| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0190/Э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 212
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Ө ,
шүүгдэгчийн өмгөөлөгч А ,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013002160190 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдөр БӨ аймгийн Улаанхус суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, А , регистрийн дугаар: БК91******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А нь 2020 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд БӨ аймгийн Өсумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Өлгий-Хотгорын уурхай чиглэлийн автозам дээр “ТП”-ын шатахууны станцын баруун талд “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дахь хэсэг “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Б ыг мөргөж амь насыг нь хохироосон, мөн автотээврийн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 201300216019 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас/,
2. Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-26 дугаар хуудас/,
3. “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-36 дугаар хуудас/,
4. Иргэн А ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/,
5. Яллагдагч А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас/,
6. БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Х ын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 45 дугаартай “иргэн А ийн биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй” тухай дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,
7. БӨ аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч ажилтай С ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай, “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклд эвдрэл гэмтэл үүссэн болох”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,
8. БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №38 дугаартай, “...хэсгээс бүхлийг тогтоосон” тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 123-128 дугаар хуудас/,
9. Зам тээврийн осол түүний шалтгаан нөхцөлийг тогтоосон тухай БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т ын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,
10. БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Х ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн № 22 дугаартай “амь хохирогч Б ын эрүүл мэндэд учирсан хохирол, нас барсан шалтгаан”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 132-135 дугаар хуудас/,
11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай газрын бактериологийн шинжээч Д гийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №3777 дугаартай “цусны шинжилгээ”-ний дүгнэлт /хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,
12. Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,
13. Шүүгдэгч А ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 160 дугаар хуудас/, Улаанхус сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 162 дугаар хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй болохыг тодорхойлсон албан бичиг /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,
14. Хохирол, хор уршгийн талаар хууль ёсны төлөөлөгч Е ээс гаргаж өгсөн нотлох баримтууд, яллагдагч А ийн хохирол барагдуулах тухай баталгаа, хууль ёсны төлөөлөгч Е ийн гарын баримт, мөн хууль ёсны төлөөлөгч Е ээс хохирол, хор уршгийн үлдэгдэл 1.350.000 төгрөг төлүүлэх тухай баримт /хавтаст хэргийн 63-74, 179, 181 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А нь 2020 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд БӨ аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Өлгий-Хотгорын уурхай чиглэлийн автозам дээр “Тэс петролиум”-ын шатахууны станцын баруун талд “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дахь хэсэг “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Б ыг мөргөж амь насыг нь хохироосон, мөн автотээврийн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-16 дугаар хуудас/
- Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 18-26 дугаар хуудас/,
- “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-36 дугаар хуудас/,
- Иргэн А ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас/,
- Яллагдагч А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас/,
БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Х ын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 45 дугаартай “иргэн А ийн биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй” тухай дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч ажилтай С ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай, “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклд эвдрэл гэмтэл үүссэн болох”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №38 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж буй гэрэл дохионы хэлтэрхийнүүд болон гэрэл дохионы суурь нь харьцуулах загвараар ирүүлсэн ногоон өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийн баруун талын гэрэл дохионы хагарсан хэсэгтэй урд нь нэг бүтэн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 123-128 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Х ын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 22 дугаартай “...Талийгаач Б ын биед тархины битүү гэмтэл хүнд зэргийн няцралт, их болон бага тархины цус хуралттай, хажуугийн ховдолууд цус хуралттай, тархины эдийн няцралт, цээж ба хэвлийн битүү гэмтэл, уушиг болон элэгний, аюулхай орчмын цус хуралт, духны зүүн талд хөмсөгөнд шархтай, зүүн хацарт зулгарсан шархтай, зүүн тохойнд 3 ширхэг зулгарсан шарх, зүүн талын гарын дунд хурууны хумасны ирмэгний дээд хэсэг шархтай, зүүн шилбэний урд өвдөгний доод хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай энэхүү цус хуралтын дунд хэсэгт зулгарсан шархтай, зүүн хөлний шагайны гадга хажууд зулгарсан шархтай, баруун шилбэний дунд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэний гадга хажууд зулгаралттай, баруун шагайны гадна хажууд зулгаралттай, баруун тохойд цус хуралттай, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шууны урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо.
Талийгаач Б ын биед үүссэн дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.
Талийгаач Б ын биед үүссэн дээрх тархины битүү хавсарсан амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
Талийгаач Б ын биед элэгний өхлөлттэй архаг хууч өвчтэй байна.
Талийгаач Б ын цогцосноос авсан гэх цусанд 3,5 % этилийн спиртийн агууламж илрэв. Талийгаач Б ын нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 132-135 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай газрын бактериологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д гийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №3777 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Б эмэгтэй гэж хаягласан бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А(И) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ- ээр бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А(И) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ХГҮ-ээр бэхжүүлж авсан гэх арчдас дээрх цусны бүлгийн харьяалал нь талийгаач Б эмэгтэй гэж хаягласан, бинтэн дээрх цустай бүлгийн харьяаллаараа ижил байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,
- Зам тээврийн осол түүний шалтгаан нөхцөлийг тогтоосон тухай БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т ын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №11 дугаартай “...Иргэн А нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Үүнд: Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг болох 3.5.а/-д зааснаар тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
3.5.б/-д зааснаар осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
3.5.г/-д зааснаар тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
12.2 дахь хэсэгт зааснаар “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дахь хэсэгт зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Осол гарах болсон шалтгаан нь иргэн А нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй нь зам тээврийн осол болох гол шалтгаан болно“ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,
- Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ө ий 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2013002160190 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Надад уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хотгор явах засмал замаар "Тес" Шатахуун түгээх станцын хажууд ирэхэд, замын баруун тал буюу "Тес" колонк байрласан талаас үл таних хүн засмал зам руу гараад ирсэн.
Ингээд би сандраад, чигээрээ явж, уг хүнийг мотоциклийн баруун талаар мөргөөд, улмаар мотоцикл маань зүүн хажуу хэсгээр унасан. Тухайн үед нөгөө хүн маань замын баруун хэсгээр доошоо харж, толгой хэсэг нь замын гол руу харж, хөл нь замын баруун тал руу харсан байдалтай, унасан байсан ба ямар нэгэн хөдөлгөөнгүй харагдсан. Би тухайн үед айж сандраад, ойртож чадаагүй. Ингээд мотоциклээ босгож аваад.асааж, засмал замаар явсаар байгаад, Цагааннуур тосгоны чиглэл рүү явах замаар гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд 01 цаг болсон байсан юм. Би айж сандраад хэнд ч хэлэлгүйгээр гэртээ ирээд, мотоциклийг граж руу оруулаад тавьсан.Тухайн үед айж сандарсан байсан болохоор ямар нэг арга хэмжээ авч чадаагүй. Нөгөө хүн маань замын баруун талаас, замын явах хэсэг рүү гараад ирсэн. Чухам биеийн аль хэсэг рүү мөргөсөн эсэхээ анзаараагүй. Мотоциклын баруун хэсгээр мөргүүлээд, нөгөө хүн маань унасан. Харин миний мотоцикл зүүн хажуу хэсгээр унасан. Би маш их гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна надад хуулийн хөнгөлөлт олгож өгөхийг хүсэж байна.
Би Аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Х ын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №-262 дугаартай гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Х ын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №-45 дугаартай шүүх химийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлттэй танилцсан ба ямар нэгэн санал хүсэлт байхгүй. БӨ аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч С ийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б гийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №38 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй.
Би уг мотоциклыг 2020 оны 5 дугаар сард фейсбүүк хаягаар мотоцикл зарна гэсэн зарын дагуу Ш гэдэг хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан ба би тэр хүнийг сайн танихгүй бэлэн мөнгийг нь өгөөд авсан. Намайг анх худалдан авч байхад миний мотоциклын банк саарал өнгөтэй байсан ба дотогшоо хонхойж орсон байсан учраас би тэр даруйд нь ногоон өнгийн банкаар сольсон ба шинээр авсан банкыг захаас 85.000 төгрөгөөр мотоциклын сэлбэг зардаг газраас худалдан авч өөрөө сольж тавьсан. Би Е эд хохирол нөхөн төлөлт гэж бэлэн 3.300.000 төгрөг бэлнээр өгсөн ба оршуулгын ажилд 2 хонь өгснийг 350.000 төгрөгөөр үнэлж нийт 3.650.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн ба үлдэгдэл 2.350.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар баримт хийж өгсөн юм.
Би хохирогч Е ээс уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас надад уучлалт өгч ямар нэгэн гомдол санал байхгүй гэж нотариатаар гэрээ хийсэн болно. Надад өөр нэмж ярих зүйл гэвэл би хууль дүрэм сайн мэдэхгүй учраас хэргийн газраас явсан тэр миний хувьд буруу зүйл байсан байна би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож мэдсэн тул надад хуулийн хөнгөлөлт олгож өгнө үү гэж хүсэж байна” /хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн автотээврийн жолооч А хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч А ээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгчийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хэмээн тайлбарласан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч А нь 2020 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд БӨ аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Өлгий-Хотгорын уурхай чиглэлийн автозам дээр “Тэс петролиум”-ын шатахууны станцын баруун талд “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Б ыг мөргөж амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг; мөн шүүгдэгч А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг болох 3.5.а/, 3.5.б/, 3.5.г/ дэх заалтуудыг тус тус зөрчиж хэргийн газрын зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч А ийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч А ийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч А ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Б ын амь нас хохирсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон талийгаачийн нөхөр нь болох Е ээс гэмт хэргийн хор уршигт нийт 6 сая гаруй төгрөгийн зардал гарсан ба шүүгдэгч А 3 сая төгрөгийг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгө болох 2.350.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл төлүүлж авахаар тохирсон байна /хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/. Мөн шүүхийн шатанд А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е д 1.000.000 төгрөг төлж өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бичсэн гарын баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е д үлдсэн 1.350.000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч А ээс гэмт хэргийн хор уршигт 1.350.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял; мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял тус тус шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн Улсын яллагчаас санал болгосон 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
Шүүхээс шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба энэ хэргийн улмаас иргэн Б ын амь хохирсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөнд тооцож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч А ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б ын амь насыг хохироосон, нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөх тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч А д хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял; мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 60 хоногийн буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А ийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил, 2 сарын хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч А д оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх хорих ялыг мөн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч А хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
4.Бусад асуудлаар.
Шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан өнгийн хамгаалалтын малгай 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А д буцаан олгохыг, мөн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн эд биет баримт 4 ширхэг, амь хохирогч Б ын цусны дээж 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан цус мэт зүйлийн арчдас 1 ширхэг зэргийг тус тус устгаж, шүүгдэгч А ийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун наян) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 60 хоногийн буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А ийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А ээс гэмт хэргийн хор уршигт 1.350.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е д олгосугай.
7. Шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан өнгийн хамгаалалтын малгай 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А д буцаан олгохыг, мөн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн эд биет баримт 4 ширхэг, амь хохирогч Б ын цусны дээж 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан цус мэт зүйлийн арчдас 1 ширхэг зэргийг тус тус устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч А ийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ