Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 469

 

Ж.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01528 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунцэцэг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Р.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Нямгэрэл нараас 425 615 493 төгрөг гаргуулж Хас банкинд олгуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 25 000 000 төгрөг хасагдсан. 2014 онд эвлэрлийн захирамжаар анхны албадан дуудлага худалдаа, үнэлгээг хүчингүй болгож шинээр ажиллагаа явуулахаар тохиролцсон. 4 128 000 300 төгрөгөөр үнэлсэн үйлчилгээний объектыг 2 тэрбум төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээж авсан. Энэ нь боломжит хугацаа байж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д заасныг зөрчсөн. Бидэнд боломжит хугацаанд мэдэгдээгүй. Түүнийг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Мэдэгдлийг хүлээж аваад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу өгөөгүй. Албадан дуудлага худалдаанд орсны дараа буюу 20 гаран хоногийн дараа гомдлын хариуг өгсөн. Хурал болох гэж байгаа боломжит хугацаанд мэдэгдээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт болсон дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа болон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авсан боловч үнэ тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн улсын байцаагчийн актаар дуудлага 09 дүгээр сарын 02-ны өдөр болох дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгосон. Энэ тогтоолыг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчид хүргүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол мэдэгдлийг хуульд заасны дагуу талуудад хүргүүлсэн. Энэ хуульд 14 хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Үнэлгээтэй холбоотой асуудлаар хөрөнгийн үнэлгээний “Лендс” төв үнэлгээ гаргаснаас дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад хүргүүлсэн. Талуудад үнэлгээтэй холбоотой маргах зүйл байхгүй гэж үзэж байна. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байгаа юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд гарсан шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байгаа учраас Хас банкны эрх ашиг хөндөгдөж байна. Үнэлгээний хувьд шүүхийн шийдвэр гараад эцэслэн тогтоогдсон асуудал. Тийм учраас Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд боломжит хугацаа гэсэн нэр томьёо байхгүй. Нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт тодорхой заасан байгаа. Дуудлага худалдаа явуулах тогтоолд гомдол гаргасан байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дуудлага худалдаанд оруулах урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа гэж яг ямар ажиллагааг хэлээд байгаа нь тодорхойгүй байна. Аль үйл ажиллагаа нь хууль зөрчөөд байгаа, мөн тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага  худалдаанд оруулах ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай Ж.Нямгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “Алтайн Их Уулс” ХХК, иргэн Ж.Нямгэрэл нараас 425 615 493 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа буюу төлбөр төлөгч “Алтайн их уулс” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбайтай 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д "...эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох..." гэж заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнэлгээг 4 128 300 000 төгрөгөөр тогтоолгосон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2 889 810 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд өмчлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байна. Мөн анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт оруулах талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/30060 дугаар албан мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсээр мэдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хүний үнэт үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаан оруулахдаа мэдэгдлээ боломжит хугацаанд буюу 14 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байхад 7 хоногийн өмнө мэдэгдэж байгаа нь хэт нэг талыг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэж үзэж, хуульд заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, хариугаа авах, хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхийг хаагдуулсан ажиллагаа хийсэн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдаж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу Ж.Нямгэрэл миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Н.Уранчимэгт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гомдол хүргүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д заасныг зөрчсөн байхад шүүх үүнийг үнэлээгүй, мөн тус хуулийн 34.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргахад гомдлын хариуг албадан дуудлага худалдаа болсны дараа өгсөн буюу боломжит хугацаанд хариу өгөөгүй. Албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг боломжит хугацаанд хүргүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3, 46 дугаар зүйлийн 46.1.2-д заасныг тус тус зөрчсөн байхад шүүх тус хуулийг хэрэглэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Нямгэрэл нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдуулж тус албаны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/372 тоот үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр хариуцагч “Алтайн их уулс” ХХК, Ж.Нямгэрэл нараас 425 615 493 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 276 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. \хх 29-31\

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 916 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 814 дүгээр тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 16 тоотод байрлах 969 м.кв талбайтай 3 давхар барилгын дуудлага худалдаагаар санал болгох доод үнийг 4 128 300 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчинтэй гэж шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

Барьцаа хөрөнгө болох барилгын албадан дуудлага худалдааны доод үнийг  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 4 128 300 000 төгрөгийн 70 хувиар тооцон 2 889 810 000 төгрөгөөр тогтоосон ажиллагаа хуульд нийцсэн ба үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Уг тогтоолор үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулахыг тогтоож, төлбөр төлөгч нарт 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар уг тогтоол болон мэдэгдлийг хүргүүлж, мөн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд нийцжээ.

 

Албадан дуудлага худалдааны тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлсэн гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд хуулиар хугацааг заагаагүй. Иймд төлбөр төлөгчид тогтоол, мэдэгдэх хуудсыг шууданд хийсэн хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр хүргэгдсэнд тооцох бөгөөд албадан дуудлага худалдаа явуулахаас 8 хоногийн өмнө хүргүүлснийг боломжит хугацаанд хүргүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА