Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 213

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

улсын яллагч Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2013002890234 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр БӨ аймгийн Цэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, казах хэл уран зохиолын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ц сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б , РД:БЛ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б  нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 8 цагийн үед БӨ аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвлийн байшинд эхнэр болох К ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013002890234 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-16 дугаар хуудас/,

2. Гэрч Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

3. Гэрч Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

4. Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

5. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,

6. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/

7. БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б  2020 оны 8 дугаар сарын 18-ний өдөр 341 дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

8. Яллагдагч Б ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бичгээр өгсөн тайлбар /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

9. Шүүгдэгч Б ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 45-52 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 8 цагийн үед БӨ аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвлийн байшинд эхнэр болох К ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Цэнгэл сумын 8 дугаар багт нөхөр болох Б  хоёр хүүхдийн хамт амьдардаг. Б  бид хоёр гэр бүл болоод 10 жил болж байгаа. Б той гэрлэсний дараа хадам аав, ээжийн гарт 5 жил байсан бөгөөд 2015 онд тусдаа гарснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гар хүрч зоддог болсон. Тухайн үед би тэвчээртэй, хүлээцтэй хандаж цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би нөхөр болох Б ын хамт хадлангийн талбайд очиж хадсан өвсийг хурахад тусалж ирсэн. Тэгээд Б  араас 00 цагийн үед ирсэн бөгөөд хажууд хүнтэй хүнтэй хамт ирсэн. Ирээд цонх тогшсон бөгөөд би хаалга онгойлгоход хажууд нь хүргэн эх нь болох Ж , мөн зээ нар нь болох А , А , С  мөн жолооч Х  нар байсан. Тэгээд гэрт орж ирээд Б  надад “чи унтаж бай” гэж хэлсэн. Тэгээд би унтлагын өрөөнд ороод орондоо орж унтах гэж байтал Б  байн байy орж ирээд “сая чам руу хэн залгаад байсан юм бэ, шөнө дөлөөр хэнийгээ дуудаж байгаа юм бэ” гэж хэлж унтлагын өрөөнд орж гараад байсан юм. Тэгэхээр нь би “надад ямар ч хүн залгаагүй, худлаа гэвэл миний дугаарыг шалгуулдаг газарт нь шалгуулаарай” гэж хэлсэн.

Мөн Б  надад “чи гэртээ цай байхгүй гээ биз дээ эд нарыг хэнээс, ямар замаар авсан” гэж хэлсэн. Өвсөнд явахаас өмнө хүүхдүүд маань ундаа уумаар байна гэхээр нь би С  гэдэг хүний дэлгүүрээс зээлээр саван, барааны саван, чихэр, цай зэргийг авсан. Нийт 18.000 төгрөг гарсан. Тухайн үед Б  эдгээр зүйлсийг чи юугаар авсан, ямар юмтайгаа заваарч авсан юм бэ, чи гэртээ авч ирээд пиво нуугаагүй биз гэж хөргөгчийг онгойлгож өрөөнүүдээр явж шалгасан юм. Тэгж үглээд “байхаар нь босоод гал тогоонд сууж байсан Б ын хамт ирсэн хүмүүст очоод “Сая та нар Б той хамт ирээд цонх тогших үед над руу хүн амьтан залгаж байсныг харсан уу” гэж асуухад гал тогоонд сууж байсан хүмүүс “мэдэхгүй ээ” гэж хэлээд босоод гадагшаа гарсан. Тэр үед Б  тэд нартай хамт яваад өгсөн. Тэд нар Б ын хүргэн ах болох Ж ын гэрт очоод согтууруулах ундааны зүйл уусан байна. Тэр үед би буцаад орондоо орж хэвтсэн байсан бөгөөд хэсэг хугацааны дараа А , А  нар ирж Б  гэртээ байна уу гэж асуусан. Тухайн үед Б  тэд нартай хамт ууж сууж байгаад яваад өгсөн байна. Тэгээд шөнийн 4 цагийн үед А  ирсэн бөгөөд дахиад Б  ирсэн үү8 эгч нь хайгаарай гэж байна, бид нартай хамт сууж байгаад гараад явсан гэж хэлсэн. Тэд нарын тэгж хайдаг шалтгаан нь Б ын дүү болох Е  нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр боомилж нас барсан болохоор Б ыг бас тэгж магадгүй гэж айсандаа хайсан байх. Тэгээд А  ирээд надаас асуугаад явж байтал Б  ирж амбаарын цонхыг хагалж хаяад манай унтлагын өрөөний цонхны хажууд гадна талаас нь ирж “тэр чинь хэн бэ “ гэж хэлтэл би “А  байна чамайг хайж явж байна” гэж хэлсэн. Тэр үед А  хашаанаас гарч амжаагүй байсан бөгөөд тэр цонх хагалсныг сонсоод хүрч ирээд Б д “чи юу хийгээд байна, яагаад зугтаад явчихдаг юм бэ, ичихгүй юм уу, ингэж ууж хэрэггүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би Б д “чи яагаад цонх хаглаж байгаа юм бэ” гэж асуухад Б  “цонх хагалах байтугай энэ гэрийг, мөн чамайг ч гэсэн байхгүй болгоно” гэж орж ирээд орыг бас өшиглөсөн юм. Тэгээд Б , А  нарт цай буцалгаж өгсөн ба тухайн үед цаг 05 цагийн үе болж байсан. Тэгээд А  Б  нар цайгаа ууж аваад А  унтъя гэж унтчихсан ба Б  надад “чам шиг бузар авгайн хажууд унтахгүй” гэж амбаарт байдаг буйданд унтсан юм. Тэгээд өглөө 8 цагийн үед А  яваад өгсөн бөгөөд Б  миний хажууд байсан хоёр хүүгээ босгож явуулаад миний зүүн талын гар хөл, гуя нуруу хэсэг рүү нударгаараа цохиж, хөлөөрөө өшиглөж, мөн салаавч гаргаад миний ам руу чихэж, гарт нь байсан хүзүүнд зүүдэг мандатны утсаар толгой тус газар цохисон. Тэр үед хүүхдүүд ирж байхад уг утсыг өөрийн хүзүүндээ ороож өөрийгөө боомилсон дүр эсгэсэн. Мөн дэрээр аманд минь дарж амьсгалыг маань боосон. Тухайн үед хадам аав ирж байсан бөгөөд түүнийг цонхоор харж Б  шууд босоод явчихсан юм.

...Тухайн үед Б  шөнөжингөө Ж  гэдэг хүргэн ахынхаа гэрт архи ууж байгаад ирсэн юм. Намайг өглөө 8 цагийн үед зодсон бөгөөд архи сайн гараагүй байсан. Тэр үед Б  надад “би шөнө зодсон бол чи согтуу байна” гэж хэлдэг албаар өглөө эрүүл болсны дараа чамайг зодож байгаа юм гэж хэлсэн. ...Б  намайг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өглөө зодсон юм, харин би өмнөх мэдүүлэгтээ 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэж андуураад хэлчихсэн байна.

...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Одоо нөхөр бид хоёр хамт амьдарч байгаа бөгөөд би нөхрөө уучилсан болно. Түүнд хүлээлгэх хуулийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.

...Надад нөхөр болох Б оос нэхэмжлэх зүйл байхгүй. Би хүүхдүүдээ бодоод дахиад тэрийг уучилж гэртээ ирсэн байгаа. Нэг удаа боломж олгоё гэж бодлоо. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Одоо архи уухаа болино гэсэн тул би Б ыг уучилж хүүхдүүдээ бодоод гэртээ ирсэн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-16 дугаар хуудас/,

- Гэрч Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х  овогтой Б , М овогтой К нарыг сайн танина. Учир нь К  нь миний нөхөр Е  төрсөн дүү, харин Б  нь К ын нөхөр манай хүргэн болдог юм. Миний нөхрийн хадам дүү К  нь нөхөр болох Б той гэр бүл болоод 10 жил болж байна. Харин тэд нар гэр бүлийн маргаантай болоод 5-6 жил болж байна. Хамгийн сүүлд гэхэд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бид нар хөдөө зуслангаас буюу Могойт гэх газраас орой 20 цагийн үед ирэхэд манай дүү К ыг нөхөр нь болох Б  зодож, эрх чөлөөнд нь гаргаж миний хадам ах болох Б гэх хүний гэрт ирснийг нь харсан. Тэр уг айлд ирэх үеэр гар, нуруу, хөл зэрэг газар нь ихэд хөхөрсөн, зодуулсан байдалтай ирсэн. Тэгээд бид нар энэ болохгүй юм байна гэж бодоод К ын зодуулсан асуудлын талаар Цэнгэл сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж аймаг руу Шүүх эмнэлэгт үзүүлээд ир хэмээн явуулсан.

...Миний хадам дүү К  нь дарамтанд орсон асуудлын талаар би сая өөрийн биеэр мэдэрсэн. Учир нь тэр сүүлд нөхөртөө зодуулаад манай гэрт байх хугацаанд шөнө огт унтаагүй. Маш их дарамтанд орсон байдалтай, нойр нь хүрэхгүй босоод явж байсан. К  нь маш их сэтгэл санааны дарамтанд орсон байдалтай байгаа болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

- Гэрч Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х  овогтой Б , М овогтой К нарыг сайн танина. Учир нь К  нь миний төрсөн эмэгтэй дүү, харин Б  нь К ын нөхөр миний хүргэн болдог юм. Миний төрсөн дүү К  нь нөхөр болох Б той гэр бүл болоод 10 жил болж байгаа бөгөөд тэд хоорондоо маргаантай болоод түүнийг нөхөр нь зодож, гэрээсээ хөөгөөд явдаг болоод 4 жил болж байна. ...Харин сүүлд гэхэд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бид нар хөдөө зуслангаас буюу “Могойт” гэх газраас орой 20 цагийн үед ирэхэд манай дүү К ыг нөхөр нь болох Б  зодож, эрх чөлөөнд нь халдаж миний ах Б  гэх хүний гэрт ирснийг нь харсан. Тэр уг айлд ирэх үеэр гар, нуруу, хөл зэрэг газар нь ихэд хөхөрсөн, зодуулсан байдалтай ирсэн. Тэгээд бид нар энэ болохгүй юм байна гэж бодоод К ын зодуулсан асуудлын талаар Цэнгэл сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж аймаг руу Шүүх эмнэлэгт үзүүлээд ир хэмээн явуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

- Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х  овогтой Б , М овогтой К нарыг сайн танина. Учир нь К  нь миний төрсөн эмэгтэй дүү, харин Б  нь К ын нөхөр миний хүргэн болдог юм. ...Харин сүүлд гэхэд 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цагийн сайн санахгүй байна. Миний дүү болох К  нь манай гэрт ганцаараа ирсэн. Тэр манай гэрт ирэхдээ “Б  намайг урьд шөнө зодож, гэрийн цонхыг хаглаж, намайг дарамталсан, чи өөр эр хүнтэй холбогддог гэж хэлээд байнгын харддаг, хүүхдүүдээ гал тогооны өрөөнд цай уугаад сууж байгаарай гэж хэлээд намайг өөр өрөөнд оруулж зодсон” би цаашдаа тэвчээд байж чадахгүй юм хэмээн манай гэрт ирсэн болно. Тэгэхээр нь бид нар энэ болохгүй юм байна гэж бодоод К ын зодуулсан асуудлын талаар Цэнгэл сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж аймаг руу Шүүх эмнэлэгт үзүүлээд ир хэмээн явуулсан. Тэр аймагт 10 хоног болоод ирж миний дүү Е  гэрт байсан ба 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б  Е  гэрт ирж “К аас уучлалт хүсэж, миний буруу би дахиж чамайг зодохгүй, гар хүрэхгүй, чи зөвхөн хүүхдүүдээ асран хамгаалаад өг би дахиж чам руу ойртохгүй” гэж хэлээд К ыг аваад явсан талаар сүүлд сонссон. Миний дүү К  нь энэ талаар надад удаа дараа хэлж байсан бөгөөд. Сүүлийн 2 жилд энэ асуудал нь маш богино хугацаанд олон удаа давтагдаж К  надад байнга нөхөр маань архи ууж ирчхээд, зодлоо, гэрт хонодоггүй, хөөж явууллаа хэмээн манай гэрт болон дүү Е  гэрт зугтаад ирдэг болсон. Би цаг хугацаагийн сайн санахгүй, байгаа бөгөөд хүргэн Б  манай хадам дүү К ыг байнгын зодож, дарамталж өөрийн эрхшээлдээ байлгаж, “чамаас сална, байшингаа зарна хэмээн айлган сүрдүүлж бид нарыг хэл амаар доромжилж, нас барсан аав, ээжийг минь хүртэл нэрээр нь дуудаж, муу муухай үг” хэлдэг юм. Бид эхлээд К ад итгэхгүй юу гэж тэгдэг юм Б  зүгээр залуу шүү дээ гэж хэлдэг байсан ба сүүлд дүү маань Б ын гаргасан үйлдэл, хэлсэн хараалын үгсийг нь гар утсандаа бичиж ирж үзүүлэхээр нь бид түүнд итгэсэн. Мөн Б  би амиа хорлож өөрийн үхлийг чиний ах нарт тохоод явна хэмээн дарамталдаг талаар К  бидэнд хэлж байсан болно. Ер нь бол дүү маань их зовж, сэтгэл санааны дарамттай байгаа болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б ыг сайн таньдаг. Миний нагац талын хамаатан байгаа юм. 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр орой өвс хадаж хадлангаас хадсан өвсөө Х  гэдэг жолоочийн машинд ачаад өвөлжөөнд буулгаад 00 цагийн үед сумын төвд байрлах Б ын гэрт очсон. Бид нар очиход Б ын гэрийн хаалга нь дотор талаас түгжээтэй байсан бөгөөд Б  очоод цонх тогшсон. Тэр үед хаалгыг Б ын эхнэр К  онгойлгосон. Тэгээд бид нар гэр лүү орж гал тогооны өрөөнд орж суусан. Тухайн үед Б д сумын төв оролгүй хадлангийн талбайд очоод майханд хоноё гэхэд тэр очоогүй бөгөөд сумын төвд байрлах гэртээ очсон юм. Тэгээд Б ын гэрт Ж , Х , С , А  бид нар ороод гал тогоонд сууж байхад Б  нь эхнэртээ “чи утсаар хэнтэй ярьсан юм бэ” гэж хэлээд тэрнээс болж тэр хоёр маргалдсан. Мөн дээрээс нь Б  1 шил архи авч ирээд гэртээ ууна гэхэд эхнэр нь “чи битгий уу” гэж хэлэхэд тэр хоёрын маргаан улам дэгдсэн. Тэгэхээр нь бид нар бүгдээрээ гараад Ж ын гэрт очоод Б ын нөгөө 1 шил архийг ууж аваад тарцгаасан юм. Тэгээд би Б ыг хүргэж өгнө гэтэл Б нь хүч өгөлгүй яваад өгсөн. Би Б ыг ямар нэгэн орооцолдох вий гэж айгаад хойноос нь гараад гэрт нь очоод хашаан дотор явж байхад Б ын гэрийн цонх хагарсан чимээ гарсан. Би яваад очтол Б нь гэрийн урд талын цонхыг хагалсан байсан бөгөөд би очоод “наад цонхыг яагаад хагалж байгаа юм, чи эрүүл ухаантай юу” гэж загнасан. Б бид хоёр гэрт ороод эхнэр нь цай чанаж өгсөн бөгөөд цайгаа уучхаад унтсан юм. Тухайн үед Б  очоод эхнэрийн хажууд хэвтсэн. Тэгээд би өглөө эрт босоод яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед хадланд байсан. Тэгээд Б  бид нар миний өвөлжөөнд өвс буулгаад бороо орж байсан тул сумын төв орохоор явсан. Сумын төвд 00 цагийн үед очсон бөгөөд сумын төвд ороод Б ын гэрт очоод хаалга тогшсон ба Б ын эхнэр К  хаалгыг удаж байгаад тайлсан. Тэгээд жолооч Х , миний ах болох А , А  нар мөн Ж , Б ын бид нар Б ын гэрт орж гал тогооны өрөөнд орж суусан. Тэр үед Б  К  нар өөрсдийн унтлагын өрөө лүү орчихсон бөгөөд тэр хоёр хоорондоо маргалдан гарч ирсэн. Тухайн үед миний ойлгосноор Б К ад “хаалгыг удаан онгойлголоо, хэнтэй хамт байсан” гэж хардсан байдлаас болсон шиг санагдсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байсан учир Б  бид нарт “та нараас ичгэвтэр зүйл боллоо, хүргэн ах Ж ын гэрт очъё” гэж хэлээд Ж ын гэрт очоод 1 шил архи уусан. Тэгээд бүгдээрээ тарцгаасан бөгөөд Б ыг А  хүргэж өгнө гэтэл хүч өгөлгүй яваад өгсөн. Тэгээд араас нь А  яваад Б ын гэрт хоноод ирсэн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б  2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 341 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Иргэн К ын зүүн бугалга, бүслэхий, зүүн гуяны хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Иргэн К ын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

- Яллагдагч Б ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бичгээр өгсөн тайлбарт "... Миний бие Х  овогтой Б  нь 2020 оны 08 дугаар сарын дундуур өөрийн эхнэр болох К ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу шалгагдах явцад цагдаагийн ажилтанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө К ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөл гараараа өшиглөн цохиж, зодоод түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэдүүлж байсан. Гэтэл сүүлд эхнэрээсээ уучлалт гуйж, улмаар бид хоёр хүүхдүүдээ бодоод эвлэрсэн ба одоо нэг гэрт хамт амьдарч байна. Би мөрдөн байцаалтын үед эхнэрээ зодсон асуудал болоогүй гэж мэдүүлэн, уурандаа хэргээ хүлээхгүй байсан юм. Харин хэрэг прокурорт шилжсэний дараа өмгөөлөгч сонгон авсан бөгөөд өөрийн гэм буруугаа ухамсарлан хүлээн зөвшөөрч байгаа ба хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ гаргасан байгаа. Би урьд өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж бичгээр тайлбар гаргаж байна” гэх тайлбар /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б ын хохирогч болох эхнэр К ын эрүүл мэндэд “зүүн бугалга, бүсэлхий, зүүн гуяны хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч К ад асуулт тавьж, Аюулын зэргийн үнэлгээг тогтооход эрсдэлийн түвшин “өндөр” гарчээ. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б  нь хохирогч К тай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/82 дугаартай саналд яллагдагч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.

Шүүгдэгч Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ