Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 800

 

 

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00800

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, 38-а байр 310 тоотод оршин суух, Их Монгол овогт Насанжаргалын Туяа /РД:ХП61040168/

Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.   

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Туяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Насанжаргалын Туяа миний бие 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хөнгөн ба хүсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын Мах, Консервын Комбинатын хөргөх үйлдвэрийн хамтын тооцоотой бригадад данс хөтлөгчөөр томилогдон Мах импекс компанийн ерөнхий захирлын 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 39 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн бөгөөд Улсын төв архиваас холбогдох баримт бичгийг шүүлгэн анх намайг ажилд томилсон Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын Мах, Консервын Комбинатын даргын ажилд томилох тухай 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 721 тоот “Ажилд томилох шилжүүлэн томилох тухай” тушаал, ажлаас чөлөөлсөн Мах импекс компанийн ерөнхий захирлын 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 39 тоот “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаал болон холбогдох бусад тушаал баримтуудыг гаргуулсан. Иймд Н.Туяа намайг 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын Мах, Консервын Комбинат буюу одоогийн Мах импэкс ХК-д тоологч, данс хөтлөгч болон нярваар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Туяа нь 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын Мах, Консервын Комбинат буюу одоогийн Мах импэкс ХК-д тоологч, данс хөтлөгч болон нярваар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн хүсэлт гаргагч Н.Туяагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын Мах, Консервын Комбинатын даргын 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 721 дүгээр “Ажилд томилох” тухай тушаалын 1 дэх заалтад Насанжаргалын Туяаг 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс тоологчоор гэх бичилт,

мөн Улаанбаатарын Мах, Консервын Комбинатын даргын 1982 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тушаалын 1 дэх заалтад хөргөх үйлдвэрийн ажилчин Насанжаргалын Туяаг 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өдрөөс 01 дүгээр сарын 19-ний 6 хоног түр чөлөөлсүгэй гэх бичилт,

Улаанбаатарын Мах, Консервын Комбинатын даргын 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаар тушаалын хавсралтад Баян-Уул амралтад амрах махны тооллогон дээр сайн ажилласан ажилчдын нэрс хэсэгт Насанжаргалын Туяа гэх бичилт,

Улаанбаатарын Мах, Консервын Комбинатын даргын 1988 оны 06 дугаар сарын 18-ны 175 дугаар “Илүү цагаар ажиллуулах” тухай тушаалын хавсралтын 36-д туслах нярав Насанжаргалын Туяа гэх бичилт,

Улаанбаатарын Мах, Консервын Комбинатын даргын 1990 оны 01 дүгээр сарын 11-ний 8 тоот “1989 оны социалист уралдаанд шалгарсан хамт олон ажилтан, ажилчдыг шагнах тухай” тушаалын 3 дахь хавсралтад хөргөх үйлдвэрийн нярав Насанжаргалын Туяа гэх бичилт,

Мах импэкс пүүсийн 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 93 тоот “Шагнал олгох тухай” тушаалын хавсралтын 7-д нярав Насанжаргалын Туяаг 4000 төгрөгөөр шагнах гэх бичилт,

Мах импэкс ХК-ийн Ерөнхий захирлын 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 72 тоот Комисс томилох тушаалын хавсралтын 16-д пүүлэгч нярав Насанжаргалын Туяа гэх бичилт,

Мах импэкс ХК-ийн Ерөнхий захирлын 1995 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 39 тоот тушаалын хавсралтад Цалингүй чөлөө авах хүмүүс гэх хэсгийн 3-д эхлэн боловсруулах үйлдвэрийн ажилчин Насанжаргалын Туяа 03 дугаар сарын 16-ны өдрөөс 78 хоног гэх бичилт зэргээр тогтоогдож байна.

Мөн Улсын бүртгэлийн төв архивын газрын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн лавлагаагаар “Мах Консервын Комбинат” нь 1991 оноос Мах импэкс пүүс, 1992 оноос Мах импэкс ХК болж нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн Н.Туяатай Улаанбаатарын Мах, Консервын Комбинатад хамт ажиллаж байсан гэрч О.Оюунгэрэлийн “Би 1982 оны 09 дүгээр сард хуучнаар Улаанбаатар хотын Мах, Консервын комбинат буюу одоогийн Мах импекс компанид Хөргөх үйлдвэрийн хамтын тооцоотой бригадад данс хөтлөгчөөр ажилд орсон. Намайг ажилд орох үед Н.Туяа нь Улаанбаатар хотын Мах, Консервын комбинатын Хөргөх үйлдвэрийн хамтын тооцоотой бригадад тоологчоор ажилладаг байсан ба ажиллаад 1 жил гаруй болж байсан, тэр үеэс эхлэн Н.Туяаг танина. Улаанбаатар хотын Мах, Консервын комбинат буюу одоогийн Мах импекс компанид 1982 оноос 1993 оныг дуустал хугацаанд Хөргөх үйлдвэрийн данс хөтлөгчөөр, 1994 оноос 2001 оны 01  сарыг хүртэл эхлэн боловсруулах үйлдвэрийн зарлагын ахлах нярав, хяналтын пүүний падаан бичигчээр ажилласан. 1992 онд Улаанбаатар хотын Мах, Консервын комбинатын нэр өөрчлөгдөж, Мах импекс компани болсон бөгөөд тэр үед хуучнаар Мах, Консервын комбинатын Хөргөх үйлдвэр нэр нь Эхлэн боловсруулах үйлдвэртэйгээ нэгдсэн. Н.Туяа нь Мах, Консервын комбинат буюу одоогийн Мах импекс компанид 1981 оноос 1995 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд Хөргөх үйлдвэрийн тоологч болон эхлэн боловсруулах үйлдвэрийн ахлах нярваар ажиллаж байгаад чөлөө авч ажлаас гарч байсан”

гэрч Х.Баяндэлгэрийн “Би 1985 оны 09 дүгээр сард хуучнаар Улаанбаатар хотын Мах, Консервын комбинат буюу одоогийн Мах импекс компанид Хөргөх үйлдвэрийн хамтын тооцоотой бригадад данс хөтлөгчөөр ажилд орсон. Намайг ажилд орох үед Н.Туяа нь Улаанбаатар хотын Мах, Консервын комбинатын Хөргөх үйлдвэрийн хамтын тооцоотой бригадад тоологчоор ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн Н.Туяаг таних болсон ба Н.Туяа нь тус комбинатад ажиллаад 4 жил гаруй болж байна гэж байсан. Миний бие хуучнаар Улаанбаатар хотын Мах, Консервын комбинат буюу одоогийн Мах импекс компанид 2000 он хүртэл данс хөтлөгч болон хөргөх үйлдвэрийн ажилтнаар ажилласан. Н.Туяа нь Мах, Консервын комбинат буюу одоогийн Мах импекс компанид 1995 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд Хөргөх үйлдвэрийн тоологч болон эхлэн боловсруулах үйлдвэрийн ахлах нярваар тус тус ажиллаж байгаад чөлөө аван ажлаас гарсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Н.Туяагийн ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд хүсэлт гаргагч Н.Туяаг 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын Мах, Консервын Комбинат буюу одоогийн Мах импэкс ХК-д тоологч, данс хөтлөгч болон нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Их Монгол овогт Насанжаргалын Туяа /РД:ХП61040168/-г 1981 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын Мах, Консервын Комбинат буюу одоогийн Мах импэкс ХК-д тоологч, данс хөтлөгч болон нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА