Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 0008

 

Өвөрхангай аймаг дахь м Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Нэргүй   даргалж,

Нэхэмжлэгч: Ш.Б, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга

Гуравдагч этгээд: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар иргэн Ш.Б-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох “Ш.Б миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж 72.6 оноогоор 1-рт эрэмбэлэгдэн тэнцсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байранд томилох саналыг удаа дараа хүргүүлсэн боловч томилохгүй 2-рт эрэмбэлэгдсэн Ц.Б-г томилсонг хүчингүй болгож уг албан тушаалд томилуулахыг даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орон тоонд шалгалт өгсөн.

Тус шалгалтад 72.6 оноо авч 1 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Тэгээд уг ажлын байранд ажиллуулах саналыг Төрийн албаны салбар зөвлөлөөс Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд хүргүүлсэн. Гэтэл Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс ажлын байрны зарыг өөрчилж зар явуулсан учраас ажлын байранд томилох боломжгүй гэсэн татгалзсан хариу ирүүлсэн.

Миний бие Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан. Дараа нь Захиргааны хэргийн шүүхэд  нэхэмжлэл гаргасан. Сонгон шалгаруулалтаар 1 дүгээр байранд эрэмбэлэгдсэн ажлын байрандаа томилуулах тухай нэхэмжлэлийг гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид гуравдагч этгээдийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилохдоо хууль зөрчиж томилсон байна.

1915 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж мөрдсөн Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний дагуу нийтийн захиргааны бүх ажил явагдах ёстой. Гэтэл энэ хуульд заасан арга хэрэгслээр уг томилгооны ажил явагдаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 2.1-д зааснаар төрийн бүхий л ажил хууль дээдлэх зарчмын хүрээнд явагдана гэж заасан боловч уг үүргээ биелүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны оролцогчийн эрхийг хангаагүй байна. Ш.Б аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосноор нарийн бичгийн даргын ажилд орох хүсэлтээ Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд уламжилсан байдаг.

Гэтэл тэр томилгоог хийхдээ Ш.Б-г оролцуулж хийгээгүй. Тус хуралд Ш.Б-г оролцуулж таныг ийм шалтгааны улмаас томилоогүй талаар хэлэх ёстой. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны байгууллага эрхийн акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулах ёстой.

Энэ сонсох ажиллагааг явуулалгүй Ц.Б-г томилсон байна. Төрийн аливаа ажлын томилгоо хэм хэмжээний дагуу явуулах ёстой боловч уг хэм хэмжээний дагуу явуулаагүй байна. Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчид Төрийн албаны салбар зөвлөлд явуулсан тайлбартаа манай ажлын байрны тавигдах шаардлагыг өөрчилсөн учраас биелүүлэхгүй гэсэн хариу өгсөн.

Төрийн байгууллагын ажил иргэний хуульд заасан хоёр субъектийн хооронд хийсэн гэрээ хэлцэлд явагддаггүй. Төрийн жинхэнэ албан тушаалтныг томилохдоо Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосон хүнийг томилох ёстой.Санал болгосон хүнийг тодорхой нэг шалтгаанаар буцааж болно, энэ нь хуулийн гарц.Ингэж Ш.Б-г томилохгүй буцаах эрхээ эдэлсэн гэж байна.Дараагийн хүнийг томилохын тулд Төрийн албаны салбар зөвлөлөөс өөр хүнийг санал болгосон уу гэдэг асуудал гарч ирнэ.Гэтэл өөр хүнийг санал болгосон баримт хавтас хэрэгт авагдаагүй, мөн Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон хүнийг томилоогүй учраас хууль зөрчиж Ц.Б томилсон байна.

Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс манайхаас зарласан ажлын байрны зарыг өөрчилсөн байна гэсэн үндэслэлээр Ш.Б-с татгалзсан. Өөрчилсөн ажлын байрны зартай санал нийлэхгүй бол энэ асуудлаа холбогдох байгууллагад хандаж шийдүүлэх ёстой боловч гомдол гаргаж шийдвэрлүүлсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Харин Төрийн албаны төв зөвлөлөөс Ш.Б-г томилох гэсэн албан бичгийг явуулсан байхад ямар шалтгааны улмаас томилохгүй байгаа нь харагдахгүй байна. Хариуцагч уг ажлын байранд шаардлагыг илүү хангасан ажилтныг томилсон гэж байна. Хэрэв илүү шаардлага хангасан гэж үзэж байгаа бол ямар ямар итгэлцүүлээр үнэлж байгаа юм. Тэр баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх ёстой. Тав, арван шалгуур үзүүлэлтүүдээр одоо томилогдсон ажилтан илүү хангах ёстой гэдгийг нотлох учиртай.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үнэлэлт хийвэл Ц.Б бус Ш.Б нь илүү шаардлага хангаж байна.Ш.Б-г илүү шаардлага хангасан гэдгийг дараах баримтуудыг үндэслэж хэлж байна. Ш.Б сонгон шалгаруулалтад 72.6 % авсан байхад Ц.Б 68.86 % авсан байна. Улсад Ш.Б 15 жил ажилласан байна бөгөөд үүнийг 14 жилийг нутгийн удирдлагын салбарт ажилласан байна.

            Ц.Б улсад 7 жил ажилласан бөгөөд нутгийн удирдлагын салбарт 6 жил ажилласан гэх баримт байна. Гэхдээ 3 жилийг нутгийн удирдлагын салбарт төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан гэж үзэхгүй байна. Учир нь үүрэг гүйцэтгэгч байсан. Ингэхдээ 3 жилийн ажлын туршлагатай байна. Хариуцагчийн тайлбарт би багш хүнийг томилох байсан гэж байгаа боловч Ш.Б адилхан багшийн дипломтой. Ц.Б- илүү ажлын шаардлага хангаж байна гэвэл ямар ямар үзүүлэлтүүд байгаа юм.

            Ш.Б2008, 2010, 2012, 2015, 2016 оны ажлын үзүүлэлтээр салбараа тэргүүлэх амжилт гаргаж байсан ажлын туршлага байна. Ц.Бд ийм ажлын үзүүлэлт байгаа үгүй мэдэхгүй ч хүний ажлын үр бүтээмжийг үгүйсгэхгүй. Ийм ийм шалгуур байгаа учраас шалгуур үзүүлэлтээр Ц.Б илүү байна гэдгийг хариуцагч нотлоогүй байна.

Төрийн албаны салбар зөвлөлөөс Ш.Б-н нэрийг татаж авлаа Ц.Б-г томил гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.Хурлын тэмдэглэлээс Захиргааны ерөнхий хуульд зааснаар биечлэн оролцуулсан эсэх, сонсох ажиллагааг явуулсан гэх баримт хавтас хэрэгт байхгүй учраас би тэгж хэлж байна.Энэ бүх баримт сэлтүүдээс аваад үзвэл Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг хууль зөрчиж томилсон байна. Иймд Ш.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Уг шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц овгийн Б миний бие 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зарлагдсан Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орж 68.86 оноогоор хоёрт орж тэнцсэн.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/96 тоот 1 хуудас бүхий хавсралт бичгээр Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9.33-т “Төрийн албаны салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалтны шаардлагыг хангасан нэр дэвшигчээс эхлэн дараах байдлаар нэр дэвшүүлнэ” гэсэн. Энэ журмын 9-ийн “б, в, г” тушаал бүрд хоёроос дээшгүй хүний нэрийг дэвшүүлнэ гэсэн заалтыг үндэслэл болгон сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр авсан Ш.Б-г нэр дэвшүүлж байна гээд хоёрт орсон миний нэрийг хавсралтаар ирүүлсэн.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын бүрэн эрхийн дагуу иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж уг асуудлыг хэлэлцүүлэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 12 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцээд намайг 100 хувийн саналаар ажлын байрны шаардлагыг илүү хангаж байна гэж үзэж Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон.

2015 оны 10 дугаар сард төрийн албаны удирдах албан тушаалтны шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн байсан.Өмнө нь  иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  нарийн бичгийн даргын албан үүргийг гүйцэтгэж байсан гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: П.Адьяасүрэн өмгөөлөгчийн хэлдэг зөв. Монгол улсын Үндсэн хууль, түүнтэй дагалдан гарсан хууль тогтоомжийг төрийн албан хаагч бид нар дагаж мөрдөх үүрэгтэй.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Улсын их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 12 дугаар зүйлд “удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна” гэж заасан.

 Мөн журмын 13 дугаар зүйлд “Албан тушаалын  тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлага болон  дор дурдсан шалгуурыг хангасан байдлыг тусгасан байна.

Үүнд 1. тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг; 2. боловсролын түвшин, 3. мэргэжил, 4. ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар гэсэн заалтыг Төрийн албаны салбар зөвлөл зөрчиж эрх бүхий албан тушаалтнаас тавьсан шаардлага дээр нэмэлтээр нийгмийн удирдлагаар мэргэшсэн иргэнийг гэж нэмж оруулж Ш.Б-г бүртгэж, сонгон шалгаруулалт явуулсан байсан.

 Манай захиалгад нийгмийн удирдлагаар мэргэшсэн гэж өгөөгүй. Ийм учраас Хархорин сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус ажлын байранд Ш.Б-г зөвшөөрөх боломжгүй. Дээрх журмын 33 дугаар зүйлийн 33 б-д заасан энэ журмын 9-ийн "б", "в", "г",  10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг санал болгоно гэсний дагуу иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид бүрэн эрхийн хүрээнд хэлэлцсэн.

 Эхний хуралдаанаар Ш.Б-г төрийн жинхэнэ албан хаагч мөн үү гэдэг дээр маргаан үүссэн. Ш.Б нь насан туршийн боловсролын арга зүйч гэх мэргэжил төрийн албанд орох уу үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай гэж үзээд Ш.Б-г дуудсан.

Сумын засаг даргын захирамжийн хүрээнд нийгмийн даатгалын дэвтрийн тоо, огноо, албан бусын боловсрол гэдэг нэр өөрчлөгдөөд насан туршийн боловсрол гэж өөрчлөгдсөн байсан.

Дээрх баримт бичгүүдийг харж 1 дүгээр сургуулийн орон тоо дотор төрийн үйлчилгээгээр цалинждаг байсан.

 Ц.Б-н хувьд  2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хархорин сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын дэргэд байгууллагдсэн иргэний тэнхимийн ажилтнаар ажилласан.

2015 онд төрийн албаны удирдах албан тушаалтны ТЗ-7-д өгч тэнцсэн байсан. иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Бид хууль журмын дагуу захиалгаа өгөөд сонгон шалгаруулалтаа явуулсан процесс байгаа. Миний хувьд тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль болон одоо мөрдөж байгаа Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлага бол гуравдагч этгээд Ц.Б-г томилсон Хархорин сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгож, тус ажлын байранд өөрийгөө томилуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

Нэгдүгээрт, Улсын их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 12 дугаар зүйлд “удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна” гэж нарийвчилж заасан.Уг томилох эрхийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” эрхтэй гэж заасан.

Уг хууль, журмын дагуу Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн даргаас иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь ямар байх талаар хурлаар баталсан. Төрийн удирдлагын менежментээр мэргэшсэн байх ёстой, багш мэргэжилтэй байх ёстой, энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдгийг хурлаараа баталсан.

 Баталсан ажлын байрны захиалгыг Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь захиалагчийн баталж ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалт зарлаж, хүмүүсээ бүртгэж, комисс байгуулж, шалгалтаа авах ёстой байдаг.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын үнэлгээ дүгнэлт өгөх  зааврын 4.2-т заасны дагуу “сорилын шалгалтын нийт асуулгын дагуу 60 ба түүнээс дээш зөв хариулсан нөхцөлд сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцогдоно” гэж заасан. Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулах үүрэгтэй болохоос биш энэ хүнийг заавал томил гэх эрхгүй.

Зөвхөн санал өгөх эрхтэй байдаг.Улсын их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33 дугаар зүйлийн 33-ийн б-д зааснаар “Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн дараахь байдлаар нэр дэвшүүлнэ” гэж заасан.Энэ журмын 9-ийн "а"-д заасан албан тушаал бүрт 3-5 иргэний нэрийг, б хэсэгт энэ журмын 9-ийн "б", "в", "г",  10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг санал болгох ёстой.

Гэтэл уг албан тушаал нь 2-оос доошгүй иргэний нэрийг санал болгодог албан тушаал билээ. 

Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Ш.Б-г санал дэвшүүлсэн. Уг шалгалтанд орсон хүмүүсээс Ш.Б нь 72.6 % оноогоор 1-т эрэмбэлэгдсэн. Ц.Б нь 68.86 % оноогоор 2-т эрэмбэлэгдсэнг хавсаргаж Хархорин сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын   Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлсэн саналаа ирүүлсэн. Гэтэл Хархорин сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын    тэргүүлэгчдээс манай баталж захиалсан захиалгын дагуу сонгон шалгаруулалтыг явуулаагүй байна.

Сонгон шалгаруулалтын мэдээллийг тараахдаа төрийн удирдлага гэж бичихгүй нийгмийн удирдлага гэдэг үгийг нэмсэн байна. Ш.Б нь нийгмийн удирдлагаар мэргэшсэн хүн байна.

Манай захиалгад нийцсэн хүн биш байна. Төрийн удирдлагын мэргэжлээр 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай байна гэж байхад энэ шаардлагыг хангаагүй. Мэргэшсэн салбар нь төрийн удирдлага биш нийгмийн удирдлага байна гэсэн.

Тиймээс сонгохгүй, дараагийн хүнийг нэр дэвшүүлээч гээд Ш.Б-с татгалзсан хариугаа Төрийн албаны салбар зөвлөлд өгсөн.Төрийн албаны салбар зөвлөлөөс хууль журмын дагуу 2 дахь хүнээ нэр дэвшүүлсэн саналаа албан тоотоор ирүүлээгүй.

Гэхдээ Ш.Б-г нэр дэвшүүлсэн албан бичигтээ 2 хүн тэнцсэн гэдгээ хавсралтаар ирүүлсэн.Төрийн албаны салбар зөвлөлөөс зөвхөн Ш.Б-г томилох ёстой гэсэн албан бичгийг ирүүлсээр байсан.

Гэтэл Хархорин сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчдийн явуулсан татгалзсан тухай албан бичгийг огт оошоогоогүй. Хууль зөрчиж байгаа гэдгээ ч мэдэхгүй байсан. Дээрх журмын 33 дугаар зүйлд 2-оос доошгүй хүнийг нэрийг санал болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.

Гэтэл Төрийн албаны салбар зөвлөл уг заалтыг биелүүлээгүй нэг хүнийг санал болгочихоод томилуулна гэж зүтгээд байсан болохоос биш хоёрт тэнцсэн хүн байсаар байтал огт санал болгоогүй.

 Хархорин сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс санал болгохдоо хавсаргаж ирүүлсэн хоёр хүний нэрийн жагсаалт байсан учраас үүнээс өөр сонголтгүй гэж үзсэн.

Төрийн албаны салбар зөвлөл яагаад Ш.Б-н эрх ашгийг бодоод Ц.Б-н эрх ашгийг бодоогүй юм бэ. Жишээ нь: Ерөнхийлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн нэрийг дэвшүүлдэг. Гэтэл Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн шүүгчийг томилохоос татгалздаг. Дараагийн хүнийг нэр дэвшүүлэх гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дахиад нөгөө шүүгчийг нэрийг явуулж энэ шүүгчийг л томил, томилохгүй бол арга хэмжээ авна гэж албан бичиг явуулдаггүй. Хуулиар томилох эрх олгогдоод байхад энэ хүнийг л томилохгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн Төрийн албаны зөвлөлөөс албан бичиг хэргийн материалд байгаа.

Аль ч хуульд заавал 1-т орсон хүнийг томилоно гэсэн заалт байхгүй. Ажил олгогч ямар хүн авах уу гэдгээ өөрсдийн баталсан дүрэм, журмын дагуу ажлын нөхцөл байдалд уялдуулж хүнээ сонгох ёстой.

Улсын их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын 36 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана.

Шалгалтад тэнцсэн хүмүүс дотроос нэгийг томилоно гэсэн хуулийн үзэл санаа байгаа. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлөөс Ш.Б-г томилуулах гэж удаа дараа албан бичиг явуулж хуульд заасан журмаа зөрчсөн.

 Ямар ашиг сонирхол байсан талаар хуулийн байгууллагууд хандаж хардах үндэслэл байгаа учраас холбогдох байгууллагад гомдол гаргах боломж байгаа. Захиалагчийн баталсан захиалгын дагуу сонгон шалгаруулалтын явуулаагүй учраас Ш.Бтухайн шаардлагад нийцээгүй учраас Ц.Б-г томилсон байдаг. Ц.Б-г томилсон тогтоолыг хүчингүй болгож, томилох эрх шүүгч нарт байдаггүй.

Зөвхөн зөв, буруу гэдгийг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй. Томилох эрх нь Хархорин сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын   Тэргүүлэгчдийн даргад байгаа. Ийм учраас Ц.Б-г томилсон тогтоолыг хүчингүй болгож, Ш.Б-г томилуулахыг даалгах хууль зүйн үндэслэл боломж байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар иргэн Ш.Б-н нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Г-д холбогдох “Ш.Б миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж 72.6 оноогоор 1-рт эрэмбэлэгдэн тэнцсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байранд томилох саналыг удаа дараа хүргүүлсэн боловч томилохгүй 2-рт эрэмбэлэгдсэн Ц.Б-г томилсонг хүчингүй болгож уг албан тушаалд томилуулахыг даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сарын 23-нд  зохион байгуулсан тус аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж өрсөлдсөн Ш.Б нь 72.6 оноо, Ц.Б нь 68.86 оноо тус тус авч тэнцжээ.

            Тус хүмүүсийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай  “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх тухай” тогтоолоор нөөцийн жагсаалтанд бүртгэжээ.  Тогтоолын 2 дугаар хавсралтаар өндөр оноо авсан Ш.Б-г нэр дэвшүүлсэн байна.

            Мөн Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Г-н 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн з/96 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай”  албан бичгээр Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Г-д иргэн Ш.Б-г нэрийг нь Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд нэрийг нь дэвшүүлжээ.

            Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/70 дугаартай албан бичгээр Ш.Б-г томилороос  татгалзжээ.

            Дараа нь Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн з/100 дугаартай албан бичгээр нэр дэвшүүлсэн иргэнийг томилохыг мэдэгджээ.

            Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай “Ц.Б-г ажилд томилох тухай” тогтоол гарч, мөн  2018 оны 12 дугаар сарын 29-ний 1/91 тогтоолоор Ц.Б-г ажилд томилсон тухай албан бичгийг Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

            Монгол улсын Төрийн албаны зөвлөлд иргэн Ш.Б-с гомдол гаргасаны дагуу тус зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаартай албан бичигт “Тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж буй нэр дэвшигчийг томилоогүй тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэхийг анхааруулъя. Салбар зөвлөл гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг хангаж, уг асуудлыг шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэнэ үү” гэжээ.

Уг албан бичгийн хариуд Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Г 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн з/09 дугаартай албан бичгээр “Зөрчил дутагдлыг арилгуулах, салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар удаа дараа үүрэг чиглэл өгч, албан бичиг хүргүүлсэн ч Салбар зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна.Иймд Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилгоо хийсэн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Ц.Б-г ажилд томилох тухай” 2018 оны 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах саналыг хүргүүлж байна” гэжээ.

Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Г-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад томилсон шийдвэрээ хүчингүй болгох, зөрчлийг арилгаагүй тохиолдолд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгджээ.

Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Г 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 1/09 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигтээ “Салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзэж төрийн албаны төв зөвлөлд хандахаар шийдвэрлэсэн болно” гэжээ.

Монгол улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалтын журам”-ын 2.10-т “Төрийн албаны салбар зөвлөлийн салбар, зөвлөл нь энэ журмын 9-д зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна”

Тус журмын 34 дүгээрт: “Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл нь энэ журмын 9-ийн “а”-д заасан нэр дэвшигчийн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байгууллага, удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 45.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж, томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.Бусад нэр дэвшигчийн талаархи санал,  дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд шууд хүргүүлнэ” гэж заасны дагуу Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нэр дэвшигч Ш.Б-г томилуулах саналыг Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлжээ.

-Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтална”, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл нь тус хуулийн  66 дугаар зүйлийн 66.1.6-д “Хууль тогтоомжинд нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох тухай саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”  гэж тус тус хуульчлан заажээ.        

Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Ц.Б-г ажилд томилох тухай” 2018 оны 44 дүгээр тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа” явуулаагүй байгаа нь холбогдох хууль зөрчсөн, шалгаруулалтанд өрсөлдөгчөөсөө өндөр оноо авсан Ш.Б-г Өвөрхангай аймаг дахь  Төрийн албаны салбар зөвлөлийн томилуулах саналыг хүлээж аваагүй  байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаарт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 66 дугаар зүйлийн 66.1.6, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснуудыг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай Ц.Б-г нарийн бичгийн даргаар томилсон тогтоолыг хүчингүй болгож, Ш.Б-г тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилохыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дүгээрт   тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.