Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/160

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Л.Г /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гд холбогдох эрүүгийн 2029002440141 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Бүдрагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохих, харилцан зууралдаж, ноцолдох явцдаа биед нь баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гд холбогдох эрүүгийн 20290002440141 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ:

Архи уусандаа маргалдаж найзыгаа гэмтээсэндээ харамсаж байна. Би найзтайгаа олон жил нөхөрлөж байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

 

-Хохирогч С.Бүдрагчаагийн өргөдөл /хх-ийн 8-9/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бүдрагчаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-15/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Өлзийбадрахын өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батцэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12495 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 7-р багийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1185 дугаартай  тодорхойлолт, “Их хүрэн хар” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/37 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар, хохирогч С.Бүдрагчаад хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 42, 48, 49, 50, 55/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Бүдрагчаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохих, харилцан зууралдаж, ноцолдох явцдаа биед нь баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бүдрагчаагийн өгсөн: “...Миний нүүрэн тус газарт Л.Г гараараа цохиод авсан. Тэгээд Гбид 2 зууралдаад гэрийн шалан дээр газарт унасан. Тэгээд байж байтал миний найз болох Батжаргал орж ирээд таны хөл эвгүй болчихсон байна гээд надад хэлэхээр нь би хөлөө хартал миний зүүн хөл бүтэн эргээд арагшаа харчихсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Өлзийбадрахын өгсөн: “...Гах Бүдрагчаагийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод автал Бүдрагчаа Гахтай зууралдаад орон дээр барьцалдаж аваад ноцолдож эхэлсэн. Тэгээд гэрийн шалан дээр унаад хоорондоо дээр доороо ороод ноцолдоод эхэлсэн...орноос унахдаа хугалсан байх гэж би бодож байна. Хөл хугарсан талаар мэдээгүй байж байгаад гаднаас нэг залуу орж ирээд Бүдрагчаа ахын хөл нь хугарчихсан байна гээд хэлээд хугарсан байна гэж мэдсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батцэрэнгийн өгсөн: “...ГБүдрагчаагийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиод автал Бүдрагчаа Гыг барьж аваад тэр хоёр хоорондоо дээр доороо орж ноцолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батжаргалын өгсөн: “...Г надаас хөл нь хугарчихсан байна уу? гээд асуухаар нь би хөл нь хугарчихсан байна гээд хэлтэл Г би хугалчихсан гээд надад хэлж байсан. Тэрний дараа Бүдрагчаа Гд хандаж чи миний хөл хугалчихлаа гээд хэлтэл бид нар найзууд юм чинь зүгээр зүгээр гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12495 дугаартай шинжээчийн “1.С.Бүдрагчаагийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, мэс заслын дараах гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Гын өгсөн: “...Би Бүдрагчаагийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод автал Бүдрагчаа намайг барьж аваад бид хоёр орон дээр зууралдаж аваад дээр доороо ороод зууралдаж байгаад газар гэрийн шалан дээр унаад дахиад дээр доороо орж зууралдаж байгаад салцгаагаад байж байтал гаднаас нэр усыг нь сайн мэдэхгүй нэг залуу орж ирээд байж байгаад Бүдрагчаа ахаа таны хөл эргээд хугарчихсан байна гээд хэлтэл С.Бүдрагчаа хөлөө гараараа барьж байгаад тэгшлэхээр нь би очоод С.Бүдрагчаагийн хөлийн гараараа тэгшилж бариад чиг барьж боох гээд болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч  Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч С.Бүдрагчаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12495 дугаартай дүгнэлт /хх-27-29/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн С.Бүдрагчааг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Шүүгдэгчээс гэм хорын хохиролд 3.200.000 төгрөг төлсөн /хх-51-52/, хохирогч С.Бүдрагчаа нь гомдол саналгүй болох нь хохирогчийн “Сүхбаатар овогтой Бүдрагчаа би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамт архи ууж байсан Гантогтохтой хэрүүл маргаан хийж улмаар нүүрэнд цохиж миний зүүн хөлийг хугалсан. Миний найз Гантогтох миний эмчилгээний зардал бүх юмыг дааж байна. Ийм учир надад гомдол санал байхгүй” гэсэн тайлбараар нотлогдож байна. /хх-9/

 

Иймд шүүгдэгч Л.Гнь хохирогч С.Бүдрагчаад гэм хорын хохиролд 3.200.000 төгрөг өгсөн, хохирогч С.Бүдрагчаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Л.Г нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Гнь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Лувсанбалдангийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Г нь хохирогч С.Бүдрагчаад гэм хорын хохиролд 3.200.000 төгрөг өгсөн, хохирогч С.Бүдрагчаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН