас хойш огт төлөлт хийж чадахгүй болсон. Зөвхөн хүү төлөөд явж байя гэсэн. Тэрнээс хойш компанийн үйл ажиллагаа хэвийн болж амжаагүй учраас төлөлт хийгээгүй байгаа. Нэгдсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг багасгуулах хүсэлтэй байна. Бусдаар бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Э.Оюуномин нь миний гэр бүлийн хүн гэдэг утгаараа хамтран зээлдэгчээр л орсон бөгөөд зээлсэн мөнгийг би зарцуулсан гэв.

 

Хариуцагч Э.Оюуномин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлд хамтран зээлдэгчээр орсон. Би өөрөө зээлтэй учраас төлбөр төлөх боломжгүй байсан. Ер нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК, “Хос-Маркшейдер” ХХК, Ж.Билгүүн, Э.Оюуномин нарын хооронд байгуулагдсан 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1720001620 дугаартай барьцаат зээлийн гэрээг цуцалж,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хос-Маркшейдер” ХХК, Ж.Билгүүн, Э.Оюуномин нараас 18 997 018 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хос-Маркшейдер” ХХК, Ж.Билгүүн, Э.Оюуномин нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- 2206006102 дугаартай, Хан-Уул дүүрэг, 5-р хороо Яармагийн 5-149А тоотын 126 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2206000373 дугаартай, Хан-Уул дүүрэг, 5-р хороо Яармагийн 5-149А тоот хаягт байрлалтай, 221 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 252 935 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 935 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч "Хос маркшейдер" ХХК-ийг нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийт 18 997 018 төгрөгийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэхэмжилсэн нийт мөнгөн дүнд "Хос маркшейдер" ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын сүүлд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 640 000 төгрөгийг тооцоогүй байгаа тул нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийт 18 997 018 төгрөгөөс 640 000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Хос маркшейдер” ХХК, Ж.Билгүүн, Э.Оюуномин нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 14 388 520 төгрөг, хүү      4 272 717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 781 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал       24 000 төгрөг, нийт 18 997 018 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Хос маркшейдер” ХХК, Э.Оюуномин нар зээлийн гэрээний үндсэн төлбөрийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

 

            “Хас банк” ХХК болон “Хос маркшейдер” ХХК, Э.Оюуномин нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь 30 000 000 төгрөг, гэрээний нөхцөл нь сарын 2.2 хувийн хүү төлөх, гэрээний хугацаа 36 сар, уг гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Субару форестер маркийн автомашин, 2 ширхэг GPS тоног төхөөрөмжийг барьцаалсан ба гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан, энэ гэрээний хүчин төгөлдөр байлын талаар талууд маргаагүй.

 

            Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат ипотекийн 72/155 тоот гэрээ бичгээр байгуулж, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 5 дугаар гудамж 149А тоотод оршин байх Ү-2206006102 дугаарт бүртгэгдсэн, 126 м.кв талбай бүхий амины орон сууц, Г-2206000373 дугаарт бүртгэгдсэн 221 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Зээлдэгч тал болох “Хос маркшейдер” ХХК болон Э.Оюуномин нар нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хавсралтаар тохирсон хуваарийн дагуу төлбөр хийгээгүй, энэ нь гэрээний 5.1, 5.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээг дангаар цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар талууд мөн маргаагүй.

 

            Нэхэмжлэгч гэрээг шүүхийн журмаар цуцлах нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгов.

 

            Зээлийн болон барьцааны гэрээний зээлдэгч тал нь “Хос маркшейдер” ХХК болон Э.Оюуномин нар байна. Энэ гэрээнд Ж.Билгүүн нь “Хос маркшейдер” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан нь иргэний хувьд зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал анхан шатны шүүх түүнд зээлийн гэрээний үүргийг хариуцуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой тул Ж.Билгүүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Хариуцагч “Хос маркшейдер” ХХК-ийн төлөөлөгч болон Э.Оюуномин нар нь үндсэн зээл, зээлийн хүүгийн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар тэднээс үндсэн зээл 14 388 520 төгрөг, зээлийн хүү 4 272 717 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Гэрээний 4.1 дэх хэсэгт зээлдэгч тал зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлөхөөр талууд тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Энэ үндэслэлээр хариуцагч талаас нэмэгдүүлсэн хүүд 4 272 717 төгрөгийг гаргуулсан нь зөв байна.

 

            Тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөхгүй байх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, бизнесийн үйл ажиллагаа доголдох нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэмэгдүүлсэн хүүг хасч тооцох боломжгүй, Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

            Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдөөгүй зээл төлүүлэхийг зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх энэ маргаанд хамааруулж дүгнэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэн болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

            Иймд шийдвэрийн 2 дахь заалтаас шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа тул 2 дахь заалтыг 1 гэж дугаарлаж, үлдэх дугаарлалтуудыг өөрчлөх нь зүйтэй.

 

            Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            Хөдлөх эд хөрөнгийн хувьд тухайлан шүүхийн шийдвэр гаргах шаардлагагүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал шийдвэрлэлгүй орхигдуулсныг зөвтгөх боломжтой. Энэ нь барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгөөс тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн эрхэд саад болохгүй юм.

 

            Мөн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн зарим шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг орхигдуулсныг нэмж оруулав.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 640 000 төгрөг төлснийг хасч тооцоогүй гэх үндэслэл заан давж заалдах гомдол гаргасан боловч холбогдох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй тул давж заалдах шатны шүүх гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01286 дугаар шийдвэрийн

Удиртгал хэсэгт “Зээлийн гэрээний үүрэгт 18 997 018 төгрөг гаргуулах” гэсний дараа “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэж нэмж,

1 дэх заалтыг хүчингүй болгож,

2 дахь заалтыг 1 гэж дугаарлан “...453 дугаар зүйлийн 453.1...” гэснийг “...452 дугаар зүйлийн 452.2...” гэж, “...олгосугай.” гэснийг “...олгож, Ж.Билгүүнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 997 018 төгрөг гаргуулах тухай “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтыг “2” гэж дугаарлан, “...даалгасугай” гэснийг “...даалгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Субару форестер маркийн автомашин болон 2 ширхэг GPS тоног төхөөрөмжөөр хангуулах “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, “хариуцагч нараас” гэснийг “хариуцагч “Хос маркшейдер” ХХК, Э.Оюуномин нараас” гэж,

“5” гэснийг “4” гэж, “6” гэснийг “5” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 19 850 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА