| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0161/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 172
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч Ө ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013002460189 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б , РД:ББ78******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр “Бугатын үзүүр” гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр иргэн А ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002460189 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 19-20 дугаар хуудас/,
2. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/
3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн гэмтлийн зэрэг тогтоосон тухай 290 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
4. Яллагдагч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр “Бугатын үзүүр” гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр иргэн А ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн охин болох А ын хүүхдийн сэвлэг үргээх ёслолд оролцоод орой гэр лүү буцахаар болоод Б ийн машинтай би болон манай эхнэр А , Б ийн эхнэр Х нартай хамт Алтанцөгц сум явж байхад Б намайг зодсон байна. Маргааш нь эрүүл болоод эхнэрээс асуухад “Бугат сумын Бугын үзүүр” гэх газарт явж байхад чи Б г зогс архи ууна гэж хэлээд Б зогсоогүй юм байна. Тэгээд би тэрэнд уурлаад Б тай ам мурийсан байна. Тэрнээс болоод Б уурлаад намайг гэдэс болон нуруу хэсэгт цохиж газар унагааж дэвсэж өшиглөсөн” гэсэн., ... Б бид хоёр хоорондоо уулзаж нэг нэгэндээ буруугаа хүлээсэн. Гомдол саналгүй. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохиролгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 19-20 дугаар хуудас/,
- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бугат сумын Бугын үзүүр гэх газарт ирэхэд манай нөхөр А нь Б д зогс, архи ууна гээд зүгээр явахгүй байсан ба дахин дахин хэлэхэд Б “Чи аятайхан сууж яв, пиздаа минь” гэхэд манай нөхөр А “чи намайг пиздаа гэж хэллээ, чиний машиныг хол явуулахгүй онхолдуулна” гэж хэлээд машины шил болон суудлыг цохихоор нь Б уурлаад машиныг зогсоогоод манай нөхрийг хэд хэдэн удаа цохиж, хоёр хөлнөөс нь татаж газар унагааж өшиглөж байсан. Би тухайн үед урдаа хүүхэд тэвэрсэн байсан ба араас бууж ирэхэд ам хамарнаас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч Б гийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн: “1.Иргэн А ийн цээж, хэвлий, нурууны шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, дээд эрүүний зүүн талын үүдэн нэгдүгээр шүд үзүүр хэсгээр үйрч хугарсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Хэрэг болсон хугацаанд учирсан байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх 290 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
- Яллагдагч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр Алтанцөгц сумаас А ийг эхнэрийн хамт миний машинтай аймгийн төвд А гэдэг хүний хүүхдийнхэн сэвлэг үргээх ёслолд оролцохоор ирээд орой Алтанцөгц сум руу буцаж явах гээд Бугат сумын “Бугын үзүүр” гэх газарт ирэхэд А согтуу над руу архи ууна, машинаа зогсоо гэх дахин дахин хэлээд байсан. Би тухайн үед орой болсон байхаар нь Бугат сумын Хатуугийн гүүр хүрч байж зогсоно гэж хэлсэн боловч А агсам тавьж “Чамайг 100 метр явуулахгүй, энэ сарампай машиныг чинь 4 дугуйг нь дээш харуулаад та хоёрыг үхүүлнэ, тэр үед хүүхдүүдийг чинь өнчин хоцрохыг нь хараад инээж баярлана” гэхээр нь би уурлаад машинаа зогсоож “тэгвэл буу” гээд хаалга онгойлгоход А урдаас өшиглөхөөр нь би шанаа хэсэгт нь 2 цохиод нүүрэн хэсэгт нэг цохиж машинаас буулгасан,
...Адууч бид хоёр маргаад би хэд хэдэн удаа цохисон тэр үед гэмтэл учирсан байх. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна
...Би А тай уулзаж гэмтэл учруулж гар хүрснийхээ төлөө уучлалт гуйж бид гар барьж хоорондоо эвлэрсэн. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзон, ямар нэгэн санал гомдол байхгүй болоод эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б г нь иргэн А ийг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б гаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Б гийн хохирогч А ийн эрүүл мэндэд “цээж, хэвлий, нурууны шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, дээд эрүүний зүүн талын үүдэн нэгдүгээр шүд үзүүр хэсгээр үйрч хугарсан” хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад хохирогчийн архидан согтуурсан байдал, ёс бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч А аас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хохиролгүй хэмээн /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ мэдүүлсэн тул шүүгдэгч Б г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Б урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т