Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0861/З |
Дугаар | 8 |
Огноо | 2018-12-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 8
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Ю” ХХК
Хариуцагч: АМГТГ КХД
Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГ КХД-ын манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн гол үндэслэл юу вэ гэхээр захиргааны актыг авч үзэх юм бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар акт гаргасан байгаа. Хэргийн үйл баримт он цагийн дарааллаар авч үзэх юм бол энэ газар хамгийн ойр 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Бүрэг хангай сумын ******* гэх нэртэй газар 410.77 га газрыг ашигт малтмалын хайгуулын 176017614 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байгаа. 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон. Үүнээс хойш 3 жилийн хугацаагаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж байгаа.
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж байгаа тул тусгай зөвшөөрлийг 3 жилээр дахин сунгах шаардлага учирсан. Хуулиар заасан нэг сарын
Ашигт малтмалын газарт өргөдлөө гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч компанийн хувьд хуульд заасан хугацаанд буюу 02 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 1,000,000 төгрөг төлж өргөдлөө гаргасан байдаг. Тус өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн нотлох баримтыг хавсаргах шаардлагатай байгаа. Үүний хамгийн гол нотлох баримтын нэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн баталж хавсаргана гэж заасан. Энэ баримтыг хэзээ гаргаж өгсөн талаарх шаардлага байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан. Ингээд харахаар 40 дүгээр зүйлд заасан баримт бичгийг хэзээ гаргаж өгөх болон хуулийн хугацааг хэзээ сунгах талаар хуульд ойлгомжгүй тодорхойлолт байгаа. Хэдий тийм ч нэхэмжлэгч компанийн хувьд өөрт оногдсон үүрэг хариуцлагаа ухамсарлаад өөрийн зүгээс хийж болох бүхий л ажлыг хийсэн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална гэж заасан. Хэзээ батлах вэ гэхээр 10 хоногийн өмнө баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байгаа. Эдгээр бүх хуулийн хугацааг харгалзан үзэж нэхэмжлэгч компанийн зүгээс бүр төлбөр мөнгийг төлж барагдуулаад төлөвлөгөөг 02 дугаар сарын 10-нд хүргүүлсэн. Миний зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс заавал тулгаад хандсан юм уу? өмнө хандаж болоогүй юм уу? гэж асуухад бидний зүгээс он гараад нэг сараас хандаж эхэлсэн гэж хэлсэн. Тухайн үед Булган аймгийн Бүрэг хангай сумын Засаг дарга байхгүй орлосон хүн байхгүй гэдэг шалтгаанаар хүлээн авдаггүй байсан.
Нэхэмжлэгч компанийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж явж байсан. Ашигт малтмалын газар өргөдлийг 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж авсан байдаг. Гэхдээ хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан байгаа. Өргөдлийг хүлээн авч хянасан байна. Татгалзах үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасан үндэслэл байна. Гэтэл энэ үндэслэлээр татгалзаагүй буюу нэхэмжлэгч компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна гэж заасан. Энэ нөхцөл шаардлагыг хангасан байна гэдэг нь тогтоогдож байгаа. Хариуцагчийн зүгээс татгалзаж байгаа үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 гэж заасан байгаа. 22.1-д бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан. Энэ үүргээ биелүүлсэн байгаа юу гэдгийг захиргааны байгууллагаас тодруулах боломжтой байсан. Үүнийгээ тодруулсан гэж ойлгож байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагатай байгаа. Энэ нөхцөл байдлын учир байдлыг тогтоох ёстой. Гэтэл ерөөсөө энэ ажиллагаа явагдаагүй байгаа. Сонсох ажиллагаа ерөөсөө хийгдээгүй. Хэзээ хийсэн талаарх баримт харагддаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага бүрэн дэмжиж байна. Гол үндэслэл бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д зааснаар татгалзаагүй шийдвэрлэсэн. Хугацаандаа гаргаагүй гэдэг байдал байхгүй. Хоцорсон шалтгаан нь нэхэмжлэгч компаниас шалтгаалахгүй юм. Энэ бодит нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс мэдэж байсан. Хуульд зааснаар сонсох ажиллагаа хийгдээгүй. Даалгах нэхэмжлэлийн тухайд компанийн зүгээс бүрэн хангасан байдал тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан байгаа. Нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан шаардлагыг хангаагүй байсан учраас төрийн захиргааны байгууллага зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн байна. Дуусгавар болгож бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 –д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн. Захиргааны ерөнхий хуулийн хувьд тусгайлан зохицуулсан хуулийг дагаж мөрдөхөөр зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн төрийн захиргааны байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тухай мэдэгдсэн мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх хуудас явуулсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “АМГТГ КХД-ын манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах ” гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч тал “...байгаль орчны төлөвлөгөөг хоцроон хүргүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан албан бичгийг илгээсээр байхад АМГТГ КХД тайланг хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан нь хууль зөрчсөн” гэж хариуцагч тал “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан байгаа. Нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан шаардлагыг хангаагүй” гэж маргаж байгаа болно
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.
Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “ЮГ” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байршилтай XV-017614 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө гаргаагүй гэж хугацаа сунгахаас татгалзжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “ЮГ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн маягт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр мөн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийн суналтын үйлчилгээний хөлсөнд нэг сая төгрөгийг шилжүүлсэн байгаа боловч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтоор нэхэмжлэгчийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулахыг хүссэн хүссэн өргөдлийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бүртгэн, үйлчилгээний хөлсөнд нэг сая төгрөгийг хүлээн авч дотоод хяналтын хуудсаар 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр татгалзсан шийдвэр гаргажээ.
Уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудасны эрх зүйн шүүлтийн хэсэгт “Бүрэгхангай сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/101 тоотыг үндэслэн шүүв” гэж тэмдэглэсэн байна.
Түүнчлэн “ЮГ” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний төлбөр болон байгаль орчны хамгаалах зардлаа тушаан байгаль орчны төлөвлөгөө батлуулахаар хүргүүлсэн болох нь АМГТГ КХ т ирүүлсэн Бүрэгхангай сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/101 тоот албан бичиг, нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн албан бичгүүдээр нотлогдож байна.
Үүгээр нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг өргөдөлд хавсаргаж хуулийн хугацаанд ирүүлээгүй болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “*******” нэртэй 411.77 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 17614Х дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102 тоот шийдвэрээр 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаснаас үзэхэд “ЮГ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд буюу хамгийн багадаа 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл түүнд хавсаргах материалуудын хамт бүрэн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүрэгтэй байжээ.
Гэтэл АМГТГ КХ нэхэмжлэгчийн өргөдөл түүнд хавсаргасан материалуудын хамт 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байна.
Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/473 тоот албан бичигт “Засаг дарга Н.Эрхэмбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12 өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа дурдсан, мөн нэхэмжлэгчийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирж тодорхойлолт авсан” гэснээс үзэхэд үүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дээрх өдрүүдээс бусад өдрүүдэд “Байгаль орчны төлөвлөгөө” батлуулах боломжтой байсан гэж үзлээ.
Иймээс кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэсэн заалтуудыг үндэслэн “ЮГ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 17614Х тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч талаас хариуцагч захиргааны байгууллагыг “Захиргааны ерөнхий хуульд зааснаар заавал сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл ерөөсөө энэ ажиллагааг явуулах үүргээ биелүүлээгүй” гэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “XV-017614 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хуулинд заасан хугацаанд гаргаагүй тул уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болох”-ыг мэдэгдсэн 7/3229 дугаартай албан бичгийг “ЮГ” ХХК-д хүргүүлжээ.
Мөн захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг хууль журмын дагуу явуулах ёстой ч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг тус тус баримтлан “Ю” ХХК-иас АМГТГ КХ -т холбогдуулан гаргасан “АМГТГ КХД-ын манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ