Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/164

 

 

 

 

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Энхмэнд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч: Х.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х.Өд холбогдох 2029002170134 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ө нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг дэвсгэр, Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 105 дахь километрт байрлах нийтийн бие засах газарт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед сэтгэл санааны гүнзгийн хямралтай үедээ нярай хүүхдээ төрмөгц нойлын нүхэнд хийж алахыг завдсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яагаад тийм зүйл хийснийг мэдэхгүй байна” гэв.

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн:“...баруун талын хаалга хаалттай байсныг онгойлгож үзэхэд 2 талд нь байх модон банз болон уг 2 банзны гол хэсгээр харагдах орчинд улаан, ягаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, мөн уг 2 банзны урд, дунд хэсэгт улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл гэх зүйл байлаа. Уг 2 банзны гол хэсгээр нүх рүү гэрэл тусгаж үзэхэд орчин тойрон нэлэнхийдээ цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байх ба гол хэсэгт нь цайвар өнгийн өөхлөг зүйл байсныг төмөр ашиглан гаргаж ирснийг харахад оролцогч нар нярай хүүхдийн эхэс байж болзошгүй гэснийг эмнэлгийн эмч  нарт хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 16-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Буянжаргалын өгсөн:“...Би Өын гэрээр 2 удаа орсон. Хүүхэд ээжтэйгээ хамт амьдарч хэвийн өсч торинож байгаа. Ө өмнө нь 5 настай хүүхэдтэй байсан. Өмнөх хүүхдийнхээ эцэгтэй хамт амьдардаггүй болохоор дахин эцэггүй хүүхэд төрүүлэхээр гадуур хэл ам болох байх гэдгээс айсан, төрөх болохоороо эмнэлэгт очно гэж бодож байсан гэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Т.Золжаргалын өгсөн:“...замын 105 дахь км-т байдаг зогсоол дээр зогсоод бие засах гээд жорлон руу орох гэхэд муур дуугарах шиг болсон. Тэгээд би гайхаад муур байдаг юм байхдаа гэж бодоод ойртоод очиход яалтгүй хүүхэд уйлах чимээ гарч байсан. Хүүхдийн дуу 1 минут орчим болоод дахин дуугараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Б.Одхүүгийн өгсөн:“...3 хаалгатай жорлонгийн хамгийн баруун талын хаалга онгорхой гишгүүр банз болон нүхний хэсэгт маш их цус болсон байхаар нь нүх рүү өнгийж харахад юу харагдахгүй харанхуйлаад байхаар нь гар чийдэн тусгаад харахад ногоон өнгийн даавууны завсараар хүүхдийн хөл цухуйж байсан. Тэр үед хүүхэд дуугараад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч Ө.Болорцэцэгийн өгсөн:“...би өөрөө 3 хүүхэдтэй хүн байгаа юм. Одоогоор ам бүлдээ том хүү 24 настай Х.Өлзийбаяр, 24 настай охин Х.Ө, бага хүү 21 настай Х.Санчир болон охин Өын хүү 4 настай Ө.Арвинхишиг нартай хамт амьдарч байгаа. Охин маань ер нь бол надтай хамт амьдардаг Цагаан хадруу ажил руугаа 20 хоногн яваад 10 хоног гэртээ амардаг байсан сая 2020 оны 09 дүгээр сард эмээ нь нас бараад ажил явдалд нь оролцох гэж ирээд байж байгаад 19-нд ажил руугаа явсан. Жирэмсэн гэдгийг нь мэдээгүй. Охин маань таргалаад байх шиг байсан, би санаа тавиад чи жирэмсэн болсон юм биш биз, биений юм чинь ирж байгаа юу гэж асуухад үгүй ээ ээжээ гээд ариун цэврийн хэрэгсэл аваад байсан. Их л санааширсан бодолд ороод байх шиг байсан... Одоогоор сэтгэл санаа нь маш их хямарсан байгаа болохоор ямар нэг зүйл болчих вий гэж айж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Гэрч Ю.Баяр-Эрдэнийн өгсөн:“...105 дахь км дээр явж байхад Ө ариун цэврийн хэрэгсэл нэвтэрчихлээ 00 орьё гэсэн, ...Ө 00 руу ороод 30 орчим минут болсон байх. Би машиныхаа гадаа тамхи татаад зогсож байгаад гарч ирэхгүй болохоор нь Ө зүгээр үү гэж жорлонгийн гаднаас нь асуухад ахаа цүнхнээс ариун цэврийн хэрэгсэл аваад өгөөч гэж хэлсэн. Би цүнхнээс нь ариун цэврийн хэрэгсэл аваад өгөхөд хаалганы завсараар гараа гаргаж аваад таньд нойтон сальфетик байна уу гэхээр нь байхгүй гэхэд та надад ус авчираад өг миний биений юм нэвтэрсэн байна гэж хэлсэн. Би машинаас ус авчирч өгчихөөд машин руугаа явсан. Өлзийжаргал миний араас 2-3 минутын дараа гараад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Г.Оюунсүрэнгийн өгсөн:“...Царай зүс нь зүгээр л байх шиг байсан бие нь зовиуртай байх шиг байсан. Миний анзаарснаар өмднийх нь ард жижиг цусны толбо болсон харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Д.Мөнх-Одын өгсөн:“...Хүүхэд нүхэн дотор ялгадас дээр юмаар боосон байсан. Нүх нь лав 2 метр гаран гүнтэй байсан. Мөн жорлонгийн дотор хэсэг их цус болсон харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Э.Амарбаясгалангийн өгсөн:“...би очоод харахад жорлонгийн дотор доор нүхэнд нь ногоон юмаар ороосон хүүхдийн хөл нь хөдөлж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Гэрч С.Янжиндуламын өгсөн:“...би түүнийг жирэмсэн гэж мэдээгүй. Жирэмсэн юм биш биз дээ гэхээр үгүй ээ жирэмсэн биш, таргалаад байсан гэдэг байсан... би өрөөнд нь орж очиход миний өөдөөс яах гэж ирсэн юм гээд нулимс нь гарахаар нь би ирэхгүй яадгийн, чи надад хэлэхгүй яасийн гээд юм ярьж байгаад тайвшируулаад гадаа баахан хүмүүс ирсэн байна уу, энгийн хувцастай цагдаа байна уу гэж асууж байсан. Сая 9 сарын дундуур эмээ нь нас барсан түүнээс хойш хүнтэй ярихгүй гөлийгөөд яваад байгаа харагдсан. Би эмээ нь нас барснаас болж тэгж байна даа гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Х.Өын өгсөн:“...би 00 ороод бие засах гээд суухад хүүхдийн толгой гараад ирсэн. Хүүхэд гарч ирээд доошоо унах үед нь би бариад авсан. Тэгээд хүүхэд маань ямар ч хөдөлгөөн хийхгүй, дуугарахгүй байхаар нь өөрийн өмсөж явсан фудволкийг тайлж хүүхдийг боогоод доошоо унагаасан. ...би анхны хүүхдээ хүнтэй суугаагүй байхдаа гаргасан юм. Тэгээд тэр хүнээс салж холбоо тасарсан. Тэгээд сая жирэмсэн болсон нь надад маш хэцүү байсан. Би ээжийгээ зовоочих байх гэж бодоод хэлээгүй. Хүмүүс муу хэлэх байх гэж их айдаг байсан. Тэгээд хүүхэд гарч ирээд амьсгалахгүй хөдлөхгүй байхаар нь би нэлээд шоконд орсон. Яг үнэндээ тухайн үед юу сэтгэж бодож байснаа ч мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүгээ унагасан. Ямар ч байсан охиноо сайн харж, сайн хүн болгоё гэж бодож байна. Буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас/,

Гэрч Б.Үүрийнцолмонгийн өгсөн:“...би үзүүлэхгүй гээд машинаасаа буухгүй байсныг шаардсаар байгаад буулгаад эмэгтэйчүүдийн орон дээр гаргаад үзлэг хийхэд дөнгөж төрсний дараа байдалтай байсан, ...удалгүй араас нь нярай нь ирсэн. Өаас асуумж асуухад урьд шөнө нь ус гараад өглөөгүүр базалж эхэлсэн. Хэвлийгээр өвдөөд байхаар нь сум руу явах ажлынхаа машинд суугаад явж байсан чинь дүлмээр болоод байхаар нь жорлонд ороод суухад хүүхэд шууд доошоо гарсаныг тосоод авахад хүйн тасарсан, тасарсан хүйнээс нь татахад эхэс гарч доошоо унасан, тэгээд хүүхдээ амьсгалахгүй байхаар нь фудволкондоо боогоод доошоо унагаасан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Гэрч А.Гансүхийн өгсөн:“...Өын байрладаг өрөөнд ганцаараа байх үед уулзаж бэлгийн харьцаанд ордог байсан. Миний хүүхэд байх боломжтой байх, надад жирэмсэн болсон гэдгээ хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Гэрч С.Алтанцэцэгийн өгсөн:“...амь насанд аюултай зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

Гэрч Т.Ариунзаяагийн өгсөн:“...машины кабинд ороход нярайг ноосон цамцанд боосон байдалтай байхад нь үзэхэд гүйцэт нярайн шинжгүй, дутуу төрсөн, ойролцоогоор 7-8 сартай, 5-6 см хүй унжсан, эмэгтэй хүйстэй, ямар нэг ил харагдах гэж хөгжилгүй, арьсны өнгө цайвар, хэвийн нярай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай:“...Х.Ө нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Яллагдагч Х.Өын өгсөн:“...Хүмүүс нөхөргүй 2 хүүхэд гаргасан гээд муулаад байх байх гэж бодоод жирэмсэн гэдгээ хэнд ч хэлээгүй нуусан байсан болохоор эмнэлгийн хяналтад ороогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

Шүүгдэгч Х.Өын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Х.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/,

Шүүгдэгч Х.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар, Ө.Аз-Одын төрсний гэрчилгээний хуулбар, Ө.Арвинхишигийн төрсний гэрчилгээний хуулбар, Х.Өын нярайн түүх, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, төрөлтийн түүх, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 66, 70-73, 75-112, 126-130-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Хохирогч, гэрч, шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тогтоогдсон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэж, эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна

Учир нь яллагдагчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдож байх тул  шүүгдэгч Х.Ө нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг дэвсгэр, Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 105 дахь километрт байрлах нийтийн бие засах газарт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед сэтгэл санааны гүнзгийн хямралтай үедээ нярай хүүхдээ төрмөгц нойлын нүхэнд хаяж  алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Буянжаргал нь шүүхэд ирүүлсэн: “шүүх хуралд хэлэх санал, гомдол байхгүй болно” гэх хүсэлтээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Х.Өыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах ялын дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч  шүүгдэгч Х.Өд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа,  сэтгэл санааны гүнзгий хямралтай байсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ононгдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлаар: Шүүгдэгч Х.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн фудболкийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасан болохыг  дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бариач овгийн Хадхүүгийн Өыг эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өд 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулж,  хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн фудболкийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА