Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/161

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Хохирогч:М.Дагвадорж /онлайнаар/,

               Иргэний нэхэмжлэгч: С.Мөнхбаатар /онлайнаар/,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

          Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөөм овгийн Цогтбаатарын От холбогдох эрүүгийн 2029000000127 дугаартай  хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай автозамын 122 дахь километрт “”Мөнх төгрөгийн гол” ХХК-ийн эзэмшлийн 17-96 ТЧ улсын дугаартай чиргүүл бүхий 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Дагвадоржийн жолоодож явсан “Хан хангамж” ХХК-ийн эзэмшлийн, 61-05 УЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, М.Дагвадоржийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын  дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О нь мэдүүлэхдээ: “Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгаас төмөр замын дэр бетон тээвэрлээд “Таван толгой” ХХК-иас Цагаан хад хүрэх төмөр замын 92 дахь километрт буулгах гээд явж байсан. Оюу Толгой өнгөрөөд сайжруулсан шороон замаар явж байгаад төв засмал замыг давах гэж байгаад туслах замаас орж байгаа тээврийн хэрэгсэл гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх байсан боловч зам тавьж өгөөгүй Фотон машинтай мөргөлдсөн. Миний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж авто осол болсон миний буруу” гэв.

Хохирогч М.Дагвадоржийн өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний 15 цагийн үед Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 122 дахь км-н замд явж байхад Оюу толгойн шороон замаас төмөр замын бетонон дэр ачсан машин орж ирж явсан, тухайн үед би гол замаар явж байсан учраас тухайн машиныг зам тавьж өгнө гэж бодсон, тэгтэл би уулзварлуу дөхөөд ирсэн чинь тэр машин гэнэт хаазаа нэмээд уулзвар луу миний урдуур ороод ирсэн. Би тухайн үед тоормозоо гишгэсэн боловч хүнд ачаатай явсан учир ямар ч зогсох боломж байхгүй байсан зай нь их ойрхон байсан. Тэгээд тэр машиныг мөргөхгүйн тулд замын хажуу руу дарахад миний чиргүүлийн булангаар тэр машиныг мөргөсөн. Би цааш гарахад цаана нь том хад байсан болохоор тэр хадыг мөргөөд чиргүүл унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Ц.Оын холбогдогчоор өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас төмөр замын дэр питон ачаад Таван толгойгоос Цагаан хад хүртэл явж байгаа төмөр замын 92 дахь километрт буулгах гэж явж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 45 минутын үед Оюу толгойн сайжруулсан шороон замаар нүүрс тээврийн замыг хөндлөн гарах гэж байгаад нүүрс тээврийн замаар нүүрс ачиж явсан Фотон маркийн машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан... би туслах замаас орж байхдаа төв замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй зөрчил гаргасан. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Түвшинтөгсийн өгсөн: “М.Дагвадорж нь машинаа хүлээж аваад эхний рейсэндээ явж байгаад зам тээврийн осолд холбогдсон. Манай компанид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 20 888 000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт байна. Манай компани “Хан хангамж” ХХК-ийн зүгээс дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11447 дугаартай:

  1. М.Дагвадоржийн биед сээрийн 11, 12 бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, нугас дарагдал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосын тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8759 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8752 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/

Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн: “17-96 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй, 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа  /хх-ийн 71-р хуудас/

Иргэний хариуцагч Б.Ганзоригийн өгсөн: “Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн автомашиныг нүүрс тээвэрт явуулах гээд “Мөнх төгрөгийн гол” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн юм.” гэх мэдүүлэг  /хх-ийн 85-р хуудас/

Яллагдагч Ц.Оын мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/

Шүүгдэгч Ц.Оын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ц.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/,

            Шүүгдэгч Ц.Оын шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, /хх-ийн 89-93-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ц. нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай автозамын 122 дахь километрт “”Мөнх төгрөгийн гол” ХХК-ийн эзэмшлийн 17-96 ТЧ улсын дугаартай чиргүүл бүхий 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн  үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  тогтоогдож  байна.

Өөрөөр хэлбэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт“ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

 Хохирогч М.Дагвадоржийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шинжээчийн 11447 дугаартай дүгнэлт/ ХХ-ийн 56-58-р хуудас/, М.Дагвадоржийн эмчилгээний Амбулторийн карт, Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтсэн баримт, Томографийн зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч М.Дагвадорж нь эмчилгээний зардалд нийт 5282222 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба шүүгдэгч Ц.О нь 6500000 төгрөг төлсөн байна.

Хохирогч М.Дагвадорж нь ажилгүй байсан хугацааны цалин буюу олох ёстой байсан орлогоо  миний ажиллаж байсан компаний жолооч нарын дундаж цалинг 3 сараар тооцож 17 сая төгрөг, эмчилгээний төлбөр 7200000 төгрөг, нийт 24200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байгаа ч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна. М.Дагвадорж нь Хан Хангамж ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж мэдүүлдэг ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэдэн төгрөгийн цалин авдаг талаар нотлох баримт байхгүй, зөвхөн ХанХангамж ХХК-ний захирал С.Мөнхбаатарын 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 99 дугаартай цалингийн тодорхойлолт гэсэн баримтыг үндэслэн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Харин улсын яллагчаас гаргасан  хохирогч М.Дагвадорж нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэсэн саналыг хүлээж авч, нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний нэхэмжлэгч Хан Хангамж ХХК-ний захирал С.Мөнхбаатар нь нийт 25979000 төгрөгийн хохиролыг гаргуулахаар нэхэмжилсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Тухайн хэргийн улмаас тус компанийн эзэмшлийн 1085ДГН улсын дугаартай FOTONBJ4171 автомашинд 20888000 төгрөгийн эвдрэл, хохиролын үнэлгээ хийсэн Хөрөнгө Эстимэйнт ХХК-ний үнэлгээний тайлан, хавсралт, ослын улмаас 5091000 төгрөгийн зардал гаргасан тухай баримт, тухайн зардлыг  ХААН банкаар шилжүүлсэн тухай баримтуудыг ирүүлсэн байна. Шүүх хохиролын баримтыг шинжлэн судлаад автомашины хохиролын үнэлгээ 20888000 төгрөг, осол гарсны улмаас гарсан зардал 4000000 төгрөг, нийт 24888000 төгрөгийг МөнхТөгрөгийн гол ХХК-аас гаргуулан ХанХангамж ХХК-д  олгох  үндэслэлтэй  гэж үзэв.  

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1,  499.4-т  зааснаар өмчлөгч буюу эзэмшигч нь бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгахаар зохицуулсан байна. Тухайн гэмт хэрэг гарсан цаг үед Шүүгдэгч Ц.Оын жолоодож явсан 3900ХОА NORTHBENZND4250 зүтгүүр, 1796ТЧ улсын дугаартай чиргүүл нь МөнхТөгрөгийн гол ХХК-ний эзэмшлийнх болох нь  хэрэг авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /ХХ-ийн 114-р хуудас/ нотлогдож байх тул 2488000 төгрөгийг  гаргуулан ХанХангамж ХХК-д олгох нь зүйтэй.

МөнхТөгрөгийн гол ХХК нь  шүүгдэгч Ц.Оаас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 2 500 нэгж буюу 2 500 000 төгрөгөөр торгох ялын саналыг  гаргасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Мөнх Төгрөгийн гол ХХК нь гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг багасгах саналыг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч  Ц.От нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2000 нэгж буюу 2 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.О иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөөн овгийн Цогтбаатарын Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2 000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар 24 888 000 төгрөгийг иргэний хариуцагч “Мөнх төгрөгийн гол” ХХК-иас гаргуулан иргэний нэхэмжлэгч “Хан хангамж” ХХК-нд олгосугай.

            5. Иргэний нэхэмжлэгч “Мөнх төгрөгийн гол” ХХК нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч М.Дагвадоржийн  цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Дагвадоржид 6 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА