Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 202

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтынгүл,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013003120239 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, БӨ аймгийн Ө сумын  0 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, эцэг эх, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б , регистрийн дугаар: *******.

Шүүгдэгч Б нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед БӨ аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах өөрийнхөө гэрт согтуугаар хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013003120239 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

2. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

3. Гэрч Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

4. Хохирогч Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон БӨ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

5. Яллагдагч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед БӨ аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах өөрийнхөө гэрт согтуугаар хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед ажлаас тараад Өлгий сумын 12 дугаар багт байрлах гэртээ ирэхэд хадам аав, хадам ээж, 2 хүүхэд минь байсан ба нөхөр Б  нь гэртээ байхгүй байсан. Тэрээр миний бие хувцсаа солиод хоолоо хийсэн ба орой 21 цагийн үед нөхөр Б  нь гаднаас согтуу байдалтай гэртээ орж ирээд хувцас болон гутлаа тайлаад гал тогооны өрөөнд орж ирээд надад хандаж хоол хийгээгүй юм уу, хүүхдийн сургуулийн хувцас том болчихсон байна” гэх мэтээр хэрүүл хийж над руу дайрахад хадам аав, хадам ээж хоёр нөхөр Б ыг болиулах гэхэд над руу дайрч ирээд гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа, миний зүүн талын гарын мөр хэсэг рүү 1 удаа цохиж дахин намайг зодох үед миний бие гэрээсээ гарч яваад Өлгий сумын 3 дугаар аар багт байрлах хадам ах Ж гийн гэрт очсон юм. Тэрээр Ж гийн гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

- Гэрч  Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед бэр Б  ажлаасаа ирээд оройн хоолоо хийж байсан. Орой 20-21 цагийн үед хүү Б  нь согтуу орж ирэхэд бэр Б  нь түүнийг архи уулаа гэж хэлээд уурлаж тэр хоёр хоорондоо маргалдаж байсан юу гэж маргалдаж байсан талаар сайн сонсоогүй учир нь миний чих бага зэрэг муу сонсдог. Тэрээр хүү Б  нь бэр Б  рүү дайрсан энэ үед миний бие салгах гэсэн боловч чадаагүй ба хүү Б  нь гараараа Б ыг нэг, хоёр удаа цохиход Б  гараад явчихсан ба араас нь Б  гараад явсан юм. Хэсэг хугацааны дараа Б  ороод ирсэн ба тухайн өдөр бэр Б  нь гэртээ ирж хоноогүй миний төрсөн дүү болох Ж гийн гэрт очиж хонож байгаа талаар дүү Ж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 368 дугаартай “1. Иргэн Б ы зүүн талын нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалганы хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн Б ий биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

- Яллагдагч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие эхнэр Б тай 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болоод өнөөдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн үед хүүхдээ сургуульд хүргэж өгөөд гадуур явж байгаад орой 17 цагийн үед 2 хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь аваад Өлгий сумын 12 дугаар багт байрлах гэртээ авч ирээд аав Х , ээж Л  нарт үлдээгээд буцаад гэрээсээ гараад найз А тэй уулзаад А  нь Соёрхол нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи авчихсан байсан ба уг архийг А ийн гэрийн ойролцоох гудамжинд усан юм. Тэрээр орой 20-21 цагийн үед гэртээ очиход аав, ээж, эхнэр хүүхдүүд байсан ба миний бие гэртээ ороод эхнэр Б ээс архи уух мөнгө, төгрөг асуугаад эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж эхнэрээ зодсон байсан тухайн үед би их согтуу байсан болохоор болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь эхнэр болон аав надад урьд орой согтуу ирээд эхнэрээ зодсон талаар хэлээд намайг уурлаж байсан юм. Эхнэрээс мөнгө асуухад эхнэр өгөөгүй тэгээд хэрүүл хийж улмаар эхнэрээ зодсон байсан юм. Миний бие урьд, өмнө нь эхнэрээ зодож, цохиж байгаагүй юм. Би эхнэрээ зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар хохирогч болох эхнэр Б ы эрүүл мэндэд “зүүн талын нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалганы хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч Б д асуулт тавьж, Аюулын зэргийн үнэлгээг тогтооход эрсдэлийн түвшин “бага” гарчээ. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б  нь хохирогч Б тай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/80 дугаартай саналд яллагдагч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.

Шүүгдэгч Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ