| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00138/И |
| Дугаар | 151/ШШ2017/00196 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2017/00196
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00196 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, 2-р баг, Хайрханд оршин суух Их шавийн Боржигин овогт Жамцийн Норжмаа /НС60012566/-ын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний ээж Ж.Норжмаа нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд туслах талхчин, малчин, саальчин зэрэг ажлуудыг 18 жилийн турш хийсэн. Өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн. Мөн ажилд орсон, гарсан тушаал байхгүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1976 оны 07 дугаар сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Норжмаа нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1976 оны 07 дугаар сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын “Монгол-Вьетнам”-н найрамдалт “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 107 дугаартай ажилд түр томилох тухай тушаалд .... “Бог мал хээлтүүлгийн лаборантаар Жамцын Норжмааг 10-р сарын 13-ны өдрөөс” гэх бичилт,
2. Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” хуьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай түрээсийн гэрээ батлах тухай тушаалын хавсралтад ....”3-р салааны түрээслэгч малчдын нэрсийн 66-д Ж.Норжмаа” гэх бичилт,
3. Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” хуьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд “..... 1993 оны 04 сарын 05-наас Жамцын Норжмаад ...... чөлөө олгосугай” гэх бичилт,
4. Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” хуьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 07 сарын 05-ны өдрийн 39 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд “..... малчин Норжмаад 1993 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн 1994 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай....” гэх бичилт
5. Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1995 оны 11 сарын 13-ны өдрийн 77 дугаартай түрээсийн гэрээг цуцлах тухай тушаалын хавсралтад ....... “262-т Ж.Норжмаа ...” гэх бичилт
6. Хөдөө аж ахуйн яамны 1978 оны 07 сарын 16-ны өдөр шагнасан хүндэт үнэмлэх,
7. Гэрч Г.Лэгцэг: Ж.Норжмаа нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1976 оны 07 дугаар сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь үнэн би тухайн үед хэсгийн дарга, тоо бүртгэгч зэрэг байсан гэх мэдүүлэг,
-гэрч Л.Чагнаадорж: Ж.Норжмаа нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1976 оны 07 дугаар сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Ж.Норжмаагийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй ба ажиллаж байсан тухайн цаг үеийн үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигин овогт Жамцийн Норжмаа нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1976 оны 07 дугаар сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг зэргээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Жамцын Норжмаа /НС60012566/-ын Төв аймгийн Сэргэлэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1976 оны 07 дугаар сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ