| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/05089/И |
| Дугаар | 102/ШШ2016/05816 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/05816
| 2016 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/05816
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 26 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Энхээгийн Төгөлдөр /РД:ГЮ66030510/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ-3-1 дүгээр байр, 40 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Борхүүгийн Алтангэрэл /РД:ЙЮ74011677/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Төгөлдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагч Б.Алтангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, гэрч М.Болдбаатар, Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Б.Шинэбаяр 2 автомашинаа сарын 8.000.000 төгрөгийн түрээстэйгээр ачаанд явуулах уу гэсэн санал тавьсны дагуу би 2 автомашинаа өгч явуулсан. Миний 2 машин уг ажлыг дуустал ажиллаж өгсөн. Би жолооч нартайгаа байнга холбоотой байсан. Жолооч нар Б.Алтангэрэл бидэнтэй гэрээгээ хийхгүй байна гэсэн тайлбар өгч байсан. Хариуцагч Б.Алтангэрэл нь манай машинуудыг явуулж байсан ажлаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл манай нэг автомашин Дулааны станцад нүүрс зөөсөн байдаг. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би өөрөө очиж, автомашинуудаа авсан. Хариуцагч Б.Алтангэрэл нь автомашин түрээслэсэн мөнгөө одоог хүртэл өгөхгүй байгаа бөгөөд сүүлрүүгээ утсаа ч авахгүй алга болсон. Ийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Б.Алтангэрэлтэй нэг автомашинаа сарын 8.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, 2 автомашин маань тус бүр 2 сар ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 36.000.000 төгрөг, 1 машины 15 хоног нүүрс зөөсөн 4.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2 автомашинаа Б.Алтангэрэлд хөлслүүлсэн. Эд хөрөнгө хөлслөх гэрээ нь заавал бичгээр хийхийг шаарддаггүй гэрээ юм. Гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар 2 автомашиныг Б.Алтангэрэл ажиллуулсан байдал нь тогтоогдож байна. Мөн нэг автомашины сарын хөлс нь 8.000.000 төгрөг мөн гэдэг нь тогтоогдлоо. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 2 сар 8 хоног 2 автомашин зэрэг ачаа тээвэрлэсэн хөлс нийт 36.000.000 төгрөг болж байна. Сүүлд Дулааны станцад нэхэмжлэгчийн 1 автомашин 15 хоног нүүрсэнд явсан төлбөрт 4.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Б.Алтангэрэлээс гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь тохиролцсон ёсоороо уг автомашиныг ачаанд явуулсан, явуулаагүй сарын 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Харин автомашины сэлбэгийн мөнгийг хасч тооцох нь зүйтэй. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаа дуусаад автомашинуудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэрэл 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нь автомашинуудаа өөрөө очиж авсан байдаг. Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх заалтыг үндэслэхээр энэ гэрээ нь өөрөө тохиролцоо болж болох учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гаргахаас өмнө сэлбэгийн асуудлаар тооцоо нийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар Мотор сервис ХХК-ийг төлөөлж шүүхэд орж ирээгүй. Иргэн Э.Төгөлдөр өөрийнхөө эрхийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байгаа. Автомашины сэлбэгт хариуцагчаас төлсөн 1.900.000 төгрөг, 1.250.000 төгрөгүүдийг хүлээн зөвшөөрч байна. Бусад жолооч нарын хоол, унд, буудлын мөнгө, унааны мөнгийг төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин жолооч нарын цалинг нэхэмжлэгч Э.Төгөлдөр өгөх ёстой гэв.
Хариуцагч Б.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Э.Төгөлдөр гэдэг хүнийг би огт танихгүй бөгөөд түүнтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй. Миний бие н.Болдбаатар гэдэг хүнтэй гэрээ байгуулж, 2 автомашиныг түрээслэн ажиллуулж байсан учраас н.Болдбаатар надтай тооцоо хийх ёстой гэж үзэж байна. Иргэн Б.Алтангэрэлийн хувиар бус компанийн захирлын хувиар иргэн н.Болдбаатартай аман гэрээ хийсэн байдаг. Нэхэмжлэгч нь н.Болдбаатарыг надтай уулзуулдаггүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Төгөлдөр иргэн Б.Алтангэрэлээс 40.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ нэхэж байгаа мөнгө нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гэж тайлбарлаж байна. Иргэн Э.Төгөлдөр нь иргэн Б.Алтангэрэлтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ хийгээгүй бөгөөд тэдний дунд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Гэрч н.Болдбаатар Би 2 автомашиныг авч очоод Эм Жи Эл Зэй АР ХХК-ийн захирал Б.Алтангэрэлтэй тохиролцсон гэж мэдүүлсэн. Э.Төгөлдөр, Б.Алтангэрэл 2 эрх зүйн ямар харилцаанд орсон талаар шүүх дүгнэлт хийнэ үү гэж хүсч байна. Э.Төгөлдөр нь Мотор сервис ХХК-ийн эзэмшлийн автомашиныг хөлсөлсөн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд уг автомашинуудын хөлсийг нэхэмжлэх эрхтэй холбоотой асуудал үүснэ гэж үзэж байна. Үүнээс үзэхэд Э.Төгөлдөрт Мотор сервис ХХК-ийн зүгээс шүүхэд автомашинуудын хөлс нэхэмжлэх эрх олгоогүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхгүй этгээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 55.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байгаа учраас тус хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж харж байна. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Төгөлдөр нь хариуцагч Б.Алтангэрэлд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ... Эм Жи Эл Кэй Ар ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй 30 хоногийн 8.000.000 төгрөгөөр 2 стзер маркийн өөрөө буулгагч автомашиныг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 02 сар 8 хоног, 1 автомашиныг нь дахин 15 хоног түрээслүүлж, түрээсийн төлбөр 40.000.000 төгрөг болсон боловч төлбөрөө төлөөгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа бол, хариуцагч нь ... ... Би Э.Төгөлдөр гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй, түүнчлэн би хувь хүнээрээ гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3 дахь хэсэгт Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулахаар байна.
Гэвч зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, түрээслүүлэгчийн талаар хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж тайлбарлахдаа зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн бөгөөд бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдахгүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч Б.Алтангэрэл нь Эм Жи Эл Кэй Ар ХХК-ийн захирлаар ажилладаг ба тус компани нь Багануур ХК-тай 15/08-567 тоот нүүрс тээвэрлэлтийн гэрээтэй ажиллаж, Багануур ХК-ийн уурхайн амнаас автомашинаар нүүрс тээвэрлэж байсан ба зохигчид энэ тал дээр маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь Б.Алтангэрэл нь Эм Жи Эл Кэй Ар ХХК-ийн захирал учир бидний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан Багануур ХК-ийн гаргасан Эм Жи Эл Кэй Ар ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн тооцоо, шатахуун зарцуулалтын хуудас, гэрч М.Болдбаатарын Багануурын уурхайн амнаас нүүрс тээвэрлэсэн, гэрч Б.Шинэбаярын Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэхэд машин хэрэгтэй байна гэж Б.Алтангэрэл хэлсэн зэрэг мэдүүлэг, зохигчдын тайлбараас эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлсөлсөн 2 автомашиныг Эм Жи Эл Кэй Ар ХХК хөлслөн авсан болох тогтоогдож байна.
Дээрх баримтуудаас дүгнэхэд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа Эм Жи Эл Кэй Ар ХХК болон нэхэмжлэгч Э.Төгөлдөр нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Э.Төгөлдөр нь иргэн Б.Алтангэрэлээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 40.000.000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзлээ.
Иймд Э.Төгөлдөрийн Б.Алтангэрэлээс 40.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Алтангэрэлээс 40.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Төгөлдөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ