| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0192/Э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 203
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч К,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013002880231 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дугаар сарын 07-ны өдөр Ц суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, БӨ аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б , регистрийн дугаар БЛ83******
Шүүгдэгч Б 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед БӨ аймгийн Ц сумын 8 дугаар багт орших өөрийнхөө гэрт согтуугаар эхнэр А ийг ахуйн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013002880231 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
2. Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
3. Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
4. Гэрч Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
5. Насанд хүрээгүй гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
6. БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б гийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаартай хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
7. Яллагдагч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед БӨ аймгийн Ц сумын 8 дугаар багт орших өөрийнхөө гэрт согтуугаар эхнэр А ийг ахуйн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Ц сумын 8 дугаар багт нөхөр болох Б гурван хүүхдийн хамт амьдардаг. Бид нар гэрлээд 13 жил болж байгаа. Б нь бид хоёр гэрлэснээс хойш хэрүүл маргаан үүсгэж, заримдаа зоддог байсан. Би түүний үглээ занг нь 13 жилийн турш тэвчиж байгаа бөгөөд ихэнхдээ хүүхдүүдээ бодох юм. Дээрээс нь Б ийг архийг болчих байх гэсэн итгэл мөн надад байсан. Тэр байнга үглээд байхаар нь өнгөрсөн жил 2019 оны 06 дугаар сарын үед цагдаагийн байгууллагад хандаж нэг удаа баривчлуулж байсан. Харин түүнээс хойш гайгүй засраад явж байсан бөгөөд энэ он буюу 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр архи ууж ирээд зодож миний гар хугарсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэрнээс өмнө 7 дугаар сарын үед 1 удаа, 1, 2 дугаар саруудад архи ууж ирээд хэрүүл маргаан үүсгэхээр нь би тэр болгоныг цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй.
... 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр болсон асуудал дээр бол Б нь энэ зунжингаа хашаан дотор блокоор байшин барьсан бөгөөд тэрний цонхыг хийлгэж авч ирэхээр явсан билээ. Тэгээд тэр өдөржингөө алга болоод нэлээн орой гэртээ цонхоо нэг машинд ачиж ирээд суулгасан. Тухайн үед Б нь нэлээн согтуу байсан. Тэгээд би тэрэнд уурлаад “чи бэлэн байгаа цонхыг авч ирэх гэж бүтэн өдөр явдаг юм уу?” гэж хэлэхэд Б надад “чи миний хийсэн ажил, олж ирсэн орлогыг үздэггүй” гэж хэлээд намайг газар унагааж цохиж өшиглөсөн. Тухайн үед миний баруун талын гарны шуу хэсэг аймар өвдөж байсан ба аймгийн төвийн эмнэлэгт очиход цуурч хугарсан талаар. хэлж байсан. Тэгээд би аймгийн төвд очоод шинжээч эмчид үзүүлж гэмтлийн дүгнэлт гаргуулсан юм. Тухайн үед Б миний зүүн талын гуя, гар. нударгаараа цохиж, өшиглөсөн. Мөн миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Баруун талын гарын шуу хэсэг маань цуурч хугарсан байсан талаар эмч нар хэлсэн. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандахгүй бол болохгүй юм байна гэж цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
- Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б , А нар энгийн үед зүв зүгээр сайн харилцаатай сууж байдаг энгийн л гэр бүл юм. Харин Б нь архи их хэрэглэдэг залуу бөгөөд тэрнээс болж тэдний гэр бүлд хэрүүл маргаан үүсдэг. Б нь архи ууж ирсэн үед эхнэр болох А тэй хэрүүл гаргаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулдаг. Хааяа зоддог. Гэхдээ Б ийн зодож байсныг би нүдээрээ хараагүй. Сүүлд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б архи ууж ирсэн үед Б нь архи ууж ирээд мөн хэрүүл маргаан гарч Б нь эхнэр болох А ийг зодож баруун талын гарыг нь гэмтээсэн байна лээ. Тэр өдөр миний бие хадлангийн талбайд өвс хадаж байгаад 22 цагийн үед ирсэн. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өглөө нь ийм асуудал болсон талаар сонссон. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би түүний гарыг нь боож өгөөд эмнэлэгт аваачиж үзүүлээд цагдаад өргөдлөө өг гэж хэлсэн. Миний бие хэчнээн хөрш ч гэсэн хэдэн айлын цаана байдаг учир тэдний гэр бүл дотор юу болж байгааг мэдэхгүй. Тэр хоёр гэрлээд олон жил болж байгаа бөгөөд байнга зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Хааяа нэг хэрэлдэж, маргалдлаа гээд сонсдог байсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б эхнэр болох А ийг зодож гарыг нь хугалсан талаар мэдсэн юм. Тухайн үед А баруун талын гараа даавуугаар хүзүүндээ өлгөж авч явсан бөгөөд гар нь хавдсан байсан. Харин түүний яг аль талын нүд гэдгийг сайн санахгүй байна нэг талын нүд нь хөхөрсөн байсан. Мөн Алтынгүл өөрөө хэлэхдээ нуруу хэсэг, нэг талын хөл нь өвдөж байгаа талаар хэлсэн бөгөөд нэг талын хөлөө доголон гишгэж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б ийг таньдаг. Б ийн гэртэй 15-16 жил хөрш оршин сууж байгаа юм. Миний хөрш болох Б нь цайлган цагаан зантай гэхдээ архи их уудаг хүн байгаа. Бид нар Б тэй тийм их харьцдаггүй. Архи уугаад согтуу явж байдгийг гаднаас нь хардаг юм. Би Б ийн эхнэр болох Алтынгүлийг зодож байсныг яг нүдээрээ хараагүй. Харин өнгөрсөн сард буюу 2020 оны 08 дугаар сард эхнэрээ зодож гарыг нь гэмтээсэн талаар хүмүүсээс сонссон юм. А гараа боож аваад явж байсныг би харсан. Тэрнээс биш 15-16 жил хөрш суухдаа Б нь эхнэрээ зодож байсныг хараагүй. Гэхдээ Б нь байнга архи уудаг нь үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч Г ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б ийг таньдаг бөгөөд олон жил хөрш амьдарч байгаа. Миний хөрш болох Б нь архи их уудаг нь үнэн. Байнга архи уусан согтуу л явж байдаг харагддаг. Харин түүний эхнэрээ зодож байсныг нүдээрээ хараагүй. Заримдаа шуугилдаж хэрэлдэж байгааг сонсдог. Харин 2020 оны 08 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна Б ийн гэрт сүү авахаар очиход Б ийн эхнэр болох Алтынгүл нь гараа боож авсан Б согтуу ирж зодож гарыг минь хугалчихсан гэж уйлаад сууж байсан юм“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаартай “1.Иргэн А ийн баруун богтос ясны доод булууны хүзүүний хэсгийн цууралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гуяны гадна хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Иргэн А ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/
- Яллагдагч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхнэр А д гар хүрч зодсон маань үнэн. Энэ асуудал юунаас болсон бэ гэвэл би энэ зун 06 дугаар сараас эхлэн Ц сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт блокоор байшин барьж эхэлсэн бөгөөд тэгээд хүмүүсийн хадлан эхлэх үеэр хар, бор ажил хийж барьж байгаа байшингийнхаа цонхыг худалдаж авах санаатай 2 өдөр Указ гэдэг хүний туслаад 2020 оны 08 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би гэртээ ирэхдээ шинээр барьж байсан байшиндаа 4 ширхэг том цонх 500.000 төгрөгөөр Төрехан гэх хүнээс худалдаж аваад уг хүний машинаар гэртээ авч ирсэн. Тэгээд би гэрт ирсний дараа нөгөө Төрехан гэх хүн өнөөдөр орой болчихсон байна. Би цонхийг чинь маргааш суурилуулаад өгье гэхээр нь за гэж хэлээд уг хүнийг явуулаад гэртээ очтол эхнэр А нь “чи 2 өдөр дараалан архи уулаа, гэрт ирэхгүй гадуур тэнээд явлаа, гэж хэлээд намайг яв, зайл хэмээн чулуугаар хөөж гадаа гаргасан” тэгэхээр нь би түүнд уурлаж нүүр нь тус газарт нь 2 удаа цохиж, 1 удаа өчиглөж мөн гараараа цохих үеэр тэр гараараа хаасан ба тэр үед миний хөл түүний гарыг хүчтэй цохисны улмаас гэмтэл авсан юм. Би эхнэр болох А ийн зүүн талын нүд рүү гараараа цохиж, зүүн талын гар, гуя хэсэг рүү нударгаараа цохиж хөлөөрөө өшиглөсөн нь үнэн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б ийн хохирогч болох эхнэр А ийн эрүүл мэндэд “баруун богтос ясны доод булууны хүзүүний хэсгийн цууралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гуяны гадна хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч А д асуулт тавьж, Аюулын зэргийн үнэлгээг тогтооход эрсдэлийн түвшин “дунд” гарчээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б нь хохирогч А тэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/78 дугаартай саналд яллагдагч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б т холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.
Шүүгдэгч Б т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ