Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/05782

 

 

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/05782

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Монгол телевиз цамхагт байрлах Монгол телевиз ХХК /РД: 5120012/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 17 дугаар байр, 31 тоот хаягт байрлах Болор луу ХХК /РД: 2789264/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Диваачамба /ШТҮД: 2251/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол телевиз ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Монгол телевиз ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Болор луу ХХК-тай Контент ашиглах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Монгол телевиз нь Пиналти спорт нэвтрүүлгийн 6 дугаарыг бэлтгэн эфирээр цацах үүрэг хүлээсэн. Харин Болор луу ХХК нь нэг удаагийн нэвтрүүлгийн үнэ 1.800.000 төгрөг буюу нийт 6 удаагийн нэвтрүүлгийн үнэ 10.800.000 төгрөгийг Монгол телевиз ХХК-д төлөх үүрэг хүлээсэн байдаг. Контент ашиглах гэрээ нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан байгаа бөгөөд уг гэрээнд заасны дагуу хариуцагч Болор луу ХХК нь төлбөрөө тухайн 7 хоногийн нэвтрүүлгийг эфирээр цацахаас өмнө тооцоогоо төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч Болор луу ХХК нь үлдэгдэл төлбөр 4.300.000 төгрөгөө төлөөгүй. Удаа дараалан төлбөрөө төлөхийг шаарддаг бөгөөд үүнд төлбөрөө төлөлгүй удааж байгаад хүлцэл өчье гэсэн тайлбар өгдөг. Энэ тухай баримт хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан байдаг. 14 хуудсанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь харагддаг. Эвлэрлийн журмаар уг асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч бид эвлэрч чадаагүй. Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байгаа тул хариуцагчаар 4.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Болор луу ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие Сумо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах ажилтай байсны улмаас нэхэмжлэлийг няцаах боломж олдоогүй тул нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,        

      

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол телевиз ХХК нь хариуцагч Болор луу ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 4.300.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь санхүүгийн боломжгүй, эвлэрэх хүсэлттэй гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14/100 дугаартай Контент ашиглах гэрээг бичгээр байгуулсан болох нь гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Контент ашиглах гэрээгээр хариуцагч Болор луу ХХК нь нэг удаагийн дугаар нь 45 минутын хугацаатай үргэлжлэх Пеналти спортын нэвтрүүлгийн 6 дугаарыг бэлтгэж эфирээр цацах, Монгол телевиз ХХК нь нэвтрүүлгийг 7 хоног бүрийн Пүрэв гарагийн 23.00 цагт эфирээр цацах, нэг бүрийг нь 1.800.000 төгрөгөөр, нийт 10.800.000 төгрөгөөр гүйцэтгэхээр, гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал үргэлжлэхээр тохиролцжээ.

Дээрх гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Контент ашиглах гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн бэлтгэсэн Пеналти спортын нэвтрүүлгийн 6 дугаарыг Монгол телевизийн эфирээр цацах үүрэг хүлээж, уг үүргээ биелүүлсэн болох нь Монгол телевиз ХХК-иас төлбөр барагдуулах талаар явуулсан албан тоот, зохигчдын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, Болор луу ХХК-ийн тайлбар хүргүүлэх, хамтран ажиллах тухай албан бичгүүд, 11, 12 дугаар сарын гүйцэтгэлийн тайлан зэргээр нотлогдож байна.

Уг гэрээгээр хөлс төлөх талаар тухайн 7 хоногийн нэвтрүүлэг гарахаас өмнө телевизэд хөлсийг бэлнээр болон дансаар төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч Болор луу ХХК нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 4.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Энэ төлбөрийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Болор луу ХХК-иас шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх хүсэлттэй гэсэн тайлбар ирүүлсэн, үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд тодорхой эвлэрэх санал гаргаагүй, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэргээс хариуцагч дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй нь тогтоогдлоо.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хариуцагч Болор луу ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол телевиз ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Болор луу ХХК-иас 4.300.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол телевиз ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 


                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ