| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00748/И |
| Дугаар | 813 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 813
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00813 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 хэсэг, соёмбот 1 гудамж, 16 тоотод оршин суух, Боржигон овогт Цэвэлмаагийн Төмөртогоо /РД:ЧК52042102/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30, байр, 36 тоотод оршин суух, Наран овогт Товуучийн Батбилэг /РД:АИ80082519/
Зээлийн гэрээний үүрэгт 5.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Төмөртогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Төмөртогоо миний бие Т.Батбилэгтэй 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг сард 5 хувийн хүүтэй 3.500.000 төгрөгийг зээлүүлж, зээлийн гэрээ байгуулсан ба зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Би тэтгэврийн зээл авч, Т.Батбилэгт зээлүүлсэн. Т.Батбилэг намайг тэтгэврийн зээл авсан гэдгийг мэдээд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл зээлсэн мөнгөний хүүгээ төлж байсан. Зээлийн хугацаа дуусч, үндсэн мөнгөө авахаар гар утас руу нь удаа дараа ярьсан боловч удахгүй өгнө, амралтын мөнгө аваад өгнө гэж худал хэлж, сүүлдээ утсаа авахгүй, утасны дугаар хараад утсаа шууд тасалдаг болсон. Иймд зээлийн үндсэн төлбөр 3.500.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож 1.750.000 төгрөг нийт 5.250.000 төгрөгийг Т.Батбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Төмөртогоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Т.Батбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Батбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Т.Батбилэг миний бие нэхэмжлэгч Ц.Төмөртогоогийн нэхэмжлэлийн шаардлага 5.250.000 төгрөгөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Т.Батбилэг нь нэхэмжлэлийн шаардлага 5.250.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Төмөртогоо нь хариуцагч Т.Батбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч Т.Батбилэг нь нэхэмжлэлийн шаардлага 5.250.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 98950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 49475 төгрөг, хариуцагч Т.Батбилэгээс 49475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Төмөртогоод олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Батбилэг нь нэхэмжлэлийн шаардлага 5.250.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.750.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 49475 төгрөг, хариуцагч Т.Батбилэгээс 49475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Төмөртогоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА