Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 173

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

хэлмэрч, орчуулагч А,

улсын яллагч Ө,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013002870202 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б , РД:БД01******.

Шүүгдэгч Б  нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х ын өвөлжөөний дэргэд иргэн О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002870202 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

2. Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  21-22 дугаар хуудас/,

3. Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  23-24 дүгээр хуудас/,

4. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  25-26 дугаар хуудас/,

5. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

6. Яллагдагч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б  нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Х ын өвөлжөөний дэргэд иргэн О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр миний бие тус аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Улаагчин гэх газарт аавынхаа гэрт байсан юм. Тухайн өдрийн орой 18 цагийн орчимд миний төрсөн ах болох Т ын хамт Б  гэх хүний адуунд нийлсэн байсан 3 адуунуудыг барьж авахаар ахын хамт гэрээс гарсан юм. Тухайн үед Б ын адуунуудыг тууж ирж манай өвөлжөөнд байдаг малын хашаанд оруулж авахаар очсон байсан. Адуунуудыг хашаанд оруулан авч байж байхад Б  нь хүүгийн хамт мотоциклоор ирсэн байсан. Би хажууд нь очиж Б д мэндэлсэн юм. Миний ах маань малын хашаан дотор зогсож байсан. Би малын хашааны үүдэнд ирэхэд Б ын хүү болох Б  миний хажууд ирж надад “чи миний эгчийг өнгөрсөн жил хотод байхад зодсон байсан” гэж хэлсэн. Тэгээд Б нь миний нүүр болон ам руу хэд хэдэн удаа нударгаараа цохиж зодсон. Тухайн үед миний амнаас цус гарч, урд шүднээс нэг шүд хугарч, нэг шүд суларсан байсан. Тэгээд бид нарын хажуугаас Б  хүүгийн хамт яваад өгсөн. Би ахын хамт өөрийн гэр лүүгээ ирсэн.

Гэртээ ирж аав, ээждээ юу болсон талаар хэлж өгсөн. Хэсэг хугацааны дараа манай гэрт Б хүүгийн хамт ирж надаас уучлалт гуйсан. Б намайг цохисноос болж миний дээд эрүүний баруун талын үүдний нэг шүд хугарч, зүүн талын нэг шүд суларсан, доод уруулын дотор талд язарсан шархтай, баруун чих хэсгээр өвдөж байна.

...Бид хоёр багаасаа хамт өссөн болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Гаргаж өгөх нотлох баримт байхгүй.

...Ямар нэгэн дарамт шахалтгүй, хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Б  нь намайг цохиж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа хэлж уучлалт гуйсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/,

- Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний дүү О  малын хашааны гадаа зогсож байсан. Б  нь миний дүүд “чи хотод байхад өнгөрсөн жил миний эгчийг зодож байсан, бид нараас яагаад ирж уучлалт гуйгаагүй юм бэ” гэж хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд миний дүүг Б  зодож ам руу нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэрээр О ын толгой болон гэдэсний тус газарт хөлөөрөө нэгээс хоёр удаа өшиглөсөн. Би тухайн үед малын хашаанд адуу барьж зогсож байсан учраас очиж салгаж чадаагүй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21- 22 дугаар хуудас/,

- Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О  гэрт орж ирж намайг хөрш айл болох Б ын хүүхэд Б  зодож миний урд талын нэг шүд маань хугарчихлаа гэж хэлсэн. Тухайн үед О ын амнаас цус гарч, уруул хэсэг нь хавдсан, дээд урд шүдний нэг нь хугарсан байсан. Миний хүүхэд надад өнгөрсөн жил хотод байхад Б ын охинтой хоорондоо таарамжгүй байдлаас болж Б  намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай гэрт Б  хүүгийн хамт ирж болсон асуудлыг хэлж бид нараас уучлалт гуйж байсан. Бид тухайн үед хүүхэд өөрөө мэднэ шүдэнд эмчилгээ хийлгэж өгөөрэй гэж явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаартай: “1. Иргэн О ын дээд эрүүний баруун талын үүдэн нэгдүгээр шүд угаараа хугарч унасан, зүүн талын нэгдүгээр шүд суларсан, доод уруулын дотор талд язарсан шарх, баруун талын чихний дэлбэнгийн үзүүр хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. О ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5%-иар нөлөөлнө.

4. О ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  30-31 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг намаржаанд нүүж ирж эсгий гэрийг барьж байсан үед манай хөрш болох Т  ирсэн. Манай аавтай мэндэлж надаас 3 адуу алга болсон байна, та харж үзсэн үү гэхээр нь манай адуун дотор танай 3 адуу явж байна гэсэн. Тэгээд Т  нь тэгвэл би очиж барьж авна гэхээр нь чи адууг тууж ирж хашаанд оруулж, 3 адуугаа барьж аваарай гэж аав маань хэлж байсан.

...Би малын хашааны үүдний хэсэгт зогсож байхад Т ын төрсөн дүү болох О  хашааны хажуугаас гараад ирсэн байсан. Би О ыг харж “чи миний эгчийг өнгөрсөн жил хотод байхад зодож байсан” гэж хэлээд О ын хажууд очиж шууд нүүр хэсгээр нь 2 удаа цохиж зодож эхэлсэн. Тэр үед намайг малын хашаан дотор зогсож байсан аав маань гарч ирж намайг бариад авсан байсан. Намайг аав маань барьж байгаад буцаад тавих үед би дахин очиж О ыг нударгаараа нэг удаа ам руу нь цохих үед О  ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй газар сууж амаа нэг гараараа дарж “намайг уучлаарай” гэж хэлээд байсан. Тухайн үед О ын уруул хэсгээс нь цус гарч нулимах үед амнаас нь цус гарч байсан.

...О ын гэрт нь ороход аав, ээж ах дүүгийн хамт сууж байсан. Тэр үед О  миний нэг шүд маань унасан байна. Миний аав, ээж нарын хажууд та миний шүдийг эмчлүүлж шүд хийлгэж өгвөл би гомдохгүй гэж аав бид хоёрт хэлээд сууж байсан. Аав маань О т эмчилгээ хийлгэж өгье миний хүүг уучлаарай гэж хэлээд гэр лүүгээ бид хоёр буцаж явсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.

...Би гэмшиж байна, О аас уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б  нь иргэн О ыг  зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б аас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б ийн хохирогч О ын эрүүл мэндэд “дээд эрүүний баруун талын үүдэн нэгдүгээр шүд угаараа хугарч унасан, зүүн талын нэгдүгээр шүд суларсан, доод уруулын дотор талд язарсан шарх, баруун талын чихний дэлбэнгийн үзүүр хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2 дахь хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч О ын зүгээс шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлжээ /хавтаст хэргийн 20, 50 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч О  нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хөнгөн гэмтэлтэй холбоотой, цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б  нь хохирогч О тай сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэн баталгаа гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5/71 дугаартай саналд яллагдагч Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил нийлгэх ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Б сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Б сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мал вакцинжуулах ажилд туслах ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Б ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Б сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мал вакцинжуулах ажилд туслах ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хохирогч О  нь цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян -Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т