| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0186/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 196
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б ,
шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д д холбогдох эрүүгийн 2013002810208 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 24-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дун боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Д, регистрийн дугаар БЭ*******.
Шүүгдэгч Д нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны шөнө 21 цагийн үед 3416 БӨТ улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Ховд голын бетон гүүрийн хажуугийн “Оргил” худалдааны төвийн урьд талын засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцож яваад автомашины зогсоол руу гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Е гийн жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч Е гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002810208 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас/,
2. Хохирогч Е гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/,
3. Шүүгдэгч Д ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/
4. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 335 дугаартай, хохирогч Е гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
5. Эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн талаар гаргасан магадлагаа /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,
6. Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас/,
7. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
8. Яллагдагч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/,
9. “Оргил” худалдааны төвийн гадна хяналтын камерын бичлэгт нь үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий хэсгийг дүрс бичлэг хийж бэхжүүлэн авсан тэмдэглэл, дүрс бичлэг /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны шөнө 21 цагийн үед 3416 БӨТ улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Ховд голын бетон гүүрийн хажуугийн “Оргил” худалдааны төвийн урьд талын засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцож яваад автомашины зогсоол руу гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Е гийн жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч Е гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас/,
- Хохирогч Е гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д ы жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн гаргасан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 335 дугаартай “1. Иргэн Е гийн баруун шилбэний гадна дотно хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал, хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтан БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т ын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай магадлагаа “Жолооч Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн байна. Осол гарах болсон шалтгаан нь жолооч Д зүүн гар тийш эргэх үед өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нь зам тээврийн осол болох гол шалтгаан болно” /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,
- Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 7, 8 хоногийн өмнө нэг хүнээс улсын дугааргүй “мустанг-5” маркийн мотоцикл худалдаж авсан. Тэгээд таксинд явдаг байсан. Тэр өдрийн орой Ө сумын 6 дугаар багаас нэг хүн аваад Ө сумын 5 дугаар багийн нутаг “Толхын” гэх дэлгүүрийн урд талд буулгаад дахиад явж байх үед үл таних эмэгтэй хүүхэд зогсоосон ба уг охин Ө сумын 5 дугаар багаас гүүрийн цаад талд гарна гэхээр нь тэр хүнийг аваад явж байх замдаа Ховд голын бетон гүүрийн аймаг талаас нь явж байхад гүүрээс урагш төв рүү ирж байсан Санни маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж замын эсрэг талын зогсоол руу гарч ирэх үед би хажуу талаас нь очиж мөргөж унасан. Тухайн үед 21 цаг 30 минут 22 цаг орчмын үе байх гадаа харанхуй болж эхэлж байсан. ...Би босож чадахгүй байхад уг тээврийн хэрэгслийн жолооч намайг түшиж замын хажуу талд гаргасан. Харин тэр хүний эхнэр нь эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. ...миний хөл хугарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,
- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нөхөр бид хоёр Б сумын 3 дугаар багт оршин суудаг. Нөхөр маань хэд хоногийн өмнө нэг тээврийн хэрэгсэл худалдаж авсан ба одоо хүртэл нэр дээрээ буулгаж аваагүй. Би өөрөө 4 сартай жирэмсэн болохоор өдөр бүр Ө сумын 4 дүгээр багт байдаг Т гэх бариач хүний гэрт очиж эмчилгээ хийлгэдэг байсан. Нөхөр бид хоёр өчигдөр орой 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Ө сумын 9 дүгээр багт байдаг Т гэх хүний гэрт очиж бариа хийлгэж дуусаад буцаад гэр лүү явж байх замдаа Ховд голын бетон гүүрээр гараад явж байх үед бид нартай хамт явсан манай хүү ундаа авна гэхээр нь миний нөхөр замын зүүн талын дэлгүүрт зогсох гээд замаас хөндлөн гарч явах үед гол замаар явж байсан нэг мотоцикл бидний тээврийн хэрэгслийн баруун талаас ирж мөргөж унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
- Яллагдагч Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр орой 22 цагийн орчимд өөрийн 3416 БӨТ улсын дугаартай “Ниссан Санни” маркийн тээврийн хэрэгслээр эхнэр Нургүлийг Ө сумын 9 дүгээр багт байдаг бариач хүнд хүргэж бариулаад гэр лүү буцаж харьж явах замд Ховд голын бетон гүүрийн урд талын замаар ирж байгаад хамт явж байсан хүүдээ ундаа авч өгөхөөр болж уг засмал замын зүүн талын буюу замын эсрэг талын автомашины зогсоолд зогсохоор эргэж байх үед гол замаар ирж байсан улсын дугааргүй мотоцикл миний машины баруун талаас ирж мөргөж жолооч нь газарт унасан. Тэр үед эхнэр бид хоёр машинаас бууж мотоциклийн жолоочийн хажууд очиход тэр босож чадахгүй байхаар нь түшиж замын хажууд гаргаж эхнэр маань цагдаад болон эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/
- “Оргил” худалдааны төвийн гадна хяналтын камерын бичлэгт нь үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий хэсгийг дүрс бичлэг хийж бэхжүүлэн авсан тэмдэглэл, дүрс бичлэг /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б ээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Д 2020 оны 8 дугаар сарын 10-ны шөнө 21 цагийн үед 3416 БӨТ улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Ховд голын бетон гүүрийн хажуугийн “Оргил” худалдааны төвийн урьд талын засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцож яваад автомашины зогсоол руу гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас сөрөг урсгалаар орж ирсэн хохирогч Е гийн жолоодож явсан мотоциклийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д ы хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10, 12.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Е гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д аас хохирогч Е гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой гарсан гэмт хэргийн хор уршигт гарсан зардлыг төлж өгсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/, хохирогчийн гарын баримт /хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Е нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлд эмчилгээ хийлгэхтэй холбоотой цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Д д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Д аас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргаж, хохирогч Е аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баталгааг хавсаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/75 дугаартай саналд яллагдагч Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Д хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 163 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Д д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч Д урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д ы иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, 34-16 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлийн “Елко” загварын зурагт 1 ширхгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг СД 1 ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах зүйтэй байна.
Шүүгдэгч Д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д ы иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, 34-16 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Х д даалгасугай.
6. Хохирогч Е нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэлд эмчилгээ хийлгэхтэй холбоотой цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн “Елко” загварын зурагт 1 ширхгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн камерын бичлэг СД 1 ширхгийг эрүүгийн 2013002810208 дугаартай эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ