| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0019/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Батсүх |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 167
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Б,
гэрч Н,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч З,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013000000002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, А, регистрийн дугаар: БЮ64******.
Шүүгдэгч А ийн холбогдсон хэргийн талаар:
А нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед өөрийнхөө гэрт /өвлийн байшин/ өөрийн нөхөр С тэй архи уулаа гэж маргалдан түүнийг агсам тавьж цайны данх, ширээ, сандал, ус буцалгагч зэрэг эд зүйлийг авч өөр рүү нь шидэх үед нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах гэсэн санаа зорилгоор үйлний хайч гартаа барьж ноцолдож байхад хайч нь С ийн цээжинд орж улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А ээс мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бугат сумын эмнэлэгт даралтаас болж хэвтэн эмчлүүлж байсан. 26-ны өдрийн өглөө хүү Н гийн сургуулийн О гэдэг багш над руу залгаад “таны хүүхэд сургуулийн шилдэг сурагчаар шалгарлаа, ирээд шагналаа аваарай” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд, нөхөр маань ор дээрээ буруу хараад хэвтэж байсан. Тэгээд нөхөрт “хүү маань сургуулийн шилдэг сурагч” болсон байна. Хоёулаа хамт очоод шагналыг авъя гэж хэлэхэд, “миний зүрх сонин хатгаад өвдөж байна. Би тэнд очих юм бол архичид бас л хүүхдийнхээ шагналыг мялаа гэж архи нэхнэ. Тиймээс би очихгүй” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө очоод хүүгийнхээ шагналыг авч ирэхэд, нөхөр маань гэрт байсан. Хүүгийнхээ шагнал авсанд маш их баярласан. Тэр орой нь Н /Н / найз нартайгаа тэмдэглэхээр явж, би унтчихсан байсан. Тэгээд шөнө дуу чимээ гарахаар нь нөхрийнхөө унтаж байсан өрөөнд очиход, хүүгийнхээ авсан медалиудыг өлгөхөөр хаана руу хадаас цохиж байсан.
Маргааш өглөө нь манайд А гэдэг хөрш Н д баяр хүргэхээр ирээд, бид 4 цай ууж байхад, нөхөр маань А д “энэ жил миний зүрх өвдөж байна. Эмчид үзүүлэхэд, хотод очиж үзүүл гэж хэлсэн. Гэхдээ мөнгө төгрөгийн асуудлаас болж очиж чадахгүй байна” гэж өвчний талаар ярьж байсан.
Дараа нь Н тестийн ном авна гэж сургууль руугаа явчихсан. Тэгээд нөхөр маань миний сууж байсан өрөөнд орж ирээд, “миний зүрх өвдөж байна. Би эмнэлэгт очоод, зүрхээ үзүүлээд ирье” гэж хэлсэн. Тэгэхэд А тогломоор “та хөргөгчид байгаа вино, архийг би уучихна гэж бодоод зугтаад явж байгаа юм уу” гэж тоглоод хэлж байсан. Тэгээд С /талийгаач нөхөр нь/ маань гэрээсээ гараад явсан. А манай гэрт зурагтаар тоглолт үзэж байсан. Хэдэн цаг өнгөрсний дараа би нөхрөө хайхаар гэрээсээ гарсан. Нэг хүмүүсээс С г асуухад, Х болон М нартай хамт явж байсан гэж хэлсэн. Тэгээд архи ууж явсныг мэдсэн. Эмнэлэгт очиж тариагаа тариулъя гэж очиход, сувилагч нь хүүхдийн цагтай гэж явчихсан учраас тариагаа тариулж чадаагүй. Тэгээд гэрт ирэхэд, Н номоо дэлгээд чихэндээ чихэвч зүүгээд хичээлээ хийж сууж байсан. Тэгээд Н д өвөө чинь /хүү Н талийгаач эцэг С ийг “өвөө” гэж дууддаг/ Х , М нартай хамт явсан байна олж чадаагүй гэж хэлэхэд, “танд битгий явуул гэж хэлээ биз дээ. Архи ууж явсан байх. Архи ууж ирэх юм бол битгий хэрүүл маргаан гаргаарай” гэж хэлсэн.
Тэгээд ярьж байхад, гэрийн хажууд нэг машин ирж зогсоод машинаас С согтуу бууж байхаар нь гэрт байгаа бүх хутгануудыг нуусан. Гэрт орж ирэхэд нь би “чи өчигдөр хүүхдийнхээ шагнал авах ёслолд очъё гэхэд, би өвчтэй гэж очоогүй биз дээ, чиний зүрх өвддөг яагаад архи уусан бэ,” гэж хэлэхэд, С “би тэр шагналаас болж баярлаад уусан. 4 хүн 4 шил архи уусан. Би угаасаа үхнэ, зүрх маань хатгаж өвдөж байгаа. Шөнө унтахгүй байгаа. Би зөвхөн Н гаа бодож байгаа” гэж хэлсэн. Тэгээд одоо амраад ав, Н гийн найзууд нь ирнэ гэж цай өгөхөд, “Архи уусан хүн сүүтэй цай уудаггүй юм” гэж надаас гэрт байгаа коньяк архийг асуусан. Би Казахстан улсаас арай гэж авхуулсан коньякийг өгөхгүй, хөрш нарт шагналын цайллагыг өгөхдөө хөрш нарт өгнө, архичдад өгөх архи байхгүй гэж хэлсэн. Манай хөрш нарт бид хоёрыг өвөө, эмээ гэж маш их хүндэлдэг байсан. Архи өгөөгүйгээс болж бид хоёрын маргаан эхэлсэн.
Би нөхрөө буруутгахгүй. Энэ үйл явдал бид хоёрын буруутай явдлаас болсон. Архи уугаагүй үед нөхөр маань намайг их хүндэлдэг, хөрш нар намайг “эрх эмгэн” гэж дууддаг байсан. Би архийг өгөөгүйгээс болж энэ явдал болсон. Түүний охин дүү нар нь бүгд намайг хүндэлдэг. Би архийг өгөхгүй гэхээр нь намайг хэл амаар доромжилсон. Тэр үед Н өрөөнөөс гарч ирээд “та хоёрын нэгэн архи уудаг, нэгэн хэрүүл маргаан гаргадаг. Та хоёр ингээд байх юм бол би их сургууль руу яваад дахиж буцаж ирэхгүй. Та одоо 70 нас хүрч байна, ичихгүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд би Н д “чи очиж хичээлээ давт, би эмнэлэг рүү явна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр уурлаад ширээг аваад дээшээ өргөөд шидсэн. Ширээн дээр байсан бүх юмыг шидсэн. Тэгээд би “чи мэдрэл муутай юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр надад би архиа болихгүй ээ гэж хэлсэн. Манай нөхөр зурагт руу дайрсан, тэгэхээр нь би түүнд чи 25 жил архи уулаа, одоо би тэсэхгүй, хүүгээ аваад Казахстан улс руу явна гэж хэлсэн.
Тэгэхэд нөхөр маань надад “би чамаас түрүүлээд үхнэ” гэж хэлсэн. Би эмнэлэг рүү явъя гэж гутлаа өмсөж байхад “Х та хоёрыг цагдаад баривчлуулна” гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань хайч аваад ирж байхаар нь би дөхөж очоод боль гэж түүний хажууд очиход тэр санамсаргүй өөрийнхөө цээжинд хайчийг оруулсан. Тэгээд би “Н ” гэж хашхирч, хайчийг яагаад нуугаагүй юм вэ гэж Н г загнахад, нөхөр маань “битгий ай, бүх юм надаас болсон, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд буйданд суулгаад йод түрхсэн. Түргэн дуудаж, Айшуах гэдэг эмч ирээд эмнэлэгт авч очъё гэхэд, цус харвасан хүнийг хөдөлгөж болохгүй, энэ хүний хамаатнуудыг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд А руу залгаж бүх зүйлийг хэлэхэд А “өнөөдөр 5 дахь өдөр юм байна, архинаас болж нас барсныг нууж, даралтаас болж нас барсан” гэж хэлье гэж хэлсэн. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Хэрэв коньякийг өгсөн бол ийм зүйл болохгүй байх байсан.
Ийм жижигхэн шархнаас болж талийгаач болно гэж бодоогүй. Тухайн үед цагдаад мэдэгдсэн бол ийм зүйл болохгүй байх байсан. Тухайн үед хүмүүс цээжинд байсан шархыг хараагүй. Архинаас болж үхсэн гэдгийг нууж, даралтаас болсон гэж хэлье гэсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь үүнээс болсон байх. Хүүхдийнхээ буруу байхгүй. Надаас болж ийм зүйл болсон. Энэ явдлаас болж хүү маань айсандаа хамраас нь байнга цус гардаг. Би С гийн араас үхсэн ч харамсахгүй, ганц хүүгийнхээ ирээдүйд л санаа зовж байна. Хүүхэд маань энэ явдлаас болж сургуульдаа очоогүй байна.
Шүүгч таниас миний хүүхдийн ирээдүйг бодож зөв шийдвэр гаргаж өгөхийг л хүсэж байна. Би өөрөө ганц ахтай, өөр төрөл садны хүмүүс байхгүй. Би энэ хэрэгт ганц нөхрийгөө буруутгахгүй. Хүүхэд маань гэмт хэрэгтэн битгий болоосой гэж хүсдэг. Хүүхэд маань “би шилдэг сурагчийн шагналыг дэмий авсан байна” гэж байнга харамсдаг. Хүүхэд маань бусад хүмүүсээс маш их санаа зовдог гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т ээс мэдүүлэхдээ: Нэгэнт үхсэн ах маань үхчихсэн. Хүүхдүүд нь бүгдээрээ уучилж байгаа. А нь магадгүй худлаа, магадгүй үнэн юм хэлж байгаа байх. Би ярсан ч бурхан яарахгүй гэв.
Гэрч Н гээс мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хичээлдээ явсан байсан. Хичээлээс ирэхэд, гэрт аав, ээж, А эгч нар байсан. Би хоол, цайгаа идэж уучхаад дахиж хичээлдээ явсан. Хичээлээс тараад найзтайгаа хамт дэлгүүрийн хажууд явж байхад, ээж тааралдаад “өвөөгөө харсан уу, архи уугаад явсан юм шиг байна. Чи гэр лүүгээ явж бай” гэж хэлсэн. Би гэрт ирээд хичээлээ хийж сууж байхад, ээж ирээд “аавыг чинь олж чадаагүй, Х тай хамт уугаад явсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд “аав согтуу ирэх юм бол битгий юм яриарай, агсам тавина” гэж хэлсэн.
Тэр үед гадаа нэг машин ирээд, машинаас аав согтуу бууж байсан. Тэгээд ээж гэрт байгаа бүх хутгыг нуусан. Аав маань согтуу ирэх болгондоо агсам тавьж, зэвсгийн чанартай зүйлүүдээр бид нарыг айлгадаг байсан. Аав гэрт орж ирэхэд, ээж “чи яагаад архи уусан бэ, хүүхдийн чинь шагнал авсан нь чамд гай болсон юм уу” гэж хэлсэн. Тэр үед би өөрийнхөө өрөөнд орчихсон байсан. Би өрөөндөө хичээлээ давтаж байхдаа аав, ээж хоёр маргалдаж байхыг сонсоод, өрөөнөөсөө гарч ирээд, “та хоёр яасан бэ” гэж асуухад, ээж “надаас гэрт байгаа коньякийг асуугаад би өгөхгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд би “өгчихгүй юу” гэж хэлээд, дахиж өрөөндөө орчихсон.
Дахиж дуу гарахаар нь гарч ирээд хоёуланг загнасан. Тэр үед аав ээж рүүгээ дайрч зодохыг завдаж байсан байна. Тэгээд би уурандаа өвөөдөө “та өдөр болгон архи уудаг, та архи уух юм бол намайг дээд сургуульд сургаж чадахгүй нь. Миний шагнал авсан маань та хоёрт гай болсон юм уу” гэж загнасан. Тэгээд дахиж өрөөндөө орж, чихэндээ чихэвч зүүж сууж байхад, ээжийнхээ хашхирсан дууг сонсоод, гүйгээд гарч ирэхэд, ээж уйлаад “хайчийг яагаад нуугаагүй юм бэ, өөрөө өөрийгөө гэмтээчихлээ ш дээ” гэж уйлаад надад “хурдан йод авчир” гэж хэлсэн. Тэр үед аав маань ээжид “бүх юм надаас болсон” гэж хэлж байсан. Ээж айж сандарсандаа хөрш айлуудад эмч дуудахаар явчихсан. Тэгээд нэг эмч ирээд, аавын хамарт хүчилтөрөгч хийж байсан. Эмчээс “аав маань яасан бэ” гэж асуухад, “аав чинь зүгээр, даралт нь ихэссэн байна, битгий санаа зов” гэж хэлсэн. Тэр үед Т эгч болон нэг ах маань ирсэн. Тэгээд тэр хүмүүс өөрсдөө юм хийж байсан, би өөр өрөөнд орчихсон. Тэгээд ах маань ирээд “тайван бай, аав чинь нас барчихлаа” гэж хэлсэн. Бүх хүмүүс уйлаад, хөрш нарт мэдэгдсэн. Тэгээд тэр өдөр би нэг хамаатны гэрт хоноод өглөө нь гэрт ирсэн.
... Би өөр өрөөнд байсан болохоор тухайн үйл явдлыг хараагүй. Ээж маань хашхирахаар нь гарч ирсэн. Тухайн хайч байнга ээжийн оёдлын машинд байдаг байсан. Ээж тухайн хайчийг өвөө бид хоёрт бариулдаггүй байсан. Өвөө бид хоёр өөр хайчийг хэрэглэдэг байсан. Өмнө нь “ээж маань санамсаргүй хайчийг аавын биед хатгачихлаа” гэж
тэр үед би айж сандарсандаа тэгж хэлсэн байх. Тухайн үед юу болж байсныг сайн мэдээгүй. Цагдаа нарт очиход энэ хэргийг чи хийсэн гэж хэлсэн. Тэгээд сандарсандаа тэгж хэлсэн байх гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000000002 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн А аас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 11 дүгээр хуудас/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 12-28 дугаар хуудас/,
3. Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 29-32 дугаар хуудас/,
4. Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 67-68 дугаар хуудас/,
5. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69-70 дугаар хуудас/,
6. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 74-75 дугаар хуудас/,
7. Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 71-73 дугаар хуудас/,
8. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-79 дүгээр хуудас/,
9. Гэрч Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80-81 дүгээр хуудас/,
10. Гэрч С н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83-84 дүгээр хуудас/,
11. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 85-86 дугаар хуудас/,
12. Гэрч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96-99 дүгээр хуудас/,
13. Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №04 дугаартай “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ”-ний дүгнэлт /1 дүгээр хавтасны 102-108 дугаар хуудас/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч П ын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2823 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 3-4 дүгээр хуудас/,
15. Сэжигтэн А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169-179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд шүүгдэгч А нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед өөрийнхөө гэрт /өвлийн байшин/ өөрийн нөхөр С тэй архи уулаа гэж маргалдан түүнийг агсам тавьж цайны данх, ширээ, сандал, ус буцалгагч зэрэг эд зүйлийг авч өөр рүү нь шидэх үед нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах гэсэн санаа зорилгоор үйлний хайч гартаа барьж ноцолдож байхад хайч нь С ийн цээжинд орж улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ...нэгэнт ах маань үхчихсэн. Хүүхдүүд нь бүгдээрээ уучилж байгаа. А магадгүй худлаа, магадгүй үнэн хэлж байгаа байх хэмээн,
Шүүгдэгчээс ...би эмнэлэг рүү явъя гэж гутлаа өмсөж байхад “Х та хоёрыг цагдаад баривчлуулна” гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань хайч аваад ирж байхаар нь би дөхөж очоод боль гэж түүний хажууд очиход тэр санамсаргүй өөрийнхөө цээжинд хайчийг оруулсан. Тэгээд би “Н ” гэж хашхирч, хайчийг яагаад нуугаагүй юм вэ гэж Н г загнахад, нөхөр маань “битгий ай, бүх юм надаас болсон, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд буйданд суулгаад йод түрхсэн. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Хэрэв коньякийг өгсөн бол ийм зүйл болохгүй байх байсан хэмээн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч тухайн цаг мөчид согтуу байсан ба ахуйн маргааны улмаас гэр бүлийн хүрээний маргаан гарч, талийгаач гэр орны дотор аяга тавгийг хагарч, ус буцалгагч шийдэж, сандал авч дайрсан, улмаар хутга мэсийн зүйл хайж, олдоогүй болохоор үйлийн хайч олж авч, өөрийнхөө нүцгэн биеийн цээж хэсэгт буюу ур бухимдлаа тайлж чадалгүй өөрийгөө гэмтээсэн тохиолдол тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4-д Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэж заасан. Мөрдөн байцаалтын шатыг харахад, яллагдагчийг яллагдагчаар байцааснаас хойш хугацаанд байцаалтын бүгд гэм буруугийн асуудлыг А ийн өөрөөр нь нотлуулахаар хандсан тал илэрдэг. Шүүгдэгч А ийн гэм буруу нь нотлогдохгүй байна.
Тухайн хайчийг хэн авсан, хэн дүрсэн, хэн авчирсан гэдэг асуудал бүрхэг тогтоогдоогүй байна. Хэрвээ шүүгдэгч хайчийг бариад ноцолдож явсан бол А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг болгоомжгүйгээр амь насыг хохироосон гэдгээр зүйлчилж байгаа нь буруу. Яагаад гэвэл хурц мохоо зүйлийг бусдын бие махбодод ямар нэгэн байдлаар гэмтэл учруулах зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг гартаа барьж ноцолдсон бол энэ санаатай үйлдлийн эхлэл. Хэрвээ А нь тухайн мөчид хайчийг бариад ноцолдоонд оролцсон гэж үзвэл болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээр зүйлчилж байгаа нь өөрөө буруу.
Болгоомжгүй гэмт хэрэг гэдэг нь субьектив талын шинжээрээ хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан гэдэг хоёр тохиолдолтой байдаг. Болгоомжгүйгээр үйлдсэн хэргийн санаа зорилго нь нотлогдон тогтоогдох ёстой. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг шаардаж байгаа нөхцөл. Болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд аюултай үйлдэл хийх, хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандсанаар, мэдсэн бол үр дагаварт хүрэхгүй гэж хөнгөмсгөөр найдсан байдаг. Гэтэл шүүгдэгч А ямар нэгэн байдлаар хайчийг авч идэвхтэй үйлдэл хийсэн үйлдэл байхгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан А д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргаж өгөхийг хүсэж байна хэмээн тус тус мэтгэлцсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Т , А нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай “Задлан шинжилгээ”-ний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух иргэн С нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн хооронд өөрийнхөө өвлийн байшинд гадны хүчин зүйлийн нөлөөллөөр “цээжний зүүн талын өвчүүний ойролцоох шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч, уушгины артерийг хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гэмтээж хатгагдсан шархны улмаас дотуур цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барсан” үйл баримт нотлогдсон байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтууд болох иргэн А ээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Т , А , Х , Т , Г й, С , А , гэрч Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96-99 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №04 дугаартай, “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ”-ний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч П ын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2823 дугаартай дүгнэлт, сэжигтэн А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169-179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзсэн байна.
Улсын яллагчаас дурдсан яллах талын нотлох баримтуудын агуулгаас нь үзэхэд: (1) Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №04 дугаартай, “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ”-ний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч П ын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2823 дугаартай дүгнэлтүүд нь амь хохирогчийн нас барсан газар, нас барсан шалтгаан, хэргийн газраас бэхжүүлж авсан цусны тогтоц амь хохирогчийн цусны бүлэгтэй тохирсон эсэхийг тогтоосон байдлыг, (2) гэрч Т , А , Х , Т , Г й, С , А нарын мэдүүлгээр шүүгдэгч А ээс Бугат сумын эмнэлэгт дуудлага өгөхөд ирсэн их эмч, эмнэлгийн жолооч нараас амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн нөхцөл байдал, талийгаачийн биед үүссэн шарх, мөн талийгаачийг хэрхэн нас барсныг тодруулсан байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус тогтоожээ.
(3) гэрч Н 1 дүгээр хавтасны 96-99 дүгээр хуудсанд “...Тэгээд нэг мэдэхэд аав дээгүүр өмсөж байсан цамцаа тайлж шидээд гал тогооны өрөөнд байсан ширээг дээшээ өргөж шидсэн юм. Ширээн дээр байсан шилэн таваг хагарч боорцог газарт цацагдсан, данхтай цай мөн асгарсан юм. Би тухайн үед унтлагын өрөөнд байсан бөгөөд хэрүүл маргаан гарах үед гол тогооны өрөөнд орж ирсэн юм. Намайг гал тогооны өрөөнд орж ирэхэд ээж баруун гартаа улаан өнгөний иштэй хайч барьсан байсан бөгөөд аав маань бүр их уурлаж чанга дуугаар орилж байсан юу гэж хэлж орилж байсныг нь одоо санахгүй байна. Яагаад гэвэл тэр үед би их айж сандарч байсан. Аав гал тогооны тавиур дээр байсан ус буцалгагчийг аваад ээж рүү шидэхэд оноогүй, дахин ээж рүү дайрах үед нь би ааваа болиоч гээд барьж аваад ээждээ хандаж та гараад явчих гэж хэлсэн. Тэр үед ээж айж сандраад байсан газраасаа хөдөлж чадаагүй, аав надад хүч өгөлгүй намайг түлхэж холдуулан ээж рүү урагшаа дайрахад би аавын ар талд үлдсэн юм.
Тэгээд эргэж харахад аавын биенээс доошоо хулдаасан шал руу цус дусаж байхаар нь би ээж рүү уйлаад харахад ээж маань над руу сонин айсан байдалтай болсон байсан, нүүр царайн цайрсан харцаар хараад надад би албаар хийгээгүй санамсаргүй орчихлоо өөрөө дайрч ирээд хайч руу орчихлоо гэж надад хэлсэн. Ээж тэгээд хайчийг газар хаяаад аавыг газар унагаахгүй гэж зүүн гараараа аавыг бариад баруун гараараа цээж тус газраас гарч байсан цусыг нь дараад надад спирт хөвөн авч ирээрэй гэсэн.
...Тэгээд хэсэг сууж байтал ээжийн орилох чимээ бүдэгхэн сонсогдох шиг болохоор нь унтлагын өрөөнөөс гарч ирэхэд өвөө, ээж хоёр гал тогооны өрөөний зүүн урд буланд угаалгын өрөөний үүдэнд зогсож байсан ба ээжийн гарт улаан бариултай хайч байсан, хайчны төмөр нь цустай байсан. Харин ээжийн хажууд өвөө зогсож байсан ба өвөөгийн цээжний хэсгээс цус гарч, доошоо хулдаас руу дуссан. Тэгэхлээр нь би ээжид “юу болчивоо, яачив” гэж асуухад надад ээж надад “өвөө чинь над руу хайч аваад дайрахаар нь би хайчийг авахаар булаацалдахад хайч санамсаргүй хатгагдаж, орчихлоо хүү минь, би тэгээгүй шүү” гэж хэлсэн. Харин өвөө ээжийн хажууд дуугүй зогсож байсан ба ээж өвөөг буйданд суулгасан” гэж мэдүүлснээ 1 дүгээр хавтасны 98 дугаар хуудсанд “...аавын цээжнээс цус гарахаас өмнө гал тогооны өрөөнд аав, ээж хоёр хэрэлдээд маргалдсан. Талийгаач эхний ээлжинд буйдангийн урд байсан ширээг өргөж, шидэх шиг болсон. Би тэр үед унтлагын өрөөнд сууж байсан. Тэгэхлээр нь би за гайгүй, болчих байх гэж бодоод унтлагын өрөөнөөс гараагүй, дараа нь хэсэг байж байтал өвөө ээж рүү ус буцалгагч шидэх шиг болсон. Тэр үед би гарч очоод өвөө та болиоч гэж хэлээд салгасан. Тэр үед намайг гараараа түлхэж байсан байна. Би урд мэдүүлэгтээ андуурч буруу хэлсэн байна”, 1 дүгээр хавтасны 100 дугаар хуудсанд “...унтлагын өрөөнөөс гараад ирэхэд ээжийн гарт улаан өнгийн цустай хайч байсан. Тэр үед ээж надад “чи яагаад хайчийг нуугаагүй вэ. Аав чин хайчаар өөрийгөө хатгачихлаа” гэж хэлсэн. Тэгтэл аав ээжид хандаад йод ...түрх гэж хэлж байсан”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Дахиж дуу гарахаар нь гарч ирээд хоёуланг загнасан. Тэр үед аав ээж рүүгээ дайрч зодохыг завдаж байсан байна. Тэгээд би уурандаа өвөөдөө “та өдөр болгон архи уудаг, та архи уух юм бол намайг дээд сургуульд сургаж чадахгүй нь. Миний шагнал авсан маань та хоёрт гай болсон юм уу” гэж загнасан. Тэгээд дахиж өрөөндөө орж, чихэндээ чихэвч зүүж сууж байхад, ээжийнхээ хашхирсан дууг сонсоод, гүйгээд гарч ирэхэд, ээж уйлаад “хайчийг яагаад нуугаагүй юм бэ, өөрөө өөрийгөө гэмтээчихлээ ш дээ” гэж уйлаад надад “хурдан йод авчир” гэж хэлсэн. Тэр үед аав маань ээжид “бүх юм надаас болсон” гэж хэлж байсан. Ээж айж сандарсандаа хөрш айлуудад эмч дуудахаар явчихсан. ...Тухайн улаан хайч ээжийн оёдлын машины хажууд байсан. Тэр хайчийг хэн авсныг мэдэхгүй. Тэр үед тухайн өрөөнд аав нэг орж ирсэн. Аав авсан байх. Ээж ороогүй байсан. ...зөвхөн аав өрөөнд орж гарсныг мэднэ. Гэхдээ хайчийг авч гарсныг мэдэхгүй.” гэж тус тус мэдүүлсэн байна.
(4) Мөн сэжигтэн А ийн 1 дүгээр хавтасны 177-178 дугаар хуудсанд “...надад “би чамайг бодоход шоронгийн амьдрал үзсэн хүн, чамайг алсан ч гэсэн маргааш би гараад ирнэ” гэхээр нь би гэрийн зүүн урд талын жижиг мухар хаалгагүй өрөөнд орж, нэг гутлаа өмсөж аваад нөгөө гутлаа өмсөх гэж байтал С буйдангаас босож ирээд гартаа сандал барьж аваад надад “чамайг сандлаар нам цохьё” гээд ирж байтал нь би тус жижиг өрөөнд байсан гутлын тавиурын доод талаасаа хоёр дахь хэсэгт нь улаан өнгийн бариултай хайч байхаар нь өөрийгөө хамгаалах санаатай, гэхдээ нөхрийгөө алах санаатай аваагүй, хайчийг гартаа барьж аваад жижиг өрөөнөөс гараад ирсэн. Тэр үед нөхөр над руу ирж байгаад жижиг өрөөний үүдний хэсэгт байдаг багана төмөрт найж байгаад биеэрээ мөргөсөн, тэр үед түүний гарт байдаг цэнхэр өнгийн модон сандал гарнаас нь мултарч, шаланд унасан. Тэр үед С миний гарт байсан хайчийг хараад над руу “чи эхлээд намайг алчих, дараа нь би чамайг ална” гэж дайраад, тэгээд бид хоёр хэсэг ноцолдсон, нэг мэдэхэд С ийн цээжний хэсэгт миний гарт байсан хайч хатгагдаж орох шиг болсон. Яг яаж хатгагдсаныг санахгүй байна, тухайн үед миний бие нийлээн сандарч байсан, яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд түүний цээж рүү миний гарт байсан хайч хатгагдаж орох шиг болсон. Тэр үед түүний цээжнээс цус гарсан. Би цусыг хараад шоконд орж, сандарсан. Тэгээд гартаа байсан хайчийг жижиг өрөөний үүдэнд ханад тулгаж тавьсан угаалгын машины дотор хийчих шиг болсон. Тухайн үед угаалгын машины хувцас угаах хэсэг нь таггүй байсан, харин хатаах хэсгийн таганд жижиг саван байх шиг харагдсан. Би тэр үед нийлээн сандарч, орилсон.
Тэр үед хүү Н унтлагын өрөөнөөс гарч ирсэн ба хүзүүндээ чихэвчний утас байх шиг харагдсан ба С ийн цээжний цусыг хараад “бид та хоёрт хэлсэн шүү дээ, яагаад больдоггүй юм бэ” гэж хэлэхэд талийгаач Н д хандаж одоо би зүгээрээ, энэ шарханд иод түрх, урд нь иймэрхүү гэмтэл авч байсан, яах ч үгүй” гэж хэлсэн” хэмээн мэдүүлснээ 1 дүгээр хавтасны 169 дүгээр хуудсанд “...Хүүгийн царай галзуу хүн шиг аймар царайтай байсан. Харин нөхөр С ийн цээжнээс цус гарсан, гартаа улаан иштэй хайч бариад зогсож байсан. ...Тэр үед аав нь надад хандаж “Чи Н г битгий загна. Бүх юм надаас боллоо. Энэ жаахан шарх юм чин йод түрх. Урьд нь ийм гэмтэл авч байсан юм чин яах ч үгүй. Йод түрх” гэж надад хэлсэн.”, 1 дүгээр хавтасны 175 дугаар хуудсанд “...харахад нөхөр маань баруун гартаа миний оёдлын хайчийг барьсан, зүүн гартаа боорцог байсан хагарсан шилний хэлтэрхийг бариад би үхнэ, чи миний цусыг уугаарай гээд хайчний иш хэсгээр атгаж бариад байж байхад чи болиоч гээд ноцолдох үед цээжний зүүн талын дээд хэсгээс цус гарсан юм. ...Оёдлын улаан бариултай дунд зэргийн урттай хайч байсан юм. Тэр хайч унтлагын өрөөнд байсан оёдлын машины дээр байсныг авсан гэж хүү маань хэлсэн юм”, 1 дүгээр хавтасны 181 дүгээр хуудсанд А ийн яллагдагчаар өгсөн “...тэр үед би гэрийн зүүн урд талын жижиг мухар хаалгагүй өрөөнд орж, нэг гутлаа өмсөж аваад нөгөө гутлаа өмсөх гэж байтал С гал тогооны өрөөний аяга тавагны шкафыг онгойлгох шиг болсон., аяга тавагны дуу чимээ гарсныг сонссон. Тэгээд унтлагын өрөө лүү орох шиг болсон. Би жижиг өрөөнөөс гараад ирэхэд С гартаа улаан бариултай хайчийг бариад миний урдаас ирээд надад “би чамайг бодоход шоронгийн амьдрал үзсэн хүн, чамайг алсан ч гэсэн маргааш би гараад ирнэ, чи явах гэж байгаа юм уу, эхлээд чамайг ална, дараа нь өөрийгөө ална” гэж хэлэхээр нь би түүнийг барьж аваад бид хоёр хэсэг ноцолдсон. Нэг мэдэхэд С ийн цээжний хэсэгт хайч хатгагдаж орох шиг болсон. Яг яаж хатгагдсаныг санахгүй байна, тухайн үед нэлээн сандарч байсан, яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд түүний цээж рүү орсон хайчнаас би барьчихсан байсан”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэгэхэд нөхөр маань надад “би чамаас түрүүлээд үхнэ” гэж хэлсэн. Би эмнэлэг рүү явъя гэж гутлаа өмсөж байхад “Х та хоёрыг цагдаад баривчлуулна” гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань хайч аваад ирж байхаар нь би дөхөж очоод боль гэж түүний хажууд очиход тэр санамсаргүй өөрийнхөө цээжинд хайчийг оруулсан. Тэгээд би “Н ” гэж хашхирч, хайчийг яагаад нуугаагүй юм вэ гэж Н г загнахад, нөхөр маань “битгий ай, бүх юм надаас болсон, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд буйданд суулгаад йод түрхсэн. Анх өрөөнөөс гарч ирэхдээ хайчийг баруун гартаа барьсан байсан. Хоёр гараараа барьсан байсан. Хайчийг гараас нь би авсан. Хайчийг чанга барьсан байсан. Эмч нар юу болсон талаар надаас асуугаагүй. Зөвхөн өөрөө өөртөө хайч хийчихлээ гэж хэлсэн. Эмч нар цагдаа дуудах ёстой байсан гэв” гэж тус тус мэдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн шинж нь хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандсанаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулж үзэхэд шүүгдэгч А нь нөхрөө айлгах, өөрийгөө хамгаалах санаа зорилгоор улаан өнгийн иштэй хайчийг олж аваад гартаа барьсан, улмаар нөхөр С тэй ноцолдсон, ноцолдож байхад гарт нь байсан хайчийг амь хохирогчийн цээж тус газар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хатгасан нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч А ийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй амь хохирогч С ийн үхэлтэй шалтгаант холбоотой байсан эсэх нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын хүрээнд А д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч А д ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, А ийг цагаатгах нь зүйтэй.
А нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн талийгаач С ийн хар өнгийн 1 хос гутлыг шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц ар гэрт нь буцаан олгож, улаан өнгийн бариултай хайч 1 ширхэг, улаан өнгийн дугуй хэлбэртэй нэхмэл алчуур 1 ширхэг, бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, мөн шилний хэлтэрхий, цагаан бариул зэргийг устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, А ийг цагаатгасугай.
2. А нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, А нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн талийгаач С ийн хар өнгийн 1 хос гутлыг шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц ар гэрт нь буцаан олгож, улаан өнгийн бариултай хайч 1 ширхэг, улаан өнгийн дугуй хэлбэртэй нэхмэл алчуур 1 ширхэг, бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, мөн шилний хэлтэрхий, цагаан бариул зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т