Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 211

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө ,

хохирогч С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Е ,

шүүгдэгч Р  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р д холбогдох эрүүгийн 2013002710196 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 14-ний өдөр БӨ аймгийн Дэлүүн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “Харахат” хувийн эмийн санд эмийн санч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Р , РД: БЖ94******.

Шүүгдэгч Р нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Монголбанкны хажууд байрлах ХААН банкны АТМ-ээс мөнгө гаргаж авахаар  очоод 1 дүгээр АТМ-ийн бэлэн мөнгө тушаах, гаргаж авах хэсэгт байсан гээгдэл эд хөрөнгө болох бэлэн 1.048.000 төгрөг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Р гаас мэдүүлэхдээ: Би АТМ-ээс мөнгө авах гэж очиход 1 дүгээр АТМ нээлттэй байсан ба 1.048.000 төгрөг байхаар нь аваад халаадныхаа халаасанд хийж хадгалсан байсан. Нэг хоногийн дараа цагдаа нар ирээд авсан. Тухайн үед цагаан халаад өмсөөд явж байсан учир эзэн нь ирээд авах байх гэж бодсон. Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх ёстой байсныг мэдээгүй. Миний энэхүү үйлдэл гэмт хэрэг мөн эсэхийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хохирогч С  мэдүүлэхдээ: Худлаа хэлж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Би хүүхэд маань нас барсан, дэлгүүрийг минь Камаз машин дайрч орсон гээд маш их ядарч яваа хүн билээ. Чи намайг ойлгох ёстой гэж учир байдлаа хэлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад хэлээгүй. Р д тухайн үед “яагаад үнэнээ хэлээгүй юм бэ, би даралт ихтэй ядарч байгаа хүн” гэж хэлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад би хохирлоо авсан гэж хэлсэн. Эхлээд зөөлөн хандаж учир байдлаа хэлэхэд хохирлыг тань төлж өгнө гэж хэлж байснаа сүүлд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдсөн юм уу мэдэхгүй, шүүх шийдвэрлэнэ гэж хэлсэн. Миний бие энэ хэргээс болж олон хоног унтаж чадаагүй. Даралт маань ихэссэн. Манай гэр Бөхөн уулд байдаг ба цагдаагийн байгууллагаас залгаж одоо шууд хүрээд ир гэхэд цагдаагийн байгууллага хүртэл өдөр бүр 2.800 төгрөгөөр таксигаар очдог байсан. Урьд нь амьдрал үзсэн хүн учир эмэгтэй хүүхэд байсан учир Р д зөөлөн хандсан. Би тухай үед мөнгөө олохгүй, сандарч явж байхад мөнгийг аваад халаасандаа хийчхээд карт тань ажиллахгүй байна гэж худлаа хэлсэн. Одоо шүүгдэгч Р гаас 50.000 төгрөгийг гаргуулж өгнө гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002710196 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,

2. Хохирогч С ийн нэр дээр бүртгэлтэй, Х банкны ******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,  

3. Х банкны АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

4. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

5. Хохирогч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,

6. Яллагдагч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан, хохирогч С ээс “ядарч яваа эмэгтэй хүний мөнгийг тухайн үед хэлээд өгчихгүй, халаасанд хийгээд явсанд гомдолтой” хэмээн, шүүгдэгч Р гаас “тухайн үед мөнгийг авсан боловч маргааш нь бүрэн бүтэн цагдаагийн албан хаагч нарт хүлээлгэж өгсөн. Намайг цагаан халаадтай явж байсан учраас эзэн нь намайг таньж мэдээд мөнгөө авах байх гэж бодсон” хэмээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Е аас “хохирогчийн эд хөрөнгө шүүгдэгч Р гийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа түүнд завших сэдэлт төрж шамшигдуулсан, захиран зарцуулсан үйлдэл хийгээгүй, түүний энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү” хэмээн тус тус мэтгэлцсэн болно.    

Шүүгдэгч Р  нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Монголбанкны хажууд байрлах ХААН банкны АТМ-ээс мөнгө гаргаж авахаар очоод 1 дүгээр АТМ-ийн бэлэн мөнгө тушаах, гаргаж авах хэсэгт байсан гээгдэл эд хөрөнгө болох бэлэн 1.048.000 төгрөг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,

- Хохирогч С ийн нэр дээр бүртгэлтэй, ХААН банкны******дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,  

- ХААН банкны АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/

- Хохирогч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад ойролцоо такси бариад хүү Б , охин Б  нарын хамт хуучин ХААН банкны урд талын зогсоол дээр ирээд зогссон, хоёр хүүхэд такси дотор суугаад үлдсэн, би ХААН банкны АТМ руу ороод ХААН банкны 9496188141439815 гэх дугаартай картнаас мөнгө гаргаж авах гээд АТМ руу орсон чинь эхний АТМ-аас хүн мөнгө аваад зогсож байхаар нь голын АТМ руу картаа хийсэн урд нь мөнгө гаргаж авдаг үйлдлээ хийсэн чинь мөнгө гарч ирэхгүй байхаар нь доод талын АТМ руу очиж картаа хийсэн тэгээд мөнгө гарч ирэхгүй болохоор нь дээд талын 3 дахь АТМ руу картаа хийх гээд зогсож байхад цагаан өнгийн халаад өмссөн 30-35 орчим насны эмэгтэй орж ирээд миний хажууд зогсож байсан тэгээд би тэр эмэгтэйд картаа өгөөд “би картнаасаа мөнгө гаргаж авч чадахгүй байна. Чи хийгээд мөнгө аваад өгөөч” гэж гуйхад миний картыг аваад АТМ руу хийгээд кодыг надаас асуусан тэгээд би кодыг нь хэлж өгсөн. Надаас та хэдэн төгрөг авах вэ гэж асуусан, би долоон зуун мянган төгрөг авмаар байна гэж хэлсэн, тэгээд би хараад зогсож байхад гаднаас хоёр эрэгтэй орж ирээд хамгийн доод талын АТМ дээр очоод зогсох үед нь би тэд нарт хандаж “наад АТМ чинь ажиллахгүй байхаа, би сая картаа хийхэд мөнгө гарахгүй байсан” гэхэд тэд АТМ руу картаа хийгээд дараа нь надад “эгч ээ АТМ ажиллаж байгаа юм байна, 20,000 төгрөг гаргуулж авлаа” гээд надад 20,000 төгрөг үзүүлээд гараад явсан. Тэгээд би цагаан халаад өмссөн эмэгтэй миний картыг АТМ дээр хийгээд дараа нь дэлгэц дээр нь монгол хэлээр бичиг гарч ирэх үед тэр эмэгтэй миний картыг АТМ-аас аваад надад “таны карт ажиллахгүй байна” гээд буцаагаад өгөхөөр нь би хугацаа нь дууссан болов уу гэж хэлээд картаа аваад ХААН банкны урд байсан таксинд суугаад 13 дугаар багт байрлах ХААН банкны салбар дээр очоод том хүү Б д хандаж “чи гэр лүү явж бай, би араас чинь очно” гэж хэлээд ХААН банк руу орсон.

Тэнд сууж байсан теллер дээр очоод миний 9496188141439815 гэсэн дугаартай карт ажиллаж байна уу шалгаж өгөөч гэхэд тэр хүн шалгаж өгөөд “таны карт ажиллаж байгаа юм байна, та 1-2 цагийн өмнө 1.048.000 төгрөг гаргаж авсан байна. Та манай ХААН банкны лавлах утас болох 1800-1917 дугаар луу залгаж асууж болно гэж” надад хэлсэн.

...Р гийн АТМ-ээс авсан гэх миний 1.048.000 төгрөгийг хураан авч, дараа нь надад хүлээлгэж өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,

- Яллагдагч Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн орчимд миний ажиллаж буй “Харахат” эмийн сангийн эзэн нь болох К.Жамила надад картаа өгөөд данснаасаа 2.000.000 төгрөг аваад ир гэж явуулсан. Би түүний картыг аваад Монголбанкны хажууд байрлах ХААН банкны АТМ-ээс мөнгө авахаар очиход тэнд байдаг АТМ-үүдийн хамгийн цаад талын 1 дүгээр АТМ-д очтол уг АТМ-ийн мөнгө авдаг хэсэг нь онгорхой, онгорхой хэсэгт нь мөнгө байхаар нь би уг мөнгийг аваад шууд халаасандаа хийсэн. Би халаасандаа мөнгийг хийчхээд К.Жамила эгчийн авч ир гэсэн 2.000.000 төгрөгийг 3 дугаар АТМ-ээс аваад зогсож байхад 2 дугаар АТМ-д хажууд зогсож байсан эмэгтэй хүн надад картнаасаа 700.000 төгрөг авч өгөөч гэхээр нь би тэр хүний данснаас нь 700.000 төгрөг авч өгөх гэхэд түүний данснаас мөнгө гарахгүй, АТМ-ийн дэлгэцээс карт нь гэмтсэн байна гэсэн үг гарч ирэх шиг болохоор нь би уг хүнд энэ талаар хэлээд картыг нь өгөөд гараад явсан. Би эмийн санд очиж уг мөнгийг тоолоход 1.048.000 төгрөг байсан бөгөөд уг мөнгийг өөрийн түрийвчиндээ хийгээд эзэн нь надаас ирээд авах байх гэж бодсон.

Би тухайн АТМ-ийн хажууд зогсож байсан хүмүүсээс уг мөнгө хэний мөнгө болохыг асуувал тухайн газарт байсан өөр хүн миний мөнгө хэмээн авчих байх, тэгвэл би анхнаасаа мөнгийг авснаараа буруутан болно, дараа нь надаас асуух байх гэж бодсон юм. Би өөрөө тухайн үед цагаан халаадтай явж байсан болохоор тухайн мөнгөний эзэн нь хяналтын камераар хараад намайг олоод ирэх байх гэж бодоод энэ талаар цагдаагийн газарт болон Хаан банкинд хандаж мэдэгдээгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-46/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хэргийн үйл баримтын хүрээнд хохирогч С ийн мэдүүлэг, ХААН банкны АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, СД бичлэг зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгч Р гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй харьцуулж үзэхэд тухайн цаг хугацаанд тус ХААН банкны АТМ-ээс бэлэн мөнгө гаргаж авахаар ирсэн шүүгдэгч Р  нь хохирогч С ийн хажууд түүний хүсэлтээр АТМ-ээс мөнгө гаргаж авахад нь туслах гэж байхад зүүн талд байсан АТМ-ээс /хохирогч С  виза картаа уншуулж, нийт дүнгээр мөнгө авах товчийг идэвхжүүлсэн/ 1.048.000 төгрөг гарч ирснийг шууд аваад халаасанд хийсэн бөгөөд тухайн мөчид шүүгдэгч Р  өөрөөс нь АТМ-ээс мөнгө гаргаж авахад тусламж гуйж байсан хохирогч С ээс уг гээгдэл эд хөрөнгө болох 1.048.000 төгрөгийн өмчлөгч, эзэмшигч мөн эсэхийг асууж тодруулах бүрэн боломжтой байхад энэ талаар тодруулаагүй, мөн уг гээгдэл эд хөрөнгийг олж авсан тухайгаа зохих байгууллагад нь даруй мэдэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Р  нь тухайн үед гээгдэл эд хөрөнгө болох бэлэн 1.048.000 төгрөг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Р гийн хялбар аргаар мөнгөтэй болох шунахай сэдэлт, зорилго нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч С д 1.048.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С  хохирол 1.048.000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн хор уршигт унааны зардал гэж 50.000 төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хохирогч С ийн зохих байгууллагад өргөдөл, гомдол гаргасан байдал, мөн хохирол болох 1.048.000 төгрөгийг цагдаагийн байгууллагын албан тушаалтны шийдвэрийн дагуу хүлээн авсан хугацаа зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд хохирогч Р гаас гэмт хэргийн хор уршиг болох такси, унааны зардалд шүүгдэгч Р гаас 50.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Иймд гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Р гаас 50.000 төгрөг гаргуулан хохирогч С д олгох нь зүйтэй.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Р  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Р  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ХААН банкны камерын бичлэг СД 1 ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цахим үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч Р д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Р д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Р гаас гэмт хэргийн хор уршигт 50.000 төгрөг гаргуулан хохирогч С д олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Р  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ХААН банкны камерын бичлэг СД 1 ширхэгийг эрүүгийн 2013002710196 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цахим үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч Р д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ