| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0166/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 176
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек,
шүүгдэгч Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох эрүүгийн 2013000000180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е , регистрийн дугаар РД:БГ02242111
Шүүгдэгч Е нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах иргэн Е гийн гэрт нь байгаа хувцасны шүүгээн доторх түрийвчнээс Хаан банкны 50******** тоот дансны дугаартай виза картыг хулгайлан авч, 500.000 төгрөгийг АТМ-аас гаргаж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Е гаас мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Виза картын нууц кодыг мэддэг байсан, өмнө нь надаар мөнгө гаргуулж авхуулдаг байсан гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000000180 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
2. Хаан банкны виза картыг яллагдагч Е гаас хүлээн авсан тухай тэмдэглэл, хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
3. Хулгайлсан мөнгөөр Хостерек худалдааны төвөөс худалдаж авсан гар утас, уг утасны хайрцаг, цэнэглэгчийн хамт яллагдагч Е гаас гаргаж өгснийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
4. Хулгайлсан мөнгөөр худалдаж авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
5. Хохирогч Е н Хаан банкны 50******** дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийн зарлага гарсныг нотлох 1 хуудас хуулгыг Е н гаргаж өгснийг хүлээн авч хэрэгт хавсаргах тэмдэглэл, тогтоол, хуулга /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
6. Яллагдагч Е н гаргаж өгсөн хулгайлсан мөнгөнөөс үлдсэн гэх 15.000 төгрөгийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
7. Хулгайлсан виза картнаас Е 500.000 төгрөгийг АТМ-аас гаргаж авах үед ХААН банкны хяналтын камерын бичлэг, гаргуулж авсан болон хүргүүлсэн албан бичгүүд /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
8. Хаан банкнаас ирүүлсэн АТМ-ны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,
9. Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
10. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
11. Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
12. Гэрч Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
13. Яллагдагч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Е нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах иргэн Е гийн гэрт нь байгаа хувцасны шүүгээн доторх түрийвчнээс Хаан банкны 50******** тоот дансны дугаартай виза картыг хулгайлан авч, 500.000 төгрөгийг АТМ-аас гаргаж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/
- Хаан банкны виза картыг яллагдагч Е гаас гаргаж өгснийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
- Хулгайд алдагдсан хохирогч Е гийн Хаан банкны виза картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
- Хулгайлсан мөнгөөр Хостерек худалдааны төвөөс худалдаж авсан гар утас, уг утасны хайрцаг, цэнэглэгчийн хамт яллагдагч Е гаас гаргаж өгснийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
- Хулгайлсан мөнгөөр худалдаж авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
- Хохирогч Е н Хаан банкны 50******** дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийн зарлага гарсан тухай банкны хуулга /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
- Яллагдагч Е н гаргаж өгсөн хулгайлсан мөнгөнөөс үлдсэн гэх 15.000 төгрөгийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
- Хаан банкнаас ирүүлсэн АТМ-ны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,
- Хохирогч Е н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр 08 цаг гээд ажилдаа явсан юм. Тэгээд ажил дээр байж байтал 14 цаг 13 минутад миний гар утсанд Хаан банкнаас “таны данснаас 500.000 төгрөг гарлаа” гэсэн мессеж ирэхээр нь би гайхаад эхнэр мөнгө гаргаж авсан юм байх гэж бодоод эхнэр Ш руу залгаад миний данснаас чи мөнгө гаргаж авсан уу гэхэд үгүй би мөнгө гаргаж аваагүй аав, ээж бид нар айлын цайнд байна гэхээр нь утсаа таслаад гэртээ очоод виза картаа хайгаад олоогүй. Тэгээд гэрийнхнээс асуухад аваагүй гэсэн, тэгээд би үеэл дүү Е гийн утас руу залгаад чи миний картнаас мөнгө гаргаж авсан уу гэхэд “үгүй, би картыг чинь аваагүй” гэхээр нь за за маргааш Хаан банкнаас лавлаад олж авъя гэж бодоод буцаад ажилдаа явсан.
Ажил дээр байж байтал 19 цагийн үед миний аав Б залгаад чиний картыг Е авсан юм байна, би цагдаа дуудчихсан, чи цагдаагийн газарт ир гэж хэлсэн. Болсон асуудал энэ юм. Би өөрийн Хаан банкны картыг унтлагын өрөөний шүүгээнд хувцас дотор байх эрэгтэй хүний кашлок /жижиг цүнх/-д хийгээд үлдээсэн байсан. Миний Хаан банкны виза картын нууц үгийг манай эхнэр Ш мэднэ, өөр хүн мэдэхгүй. Миний виза карт энгийн, ногоон өнгөтэй карт юм. Гадна талдаа нууц үг бичээгүй.
...Миний Хаан банкны данснаас 500.000 төгрөг авч надад 500.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. Өнөөдөр 14 цаг 30 минутын үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах Т гэх найзынхаа гэрт цай уухаар эхнэр К , бэр Ш 3 зээгийн хамт очсон. Гэрт ямар нэгэн хүн үлдээгүй. Манай гэрт байдаг миний төрсөн дүүгийн хүүхэд болох Е өглөө 12 цагийн үед гэрээс гарсан. Тэгээд найз Т ын гэрт цай уугаад сууж байтал миний хүү Е гийн гар утсанд Хаан банкны данснаас 500.000 төгрөг гарлаа гэсэн мессеж ирлээ гээд эхнэр Ш аас чи мөнгө гаргаж авсан уу гэж асуугаад манай бэр мөнгө гаргаж аваагүй карт чинь надад байхгүй гээд бид бүгд гайхаад гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй байсан ба удалгүй миний хүү Е ирж гэрт ирээд карт үлдээсэн газраа хайж үзэхэд виза карт нь байхгүй байсан.
Удалгүй Е гэрт орж ирэхэд би “чи виза карт авсан уу, ямар учраас авсан бэ, яагаад мөнгө гаргаж авсан бэ, үнэнээ хэлээрэй” гэхэд би авсан, карт гэхдээ нэг хүнд өгчихсөн дараа авч өгье гээд өөр юм ярихгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн юм. Е манай гэрт зун, намрын улиралд ажил хийж байдаг. Манай гэрээс урьд өмнө нь ямар нэгэн эд зүйл хулгайлагдаж байгаагүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
- Гэрч А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Е г танина, бид хоёр 2020 оны 1 дүгээр сард Фейсбүүкээр танилцаж 2020 оны 2 дугаар сараас хойш үерхэж эхэлсэн юм. Бид хоёр үерхэж 5 сар болж байна, гэхдээ тийм дотно харилцаатай биш, хааяа уулзаж гадуур цуг алхдаг. Би өнөөдөр Е тай 14 цагийн үед Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвгэрт байрлах Чегиртай эмнэлгийн урд уулзаж гадуур хамт алхсан ба Е намайг “би чамд гар утас авч өгөх гэсэн юм” гэж дуудсан юм. Тэгээд бид хоёр уулзаад Хостерек дэлгүүрт байрлах гар утасны дэлгүүрт очиж гар утас үзэж байгаад би Realme 5i гэсэн гар утсыг авахаар болж тохиролцоод Хостерек дотор байрлах Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг гарган авч, уг гар утсыг худалдаж авч, тэгээд Арай гэх нэртэй цайны газарт орж хоол идээд, намайг гэрт хүргэж өгөөд буцсан юм. Надад өмнө нь уулзаж байхдаа ажил хийж байгаа гэдэг байсан тэгээд цалингаа авсан юм байна гэж бодсон. Би Е г надад гар утас авч өг гэж шаардаж байгаагүй. Миний төрсөн өдөр 4 дүгээр сарын 07-ны өдөр болсон ба тэр үед чамд гар утас авч өгнө гэж байсан. Гэхдээ ажил хийгээд мөнгөтэй болохоороо авч өгнө гэдэг байсан би шаардаж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
- Гэрч Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр 3 ширхэг гар утас худалдсан. Эхний гар утас нь Realme 5i маркийн гар утас. Уг гар утсыг нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж үзэж байгаад авахаар болж карт уншуулах гэхэд манай посс машин ажиллахгүй байхаар нь АТМ-ээс бэлнээр нь авч ирж өгөөд худалдан авч би дээр нь шилэн наалт нааж өгсөн. Уг залуу 18-20 орчим насны улаан хацартай, бор царайтай 160-168 см орчим өндөртэй, хажуудаа найз охинтойгоо явж байсан ба өмссөн хувцсыг нь санахгүй байна. Уг гар утас нь 500.000 төгрөгийн үнэтэй юм тэгээд хямдруулаад 485.000 төгрөгөөр худалдан авсан. Гар утас нь хайрцагтайгаа дотор нь цэнэглэгч /адаптер/, USB холбогч хамт дагалдсан, чихэвч дагалдахгүй. Гар утсанд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй учраас манайх зарагдсан барааг буцааж авахгүй, мөнгийг буцааж өгөх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
- Яллагдагч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Бугат сумын 1 дүгээр багт аав, ээж, дүү нарын хамт амьдардаг ба аав, ээж, дүү нар хөдөө мал хариулж байгаа би аав, ээждээ тус болох гээд аймгийн төвд ажил хийхээр ирж авга ах Б ийн гэрт байрлаж ажил хайсан боловч удаан хугацаагаар ажиллах ажил олдохгүй хааяа өдөртөө цалин авдаг ажил хийж байсан юм. Одоогоор хийсэн ажилгүй байна.
Би 2020 оны 1 дүгээр сард фейсбүүкээр А гэх охинтой танилцаж улмаар 2020 оны 2 дугаар сараас эхлэн үерхэж эхэлсэн ба А гийн төрсөн өдөр 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болж би тэр үед мөнгө байхгүй болохоор төрсөн өдрийн бэлэг авч өгөх мөнгө байхгүй болохоор би дараа нь чамд ажил хийгээд цалингаараа гар утас авч өгнө гэж хэлсэн байсан юм. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үеэл ах болох Е гийн Хаан банкны виза картыг хувцасны шүүгээнд байрлах жижиг цүнхнээс нь хулгайлан авчихаад найз охин болох А тай утсаар ярьж бид хоёр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чегиртай эмнэлгийн урд уулзаж хамт Хостерек дэлгүүрт очиж 1 дүгээр давхарт нь байрлах гар утасны дэлгүүрт утас сонирхож байгаад Realme 5i гэсэн гар утсыг авахаар болж би худалдагчид Е гийн хаан банкны виза картыг өгч уншуулахад карт уншигч нь ажиллахгүй байхаар нь би Хостерек худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах АТМ-ээс Е гийн хаан банкны виза картнаас 500.000 төгрөг гаргуулан авч буцаад гар утасны дэлгүүрийн худалдагчид 485.000 төгрөг өгч гар утсыг худалдан авсан юм. Би Е гийн Хаан банкны картанд мөнгө байгаа гэдгийг мэдээгүй байсан АТМ дээр очиж шалгаж үзэхэд 645.000 төгрөг байхаар нь 500.000 төгрөгийг гаргаж авсан юм. Би Е гийн Хаан банкны картын нууц үгийг мэддэг байсан урьд нь надаар АТМ-ээс мөнгө гаргуулж авч байхдаа 1011 гэсэн кодыг хэлж байсан ба тухайн үед би АТМ-д уг нууц үгийг оруулж үзэхэд хэвээрээ байсан учраас мөнгө гаргаж авсан юм.
...Дараа нь найз охиноо гэрт нь хүргэж өгчхөөд карт надад байвал гэрийнхэнд баригдчих байх гэж айгаад картыг хугалах гээд голоор нь нугалсан ба хугарахгүй байхаар нь тэр чигт нь Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн гадна орчинд шидчихсэн ба мөрдөгч намайг уг картаа олж ирэх хэрэгтэйг тайлбарлаж өгөхөөр нь маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр карт хаясан газраа хайж байгаад олоод мөрдөгчид хүргэж өгсөн. Би уг картыг нуугаагүй хаячхаад буцааж олсон юм. Е гийн хохирлыг барагдуулаагүй миний үеэл ах учраас намайг уучилсан би өөрөө ч уучлалт гуйсан. Уг картнаас гаргаж авсан 500.000 төгрөгийн үлдэгдэл 15.000 төгрөгийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Миний үйлдсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт олгож өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагдагчаас Е нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах иргэн Е гийн гэрт нь байгаа хувцасны шүүгээн доторх түрийвчнээс Хаан банкны 50******** тоот дансны дугаартай виза картыг хулгайлан авч, 500.000 төгрөгийг АТМ-аас гаргаж авсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Е гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй байхгүй хэмээн тайлбарласан болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Е нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед түр хугацаанд амьдарч байхад үеэл болох хохирогч Е гийн гэрээс виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Хаан банкны 50******** дугаартай данснаас АТМ-ээс 500.000 төгрөгийг гаргуулан өөрийн эзэмшилдээ авч, уг хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч Е гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Е г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Е н шунахай сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Е гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е д 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хохирогч Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “Надад учирсан хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулаагүй, Е миний үеэл дүү учраас надад учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй” /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ хэмээн мэдүүлсэн боловч шүүхийн шатанд хохирол болох 500.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн тул шүүгдэгч Е гаас 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Е д олгох нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүхээс шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е д 400 цагийн нийтэд тустай ял шийтгэхийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эргүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно” гэж тус тус заасан байгаа. Иймд Е нь өсвөр насны шүүгдэгч тул Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт хүмүүжүүлэхээр даалгаж өгөхийг хүсэж байна хэмээн мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Е нь гэмт хэрэг үйлдэх үед 18 насанд хүрсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Е гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго зэргээс үзэхэд шүүгдэгчийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсанчлан хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд байгаа гэж үзэх боломжгүй, мөн энэхүү нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Шүүгдэгч Е нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Е д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Е д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Бугат сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Хаан банкны хяналтын камерын СД бичлэг 1 ширхгийг 2013000000180 дугаартай эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Хаан банкны виза картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Е д олгож, мөн 15.000 төгрөг, realme загварын гар утсыг цэнэглэгч хайрцгийн хамт хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч Е н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 500.000 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Е д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Бугат сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Е гаас хохирол 500.000 төгрөг гаргуулан хохирогч Е д олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Хаан банкны хяналтын камерын СД бичлэг 1 ширхгийг 2013000000180 дугаартай эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Хаан банкаас олгосон “Y, 6234580191860523” дугаартай виза картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Е д олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтууд болох 15.000 төгрөг, “realme” загварын гар утсыг цэнэглэгч хайрцгийн хамт хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч Е гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 500.000 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т