Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 270

 

                                                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Ж.Ц, Г.М нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнх-Од,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ж.Ц, Г.М нарт холбогдох эрүүгийн 1702002160085 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Жамаагийн Ж.Ц, 1968 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000000000/,

 

Хөх бураа овогт Гаваагийн Г.М, 1981 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 911 тоотод оршин суудаг,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар харгалзсан, /РД: 0000000006/.  

            Ж.Ц нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Г.Мтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа агаарын замын боомтоор Гаваагийн Г.Мийн эзэмшлийн Е2020942 дугаартай энгийн гадаад паспорт ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан,

            Г.М нь Ж.Цд өөрийн нэр дээрх гадаад паспортоо ашиглуулахаар урьдчилан амалж, улмаар Жамаагийн Ж.Ц нь Г.Мийн эзэмшлийн Е2020942 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Ж.Ц, Г.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд /15 хоногийн дотор/ хавтаст хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл яллагдагч Ж.Ц, Г.М нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч эд мөрийн баримт хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө хураан авах тухай прокурорын шийдвэрийг танилцуулж,...” гэж заасан байхад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 703 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай буюу эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл гаргаж эд мөрийн баримт хураан авах ажиллагаа явуулан тэмдэглэл үйлдсэн боловч уг ажиллагааг явуулахын өмнө дээрх прокурорын шийдвэрийг танилцуулаагүй буюу энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй /хх-38, 39/,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна...” гэж заасан байхад яллагдагч Ж.Ц, Г.М нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол үйлдэж тогтоолоо танилцуулсны дараа яллагдагчаар мэдүүлэг авахдаа тэдгээрт мөн хуулийн 7.1, 7.2, 7.3 дугаар зүйл, 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.6, 7.7 дугаар зүйлд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй /хх-79, 90/,

3. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтын хуудасны дугаар хавтаст хэргийн хуудасны дугаартай тохирохгүй байгаа, яллагдагч нарт прокурорын яллах дүгнэлтийг гардуулсан он, cap, өдөр бичигдээгүй, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулсан эсэх нь тодорхойгүй байгаа зэрэг болно.

Иймд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгах, хуульд нийцээгүй техникийн болон бусад алдааг зөвтгөсний дараа яллагдагч нарын гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ. ...Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Боржигон овог Жамаагийн Ж.Ц, Хөх Бураа овогт Гаваагийн Г.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702002160085 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, Ж.Ц, Г.М нарт холбогдох баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е2020942 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, 40391072 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн билет 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очтол Ж.Ц, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнх-Од бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Цыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор бусдын эзэмшлийн гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх үед тухайн үед хилийн шалганы байцаагч Дашзэвэг паспортыг хурааж авсан. Ингээд хилийн зөрчилтэй холбоотой холбогдох шалгалтыг хийгээд материалыг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Яллагдагч Ж.Цоос хурааж авсан паспортыг мөрдөгч хурааж авах санал тавиад үүний дагуу прокуророос тогтоол гаргаад дахин хурааж авсан ажиллагаа хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар ингэж хурааж авсан ажиллагаа нь өөрөө нотлох баримтаар тооцох үндэслэл болж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргээс бусад зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт мэдээллийг нотлож баримтаар тооцож болно гэсэн. Тэгэхээр нэгэнт хурааж авсан учраас дахин хурааж авах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхээс прокурорын хурааж авсан шийдвэрийг хурааж авах ажиллагааны өмнө танилцуулаагүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Прокурор Гансувдын шийдвэрийг танилцуулаад мөрдөгч яллагдагчид гардуулж өгсөн. Шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, ял өөрчлөх тогтоолдоо 7 дугаар бүлэгт заасан эрхүүдийг тайлбарлаж өгөөгүй гэсэн. Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлгийн 1, 2 дахь хэсэг нь яллагдагчийн эрх үүргийн талаар зохицуулаагүй. Үүнээс бусад эрх, үүргүүдийг нь мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолдоо танилцуулсан. Яллагдагчаар татах тогтоолд прокуророос өөрчлөлт оруулахдаа байцаасан. Ингэхдээ заавал байцаах шаардлагагүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас эрхийг нь тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн. Яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулсан эсэх нь тодорхойгүй гэж яриад байна. Яллах дүгнэлт нь хавсралтаас бүрдэнэ. Яллах дүгнэлтийг гардуулж өгсөн талаар тэмдэглэлд тусгагдсан. Шүүгдэгч нар өөрсдөө яллах дүгнэлтээ гардаж авснаа шүүх хуралдаанд баталгаажуулж хэлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Ж.Ц, Г.М нарт холбогдох хэргийг  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр шүүгчийн захирамжаар буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын яг аль үндэслэлийг нь барьж буцаагаад байгаа нь ойлгомжгүй. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс буцаагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчим агуулгад нийцэхгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ж.Ц, Г.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааны талаар” заасан байх ба хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...хэргийг прокурорт буцаах...”-даа мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу “...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж...” байхыг хуульчилжээ.

Гэтэл яллагдагч Ж.Ц, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр прокурорт буцаасан байх ба энэ талаар бичсэн “...шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд захирамждаа мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна...” гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байгаа нь шүүгчийн 195 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байгаа төдийгүй прокурорын бичсэн эсэргүүцлийн бусад заалтыг ч хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Мөнх-Одын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг ханган Ж.Ц, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Ж.Ц, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                   Д.МЯГМАРЖАВ