Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 169

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч хэлмэрч А,

улсын яллагч Б,

хохирогч Е ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т ,

шүүгдэгч Е  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох эрүүгийн 2013002290176  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Б аймгийн Н сумын 7 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е , регистрийн дугаар Б302******

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Е  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Б аймгийн Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Алгын гол гэх зусланд иргэн Е г хэрүүл маргаан үүсгэн улмаар ташуураар толгой тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Е  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч Е  мэдүүлэхдээ: Шүүгдэгч Е аас 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тэрийг төлж өгвөл, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Е ыг дуудаж аваад хэл амаар доромжилж, агсам тавьсан гэдэг нь худлаа гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002290176 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Эд зүйл /ташуур/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

2. Хохирогч Е гаас гаргаж өгсөн эмчилгээний болон бусад зардлын талаарх нотлох баримтууд /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

3. Хохирогч Е гийн өвчний түүх /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,

4. Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/,

5. Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

6. Гэрч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

7. Гэрч Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

8. Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №281 дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,

9. Яллагдагч Е ын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээч нарын Шүүх, сэтгэц гэм судлалын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

10. Яллагдагч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Е  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Б аймгийн Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Алгын гол гэх зусланд иргэн Е г хэрүүл маргаан үүсгэн улмаар ташуураар толгой тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Эд зүйл /ташуур/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

- Хохирогч Е гаас гаргаж өгсөн эмчилгээний болон бусад зардлын талаарх нотлох баримтууд /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

- Хохирогч Е н өвчний түүх /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,

- Хохирогч Е н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Н сумын Бураатын давааны аманд тус зуслангийн уяачид бооцоотой морь уралдуулсан ба уг бооцоотой уралдаанд уралдуулсан миний морь айрагдсан юм. Тухайн уралдаан дууссаны дараа Алгын гол гэх зусланд Х  гэх хүний гэрт очиж Х , Х , С , Б , К  нарын хамт 4-5 шил “Хараа” нэртэй архи уусан юм. Тэрээр орой 22 цагийн үед байсан миний бие Х ын гэрээс гараад бие засаад зогсож байх үед цагаан морь унасан Е  гэх залуу ирээд надтай мэндлээд намайг “чи энэ айлд юу хийгээд архи ууж байгаа юм, зайл” гэж хэлээд гартаа барьж явсан модон ташуураараа миний толгой, цээж, хэсэг руу цохисон. Энэ үед миний бие ухаан алдаж унасан юм. Энэ үед Е  гэх залуугийн ах болох Б  болон түүний эхнэр А  нар намайг гэрт оруулсан юм. Тэрээр Б ын гэрт байж байгаад Далан толгой гэх газарт байх гэр руу явчихсан юм.

...Е  гэх залуу ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. ...Урдын таарамжгүй харилцаа байхгүй. ...Миний нүүрэн тус газарт шалбарсан, мөн миний хамар гэмтсэн, толгой өвдөж байна. ...Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/,

- Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тус сумын 7 дугаар багт эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай багийн уяачид бооцоотой морь уралдуулсан. Тэрээр тухайн морины уралдаан дууссаны дараа Алгын гол гэх зусланд байсан миний төрсөн дүү Б ын гэрт Е  ирсэн. Дараа нь Б ын гэрт Е , Б , К , бид дөрөв хамт 4 шил “Хараа” нэртэй 0.5 литрийн архи уусан юм. Тухайн архийг ууж дуссаны дараа би өөрийн гэр руу явчихсан юм.

Дараа нь би гэрт байхад Е  миний хүү Е ыг хэл амаар доромжилж байсан дуу гарахаар би гэрээс гарахад Е  миний хүү Е ын унаж явж байсан цагаан морины эмээлээс барьж аваад Е ыг явуулахгүй байсан. Тэгээд миний хүү Е  мориороо хүчтэй явахад Е  тухайн газарт моринд чирэгдэж доошоо тонгойж унасан байсан. Тэгээд би Е н хажууд очиход Е н зүүн талын нүүр хэсгээс цус гарч байсан. Тухайн үед Е  нийлээд согтуу байсан ба дараа нь Е  манай гэрт очиж унтаж байгаад шөнийн 00 цагийн үед манай гэрээс гараад өөрийн гэр руу явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

- Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №281 тоот дугаартай “иргэн Е н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, баруун талын хацар, хамрын хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,

- Яллагдагч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Алгын-гол” гэх зусланд гэрт байхад манай ах Б ын гэрт оройн 17 цагийн үед Е  ирж миний ах нарын хамт архи уусан юм. Дараа нь оройн 19 цагийн үед гэрийн хажууд хонь хариулаад явж байхад миний ах З.Б ын гэрээс Е  гэгч согтуу гарч ирээд намайг дуудсан. Тэгээд би Е н хажууд очиход Е  миний унаж явж байсан цагаан морины эмээлээс барьж аваад намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед би Е д “та одоо манай ахын гэрээс яваарай, би хонь хариулж байна” гэхэд Е  намайг явуулахгүйгээр “чиний наад унаж явж байгаа морийг би байхгүй болгоно" гэж надтай хэрүүл маргаан гаргаж миний уурыг хүргэсэн. Тэгээд би Е д уурлаж гарт байсан морины ташуураараа Е н толгойноос 2 удаа цохиод авсан юм. Тэрээр морины толгойг хойшоо татахад Е  тухайн газарт халтирч унасан байсан. Би хонь хариулах гэж явчихсан юм. Би Е н толгойноос гарт байсан морины ташуураараа хоёр удаа цохиод авсан өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл ухаантай байсан. Харин Е  нэлээд согтуу байсан. ...Бид нарын хооронд ямар нэгэн өш хонзон, таарамжгүй асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е  нь иргэн Е г хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Е аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Е  хохирогч Е н эрүүл мэндэд “тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун талын нүдний дээд, доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, баруун талын хацар, хамрын хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа, хохирогчийн архидан согтуурсан байсан нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс хохирогч Е д хохирлын мөнгө 600.000 төгрөгийг бэлнээр өгөх гэсэн боловч хүлээж аваагүй тул нийт 745.000 төгрөгийг Б аймгийн Прокурорын газрын Голомт банкин дахь 5805007969 дугаартай дансанд тушааж, баримт”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба улмаар гэм буруугийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Е  нь хохирогчид 634.250 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй, хохирогчийн илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тайлбарласан байна. 

Хохирогч Е гаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотойгоор гэмт хэргийн хор уршигт 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Х.Е аас гаргуулж өгөхийг хүссэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ор хоногийн мөнгө 484.250 төгрөг, КТГ томографын үнэ 95.000 төгрөг төлсөн тухай баримтууд /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, эмийн үнэ 50.000 төгрөг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас, гэрч М гийн мэдүүлэг/, замын зардал 153.000 төгрөг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас, гэрч Н ын мэдүүлэг/, нийт 782.250 төгрөгийн гэмт хэргийн хор уршиг учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Е аас 782.250 төгрөг гаргуулан хохирогч Е д олгох нь зүйтэй байна. Хохирогч Е гаас нэхэмжилсэн 217.750 төгрөгийн иргэний нэхэмжлэл нь нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Е  нь Б аймгийн Прокурорын газрын Г банкин дахь 9******* дугаартай дансанд тушаасан 745.000 төгрөгийг холбогдох этгээдэд хүсэлтээ гаргаж, тухайн данснаас гаргуулан авах эрхтэй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгx Е  урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Е  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. 

Шүүгдэгч Е ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е аас 782.250 төгрөг гаргуулан хохирогч Е д олгож, хохирогч Е ын 217.750 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шүүгдэгч Е  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ташуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Е ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ