Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 165

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч З,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А т холбогдох эрүүгийн 2013001870160 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-д слесариар ажилладаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суудаг хаягтай, ам бүл 1 ганц бие, яс үндэс казах, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , регистрийн дугаар БА94122911.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч А  нь найз охин К д “надаас өөр хүнтэй харьцаа тогтоовол бусдад тараана, чи зөвхөн надтай үерхэх ёстой” гэж шаардаж, эс тэгвэл К ийн биеийн цээж, хөх хэсгийг ил гаргасан нүцгэн бичлэгийг бусдад тараахаар сүрдүүлж, улмаар уг бичлэгийг К ийн ах Н , эгч К , Т  нар луу 2020 оны 3 дугаар сарын үед цахим сүлжээгээр дамжуулан хэд хэдэн удаа явуулж, заналхийлэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н аас мэдүүлэхдээ: Залуучууд хоорондоо үерхэж болно. Гэхдээ шүүгдэгч хохирогчид надаас бусад хүнтэй битгий үеэрх гэж дарамт үзүүлсэн. Энэ үйлдэл нь нотлогдсон. Анх үерхэж байхад миний охин дүү сургуулийн сурагч байсан. Сургуулийн сурагч хүүхэд хэн нь ямар аш зантай гэдгийг сайн мэдэхгүй. Үерхэж байхад миний дүүгийн зарим зураг бичлэгийг авч 4-5 жил дарамт шахалт үзүүлж байсан. Watsapp болон Faсebook хаягийн нууц үгийг нь авч нэвтэрч орж байсан ба тус хаягт байдаг бүлгэмүүдэд орж хүмүүсийн дугаарыг нь авсан байдаг. Дараа нь миний дүү утасныхаа дугаарыг солих үед тухайн хүмүүст холбогдож би түүний нөхөр нь байна, дугаарыг нь өгөөч гэж авч мөн дарамталж байсан. Мөн дээрх зураг бичлэгүүдийг нь багш нарт нь болон найз нарт нь удаа дараа явуулж байсан. Нэг өдөр миний дүү шөнө уйлж байхад нэг багш эмэгтэй ирж яагаад уйлж байгаа вэ гэж асуусан ба учир байдлаа тайлбарлаж хэлэхэд тухайн багш чи миний 3 хүүхэдтэй нөхөрт суугаарай гэж хэлж байсан юм байна. Үүнийг дараа нь сургуулийн захиргаа мэдэж тухайн багшийг ажлаас чөлөөлж байсан. Мөн дүү маань хаана ч явсан надтай харилцаатай байгаарай гэж байнга дарамталдаг байсан. Миний охин дүүгээс уучлалт гүйж байгаагүй. Надаас уучлалт гүйж байсан ба тухайн үед би дүү маань уучилбал би уучилна гэж хэлж байсан. Миний хажууд байхад миний дүүтэй Watsapp-аар ярилцан ба тухай үед миний дүү уучлахгүй гэж хэлж байсан. Бас хэрэв чи нөхөрт гарах бол би чиний энэ бичлэгийг нөхөрт чинь явуулна гэж сүрдүүлдэг байсан. Мөн 4 сая төгрөг өгч байгаагүй. Тэр талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Би тухайн мөнгөний талаар охин дүүтэйгээ ярьж байгаагүй. Би тэр тухайн анх удаа сонсож байна.

Миний охин дүү D ангиллын сэтгэц мэдрэлийн өвчтэй болсон ба 2017 оноос хойш тогтмол намар хаврын үед хэвтэн эмчлүүлдэг нь үнэн болно гэсэн Казахстан улсын эмч нар тодорхойлолт явуулсан. Нийт 7 дахь удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өмнө эрүүл саруул байдаг байсан. 18-22 насны бага насны охин хүүхэд яагаад сэтгэц мэдрэлийн өвчнөөр өвдсөн вэ гэхээр энэ шүүгдэгчийн дарамтаас болж байнга нойргүй хонож дарамтад байсан. 7 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нэг удаа 100 мянган тенгегээр /Казахстан улсын мөнгөн тэмдэгт/ ор хоногийн мөнгө төлдөг байсан. Мөн 30-35 мянган төгрөгөөр эм авч уудаг байсан. Мөн шүүгдэгч өөрөө мэдэж байгаа байх Алматы хотод 3 удаа явуулж эмчлүүлж байсан. Сүүлд эмчлүүлсэн гэх Алматы хотод эмчлүүлж байсан гэх тодорхойлолтыг хорио цээрийн улмаас шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгч чадаагүй. Эмчилгээний зардалд 7.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001870160 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. К ийн хагас нүцгэн бичлэгийг түүний ах нь болох Н  руу явуулсан СД бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

2. А , Н  нарын ватс апп хаягаар харилцсан зурвасууд /хавтаст хэргийн 22-48 дугаар хуудас/,

3. Хохирогч К ийн гараар бичсэн өргөдөл, түүний орчуулга /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/,

5. Гэрч К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

6. Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

7. Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,

8. Хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 106-111 дүгээр хуудас/  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А  нь найз охин К д “надаас өөр хүнтэй харьцаа тогтоовол бусдад тараана, чи зөвхөн надтай үерхэх ёстой” гэж шаардаж, эс тэгвэл К ийн биеийн цээж, хөх хэсгийг ил гаргасан нүцгэн бичлэгийг бусдад тараахаар сүрдүүлж, улмаар уг бичлэгийг К ийн ах Н , эгч К , Т  нар луу 2020 оны 3 дугаар сарын үед цахим сүлжээгээр дамжуулан хэд хэдэн удаа явуулж, заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч К ийн цагдаагийн байгууллагад гаргасан: “...А  намайг эхнэрээ болгож авахыг, миний охин насыг маань хайрлан хамгаалахаа хэлсэн. Миний гэнэн байдлыг далимдуулан намайг Казахстан улс руу сургуульд сурахаар явах гэж байх үеэр А  надтай бэлгийн харьцаанд орох талаар аргагүй байдалд хүргэсэн. ...цаг тутамд намайг шалгаж, хариу өгөөгүй үед зураг, дүрс бичлэг болон нууцлаг зүйлсийг маань ах нарт цахим сүлжээгээр ил болгож нэр төрд маань халдсан. ...А т хариуцлага тооцож өгнө үү” өргөдөл, түүний орчуулга /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

- Хохирогч К ийн хагас нүцгэн бичлэгийг түүний ах Н  руу явуулсан СД бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

- А , Н  нарын ватс апп хаягаар харилцсан зурвасууд /хавтаст хэргийн 22-48 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Египет улсад шашны мэргэжлээр суралцаж байгаад 2017 оны 10 дугаар сард Баян-Өлгий аймагт ирсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сард миний дүү К  Казахстан улсаас амралтаараа ирсэн байсан ба тэр үед надад А тэй үерхдэг гэдгийг хэлсэн.

 Тухайн үед надад “би А т дургүй намайг байнга дарамталдаг, харилцаа муутай, муухай ааштай би тэрний занг тэсэхгүй байна” гэж хэлж байсан. Миний дүү К ийн дүрс бичлэгийг А  2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр явуулсан. Уг бичлэгийг надаас өмнө миний дүү К , миний төрсөн охин А  нарт явуулсан байсныг надад өөрсдөө хэлсэн ба яагаад тийм бичлэг явуулсныг асуухад К ийг надтай холбоо бариул гэж шаарддаг байсан гэж хэлсэн. Энэ бичлэгийг ах, дүү нарт чинь явуулбал танайхан ичээд чамайг өөрөө надад хөтөлж авч ирж өгөх болно гэдэг байсан байна.

...А  урьд өмнө нь миний охин дүү К ийг чи надаас холбоо тасалж, салах юм бол би чиний бичлэг зургийг ах, эгч нарт чинь явуулна, тэгсэн тохиолдолд танай ах, эгч нар чамайг надтай суулгаж таарна гэдэг байсан гэж надад миний дүү К  хэлж байсан.

...Дүү болох К ийн эмчилгээний зардал болох 7.500.000 төгрөг, дээр нь сэтгэл санааны хохирол болох 2.000.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөгийг нэхэмжлэх болно. Эмчилгээтэй холбоотой Казахстан улсаас справки явуулсан. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох материалыг “Ковид” вирустай холбоотой тус эмнэлгээс манайх руу явуулж чадаагүй. Учир нь, ачаалал ихтэй холбогдох материалуудыг гаргаж өгөх боломжгүй байна. Зөвхөн нийт хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаарх справки явуулж өгсөн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/,

- Гэрч К гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тэр хоёрыг үерхдэг байсныг мэднэ, гэхдээ хэр зэрэг дотно байсныг мэдэхгүй. Миний дүү К  аймагт 5 дугаар ахлах сургуульд сурдаг байхад А  Улаанбаатар хотод ажил хийдэг байсан. Миний фейсбүүк чат болон ватс апп хаягаар А  миний дүүгийн гивлүүргүй /толгойны алчуургүй/ зургийг явуулсан, дараа нь цээж нүцгэн бичлэгийг нь явуулсан. Миний ватс апп хаягаар “та дүүтэйгээ намайг холбоо бариулаад өгөөч, хамт байдаг хүүхдийн дугаарыг нь өгөөч гэдэг байсан гэх” мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

- Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...К  миний төрсөн дүү, харин А  нь түүний найз залуу байсан бөгөөд 2015 оноос хойш үерхэж байгаад болих гэсэн боловч салахгүй байгаа хүн юм. Би тэр хоёрыг хэр дотно үерхэж байсныг мэдэхгүй байна. Анх танилцахад манай дүү 12 дугаар ангид сурч байсан бид нар том хүнтэй үерхээд яах гээд байгаа юм боль гэж хэлсэн чинь огт болихгүй байсан тэгээд сүүлд бид нарт хэлэхдээ тухайн үед болих гэсэн боловч миний цээж нүцгэн зургийг гар утсаараа дарж авчхаад болих юм бол энэ зургийг чинь танай ах нарт чинь харуулна шүү гэж дарамталдаг байсан учраас айгаад больж чадахгүй байсан гэж хэлсэн. К ийн цээж нүцгэн зургийг А  миний ватс ап хаяг руу явуулж байсан бөгөөд тухайн үед би блок хийсэн дараа өөр хаягаас над руу явуулж нийт 2 удаа явуулсан. Манай төрсөн дүү К тэй А  нь үерхэж байгаад салсан. Тэгээд А  нь манай дүүтэй холбоо барих зорилгоор надаас салбал чиний зургийг ах дүү нар руу чинь явуулна, фейсбүүк дээр тавина гэж дарамталсан байсан“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-85 дугаар хуудас/,

- Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би К ийг танина. Алтай сумын бүрэн дунд сургуульд манай доод ангид суралцдаг байсан ба бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үерхэж хайр сэтгэлийн холбоотой болсон юм. Бид хоёр үерхээд 4 жил 8 сар хайр сэтгэлийн холбоотой байж байгаад 2020 оны 1 дүгээр сард салсан, салах болсон шалтгаан нь тэр өөр эхнэр 3 хүүхэдтэй залуутай үерхэж надад хэлж улмаар хэрүүл гарч салах болсон юм. Бид хоёр уулзах гэхээсээ илүү утсаар ярьж, мессеж бичдэг байсан тийм дотно ч биш бас хөндий ч биш хэвийн харилцаатай байсан. Бид хоёр бэлгийн харилцаанд орж байгаагүй.

Бид хоёр үерхэж байхдаа фейсбүүкийн нууц кодоо солилцдог байсан. Би садар самуун агуулгатай гэхээсээ илүүтэй надад буцаад ирсэн намайг хуурахгүй гэдгийгээ нотол гэж тийм бичлэг хийлгэсэн. Би өөрийн ватс апп хаягаар К ийн бичлэгийг түүний эгч К  рүү 2020 оны 3 дугаар сүүлчээр явуулсан ямар учраас явуулсан гэхээр К  бид хоёрыг үерхдэг гэдгийг мэддэг байсан учраас К ийг надтай холбоо бариулж өгөхийг хүсэж нэг удаа явуулсан. Би уг бичлэгийг 2017 оны 11 дүгээр сард хийлгэж авсан, тухайн үед өөр хүнтэй үерхэж надтай буцаад нийлэхээр нь надад үнэнч болсноо батал гэж уг бичлэгийг хийсэн. Уг бичлэг зөвхөн надад байгаа ганцхан хувь байдаг. Би К ийн ах Н тай ватс апп хаягаараа урьд өмнө нь холбоотой байдаг байсан би уг бичлэгийг бас явуулж бид хоёрыг холбож өгөөч гэж хэлэх гээд явуулахад тэр чамайг цагдаад өгнө гээд надтай дахиж харилцахаа больсон. Би уг бичлэгийг А д санаандгүй байдлаар явуулсан гэхдээ ямар нэгэн санаа бодол агуулаагүй. Би К ийг бичлэгийг бусдад тараасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

...К  Казахстан улсад байхдаа өөр залуутай үерхэж байгааг нь мэдээд би надтай холбоогоо таслаад өөр хүнтэй уулзах юм бол ах эгч нар руу чинь энэ бичлэгийг чинь явуулна гэдэг байсан ба 2017 оноос хойш уг бичлэгээр сүрдүүлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А  нь хохирогч К д “надаас өөр хүнтэй харьцаа тогтоовол бусдад тараана, чи зөвхөн надтай үерхэх ёстой” гэж шаардаж, эс тэгвэл К ийн биеийн цээж, хөх хэсгийг ил гаргасан нүцгэн бичлэгийг бусдад тараахаар сүрдүүлж, улмаар уг бичлэгийг К ийн ах Н , эгч К , Т  нар луу 2020 оны 3 дугаар сарын үед цахим сүлжээгээр дамжуулан хэд хэдэн удаа явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, “Заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч К ийн биеийн цээж, хөх хэсгийг ил гаргасан нүцгэн бичлэг нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл мөн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус, хууль бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К д учирсан хор уршигт сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 7.500.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөг нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 107-111 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн иргэний нэхэмжлэл болох 9.500.000 төгрөг гаргуулахыг хүссэнийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, эдгээр баримтуудыг хуулбар хэлбэрээр нь хавтаст хэрэгт тусгасан бөгөөд гадаад үг хэллэгээр бичигдсэн, баталгаат орчуулгын товчоогоор орчуулсан боловч худал орчуулбал хүлээлгэх хуульд заасан хариуцлагыг зохих этгээдэд сануулаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй баримт бичиг байна. Иймд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас сэтгэл санааны болон эмчилгээний зардалд гарсан иргэний нэхэмжлэлийн нотлох баримтуудаа хуульд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.     

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч А  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД бичлэг 2 ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч А т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ийг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгч А ээс сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 7.500.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД бичлэг 2 ширхэгийг 2013001870160 дугаартай эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т