Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 272

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Ц.М, С.О, С.Э, Н.О нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Насанжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.М, С.О, С.Э, Н.О нарт холбогдох эрүүгийн 1709011500264 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шарнууд овогт Цэрэндашийн Ц.М, 1900 оны 10 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сум, Баян-Өлзийт 0 дүгээр багт оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000000676/,

         

            Боржигон овогт Сосорбурамын С.О, 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 00-00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00000000014/,

            Боржигон овогт Сосорбурамын С.Э, 1977 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 00-00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000213/,

 

            Монгол овогт Нярвааны Н.О, 1900 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ан мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын барилга, ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 200 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000618/,

 

            Ц.М нь С.Э, С.О нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

            С.Э нь Ц.М, С.О нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

            С.О нь Ц.М, С.Э нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

            Н.О нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Ц.Мтай маргалдан түүний толгой тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ц.М, С.О, С.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Н.Оөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ц.М, С.О, С.Э нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдын бие махбодид  хөнгөн хохирол учруулан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Оийг бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамласныг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.М 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, С.О 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, С.Э 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, С.Оад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, С.Эад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Оөд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоож, Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Ц.Мд оногдуулсан  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, С.Оад оногдуулсан  1 /нэг/ жилийн хорих  ялыг хөнгөрүүлж, С.Эад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Ц.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар, С.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, С.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.О торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ц.М, С.О, С.Э нараас гэм хорын хохиролд тус бүрээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Н.Оөд, Н.Оөөс гэм хорын хохиролд 177.740 /арван долоон мянга долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Мд тус тус  олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.М, С.О, С.Э, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...Ц.М, С.О, С.Э, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Насанжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Ц.М, С.О, С.Э, Н.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Ц.М, С.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, С.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар Ц.М, С.О, С.Э нарт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэнэ гэсэн заалтыг шүүх зөрчиж, хорих ял оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

                                                      ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ц.М, С.Э, С.О нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Н.Оийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн,

Н.О нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19-20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны хороо, Дамбадаржаагийн 46 дугаар гудамжинд, согтуугаар, хохирогч Ц.Мтай маргалдан түүний толгой тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч /шүүгдэгч/ Н.Оийн “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19 цаг 40 минутын орчим …Дамбадаржаагийн 46 дугаар гудамжны ойролцоо явж байхад …туранхай бор царайтай 160 орчим өндөртэй залуу нь над дээр ирээд намайг “муу гөлөг минь замаас зайл” гээд түлхээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би явах гэхэд цаанаас хоёр хүн ирээд намайг үг хэлэхийн зөрөөгүй шууд зодож эхэлсэн. Би эхлээд маргалддаг залууг тэврээд хэвтсэн. Нөгөө хүмүүс нь намайг зодож эхэлсэн. Тэгээд махлаг залуу нь нөгөө хоёр хүнийг зугтаалгаад намайг цохиж байгаад гүйсэн. Би араас нь хөөгөөд гүүрний гол хэсэгт очоод хамгийн ард нь явсан хамгийн эхэнд маргалддаг туранхай залууг бариад авахад нэг нь намайг толгой хэсэг рүү чулуугаар цохисон юм. Тэгээд би ухаан балартаад унасан байсан…” /хх-9-10/,

хохирогч /шүүгдэгч/ Ц.Мгийн “…2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр …17 цагт гэр рүүгээ харих гээд С.О, С.Э бид гурав гарсан юм. С.Э, С.О хоёр түрүүлж гарсан. Би араас нь хашааны хаалга түгжээд гартал манай хоёр нэг хүнтэй маргалдаж байсан. Би хашаанаас гартал тэр залуу намайг заамдаад авсан. …тэр залуу согтуу байсан. Тэгээд би тэр залууд “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлэн түлхтэл тэр залуу газар унасан. Тэгээд би цаашаа хараад явж байтал миний толгой дагз хэсэгт чулуу оносон. Эргээд хартал тэр залуу над руу алхаад ирж байхаар нь би хоёр удаа шанаадсан юм. Тэгээд явсан. Миний толгой хагарсан…” /хх-18/,

гэрч А.Түвшинтөрийн “…би гүүр рүү яваад очтол гүүрний гол хэсэгт Н.О нүүр хэсэг нь цус болсон өмд нь урагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь Н.Оийн гэр рүү очоод эхнэр хүү хоёрт нь хэлчихээд хамт буцаад гүүрэн дээр ирсэн. Тэгээд би Н.Оийг үүрээд гэрт нь хүргэж өгөөд 5 орчим минутын дараа Н.О сэрсэн. Тэгээд маргааш нь Н.Оөөс юу болсон талаар асуухад “танай хашаанаас наашаа хоёр дахь хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд маргалдаад байж байтал араас нь хоёр залуу гарч ирээд намайг зодсон” гэж хэлсэн…” /хх-20/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11898 дугаар шинжээчийн дүгнэлтийн “...1. Ц.Мгийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүсэх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11678 дугаар шинжээчийн дүгнэлтийн “...1. Н.Оийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-37/ гэх шинжээчийн дүгнэлт, “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-44/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.М, С.Э, С.О нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй байх боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Ц.М, С.Э, С.О нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Ц.М, С.Э, С.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу биелэлтэд нь хяналт тавина.” гэсний дагуу түүнд тавих хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хариуцна.   

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч С.Э, С.О нар нь анхан шатны шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд дурдсан тус бүр 200.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтын “Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.М 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, С.О 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, С.Э 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М, С.О, С.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.М, С.О, С.Э нарт зан үйлээ засах сургалтад хамрагдахыг үүрэг болгож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ