| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00689/И |
| Дугаар | 767 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 767
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/00767 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 21 байр, 37 тоотод оршин суух, Бөхчүүд овогт Ванчингийн Чимэдлхам /РД:ШГ58042163/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч В.Чимэдлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В.Чимэдлхам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Чимэдлхам миний бие 1974 оны 09 сарын 03-ны өдрөөс 2007 оныг дуусталх хугацаанд оёдлын үйлдвэрийн салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх Улаанбаатар хотын Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажиллаж эхлээд 1980 оны 02 сарын 21-ний өдрөөс Хувьсгалт Залуучуудын эвлэлийн илгээлтээр намайг Гэр ахуй эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллуулахаар шилжүүлсэн. Тэр үед Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1980 оны 03 сарын 18-ны өдрийн 67 дугаар тушаалаар шйидвэрлэж байсан боловч тухайн үед Оёдлын үйлдвэрийн нэгдлийн тамга дарагдаагүй үлдсэнийг хожим тэтгэвэрт гаргах материалаа бүрдүүлж байхдаа мэдсэн. Гэвч тэтгэврийн байцаагч тамга дарагдаагүй гэсэн шалтгаанаар 1974 оны 09 сарын 03-ны өдрөөс 1980 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг маань ажилласан хугацаанаас хасч тооцсон. Иймд 1974 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч В.Чимэдлхам нь 1974 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн хүсэлт гаргагч В.Чимэдлхамын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
Ванчингийн Чимэдлхамд 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон МХЗЭ-ийн төв хорооны “Тэргүүний ажилчин залуу” медалийн үнэмлэх,
Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1977 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 213 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад 1974 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үйлдвэрт ажилд орсон “Ванчингийн Чимэдлхам”-ын 1977 оны ээлжийн амралтыг 1977 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн олгох гэсэн бичилт,
Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1980 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад Хувьсгалт Залуучуудын эвлэлийн илгээлтээр Гэр ахуй эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллахаар очсон “Ванчингийн Чимэдлхам”-г цаг, зэргээр цалинжуулах гэсэн бичилт,
Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1981 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 247 дугаар тушаалын ариун цэврийн нөхөрлөлийн тэмцээнд оролцсон нэр бүхий 10 хүнийг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнах тухай хавсралтад ГАЭН-ийн мастер “Ванчингийн Чимэдлхам” гэсэн бичилт зэргээр тогтоогдож байна.
Мөн В.Чимэдлхамтай Оёдлын үйлдвэрийн нэгдэлд хамт ажиллаж байсан гэрч Г.Баасансүрэнгийн “Би 1970 оны 07 дугаар сараас Оёдлын фабрик болон Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажиллаж эхэлсэн. В.Чимэдлхам нь Оёдлын үйлдвэрийн нэгдлийн төв үйлдвэрт 1974 оны 09 дүгээр сараас эхлэн оёдолчноор ажиллаж эхэлсэн бөгөөд В.Чимэдлхам нь миний хариуцан ажиллаж байсан тасагт ажиллаж эхэлсэн тэр үеэс эхлэн В.Чимэдлхамыг таних болсон. Миний бие тус оёдлын үйлдвэрт 1976 оноос эхлэн оёдлын мастераар, 1981 оноос эхлэн бригадын даргаар тус тус ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажилласан. В.Чимэдлхам нь 1974 оны 09 дүгээр сараас эхлэн 1980 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд Оёдлын үйлдвэрийн нэгдэлд хамт ажиллаж байсан”
гэрч Б.Должинсүрэнгийн “Би анх 1969 оны 03 дугаар сараас Хүүхдийн хувцасны артельд оёдолчноор ажиллаж эхэлсэн ба 1970 онд Оёдлын фабрик байгуулагдах үед миний ажиллаж байсан тасаг Оёдлын фабрик руу шилжсэнээр Оёдлын фабрикт оёдолчноор ажиллаж эхэлсэн. Оёдлын фабрикийн нэр нь Оёдлын үйлдвэрийн нэгдлийн төв үйлдвэр болсон бөгөөд В.Чимэдлхам нь 1974 оны 09 дүгээр сараас эхлэн оёдолчноор ажиллаж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн В.Чимэдлхамыг таних болсон.
Миний бие тус оёдлын үйлдвэрт 1977 оны 08 дугаар сараас эхлэн оёдлын мастераар, 1985 оны 02 дугаар сараас эхлэн чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан.
В.Чимэдлхам нь 1974 оны 09 дүгээр сараас эхлэн Оёдлын үйлдвэрийн нэгдлийн төв үйлдвэрт оёдолчноор ажиллаж байгаад 1980 оны 02 дугаар сараас Эвлэлийн илгээлтээр Гэр ахуй эдлэлийн үйлдвэрт оёдолчноор шилжих болсон” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч В.Чимэдлхамын ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд хүсэлт гаргагч В.Чимэдлхамыг 1974 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бөхчүүд овогт Ванчингийн Чимэдлхам /РД:ШГ58042163/-ыг 1974 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1980 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч В.Чимэдлхамаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА