| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/00156/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 170
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б,
шүүгдэгч С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2013002230177 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БӨ аймгийн Сагсай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С , РД:БИ72******.
Шүүгдэгч С нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хас банкны байрны дотор байрлах АТМ-д гүйлгээ хийх явцад төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас АТМ-ээс гарч ирсэн 420.000 төгрөг болон Хас банкны картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч С аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002230177 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
2. Хас банкны салбарын СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
3. Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
4. Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27, 28-29 дүгээр хуудас/,
5. Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
6. Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
7. Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хас банкны байрны дотор байрлах АТМ-д гүйлгээ хийх явцад төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас АТМ-ээс гарч ирсэн 420.000 төгрөг болон Хас банкны картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
- Хас банкны салбарын СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- Хохирогч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед хамт ажилладаг С д өөрийн Хас банкны данс руу 500.000 төгрөг хийлгэхээр бэлэн мөнгө виза картыг өгч явуулсан ба 30 минутын дараа миний хас банкны дансанд хоёр удаа 40.000 төгрөгөөр орлого орсон нийт 80.000 төгрөг орж ирсэн. Удалгүй С эгч мөнгийг бүгдийг нь хийчихлээ харин виза карт чинь алга болгочихлоо гээд ирсэн. Тэгэхээр би С эгчийг дагуулаад Хас банк дээр учрыг нь олох гээд очиж өргөдлөө өгөөд явсан юм.
Гэтэл миний мөнгийг С эгчийн ард үйлчлүүлэхээр зогсож байсан нэг хүн авч ашигласан болох нь тогтоогдож, уг С гэх хүн надад ирж мөнгө болон виза картыг өгч уучлалтаа гуйгаад явсан байгаа. Тухайн үед 420.000 төгрөг алга болсон байсан ба 80.000 төгрөг миний Хас банкны данс руу орсон байсан. Алга болсон 420.000 төгрөгөө бүгдийг бүрэн хүлээж авсан болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27, 28-29 дүгээр хуудас/,
- Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Өнөөдөр өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд манай байгууллагын ажилтан жолооч М ын цалингийн зээл болох 500,000 төгрөгийг М ын цалингийн зээлийн данс руу хийхээр авч яваад аймгийн Хас банкны дотор байх АТМ-ээр 500,000 төгрөгийг картаар орлого хийх явцад 80,000 төгрөг шаардлага хангаагүй тул орлогод авахгүйгээр буцаасан. Энэ үед АТМ-ээс буцсан мөнгийг авахдаа гүйлгээ хийж байсан карт болон дансанд орлогод орох ёстой байсан 420,000 төгрөгийг баталгаажуулахгүйгээр сандраад мартаад орхиод Хас банкны үйлчилгээний ажилтан теллерээр 80,000 төгрөгийг солиулаад буцаад уг АТМ-д үлдсэн 80.000 төгрөгийг карт руу хийхээр ирээд картаа олоогүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
- Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагаас 16 цагийн орчимд харилцагч С 80,000 төгрөг 4 ширхэг 20,000 дэвсгэрт барьчихсан энэ мөнгийг солиод өгөөч АТМ-р данс руу 500,000 /таван зуун мянга/ төгрөг хийж байтал буцаагаад гаргачихлаа гэж хэлсэн. Тухайн үедээ харилцагчийн картаа АТМ-д залгиулчихлаа гэж хэлж байсан тул харилцагчийн данс руу бэлнээр хийхээр болоод орлогын баримтыг С д өгөхөд уг орлогын баримтдаа 40.000 төгрөг гээд бичсэн байсан тул дахиад М ын данс руу хийж өгсөн. Харин энэхүү цуцалсан үйлдлийг АТМ нь автоматаар 30 секунд хүлээдэг уг 30 секундийн дотор карт, бэлэн мөнгө аваагүй тохиолдолд автоматаар АМТ руу ордог бөгөөд С гийн гүйлгээ хийж баталгаажуулаагүй үйлдлийг түүний ард зогсож байсан харилцагч нь нууцаар авч явсан талаар тайлбарлаж хэлж байсан. Болсон үйл явдал энэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
- Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие анхны мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хас банкны данснаасаа виза карт ашиглаж мөнгө авахаар дараалал хүлээж байгаад уг АТМ-д виза картаа хийж данснаас зарлага хийх гэж байсан боловч миний виза картыг уншихгүй байсан ба хэсэг хугацааны дараа уг АТМ-ээс хорин мянгатын дэвсгэртээс нэлээд олон мөнгө гарч ирсэн, түүнийг авсны дараа Хас банк гэсэн цагаан өнгийн карт гарч ирсэн ба мөнгө виза карт хоёрыг хамт аваад гүйлгээ хийхгүйгээр зогсоолд байсан машин дотроо суугаад АТМ-ээс гарч ирсэн мөнгийг тоолоход 420.000 төгрөг байсан бөгөөд виза картын нэрийг уншихад англи үсгээр /M / М гэж бичсэн цагаан өнгийн виза карт байсан ба хамт аваад тэр өдрөө Сагсай сумын Даян гэх газарт зусланд байх гэр лүүгээ яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тайлбарлаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг гэдэгт гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж шамшигдуулсан, захиран зарцуулсныг ойлгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч С нь алдаатай гүйлгээг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж аваад олж авсан хөрөнгийн талаар өмчлөгч этгээд, эсхүл зохих байгууллагад мэдэгдээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан хөрөнгийг хохирогчид буцаан өгсөн болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч С ын хялбар аргаар мөнгөтэй болох шунахай сэдэлт, зорилго энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С ын энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч М т 420.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М оос өөртөө учирсан хохирлыг шүүгдэгч С аас төлүүлж авсан, одоо өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч С ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С нь хохирогч М той сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5/70 дугаартай саналд яллагдагч С ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С ад холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахыг тус тус дурдаж, иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С ад буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч С ын 0000 БӨТ улсын дугаартай Уаз-22069 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 5/57 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С ад буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С ын 0000 БӨТ улсын дугаартай Уаз-22069 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 5/57 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн 2013002230177 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т