| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0154/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | 25.3.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 166
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Б,
иргэний нэхэмжлэгч С ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т ,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013000910105 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , регистрийн дугаар: БГ********.
Шүүгдэгч А нь 2019 оны 8 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Хойд Бөхөн уулнаас барагшун түүж байгаад хадны доороос Х-Хlll зууны үеийн нум, сум, саадаг, ташмаг, хутга, модон тагш зэрэг эртний соёлын хосгүй үнэт биет өвийг олж авсан ба уг эд зүйлсийг зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А оос мэдүүлэхдээ: Тухайн үед олж авсан зүйлээ зохих байгууллагад мэдэгдэх ёстой гэдгээ мэдээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Иргэний нэхэмжлэгч С мэдүүлэхдээ: Шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Дээрх соёлын хосгүй үнэт биет өвийг Баян-Өлгий аймгийн Музейд хадгалах саналтай байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000910105 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Эртний соёлын үнэт зүйл олдсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/,
2. Яллагдагч А оос нум, сум, сумны сав, ташмаг, хутга, модон тагш зэрэг эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас/,
3. Яллагдагч А нь дээрх түүх соёлын үнэт зүйлсийг хадны доороос татаж гаргаж авахдаа ашигласан 1.23 см урттай, дэгээ нь 9 см хэмжээтэй 1 ширхэг дэгээ төмрийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, уг төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,
4. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
5. Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
6. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
7. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,
8. Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /43-45 дугаар хуудас/,
9. Шинжээч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х ийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
10. Иргэний нэхэмжлэгч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/,
11. Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69, 160 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А нь 2019 оны 8 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Хойд Бөхөн уулнаас барагшун түүж байгаад хадны доороос Х-Хlll зууны үеийн нум, сум, саадаг, ташмаг, хутга, модон тагш зэрэг эртний соёлын хосгүй үнэт биет өвийг олж авсан ба уг эд зүйлсийг зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: - Эртний соёлын үнэт зүйл олдсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/,
- Яллагдагч А оос нум, сум, сумны сав, ташмаг, хутга, модон тагш зэрэг эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас/,
- Яллагдагч А нь дээрх түүх соёлын үнэт зүйлсийг хадны доороос татаж гаргаж авахдаа ашигласан 1.23 см урттай, дэгээ нь 9 см хэмжээтэй 1 ширхэг дэгээ төмрийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, уг төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,
- Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн зун буюу 2019 оны 8 дугаар сард манайд хашаа барих ажил хийж байсан А нь надад би хуучны нум сум, эд зүйлс олж авлаа, та үзэх үү гэж хэлсэн. Би өөрөө зуны улиралд жуулчинд явдаг бөгөөд за би үзье ямар эд зүйлс юм бэ гээд гэрт нь очиход байшингийнхаа хойд талд байрлах амбаартаа дагуулан оруулж, цагаан уутанд ороолттой эд зүйл гаргаж ирээд уутнаас хуучны байдалтай нум, сум, модон аяга, зэвэрсэн төмөр хутга, арьсан дашмаг зэрэг эд зүйлийг гаргаж үзүүлсэн. Би тэдгээр зүйлсийг гаднаас ажиглаж үзээд буцаад явсан. Би өөрөө тиймэрхүү зүйл сонирхдоггүй тул хальт үзээд л явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А гэгчийг танихгүй. Харин 2019 оны 11 дүгээр сарын үед байх “Мицубуши Голт” маркийн 5588 БӨҮ улсын дугаартай бараан өнгийн машинтай намайг шатахуун түгээх станцад ажлаа хийж байтал бензин авахаар ирсэн юм. Тэр залуугийн машинд бензин хийж өгч байхад надаас нум сум ямар үнэтэй байдаг юм бол гэж асуусан. Би өөрөө нум харвадаг бөгөөд шинэ нум 800.000 төгрөг, хуучин нум нь сайн муу, хийц, эдэлгээнээсээ шалтгаалаад янз бүрий үнэ ханштай байдаг гэхэд надад нэг нум байгаа, зарна гэсэн юм. Би түүнд тэгвэл би нумыг чинь үзье, боломжийн нум байвал би худалдаж авъя гэсэн юм. Улмаар 2019 оны 12 дугаар сарын эхээр байх орой 23 цагийн орчимд нөгөө залуу машинтайгаа дахин ирсэн. Ирэхдээ нум сумаа надад үзүүлэхээр аваад ирсэн байсан. Би нум сумыг нь үзэхэд эвэр элэгтэй, нэг талыг модны холтосоор бүрсэн байдалтай, тасарсан суран хөвчтэй нум 1 ширхэг, 7 ширхэг сум байх ба 2 ширхэг сум нь ясан, 5 сум нь төмөр зэвтэй хуучны байдалтай эд үйлсийг авч ирсэн. Би тухайн нумыг үзээд нэлээд хуучны байсан тул энэ нумаар харваж болохгүй гэж хэлсэн. Би тухайн үед нумыг чинь харваж үзэж байгаад авъя, хэрвээ харваж болж байх юм бол 300.000 төгрөгөөр авъя гэсэн. Гэтэл нөгөө залуу үнэ дээр тохироогүй тул нумаа буцаагаа аваад явсан юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/
- Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард байх үл таних 2 залуу ирж хуучны нум сум, саадаг, модон аяга, арьсан дашмаг, ясан иштэй төмөр хутга зэргийг авч ирж надад үзүүлсэн. Тэдгээр залуус тэдгээр эд зүйлсийг ямар эд зүйлс болох, ямар үнэ өртөгтэй болдгийг асууж тодруулах зорилготой ирсэн юм шиг байна лээ. Би дээрх эд зүйлсийг үзэж сонирхоход нэлээд эртний байдалтай эд зүйлс байж харагдсан. Би тэдгээр залууст наад эд зүйлсийг чинь түүх дурсгал хадгалдаг газар музей зэрэг газарт байлгах эд байна, та нар зарж борлуулж болохгүй, сайтар хадгал гэж хэлсэн юм.
Улмаар 2020 оны 1 сарын сүүлээр байх Улаанбаатар хотоос манай хамаатны ах Мягмар гэх хүн ирсэн юм. Тэр хүн үзэж сонирхъё гэхээр нь би нөгөө нум сум эд зүйлс үзүүлсэн залууг утсаар нь дуудахад нум сум, эд зүйлсийг аваад хүрээд ирсэн. Тэгээд манай ах үзэж сонирхоод зургийг авсан. Нөгөө А гэдэг залуу нь эдгээр зүйлс хэдэн төгрөгийн үнэ хүрэх талаар асуусан бөгөөд ямар нэгэн үнэлгээ хэлээгүй. Чи эвдэж гэмтээж болохгүй гэдэг талаас нь тайлбарлаж хэлсэн. Монгол улсын төрийн хамгаалалтанд байх үнэт зүйл юм гэж хэлсэн. Улмаар тэдгээр эд зүйлсийг үзэж сонирхоод цаашид авахаар сонирхсон хүн байвал холбогдож ярихаар болоод явуулсан. Анх ирэхдээ ганцаараа ирсэн, дараа дахин ирэхдээ хажуудаа 1 залуутай ирсэн юм. Эхлээд ирэхдээ надад та эдгээр эд зүйлсийг худалдаж авахгүй биз гэж ирсэн ба би тус эд зүйлийг ашиглахгүй, наад зүйлс чинь музейн үзмэрт байх зүйлс гэж тайлбарлан хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,
- Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А тухайн айл руу ороход гартаа таягтай нэг хөгшин, дунд эргэм насны залуугийн хамт гарч ирсэн. Аманжол нь нөгөө машины хойд талд хийсэн шуудайтай зүйлсээ гаргаж ирэн задалж дотор нь байсан эд зүйлсийг нэг бүрчлэн гаргаж тавьсан. Шуудайн дотор нум сум, заадагтай, арьсан дашмаг, зэвэрсэн төмөр хутаг, модон аяга зэрэг зүйлс байсан. Аманжол нь нөгөө 2 хүнд би эдгээр зүйлсийг зарах гэж байгаа юм, хэдэн төгрөгийн үнэтэй байдаг юм бол гэж асуусан. Энэ үед нөгөө хөгшин настай хүн зургийг утсан дээрээ авч, за би эдгээр зүйлийн зургийг Улаанбаатар хотод хүнд үзүүлье, хэдэн төгрөгийн үнэтэй ямар эд зүйлс эсэхийг нь тодруулж байгаад хажуу талын дунд эргэм насны хүнийг зааж энэ хүнээр дамжуулж чамтай ярья чамд эдгээр зүйлийг худалдан авах хүнийг олж өгье гэж хэлсэн“ гэх мэдүүлэг /43-45 дугаар хуудас/,
- Шинжээч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн: “Эдгээрийг дундад зууны үеийн бусад булш оршуулгын эд өлөгтэй харьцуулан урьдчилсан байдлаар үзэхэд он цагийн хувьд Х-ХIII зуун буюу одоогоос 700-1000 жилийн өмнөх үед холбогдох боломжтой байна. ...Бидний үзэхэд эдгээр олдворууд дундад зууны монголчуудын түүх-соёлын хосгүй үнэт зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Шинжээчийн дүгнэлтээр уг олдвор нь Х-ХIII зууны эд зүйлс гэж гарсан байна. Түүхийн хосгүй үнэт зүйлсийг үнэлгээ тогтоох боломжгүй байдаг юм. Түүхийн хосгүй үнэт зүйл нь өөрөө төрийн өмч болдог. Түүхийн хосгүй үнэт зүйлс нь манай аймгийн нутаг дэвсгэрээс олдсон учраас тухай эд зүйлсийг орон нутгийн музейд авч хадгалах нь зүйтэй гэж бодож байна. Иймээс уг олдворыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/,
- Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 8 дугаар сарын хэдний өдөр гэдгийн санахгүй байна. Өдөр 09 цагийн үед гэрээсээ гарч өөрийн БНХАУ-д 2016 онд үйлдвэрлэгдсэн “Рекоп” маркийн мотоциклтойгоо Сагсай сумын нутаг дэвсгэр хойд Бөхөн уулын орой хэсэгт 10 цагийн үед барагшуун түүхээр уул, хадны хөндий ёроолыг ухаж байхад нэг савтай төмөр зүйл тороод байхаар уг зүйлийг ухаж татаж гаргахад дотроо нум сум нь зэвтэй сум /7 ширхэг модон/ хайрцгийн хамт гаргаад ирсэн. Уг хайрцаг нь гадуураа бирзентэн даавуу ч юм шиг зүйлээр ороосон байсан. Тэгээд би уг хадны доор өөр зүйл байж магадгүй гэж бодоод гэрээс авч ирсэн ухаж байсан төмрөөрөө дахиг гүйлгэж татахад модон аяга, нум хөвчийн хамт, жижиг ясан эвэртэй хутга, арьсан жижиг хөхүүр зэрэг эд зүйлс гарч ирсэн юм. Улмаар тухайн эд зүйлсийг шуудайнд хийж аваад гэртээ авч ирж амбаартаа хадгалж байсан. Тэгээд би олж авсан дээрх зүйлсийг иргэн Б ын гэрт хашаа барьж байгаад олж авсан зүйлээ хэлж үзүүлсэн юм. Тэгээд үзэж байгаад ажилтай явж байна гээд яваад өгсөн юм.
Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын үед “МТ” шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг Ж гэх залууд үзүүлэхэд Ж 300.000 төгрөгөөр авна гэхээр нь би үнэ тохиролцохгүй яваад өгсөн юм. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сард Т гэх хүнд дээрх эд зүйлсийг үзүүлж ямар үнээр авах талаар асуухад би сайн хэлж мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би та сонирхвол хэлээрэй гэж хэлээд явсан юм. Гэтэл Т гэх хүн над руу залгаж дээрх эд зүйлсээ аваад ир нэг хүнд үзүүлье гэж хэлэхээр нь би зах дээр хамт биллирьд тоглож байсан найз Т д олж авсан зүйлийнхээ талаар хэлж хамт Т гэх хүн дээр очсон юм. Тэгээд олж авсан эд зүйлээ аваад Т өд очоод үзүүлэхэд сонирхож байгаад эртний эд зүйл байна гэж хэлээд хамгаалах талаас нь надад хэлээд явуулсан юм. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагийн хоёр алба хаагч ирээд миний олж авсан эд зүйлийг харъя гэж хэлэхээр нь үзүүлсэн юм.
Би тухайн өдөр гэрээс гарахдаа барагшун түүх зорилгоор дэгээ төмөр авч гарсан байсан. Тэгээд хойд Бөхөн уулын хадны доороос уг төмрөөр барагшун татаж байхад миний дэгээ төмөрт ямар нэгэн зүйл торж тэгээд уг зүйлсүүдийг олж авсан юм. Би тухайн үед ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69, 160 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ыг соёлын биет өвийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн тайлбараа гаргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хуульчилсан ба Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг; 3.1.2-т “соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг ойлгохоор тусгажээ.
Шинжээч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч А ын олж авсан нум, сум, саадаг, ташмаг, хутга, модон тагш зэрэг нь соёлын биет өв болох нь тогтоогджээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.” гэж, Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Дарагдмал үнэт зүйлс дотор түүх, соёлын дурсгалт зүйл байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ...” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч А нь олж авсан соёлын биет өвийг төрийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхийг хувьдаа завшсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А ын шунахайн сэдэлт, хариуцлагагүй байдал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс шүүгдэгч А нь бусдад төлөх төлбөргүй болох нь нотлогдсон тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ыг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү хэмээн тус тус санал дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч А д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн бичиг баримт болох №01583619 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0749969 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А д буцаан олгох, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нум 1 ширхэг, сум 7 ширхэг, саадаг /ховд/ 1 ширхэг, модон тагш /аяга/ 1 ширхэг, хутга 1 ширхэг, дашмаг 1 ширхэг зэрэг соёлын биет өвийг Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музейд хадгалуулахаар шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн төмөр дэгээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А ын өмч болох фекон загварын 3282 БӨЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ыг соёлын биет өвийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч А д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 8 /найм/ сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч А д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт хорих ял оногдуулахыг сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж, №01583619 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0749969 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нум 1 ширхэг, сум 7 ширхэг, саадаг /ховд/ 1 ширхэг, модон тагш /аяга/ 1 ширхэг, хутга 1 ширхэг, дашмаг 1 ширхэг зэрэг соёлын биет өвийг Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музейд хадгалуулахаар шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн төмөр дэгээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч А ын өмч болох фекон загварын 3282 БӨЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т